Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Б.Гүнбилэг: Хуулийн шаардлагаа тавьж, хуулиа баримталж ажиллах ёстой

Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурал энэ сарын 2-ны өдөр болж, Ерөнхийлөгчөө дахин сонгосон. Энэ удаад гурван эрхэм нэр дэвшсэнээс өмгөөлөгч Б.Гүнбилэг сонгогдсон юм. Тиймээс энэ удаад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа

 

- Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

 

 - Ажлаа хүлээн аваад хамгийн түрүүнд өмгөөллийн тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, зохих шаардлагатай зохицуулалтыг хуульчдын санаа бодолд үндэслэн нэмэх, хасах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шатандаа явж байна. Харин Өмгөөллийн тухай хуулийн хувьд УИХ-д аль хэдийнээ өргөн баригдсан. Гэсэн хэдий ч Хуульчдын холбоо нь хуулиараа хуулийн төсөлд өөрийн байр сууриа илэрхийлэх эрхтэй учир санаа оноогоо хэлэхээр ажиллаж байна. Мөн энэ ажлыг авахдаа мөрийн хөтөлбөр боловсруулж, хуульчиддаа танилцуулсан учир энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

 - Мөрийн хөтөлбөртөө юуг илүү тусгаж өгсөн бэ?

 

 - Гишүүддээ мэдээллээр ялгаварлалгүй, тэгш хандах, Хуульчдын холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, хуульчдын эрх ашгийг хамгаалах, нэр хүндийг өсгөх тал дээр анхаарч ажиллана.

 

 - Сүүлийн үед шүүгч, прокурор, өмгөөлөгчид мэргэжлийн алдаа, дутагдал гаргах, эсхүл тэдгээрийн эрх ашиг зөрчигдсөн талаар нэлээд мэдээлэл гарах болсон. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

 - Шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа асуудал дээр бид юм ярихгүй, энэ холбоо маргаан тасалдаг газар биш. Тухайн хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол манай холбооны Хуульчдын эрхийг хамгаалах чиг үүргийн хороо ажиллаж байна. Энэ хороо нь хуульчдын эрхийг зөрчсөн байна уу гэдэг асуудал дээр санаа тавьж, ажилладаг. Нэг хуульчийн эрх ашгийг хөндөхөд нийт хуульчдын эрх ашиг яригддаг учир аль болох хөөцөлдөлгөөтэй, үр дүнтэй ажиллахыг зорьж байна. Мөн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж, гишүүддээ хүргэх тал дээр түлхүү анхаарч байна. Гэхдээ бид хэсэг хүний эрх ашгийг хамгаалах гэж биш, үндсэндээ хуулийг хамгаалахаар ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

 - Хуульчдын холбоо байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд ямар ажил хийгдсэн байна вэ? Бас ямар ажил хийгдээгүй байна вэ?

 

 - Мэдээллийг нийт гишүүддээ тэгш, бүрэн хүргээгүй гэсэн шүүмжлэлүүд гарсан. Харин хийсэн ажлуудын давуу тал нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаагаа явуулах журам болон бүтцийг бий болгосон байна. Цаашид ажиллахад хөнгөн, ямар дүрэм, журмаар ажиллах нь харьцангуй тодорхой болчихсон. Иймээс Хуульчдын холбооны зөвлөл олон ажлыг хийжээ гэж дүгнэж байна. Гэхдээ гишүүдийн маань идэвх сул, энэ холбооны нэг хэсэг нь гэж бахархан бодох төлөвшил арай л болоогүй байгааг хэлэх нь зүйтэй.

 

 - Хуульчдын холбоонд харьяалалтай хичнээн хуульч байна вэ?

 

 - Одоогоор 485 шүүгч, 463 прокурор, 1939 өмгөөлөгч, тэдгээрээс бусад 2155 хуульч байгаа. Нийтдээ 5042 хуульч манай холбоонд бүртгэлтэй байна.

 

 - Шинээр төгсөж гарсан залуу боловсон хүчин танай холбоонд орохын тулд ямар шалгуур тавьдаг вэ?

 

 - Хууль зүйн сургууль төгссөнөөс хойш хоёр жил хуульчийн мэргэжлийн дадлага хийсэн байх шаардлагатай. Үүний дараа хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрхтэй болно. Шалгалтандаа тэнцсэн тохиолдолд манай холбоонд гишүүнээр элсэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авах юм.

 

 - Хуульчийн шалгалт жил бүр явагдаг уу?

 

 - Тиймээ. Жил бүр явагддаг.

 

 - Хуульчдын холбоонд бүртгэлтэй хуульч нар татвар төлдөг үү?

 

 - Хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Холбооны гишүүний  татварыг сар бүр төлдөг.

 

- Хэдэн төгрөг төлдөг вэ?

 

 - Одоогоор сард 20 мянган төгрөг төлж байгаа. Манай холбоонд бүртгэлтэй хуульчдаас 40 орчим хувь нь гишүүний татвараа тогтмол идэвхтэй төлж байна. Бусад хуульчдын хувьд алдаг оног төлж байхад 300 гаруй хуульч одоог хүртэл гишүүний татвараа огт төлөөгүй байгаа. Иймээс эдгээр хүмүүсийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлнэ.

 

 - Татвараа төлөхгүй байгаа хуульчид ямар арга хэмжээ авдаг вэ?

 

 - Хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван сар гишүүний татвараа төлөөгүй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалттай. Энэ зохицуулалтын хүрээнд татвараа төлөөгүй байгаа хуульчдад хариуцлага тооцуулах асуудлаар тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандсан байгаа. Аливаа зүйлд сахилга бат, дэг журам байх ёстой. Тиймээс энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх байх. Ирэх жил хуульчийн шалгалтын хөтөлбөр улам нарийвчилсан болно. Тиймээс гурван сар гишүүний татвараа төлөөгүй байж байгаад гэрчилгээгээ хүчингүй болговол харамсалтай юм. Дахиад энэ холбоонд орж ирэх босго өндөр болох учир гишүүд маань үүргийн биелэлт дээрээ анхаараарай.

 

 - Хууль зүйн сургуулийг эчнээгээр суралцаж төгссөн эрх зүйчийг хуульчийн шалгалтад оруулдаггүй гэж дуулсан. Хуулиндаа ямар байдаг вэ?

 

 - Энэ талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т тодорхой заасан байдаг. Хууль зүйн боловсролыг эзэмших хугацааг дөрвөн жилээс багагүй байна гэж хууль тогтоох байгууллагаас хуульд ийнхүү тодорхой заасан тул хууль хэрэгжүүлэгч байгууллагын хувьд манай холбоо хуулийн шаардлагаа тавьж, хуулиа баримталж ажиллах ёстой.

 

 - Танай холбооны төсөв хаанаас бүрддэг вэ?

 -Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага учраас гишүүдийнхээ  татвараас санхүүждэг. Уг нь төрөөс төлбөрийн чадваргүй иргэдийнхээ хууль зүйн туслалцаа авахтай холбогдсон зардлыг санхүүжүүлэх учиртай. Гэвч одоогоор төрөөс нэг ч төгрөг олгоогүй бөгөөд энэ асуудлыг тухайн иргэнд сайн дураараа, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгчид өөрсдөө хариуцаж байна.

 

 - Төлбөрийн чадваргүй иргэд танайд хэр их хандаж байна вэ?

 

 - Өдөрт таваас зургаан төлбөрийн чадваргүй иргэн хууль зүйн туслалцаа авахаар хандаж байна. Санхүүжилт байхгүй учраас манай холбооны гишүүд өөрсдөө зохицуулж байгаа. Иймээс энэ асуудал маш хүнд байгааг хэлэх нь зүйтэй. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг нь Үндсэн хуулиар төрд олгогдсон байгаа. Гэтэл яагаад төр энэ үүргээ хэрэгжүүл гэж манай холбоонд чиг үүргийг нь шилжүүлчихээд санхүүжилтийг нь өгөхгүй байна вэ? гэдгийг албан ёсоор холбогдох байгууллагуудад нь тавьж байна. 

 

 - Өнгөрсөн жил Нийслэлийн дүүргүүд дээр очиж, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч байсан. Цаашид энэ зөвлөгөө явуулах уу?

 

 - Нэг жилийнхээ ойд зориулж дүүрэг бүрт очиж үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байсан. Ирэх жилээс энэ ажлууд явагдах байх.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.zaluu.com/read/19b3aa3c

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24