НҮБ-ын “Залуучуудад зохистой ажлын байр” дэлхийн санаачлагын (UN Global Initiative on Decent Jobs for Youth) хүрээнд Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний гишүүн байгууллагуудтай хамтран “Залуучуудын хөдөлмөрлөх эрх” сэдэвт вебинарыг 2021 оны наймдугаар сарын 20-нд зохион байгууллаа.
Энэхүү вебинарт ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Феликс Вайденкаф, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Ш.Маяа, Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний зохицуулагч Ч.Балжинням, МҮЭХ-ны Залуучуудын хорооны дарга Э.Тамир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч С.Батхолбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон сүлжээний гишүүн бусад байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс оролцож, холбооноос хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, санал солилцлоо.
Тус вебинараар Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээнд нэгдсэн байгууллагууд Монголын залуучуудын хөдөлмөрлөх эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ялангуяа саяхан батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах чиглэлд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцсан юм.
Түүнчлэн Монголын хөдөлмөрийн зах зээл дээр болон хөдөлмөрлөх эрхийн хүрээнд залуучуудад тулгарч буй сорилт бэрхшээл болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан залуучууд, тэр дундаа албан бус эдийн засагт ажиллаж буй залуу ажилчдад хамааралтай, ач холбогдолтой гол зохицуулалтууд, залуучуудын дунд хөдөлмөрлөх эрхийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлагын талаар ярилцсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан залуучуудын хөдөлмөрлөх эрхийг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар санал солилцож, тодорхой чиглэлүүд гаргахаар тохиролцлоо.
Сонирхуулахад, “Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих” үндэсний сүлжээ нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Монголын Хуульчдын холбоо нь тус сүлжээний гишүүнээр ажиллаж, залуучуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.