Монголын Хуульчдын холбооноос “Эрүүгийн эрх зүйн салбар дахь англи хэл” сэдэвт вебинар сургалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтын сургагч багшаар АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотоос “Ганзориг & Тобак Консaлтинг” ХХК-ийн захирал, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч асан Г. Ганзориг, АНУ-ын Хавай мужийн 2 дугаар тойргийн Ерөнхий шүүгч асан Шакли Раффетто нар оролцсон.
Тус сургалтыг Монголын Хуульчдын холбоо нь гадаадын хуульчдыг урьж сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хуульчдаа чадавхжуулахаар төлөвлөсөн ажлын хүрээнд зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалтыг Америкийн шүүхийн тогтолцоо, эрүүгийн эрх зүйн нэр томьёог Монголын эрүүгийн эрх зүйн тогтолцоотой харьцуулан практик жишээ болон хуулийн үндэслэлд тулгуурлан явуулснаараа онцлог байлаа.