Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ЗОХИЦУУЛАЛТАД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

     Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаагийн бичсэн “Эрүүгийн болон зөрчлийн тухай хууль дахь хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн зохицуулалтад хийсэн дүн шинжилгээ” сэдэвт нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нэг. Удиртгал

     Хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг тогтоох, хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг манай улсын Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд тус тус тусгасан байдаг. Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн эсрэг 15 зөрчлийг, Эрүүгийн хуульд Хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэсэн бие даасан бүлгийг 2015 онд шинээр бий болгосон боловч хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой дээрх заалтууд амьдралд төдийлөн бүрэн хэрэгжихгүй байгааг статистик мэдээнээс харж болно. Үүний шалтгааныг хуулийн давхцал, тодорхойгүй байдал, хоёрдмол утга бүхий заалт, гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бие даасан гэмт хэрэг болгож тусгасан, мөн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхгүй байх зэрэг олон хүчин зүйлийг нэрлэж болно.  

Хоёр. Хүүхдийн эсрэг зарим төрлийн гэмт хэргийн талаар

     Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, 1.2 дахь заалтад харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад энэ гэмт хэргийг ”хүүхдийн эсрэг үйлдсэн бол” гэж, Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт “арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн бол...” гэж хүүхэдтэй харгис хэрцгий харьцах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна.

2.1 “Хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх шинжийн талаар:

бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх шинж нь Хүүхдийн эсрэг гэмт хэрэг бүлэгт хуульчилсан “Хүүхэдтэй харгис хэрцгий харьцах” гэмт хэрэг буюу “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн бол” гэдэг шинжээс ялгагдахгүй байна. Харин “Арван найман насанд хүрсэн хүн” гэдэг шинжид гэр бүлийн гишүүдийн 18 насанд хүрсэн гишүүн хамаарах эсэх нь тодорхойгүй, мөн нас заасан үндэслэл нь ойлгомжгүй буюу 18 наснаас дээш насны хүн энэ субъектэд хамаарах эсэх эсхүл зөвхөн өсвөр насны сэжигтэн, яллагдагч уг субъектэд хамаарах уу гэдэг нь тодорхой бус байна.

     Мөн гэр бүл дэх хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт зохицуулагдсан боловч Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэгт тусгайлан харьяалагдах болсон эрх зүйн үндэслэл ойлгомжгүй байна.

2.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлд заасан Хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийн гол шинж “хэрцгий” гэх шинжийн талаар

Эрүүгийн хуульд хэрцгий гэх үг 8 удаа бичигджээ.

  • Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна  /зарчим/
  • онц харгис хэрцгийгээр  /хүнийг алах/
  • харгис хэрцгий аргаар  /хүчиндэх/
  • харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан /гэр бүлийн хүчирхийлэл/
  • бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн /хүндрүүлэх нөхцөл/
  • арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн /хүүхэдтэй хэрцгий харьцах/
  • дайны олзлогдогч, эсхүл энгийн хүн амтай харгис хэрцгий харьцсан

Хэрцгий гэх үгний хэл зүйн агуулга:

Олон улсад “харгис, хэрцгий” нэр томьёог хэрэглэж буй байдал /Герман хэлэнд/

- Харгис, хэрцгий – grausam /Гэмт хэрэгтэн хохирогчийг увайгүй, харгис хэрцгий хандлагын улмаас бие махбодын болон сэтгэцийн болон сэтгэц-биеийн тарчлаан зовоохуйц сэтгэлийн хандлага юм. Харгислал нь бие махбодын төвшинд бие даасан үйл явдлуудад шууд илэрдэг бөгөөд зэрлэг байдлаас ялгаатай нь харгислал нь гэмт этгээдийн хохирогчид хандах сэтгэл санааны болон сэтгэл хөдлөлийн үндсэн хандлага бөгөөд хохирогчийг бүх төвшинд, түүний сэтгэцийн болон сэтгэл хөдлөлийн хандлагаар дамжуулан гэмтээдэг. Харгис хэрцгий хандлага эс үйлдэхүйгээр илэрч болно. Жишээ нь зориудаар, удаан хугацаагаар өлсгөх, хоол тэжээлийн дутагдалд оруулах г.м.

-Зэрлэг- brutal /зэрлэг, балмад хүчирхийлэлд илэрдэг хэлбэр/

-Ихэнх толь бичигт энэ үгийг "бүдүүлэг", "ааш муутай", бүр "харгис" гэж тайлбарладаг. Энэ нь 1990 оноос хойш л орос хэлний толь бичигт гарч ирсэн нь анхаарал татаж байна.

- Монгол хэлний их тайлбар толь бичигт “Догшин ширүүн, харгис балмад зан авир” гэжээ.

Эндээс үзэхэд харгис хэрцгий гэдэг нь ерөнхийдөө хүн, амьтныг өрөвдөх сэтгэлгүй, бие махбод болон сэтгэлзүйн хувьд зовоон тарчлаах шинжтэй үйлдэл эс үйлдэхүйн хамгийн сөрөг шинж гэж ойлгогдож байна.

Онц харгис хэрцгий гэдэг нь хүч оруулсан буюу зовоон тарчлаах хамгийн хүнд хэлбэр гэж хуульд тодорхойлсон боловч Монгол хэлний их тайлбар толь бичигт “онц” гэдэг үгийг “Бусдаас сондгой, илт давамгай сайн, маш гойд, тун сайн” гэсэн эерэг утгаар тодорхойлсон байна.

Харгис хэрцгий хандлага үйлдэл хэзээ ч эерэг байдаггүй

     2020-2022 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэг болох “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ийн 16.7 дугаар зүйлд заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах”-тай холбоотой хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 14 эрүүгийн хэрэг бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил жил бүр өссөн боловч хүүхэдтэй хэрцгий харьцсан гэмт хэрэг сүүлийн 3 жилд ийм цөөхөн байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй, мөн хуулийн давхцал, ойлгомжгүй байдал нөлөөлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг 4 төрөлд хувааж хуульчилсан байдаг. Үүнд: 

  • бие махбодын хүчирхийлэл;
  • сэтгэл санааны хүчирхийлэл;
  • эдийн засгийн хүчирхийлэл;
  • бэлгийн хүчирхийлэл

Гэр бүлийн хүчирхийллийн аль ч хэлбэр нь “энэрэнгүй эсхүл хүмүүнлэг” байх боломжгүй бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй “хэрцгий” үйлдэл, эс үйлдэхүй юм. Хүчирхийллийн хүндрүүлэх шинжийг тусад нь гэмт хэрэг болгож хуульд тусгасны улмаас хүүхдийг эрхийг хамгаалсан Эрүүгийн хуулийн нэг бүлэг тэр чигээрээ хэрэгжихгүй нөхцөл үүсэж байна.

2.3 Хуулийн тодорхойгүй байдал, давхцал

      Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан бол зөрчилд тооцохоор хуульчилжээ. Гачигдуулах гэдэг нь нэг удаагийн эсхүл түр зуурын үйлдэл эс үйлдэхүй биш бөгөөд үргэлжилсэн шинжтэй, энэ үйлдлийн улмаас хүүхэд сэтгэл санаа, бие махбодын хувьд шаналан зовсон, хоол тэжээлийн дутагдалд орсон, сольж өмсөх хувцасгүй нөхцөл байдал үүссэн, орон байргүй буюу орогнох газаргүй, богино эсхүл урт хугацаанд амь нас, эрүүл мэнд нь эрсдэлт орсон байхыг ойлгоно. Гэтэл энэ зөрчил мөн үү? Эсхүл хүүхэдтэй хэрцгий хандсан гэмт хэрэг үү?

     Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйл “Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх” гэмт хэргийн хувьд хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан. Гэтэл хүүхэд гэмтэх, амь нас нь ч эрсдэж болно гэдгийг мэдсээр байж ажил үйлчилгээ эрхлүүлэх, шаардах нь хүүхдийг энэрч хайрлах, хамгаалахын эсрэг үйлдэгдэж буй хэрцгий үйлдэл эс үйлдэхүй тул энэ нь 16.7 дугаар зүйл “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэрэг мөн үү? Эсхүл “хэрцгий” биш өөр төрлийн гэмт хэрэг үү?

     Мөн хуулийн 16.8 дугаар зүйлд хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн; хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон бол тусад нь гэмт хэрэг байхаар хуульчилсан.

     Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гэдэг нь хүүхдийн халдашгүй дархан байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчсөн, бэлгийн харилцаанд оруулахаар завдсан, оруулсан, бэлгийн болон садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан эсвэл энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хүүхдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйг хэлнэ. Энэ үйлдлийн улмаас хүүхэд цочирдох сэтгэл зүйн хувьд зовж, шаналж байгаа нь хүүхэдтэй хэрцгий харьцах үйлдэл мөн үү? Эсхүл “хэрцгий” биш өөр төрлийн гэмт хэрэг үү?

     Дээр дурдсан цөөхөн жишээнээс дүгнэхэд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд хэрцгий хандсаныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид оруулаагүйн улмаас Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлд заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэсэн заалт амьдралд хэрэгжихгүй байна.  

2.4 Гэр бүл, гэр бүлийн гишүүн гэсэн субъектийн талаар:

     Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид “2.2. асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн” гэж тусгасан боловч асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага нь “гэр бүл” гэсэн ойлголтод хамаарахгүй байна.

     Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;

3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг;” ойлгоно гэж тодорхойлсон байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд:

3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;

3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.

3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэжээ.

     Гэр бүл гэсэн орчныг бүрдүүлсэн газар буюу хүүхэд асрах байгууллагын статусыг аль ч хуульд тодорхойлоогүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэгдсэн бөгөөд “Гэр бүл” гэсэн категорид хамаарах бүх хүнд үйлчлэх хууль юм.  

     2021 оны байдлаар Монгол Улсад хүүхэд асран халамжлах үйлчилгээ үзүүлдэг 17 байгууллагын 27 төвөөс гадна, улсын хэмжээнд Өнөр бүл болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор гэх хоёр төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх байгууллага нь асран хамгаалах хүнгүй, амьдрах газаргүй бүтэн, хагас өнчин хүүхдүүдэд гэр бүлийн үйлчилгээ буюу хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох боломжийг олгодог. Гэтэл эдгээр байгууллага нь Гэр бүлийн тухай хуульд хамаарах субъектэд хуулиар тодорхойлогдоогүй  атлаа уг байгууллагын ажилтан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх субъектэд хамаарч байгаа нь хуулийн хийдэл юм.

     Мөн өвөө, эмээ, ах дүү, хамаатныхаа асрамжид байгаа, албан ёсоор үрчлэгдээгүй хүүхдийн амьдарч буй орчин нь гэр бүл гэсэн ойлголтод хамаарахгүй байна.

Гурав. Санал

1. Гэр бүл, гэр бүлтэй адилтгах орчныг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тодорхойлох. Ингэснээр хүүхэд асран хамгаалах байгууллага, тэдгээрийн ажилтан нь тухайн хүүхдийн хувьд гэр бүл, гэр бүлийн гишүүний адил эрх эдэлж үүрэг хүлээх боломж бүрдэнэ.

2. Хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэсэн субъектийг Иргэний хууль эсхүл Гэр бүлийн тухай хууль хуульд албан ёсоор тодорхойлох. Ингэснээр албан ёсоор үрчлэгдээгүй ч бусдын асран хамгаалалтад байгаа хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ.  

3. Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлд заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэргийг бие даасан гэмт хэрэг биш харин хүүхдийн эсрэг зарим төрлийн гэмт хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон өөрчлөх.  

4. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  заасан “хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан” зөрчлийг гэмт хэрэгт тооцох.  

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24