Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Т.Жадамбаа: Хуульч хүн ам чанга, сэтгэл, үйл нь сэвгүй байвал түмэн олон болоод төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадна

Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга, гавьяат хуульч Т.Жадамбаатай ярилцлаа.

 

- Та өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

- Би 1951 онд Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт төрсөн. Малчны хүүхэд. 11 настайдаа  бага сургуульд орж, 1976 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд л прокурорын байгууллагад ажилд орж, 2012 оны хоёрдугаар сар хүртэл энэ байгууллагад тасралтгүй ажилласан байна. Энэ хугацаанд прокурорын байгууллагын төв, хөдөөгийн бүх л шатанд нь ажиллаж байж ээ. Үүнээс 20 жилийг нь одоогийн нэрээр Нийслэлийн прокурорын газарт ажиллаж өнгөрүүлсэн байна. Тэтгэвэрт гарснаасаа хойш хуулийн нөхөрлөлийн ажилд тусалж байгаад 2014 оны 10 дугаар сараас Хуульчдын холбооноос даалгасан албыг гүйцэтгэж байна даа.

 

- Та анхнаасаа л хуульч больё гэсэн сонирхолтой байв уу?

- Уг нь түүх, газар зүйн багш болох юмсан гэж мөрөөддөг байсан. Гэтэл дунд сургууль төгсөх үед аймагт тийм мэргэжлийн хуваарь ирээгүй. Хуулийн ангид 2 оюутан авах хуваарь л ирсэн. Тэгээд хуульч болохоор шалгалт өгсөн дөө. Гэрийнхэн маань “Хуулийн ажил хүний мууг үздэг, олиггүй“ гээд л дурамжхан байсан. Үнэндээ миний хувьд шалгах хичээлийн төрлийг нь хараад орос хэлээс бусдад нь эрх биш оноо авах байх гэж бодоод л шалгуулсан юм.

 

- МУИС-ийн хуулийн ангийн 1976 оны төгсөгчдөөс гурван гавьяат төрсөн байдаг. Танай ангийнхан их мундаг байсан юм шиг ээ. Хамт суралцаж явсан нөхдүүдийнхээ талаар дурсахгүй юу?

- Манай ангийнхны нэг хэсэг нь Дээд шүүхийн, нөгөө хэсэг нь прокурорын байгууллагын нэр дээр суралцсан. Би прокурорын байгууллагын нэр дээр суралцсан юм. Биднийг их сургууль төгсөх үед буюу улсын шалгалт арай дуусаагүй байхад Л.Баяраа, Ш.Баасандорж хоёрыг маань Эрдэнэт, Хялганатад шүүгчээр сонгож байлаа. Тэр үед шүүгчийг ард олны санал хураалтаар сонгодог байсан юм л даа. Л.Баяраа маань ихэнх хугацаандаа шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа. Манай ангийн Г.Оюунцэцэг өмгөөлөгчөөр, Б.Сарантуяа шүүгч, шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа гавьяат хуульч болцгоосон. Бусад нь шүүх, прокурор, аймгийн захиргааны хуулийн хэлтэс, өмгөөлөх, тагнуул, цагдаагийн байгууллагуудад нэр төртэй ажиллаж байгаад тэтгэвэрт гарцгаасан ч дор бүрнээ л ажилтай явцгааж байгаа. Зарим нь идэр насандаа өөд болсон нь харамсалтай.

 

- Хуульчийн ажлыг хүнд хэцүү гэдэг. Ер нь хуульч ямар байх ёстой юм бэ?

- Амархан ажил, мэргэжил гэж байхгүй. Ажил мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ хандвал аяндаа гарт орно. Тэр болтол зүтгэл тэвчээр хэрэгтэй дээ. Бас байнга  мэдэж суралцах, ахмад үеэсээ үг сонсох, арга ядвал тэдний арга барилыг ухамсартайгаар дуурайж болох юм. Хуульч хүн ам чанга, сэтгэл, үйл нь сэвгүй, хууль тогтоомжинд зөв талаас нь амь оруулдаг, гол ч шударга байж чадвал түмэн олон хийгээд төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадна л гэж боддог.

 

- Та прокурорын байгууллагад олон жил ажиллахдаа олны анхаарлын төвд байсан  Хон хэрээдийн Б.Энхбат, “Хадгаламж” банкны ахлах нягтлангаар ажиллаж байсан Чимэдцэрэн,  “Анод” банкинд холбогдох хэрэг зэрэгт хяналт тавьж байсан гэдэг.  Энэ хэргүүд дээр ажиллаж байхад хүндрэл, бэрхшээлтэй зүйл нь юу байв, Прокурор хүнд ажиллах арга барил их чухал байх.

- Эрүүгийн хэргийг том, жижиг, олны анхаарал татсан, татаагүй гэх мэтээр ялгавартай хандаж болохгүй. Учир нь ямар ч хэргийн цаана хүний, нийгмийн, төрийн эрх ашиг хөндөгдөж байдаг. Прокурор албан тушаалтны хувьд тухайн хэргийн баримт нотолгоог бүрдүүлэх гэж өөрөө хөөцөлдөөд байдаггүй учир бэрхшээл, хүндрэл харьцангуй гайгүй боловч янз бүрийн асуудал байгаа. Харин нотлох баримт цуглуулдаг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хувьд зовлон их ээ.

 

- Та одоо Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албыг удирдаж байгаа. Энэ хороо нь ямар чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд Хуульчдын холбооны хүсэлтээр дүгнэлт гаргах, хуульч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн эсэх болон хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг гомдлын дагуу хянан шийдвэрлэх, зөрчил гаргасан хуульчид хариуцлага хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Иргэд, хуулийн этгээдээс тухайн хуульчийн “Хуульчийн мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй буюу хэрэг маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн мэдлэг боловсролтой эсэхийг шалгуулах тухай” гомдол, хүсэлт ирүүлдэг. Энэ талаар тайлбар хэлэхэд, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.16 дахь хэсэгт “Мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн маргаан гэж хуульчийн бие махбодийн эсхүл сэтгэцийн байдлын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй болсны улмаас хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсэх маргааныг хэлнэ” гэж тодорхойлсон. Тиймээс иргэд хуулийн этгээдийн дээр дурдсан агуулга бүхий гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороо шалгаж шийдвэрлэхгүй гэж ойлгох хэрэгтэй юм.

 

- Хуульчийн эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргадаг бүрэлдэхүүнийг уншигчид сонирхож байгаа байх?

- Мэргэжлийн хариуцлагын хороо нь Хуульчдын анхдугаар их хурлаар байгуулагдаж, 18 шүүгч,  6 прокурор, 6 өмгөөлөгч гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ 30 гишүүнээс 3 шүүгч,  нэг прокурор, нэг өмгөөлөгчөөс бүрдсэн бүрэлдэхүүн хуралдаан хийх замаар гомдол маргааныг шийдвэрлэдэг. Бүрэлдэхүүний шийдвэрийг гомдол гаргагч зөвшөөрөөгүй тохиолдолд асуудлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг. Хорооны Ажлын албаныхан иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, хүсэлт, мэдээлэл, өргөдлийг шалгаж баримтжуулан урьдчилан тогтоосон дарааллын дагуу хорооны гишүүдэд хүргүүлж шийдвэрлүүлдэг. Тухайн хуульч зөрчил гаргасанд хариуцлага хүлээлгэхээр бол ажлын албаны шинжээч нар мэргэжлийн дүгнэлт үйлдэж маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд шилжүүлдэг. Ажлын албаны шалгагч, сахилгын шинжээч нар хуульчид хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхгүй.

 

- Зөрчил гаргасан хуульчдад ямар хариуцлага оногдуулдаг юм бэ?

- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн дүрэм зөрчсөн хуульчдад нээлттэй болон хаалттай сануулах, шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй хүчингүй болгох шийтгэлийг хүлээлгэдэг. Үүнээс гадна зөрчил гаргасан хуульчийг ёс зүйн болон нөлөөллийн сургалтад албадан суулгах нэмэгдэл хариуцлага хүлээлгэж болно. Энэ тохиолдолд сургалтын төлбөрийг тухайн хуульч хариуцна.

“Хаалттай сануулах” хариуцлага хүлээлгэсэн бол энэ шийтгэлийг тухайн хуульчид мэдэгдээд нийтэд зарлахгүй, харин “нээлттэй сануулах” хариуцлага хүлээлгэсэн бол холбооны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэнэ.

 

- Өнөөдрийн байдлаар танай хороонд хаягласан өргөдөл, гомдол хэдээр тоологдож байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан уу?

- Өнгөрсөн 09 дүгээр сарын байдлаар иргэд, байгууллагаас 149 гомдол мэдээлэл хүлээн авч, 2014 оны үлдэгдэлтэй нийлээд нийт 184 гомдол, мэдээллийг шалгаж 85-д нь маргаан үүсгэж, 68-д нь маргаан үүсгээс татгалзаж шийдвэрлэсэн. Маргаан үүсгэснээс 59-ийг нь хэрэгсэхгүй болгож, 8-д нь хаалттай сануулах санал гарган, 11-д нь мэргэжлийн дүгнэлт үйлдсэн. Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүн найман хуульчид хаалттай сануулж, хоёр хуульчид нээлттэй сануулан, нэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй, мөн нэг хуульчийн зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар тус тус хүчингүй болгож, хоёр хуульчийн шүүхэд төлөөлөх эрхийг тус бүр 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийтгэл оногдуулсан.

 

- Арга хэмжээ авахуулсан хуульчид ямар алдаа гаргасан байх юм?

- Хариуцлага хүлээсэн хуульчдын олонх нь өмгөөлөгч нар бөгөөд тэд үйлчлүүлэгч нартайгаа байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлдэггүй буюу хууль, эрх зүйн туслалцааг хангалттай үзүүлдэггүй, өмгөөллийн хөлсөө аваад алга болдог, хорих болон цагдан хорих байрны журам зөрчсөн, согтуугаар үйл ажиллагаа явуулсан, төрийн байгууллагын албан хаагч болон үйлчлүүлэгчтэйгээ зүй бусаар харьцсан, гэмт хэрэгт ял шийтгүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна. Хуульчид мэргэжлийнхээ үйл ажиллагааг эрхлэхдээ дээрх зүйлсийг анхаараасай гэсэндээ нэг бүрчлэн дурдлаа.

 

- Хуульчид татвараа төлөхгүй байвал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах юм билээ. Энэ талаар тодруулахгүй юу?

- Одоогоор Хуульчдын холбооны гишүүний татвар төлөөгүй асуудлыг шалгуулах гомдол, хүсэлт ирээгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хуульч гишүүний татвараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 сар дараалан төлөөгүй нь Хуульчдын холбоо түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно” гэж заасан. Хуульчдын холбооны тухайн асуудлыг хариуцсан албаны мэдээллээр татвар төлөлтийн байдал 40 хувьтай байна гэсэн. Татвараа төлж амжаагүй хуульч байвал ойрын хугацаанд холбооны хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж учир шалтгаанаа танилцуулан тооцоо хийх хэрэгтэй. Мөн овог нэр, регистерийн дугаараа бичилгүй татвар төлсөн хуульчид ч гэсэн Холбооны санхүүгийнхэнтэй уулзах шаардлагатай байгааг энэ дашрамд хэлье.

 

- Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье!

- Баярлалаа.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24