Эргэцүүлэл 1
С.Буяннэмэхийн “Их тэнгэрийн дүлий” зохиолд хээр газраас талх олоод юу болохыг нь мэдэхгүй боловч “Их тэнгэрийн дүлий” гэж цоллон шүтсэн хөдөөгийн эгэл олны тухай өгүүлдэг.
Хожим хотоос ирсэн төлөөлөгч учрыг мэдээд тэдэнд хандаж “Манайхан олон юмыг үзээгүй, сонсоогүй, дамын үг, замын ярианд яаран автдагийн хар гай энэ тул аливаад яаран сүсэглэхээ больж, юуны өмнө түүний үнэн чанарыг хянах нь зүйтэй. Ингэвэл эндүүрэл ташаарлын өвчин арилж буруу замд орохгүй хэмээснийг бүгдээр зөвшөөрч инээлдсэн” байдаг.
2013 онд монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд хэрхэн үнэн зөв мэдээлэл хүргэдэг талаар хэвлэл мэдээллийн салбарын томоохон 9 төлөөллийг оролцуулсан нэгэн туршилтыг хийхэд тэд бүгдээрээ “Mc Donalds-ийн салбар монголд нээгдэнэ” гарчигтай зориудын бэлтгэсэн худал мэдээллийг ямар ч баримт, тодруулга авалгүйгээр олон нийтэд хүргэсэн.1 Энэхүү мэдээлэлд олон нийт үнэмшиж баяртай байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлсэн байдаг.
Энэ нь 20-р зуунд бидний аливаа зүйлд хөнгөн бодлогогүй ханддаг байсан зан чанарын илэрхийлэл энэ зуунд ч гэсэн оршсоор байгааг харуулж байна. Тэр үеийн хүмүүс, өнөөгийн бидний төрх байдлын хооронд төдийлөн ялгаа харагдахгүй байна.
Гадны нэгэн сэтгүүлд бидний тухай ингэж өгүүлсэн байх юм. Монгол хүний хувиа хичээсэн зан их хүчтэй, өөрийгөө хамгаалах, зөвтгөх дуртай, хүний оронд өөрийгөө тавьж аливааг харах дадал байхгүй. Социализмаас үлдсэн юм уу, нүүдэлчдийн араншин юм уу, ажил дээрээ ч асар хайнга, хамаг юмыг "маргааш, маргааш” гэж хойш тавина. Ерөнхийдөө хувь хүн, индивидуалистууд тул багаар ажиллах, гар нийлэхдээ муу. Хүнийг сэтгэлээр унагах, гутаах үг хээв нэг хэлэх тул нөгөө талаа ойлгохгүй байх, бүүр шалдаа буутал сэтгэлээр унах явдал ч зөндөө гарна. Маргааш идэх хоол байхгүй юм шиг хэрнээ нэг их шаналж байгаа нь ч харагдахгүй, хөлсөө гоожуулаад ажиллаж байгаа ч харагдахгүй. Ер нь л сонин, гайхмаар үндэстэн.2
Тийм ээ, бидний бодох, ярих, хийх нь хоорондоо эрс зөрүүтэй илэрнэ. Тууштай байдал бол бараг үгүй, эхлүүлээд л хаяна. Үнэнийг эрэлхийлэх сонирхол багатай, шүтэхгүй юм байхгүй хүн, амьтан, эд зүйл гээд хэн юу сайн гэж хэлнэ тэр бүгдийг дагаж шүтнэ. Аль болох түргэн итгэж хошуурах дуртай. Цуурхалд дуртай, сонсоод л хөөрчихнө. Баримтгүйгээр буруутгах, хоосон хардах тал дээр гаргуун.
Жилд гадаад, дотоодын нийлсэн их олон баяр тэмдэглэнэ. Баяр болгон төсөвтэй. Архидалттай. Орлогынхоо ихэнх хувийг баяр, наадмаар идэж уухад зарцуулдаг. Цагаан сарын
1 https://www.youtube.com/watch?v=act7-mUeCzY
2 http://undesten.mn/index.php?newsid=4629 Journal Global Manager
Эргэцүүлэл 2
шинийн нэгэнд хүн болгон сайхан ааштай. Бусад үед нь бие биенээ муухай харцгаана. Албан бусаар жилийн гуравны нэгд нь амарна. Залхуу. Бага ажиллаж их цалин авах мөрөөдөлтэй. Бэлтгэлийн хувцас цүнхэлж бөхийн тэмцээн бараадсан залуучууд ихтэй. Гэвч турж үхэх зовлон байхгүй. Ажил хийхгүй байсан ч ах дүүгийн буянаар амьдраад л байна.
Танихгүй хүмүүс ч гудамжинд зөрөхдөө бие биенийгээ ажиглана. Эелдэг зөөлөн харахаар эргүүлээд хэний хүн, яах санаатай, яагаад хараад байна гэхчлэн хардсан төрхтэй муухай харна. Залуучууд нь техникийн боолчлолд автсан. I phone бариад өдөржин өлсгөлөн явна. Фейсбүүк, твиттер, онлайн тоглоомоо ашиглах гэж энэ тэндхийн утасгүй интернет хайж цагаа үрнэ.
Үр хүүхдийнхээ боловсрол руу террорист халдлага үйлдсээр удаж байгаа. Мэргэжилдээ дур сонирхолгүй эсхүл ажлын байр байхгүй байхад л ихэнхийг нь хуульч, эдийн засагч болгосон. Үүнийг сүүлийн үеийн дуу хуур, авьяас шалгаруулдаг телевизийн нэвтрүүлгийн оролцогчдоос харж болно. Дараа нь газрын тос, ашигт малтмалын салбар руу хошуурсан. Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд манай төгсөгчдийг ажилд авахгүй. Үр дүнд нь диплом өвөртөлсөн ажилгүйчүүд, шоу нэвтрүүлэгт оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа. Боловсрол, амьдрах арга ухаан хоёрын ялгааг одоо л ойлгоцгоож байх шиг байна.
Эрх чөлөөг өнөд эрхэмлэнэ. Гэхдээ эрх чөлөө гэж юу болохыг үнэндээ мэдэхгүй. Юу дуртайгаа хийж болно гээд ойлгочихсон. Холч ухаан байхгүй. Аливаа зүйлийг нэг удаа болоод өнгөрөх юм шиг санадаг. Нөгөөдрийн талхыг маргаашийн гурилаар, маргаашийн гурилыг харин өнөөдрийн буудайгаар бүтээнэ гэхийн оронд гэнэтийн азанд илүү их найддаг.
Глобалчлагдах дуртай. Тэгсэн мөртлөө нэгнийгээ дэмждэггүй. Жалга довны үзэлтэй. Бүлэг фракц ихтэй. Зуд болоход бод мал нь зам гаргаад бусад нь гаргасан замаар нь явдагаас үлгэр авчихалгүй өөр өөрсдөө зам гаргах гэж байгаад аль ч үгүй цасанд боогддог. Үүнтэй адил тус тусдаа бизнес хийх ахархан бодолтой, итгэх хамтрах ойлголт тааруу. Хамтарсан ч удалгүй хэрэлдээд салцгаана.
Лидер байхгүй. Лидерийг бэлтгэдэггүй. Лидер болох мөрөөдөлтэй хүмүүсийг л бэлтгэдэг. Тэд магтаж, магтуулах ихээхэн дуртай. Магтаал нь үнэнээс эрс зөрүүтэй байсан ч хамаагүй. Бас лидерийг гадаадын боловсрол эзэмшүүлснээр бий болгоно гэж эндүүрдэг. Нам дагаж амьдрах дуртай. Хар багаасаа намын гишүүн идэвхтэн байхыг мөрөөднө. Илтгэл тавих, зусардах зэргээр карьер ахина.
Хэн өрссөн нь хожно гэсэн сэтгэл зүйтэй. Машинд зам тавьж өгөхгүй, доошоо орчихно гэж итгэнэ. Халамжийн мөнгө авах гэж хичнээн урт дараалалд, хэдэн цагаар ч хамаагүй зогсоод байгааг харахад заваас их юм байхгүй гэлтэй.
Хэрэв баян хүн өөртэй нь ижилхэн ядуу болчихвол өөрөө баян болсноос илүү санаа амарна. Баячууд нь өөртөө байгаа барцадыг арилгахын тулд лам багшийн буян үйлд гэж зөвлөснөөр дуртай
Эргэцүүлэл 3
дургүй хүүхэд хооллож, өвчтөнд тусална. Түүнийгээ бөөн сүр болгож рекламдана. Рекламных нь зардал буян үйлдсэн зардлаас нь заримдаа давж гарна.
Шинийг сэдэж хийе гэвч хуучны баригдмал сэтгэхүй нь салдаггүй. Нийгэм өөрчлөгдснөөс хойш соён гэгээрүүлэх ажил цалгардсан. Дур дураараа хийсэн урлаг соёлын ажлууд иргэдийн оюун ухааныг мухардалд оруулсан. Нийгмийн оюун санааны амьдрал үндсэндээ анхаарлын төвөөс холуур хариуцах эзэнгүй болсон.
Зарим хүмүүсийн амьдрал малаа орхисноос ихэд доройтсон. Хот руу нүүж ирсэн. Хот сая хүнтэй мега нийслэл болоод удаж байна. Гэвч эдийн засгийн идэвхитэй хүн ам буюу ажил эрхлэгчид тууштай буурсан. Учир нь бэлэнчлэх сэтгэлгээ арилдаггүй. Амьдрах чадвар эзэмшүүлэх гадаадын төсөлд байнга л хамрагддаг боловч бөх болчихвол баяжина, хурдан морь уралдуулвал баян тансаг гэдгээ харуулчихна гэж санадаг. Хурдан морь нь хүүхдээс илүү үнэтэй. Бүх мөнгөө шавхаж машин авна. Дараа нь мөнгөгүй учир түүгээрээ таксинд явна. Суудлын тэргээ жийп болгоно, гар утсаа солино. Бусадтай хэрэглээгээрээ өрсөлдөхийн тулд өр тавиад ч болтугай илүү зардал гаргаж, үүнийхээ ачааг чадан ядан үүрдэг.
1960, 1970-аад онд Солонгос улсад бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэх хүнд, хөнгөн олон үйлдвэр бий болгон улсаа хөгжүүлсэн бодлогыг хөдөө аж ахуй давамгайлсан, хэт эрх чөлөөтэй манай оронд хэрэгжүүлэхэд хэцүү боловч хөгжлийг экспорт, үйлдвэр бүтээн байгуулалт гэсэн нүсэр сэтгэхүйгээр төсөөлдөг. Зах зээл эхэлсэн цагаас л хөл гараа олох тухай ярьж байна. Өмч хувьчилснаас биш өмчийг арвижуулах, хамгаалах сэтгэлгээг өөрчилж чадаагүй. Гэвч 30 шахам жил реформ хийгээд сайжирч өгдөггүй улс төр, эдийн засгийн тогтолцоотой.
Энэ мэтчилэн шүүмжлэх зүйл их бий. Харин одоо бид юу хийх хэрэгтэй, хэрхэн нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх вэ? Хэдий болтол их тэнгэрийн дүлийг туйлшран шүтсээр байх юм вэ?
Чаддаг чаддагаа хийх. Зөв тэмүүлэл, зөв дурьдатгал, зөв үг яриа, зөв үйл хэрэгтэй амьдар. Өөрт байгаа баялагийг ирээдүйн амьдралын баталгаа болгож хувирга. Хэрэглээгээр биш хөдөлмөрөөрөө өрсөлд. Туйлшралаас салж амьдралыг бодитоор хар гэх мэт олон зөвлөгөө өгснөөр нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөхгүй.
Тунгалаг тамир романы Итгэлт баян “Заяагүй хүн гэж угсаа гаралгүй ядуу хүнийг бус харин залхуу мунхаг хүнийг хэлнэ” гэснийг бид мартсан бололтой. Монголын баялаг бол алт, нүүрс биш Монгол хүний эцэж цуцашгүй оюун ухаан юм. Оюуны баялаг бол улс орны төсөв мөнгөний хомсдол, инфляцийн түвшин, эдийн засгийн хямрал, ядуурал, ажилгүйдэл гэхчилэн нийгмийн үзэгдлүүдээс огт хамаарахгүйгээр нийгмийн сэтгэл зүйг алгуураар дээшлүүлэх Алтан гадас од юм. Дээрх олон зүйлийн нийгмийн гажуудлын үндэс нь монгол хүний оюун ухааныг хөгжүүлээгүйд оршиж байна. Бид оюунаараа сэрж, гэгээрэх хэрэгтэй байна.
Эргэцүүлэл 4
Яаж гэж үү, нэг санаа байна.
Энэ жилийн 2-р курсын оюутны бичсэн гэрийн даалгаварыг дараа жилийн 2-р курсын оюутан үг үсгийн зөрүүгүй хуулаад шалгуулах, нэг сургууль дээр хамгаалсан магистрийн дипломын ажлыг өөр сургуулийн оюутан хуулаад хамгаалахад хүндрэл алга. Оюуны бүтээлийг хамгаалах хууль байдаг ч шалгадаг, хянадаг, эрх ашгийг нь хамгаалах сэтгэл зүй төлөвшөөгүй. Амар хялбар аргаар дүнгээ тавиулахыг бодохоос чин сэтгэлээсээ сурч мэдэхийг хүсч буй оюутан ховордсоор байгааг олон багшийн амнаас сонсож болно. Энэ нь гэгээрэх бус хуулбарлахыг хүсэгч сөрөг сэтгэл зүйн толь юм.
Иймд оюуны бүтээлийг хамгаалах, хуулбарлахаас сэргийлэх зорилгоор оюуны бүтээлийг байршуулах цахим санг бий болгож асуудлыг шийднэ. Эхлээд мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ. Өдөр тутмын сонин, мэргэжлийн сэтгүүл, сурах бичиг, ном, зохиол, илтгэл, тайлан, хурлын тэмдэглэл, статистик тоо баримт, байгууллагын үйл ажиллагааны журам, тогтоол, тушаал, шинжлэх ухааны ололт, томъёо, тэгшитгэл, бакалавр, магистр, докторын дипломийн ажлууд, УИХ болон ЗГ-ын тогтоол шийдвэр, шүүгчийн захирамж, хууль тогтоомж зэрэг оюутны унших судлах боломжтой бүхий л эзэнтэй мэдээллийг оруулна. Бүх сургуулийг сантай холбоно.
Үүний дараа компьютерийн програмын тусламжтайгаар жишээ нь оюутан рефератаа цахим сан руу оруулмагц өгүүлбэрээр нь, тэр ч бүү хэл тэр өгүүлбэрийнх нь тэдэн үг нь ийм, ийм хүний тийм нэртэй бүтээлийн тэд дүгээр хуудасны энэ хэсэгтэй давхцаж байна, таны бичсэн 10 хуудасны 46% нь таны санаа биш байна, бусдын бүтээлээс авчээ хэмээн тогтооно.
Гадаад улс орны жишгээр оюутны гэрийн даалгавар, нийтлэл, магистрын ажлын 25%-иас илүүгүй, докторын дипломын ажлын 15%-20%-иас ихгүй хэсэг нь давхцсан байхыг зөвшөөрөх бөгөөд бусдаас санаа, өгүүлбэр авлаа гэхэд заавал ишлэл авч дурдахыг шаарддаг. Профессор давхцлыг нь багасгаарай, оюуны бүтээл хулгайлахыг хориглоно гэж эхний удаад сануулна, дараагийн удаад зохиолын хулгай хийсэн хэмээн захирал удирдлагад мэдэгдэж сургуулиас хасах арга хэмжээ авдаг. Хулгайч, худалч хүн дээд боловсрол эзэмших эрхийг хаачихаж байна гэсэн үг.
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд бүгд ийм цахим сан хэрэглэж оюутнаа сургаж байна. Анх 1997 оноос уг туршлагыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоо 135 улсад 10.000 гаран сургууль, сургалтын байгууллага, тэдгээрийн олон сая оюутнууд ашиглаж байгаа3.
Үр дүнд нь оюутан алдаагаа хүлээх, гаргасан алдаагаа засч сурах, өөрийн санаагаар бичих, сэтгэх, эрэл хайгуул хийх, худлаа ярихаас эмээх, хариуцлага хүлээх чадвартай, ёс зүйтэй, шударга үнэнч байх, баялаг бүтээгч, оюуны бүтээл, хөдөлмөрийг үнэлж хүндлэх хүмүүжилтэй болно. Дээд боловсролын чанар, нэр хүнд өснө. Мөнгө байвч сурч чадахгүй сургуулиа орхиж байгааг харсан
3Turnitin (2015) http://turnitin.com/en_us/what-we-offer/faqs
Эргэцүүлэл 5
иргэдийн шударга ёсны зарчимд итгэх итгэл сэргэнэ. Чадварлаг удирдагчид төрөх өлгий нь болно. Монгол хүний үнэ цэнэ өснө.
Харин муу тал нь сурах хүсэл эрмэлзэлтэй нэг нь үлдээд сэтгэхийг хүсдэггүй, залхуу хойрго нь чаддаг зүйлээ хийх сонголт авчирна. Эцэг, эх нь миний мэргэжлийг нь өвлө гэж муйхарлалгүй хүүхдийнхээ хүмүүжил, оюуны чадамжийг харахаас аргагүй болно. Их дээд сургуулийн тоо байгалийн шалгаралаар цөөрнө. Дээд боловсролгүй худалдагч нар бий болно. Капитализмын зөв төлөвшил явагдана. Мөнгө л байвал бөх, жүжигчин эсхүл нэг эмч гарч ирээд бизнес болгоод нээчихсэн хувь, хувьсгалын 100 гаран их, дээд сургуулийн оюутны тоо яам, тамгын газрын шийдвэргүйгээр сургуулиа дагаад цөөрөх болно.
Эцэст нь хэлэхэд мал сүрэг бол үндэсний баялаг хэмээн Үндсэн хуульд заасан хэдий ч монгол хүний үнэ цэнийг тунхагласан хууль, шалгуур тодорхойлолт байдаггүй. Үндэсний баялаг бол монгол хэл бичиг, мал сүрэг, газар, уламжлал, соёл зэрэг олон зүйлээс гадна эрдэм боловсролтой монгол хүн өөрөө юм. Сэцэн мэргэн түшмэл, үнэнч шударга иргэд л улсын эрдэнэ4 бөгөөд эцэг өвгөдийн итгэн үлдээсэн эх орны маань тусгаар тогтнолыг улам бүр бэхжүүлж чадах, итгэж болох хэсэг юм. Тэдний онох нь их, алдах нь цөөн байх тул хуурах, хулгайлах, зулгуйдаж сурсан “дээд” боловсролтонгуутаас салах цаг иржээ. Их тэнгэрийн дүлийг бус мэргэн ухаан, уйгагүй хөдөлмөрийг шүтсэн үнэ цэнэтэй монгол хүнийг бий болгох боломжийг алдмааргүй байна.
“Жилийн ургацыг авъя гэвэл үрийг нь тарь, арван жилийн ургацаа бэлдье гэвэл модыг нь тарь, харин 100 жилийн ургацаа хураая гэвэл бусдад зааж өг” Кунз
Криминологийн шинжлэх ухааны магистр Дангаагийн Нямбат 2021.12.12
4 4 Н.Багабанди (2015) Сэцэн мэргэн түшмэл улсын эрдэнэ in http://bagabandi.niitlelch.mn/content/2931.shtml