Монголын Хуульчдын холбоо, Эдийн засаг хөгжлийн яам хамран ажиллахаар санамж бичиг байгуулж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг удирдлага болгон эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, шинжлэх ухаан, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, эдийн засаг, төр, хувийн хэвшлийн түншлэл, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хуульчдад болон бусад оролцогчдод хамтран сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаанд хуульчдын оролцоог хангах чиглэлээр хамтран ажиллана.
Тус санамж бичгийг гурван жилийн хугацаатайгаар байгуулж буй бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд талууд ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, түүний хэрэгжилт, тайланг жил бүр дүгнэн хэлэлцэж, үр дүнг, эхний улиралд тооцож ажиллахаар тохиролцлоо.
Санамж бичиг зурах ёслолын ажиллагааны дараа Эдийн засгийн, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Баясгалан Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарсыг хүлээн авч уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн талаар ярилцсан.