Хуульч Б.Пүрэвсүрэн
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг УИХ-аас 2011.06.16-ны өдөр баталсан бөгөөд 11 жилийн хугацаанд түүхэн үүргээ гүйцэтгэв. Харин Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022.05.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлснээр тус хууль хүчингүйд тооцогдох юм.
Хууль хэрэгжиж эхэлснээс дуусах хүртэлх 11 жилийн хугацаанд хууль хэрэглээний эрэмбэ, дараа дараах тохиолдолд алдагдсаныг өгүүлье.
Глоб Интернэшнл төвийн хийсэн судалгаагаар, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийг мэдэхээс илүүтэй Засгийн газрын 2009 оны “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг батлах тухай 143 дугаар тогтоол, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хууль, Шилэн дансны хууль болон бусад хэм хэмжээний актуудыг удирдлага болгож байгаа тухай дурдсан.
Засгийн газрын газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана”, 7 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно”, 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРӨӨ буюу УЛСЫН ИХ ХУРАЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО”. Гэвч УИХ, ЗГ-аас МИТБМАЭ-ийн тухай хууль батлагдан гарч, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай ямар нэг шийдвэр гаргаагүй тул хүчин төгөлдөр хэвээр үйлчилсээр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультайгаа золгох болж байна. Гайхалтай хэрэг шүү. Бүхэл бүтэн хууль хэрэгжээд, хүчингүй болох хугацаанд тогтоол нь өнө мөнх хэвээр.
Өөр нэгэн жишээ дурдъя.
Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журмыг Засгийн газрын 28-р тогтоолоор 2000 онд баталсан. Засгийн газрын 2004 оны 30 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулснаас бус одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр. Гэтэл 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, 2019 онд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиуд батлагдаж хураамж, хөлстэй холбоотой харилцааг зохицуулах болсон.
Тун ойлгомжгүй байдал үүнээс үүдэн гарна. Тухайлбал, Өргөн нэвтрүүлгийн буюу улс орон даяар гардаг 18 телевиз манай улсад 2022 оны байдлаар бүртгэгдсэн байна. Тодорхой хэмжээний үйлчилгээний хөлсийг эдгээр ТВ-үүд авах эрх хуулиар нээгдсэн байна. Гэвч Засгийн газрын 28-р тогтоолын дагуу “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэхэд гарсан зардлыг нийт төвлөрүүлсэн үйлчилгээний хөлснөөс тухай бүр суутган тооцсоны дараа үлдэх хэсгийн 75 хувийг Монголын үндэсний телевизэд, 7 хувийг "Улаанбаатар" телевизэд, 6 хувийг "MN-25 дугаар суваг" телевизэд, 6 хувийг "TV-5" телевизэд, 6 хувийг "TV-9" телевизэд тус тус хуваарилна” гэснээр үлдсэн 14 телевиз үл багтав.
Эрх зүйн хэм хэмжээний актууд хоорондоо зөрчилдөх тохиолдолд түүнийг эрэмбэлэх аргаар шийдвэрлэдэг дэлхий нийтийн практик байдаг. Эрх зүйн хэм хэмжээний актыг эрэмбэлэх нь онолын хувьд авч үзвэл, нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээ нь ерөнхий зохицуулалтаас илүү хүчинтэй. Шинээр батлагдсан хэм хэмжээ нь хуучин хэм хэмжээнээс давуу хүчинтэй. Дээд хэм хэмжээ нь доод хэм хэмжээнээс илүү хүчинтэй. /Үндсэн нөхцөл нь нэмэлт нөхцөлөөсөө давуу хүчинтэй/ Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ”, 3.6 дахь хэсэгт “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж заасан нь тус хуулийг албан ёсоор дагаж мөрдөх үүргийг хүлээлгэж байна.
Дээрх Засгийн газрын тогтоолуудын агуулга, зохицуулалт нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн хууль, Олон нийтийн радио, телевизийн хууль, Өргөн нэвтрүүлгийн хуулийн заалтуудтай давхардсан байна.
Дүгнэхэд, төрийн байгууллагын албан хаагчид хуулийн хэрэглээний ойлголт хангалттай биш. Харилцан адилгүй хууль, тогтоолыг хэрэглэж, хэрэгжүүлсэнээр хуулийн хийдэл-давхардал, нугараа үүсэв. Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тухай шийдвэр гардаггүй орхидог, юмуу мартдаг тул хуулиас давсан тогтоолоо баримталсан хэвээр байгааг хангалттай жишээ, баримтаар нотолж болох юм. Иймийн тулд, өөр хоорондоо зөрчилдөөнтэй олон хууль, тогтоол шийдвэрүүдийг нарийвчлан судалж, зарим хэсгийг хүчингүй болгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хууль нэг мөр ойлгогдож, хэрэглэгддэг практикийг тогтоох ажиллагаа тулгамдсан асуудал болж байна.