Монголын Хуульчдын холбоо, Эдийн засгийн эрх зүйн хорооноос УИХ-ын гишүүн Б.Түвшингийн Ажлын албатай хамтран Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хуульчид, хувийн хэвшил, бизнес эрхлэгч, иргэдийн дунд өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, хуульч санаачлагч Б.Түвшин танилцуулж, чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, хуульч Б.Төрболд нар ажиллаж, хэлэлцүүлэгчээр хуульч Б.Солонго, П.Баттулга нар оролцсон. Мөн хэлэлцүүлгийн үеэр Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Б.Баасандорж хуульчдаас ирүүлсэн саналыг танилцуулж, мэдээлэл өгсөн.
Хувь хүн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүнд татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг үр дүн, бодит хэрэгцээ, шаардлагыг тус тус харгалзан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Тодруулбал, өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах, ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах, мөн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны төлж буйн нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоохоор, түүнчлэн ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй харилцаанд хүнийг хөдөлмөрийн гэрээгээр бус, түүнээс өөр гэрээ байгуулан ажиллуулж, цалин хөлс олгосон тохиолдолд тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх зохицуулалтыг хуулийн одоогийн холбогдох зохицуулалтын нэмэлтээр тусгахаар төсөлд тусгасан байна.
Тус хэлэлцүүлэгт хуульч, бизнес эрхлэгч, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцож, өөрсдийн байр суурь, саналыг хуваалцсан бөгөөд Монголын Хуульчдын холбооноос тус хуулийн төсөлтэй холбогдуулан санал, зөвлөмж боловсруулж хууль тогтоогчдод хүргүүлэхээр боллоо.