Монголын Хуульчдын холбоо нь Азийн про боно 13 дахь чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Монголд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй юм. Энэ хүрээнд Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс Ласки, Гүйцэтгэх захирал Вэнди Морриш нар 2025 оны 04 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна.
Тэднийг өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор, Хэрэг эрхлэх газрын дарга дарга С.Гансэлэм, Улсын Ерөнхий прокурорын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гантулгабат нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Азийн про боно чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч, тус чуулга уулзалтыг зохион байгуулахад Улсын Ерөнхий прокурорын газар хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Улсын Ерөнхий прокурорын газрын зүгээс тус чуулга уулзалтыг Монголд зохион байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Азийн про боно 13 дахь чуулга уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүн Л.Энхсайхан, Ц.Одонжав нар оролцсон.