Дотоод хэргийн их сургуулиас санаачлан, Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуультай хамтран "Хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь жилдээ цахимаар зохион байгууллаа.
Энэ жилийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, БНТурк Улс болон дотоодын боловсрол, хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдлын байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд 60 гаруй илтгэл ирүүлснээс 13 илтгэлийг сонгон, хоёр салбар хуралдаанаар хэлэлцүүлэв.
Нэгдүгээр салбар хуралдаанд ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Цолмон “Монгол Улсын болон гадаадын зарим улсын дотоод хэргийн салбарын дээд боловсролын тогтолцоонд хийсэн харьцуулсан судалгаа”, Шихихутуг их сургуулийн багш, магистр Г.Батнасан “Хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын боловсролын хүний эрхэд суурилсан хандлага”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, БНХАУ-ын Ардын их сургуулийн докторант Б.Энх-Амгалан “Хуульч болох шалгуур: Боловсролын зарим асуудал”, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Цагдаагийн ажил, мэргэжлийн дээд сургуулийн багш, магистр З.Баянзун “Олон нийтийн аюулгүй байдлын их, дээд сургуулиудад хууль дээдлэх боловсролын ач холбогдол, хэрэгжүүлэх арга зам”, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, хурандаа Ц.Ганболд “Хилчдийн боловсролын тулгамдсан асуудал, шийдэл”, АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн докторант, цагдаагийн хошууч Д.Түмэндэлгэр “Ахисан түвшний сургалтын хөтөлбөрөөр судалгааны арга зүйг эзэмшүүлэх асуудал”, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр О.Ирвэс, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн профессор, доктор С.Батцэцэг “Боловсролын санхүүжилтийн тулгамдсан асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хоёрдугаар салбар хуралдаанд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн төрийн өмчит дээд сургуулийн Гадаад хэл, соёлын тэнхимийн дэд профессор, доктор Мокрецова Наталья Михайловна “Шүүхийн шинжээчдийг бэлтгэх, хувь хүн хоорондын харилцааны ур чадварыг төлөвшүүлэхэд англи хэлний хичээлийн үүрэг”, БНСУ-ын Суншин эмэгтэйчүүдийн их сургуулийн Аюулгүй байдлын инженерийн тэнхимийн доктор, профессор Ким Хакён “Жагсаал, цуглааныг тайван замаар шийдвэрлэх: БНСУ-ын цагдаагийн үйл ажиллагааны туршлага”, БНСУ-ын Кеймюнг их сургуулийн Цагдаагийн удирдлагын тэнхимийн Цагдаагийн шинжлэх ухааны факультетийн БНСУ-д суугаа төлөөлөгч Жэймс Брайн Паттисон “АНУ-ын цагдаагийн сургалт”, Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний институтийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Ш.Чулуунбат “Хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх нь”, ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын академийн Галын аюулгүй байдлын тэнхимийн дэд профессор, доктор, хурандаа Федотов Сергей Борисович “Галын аюулгүй байдал, онцгой байдлаас хамгаалах салбарт ОХУ, Монгол Улсын хамтран мэргэжилтэн бэлтгэхэд тулгамдаж буй асуудал”, Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний институтийн багш, магистр, дэслэгч Ж.Буянжаргал, Б.Цолмон “ДХИС-ийн багш, албан хаагчдын англи хэлний сургалтын инновацын асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Энэхүү цахим хуралд боловсрол, хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын 20 гаруй байгууллагын 150 орчим эрдэмтэн, судлаач, ажилтан, албан хаагч оролцсон байна.
Хурал зохион байгуулагчид олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн, ирүүлсэн илтгэлд туссан болон оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн боловсруулсан зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ.