МУИС-ИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛИЙН 25 ЖИЛИЙН ОЙН “ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ БАЙДАЛ, ТӨЛӨВ БА МОНГОЛ УЛС” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
МУИС-ийн ХЗС-ийн
Нийтийн эрх зүйн тэнхимийн
Профессор В.Оюумаа
Төр нь олон улсын иргэний гүйлгээний эрх зүйн янз бүрийн харилцаанд бүрэн эрхт байдал, дээд ба хараат бус эрх мэдлийг агуулагч гэсэн өөрийн хоёр шинжээрээ, хувь хүн, аж ахуй эрхэлж буй хувийн субъекттэй хуулийн этгээдийн адил эн тэнцүү байдлаар оролцдог.
Иргэний эрх зүйн харилцаа бол иргэний хууль тогтоомжоор зохицуулагдах бөгөөд иргэний гүйлгээнд оролцогчдын эрх зүйн байдал, өмчийн эрх болон бусад эд юмсын эрх, оюуны үйл ажиллагааны үр дүнд онцгой эрх (оюуны өмч) үүсэх үндэслэл, эдгээр эрхийг хэрэгжүүлэх журмыг зохицуулж, гэрээнд оролцогчдын эрх тэгш байдал, хүсэл зоригийн хараат бус, эд хөрөнгийн бие даасан байдалд үндэслэн гэрээний болон бусад үүрэгчлэл, түүнчлэн эд хөрөнгийн болон түүнтэй холбогдсон эд хөрөнгийн бус амины харилцааг зохицуулдаг. Энэхүү харилцаанд гадаадын зүйл (элемент) бүхий этгээд оролцсон тохиолдолд, өөрөөр хэлбэл нэг талаас гадаадын хувь буюу хуулийн этгээд, нөгөө талаас ийм харилцаанд төр оролцсон тохиолдолд төрийн оролцоотой олон улсын хувийн эрх зүйн харилцаа үүснэ. Энэхүү харилцаа нь гол төлөв бараа бэлтгэн нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэх зэрэгт үүснэ. Тухайлбал, гадаадад элчин сайдын яам болон консулын газрын барилга бариулах, эдэлбэр газар, ямар нэгэн байр түрээслэх, төр өв залгамжлах эрх зүйн харилцаанд оролцож нэг талын гэрээгээр эд хөрөнгө хүлээж авах, хууль буюу гэрээслэлээр тодорхой эд хөрөнгийг өв залгамжлахад өвлөгчөөр оролцох, мөн өөрийн нутаг дэвсгэрт ашигт малтмалыг боловсруулах, олборлох зорилгоор газрын хэвлийг концессоор өгөх, өөрийн улс оронд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа барилга байгууламжийг түрээслэх, эд хөрөнгө олж авах буюу өөрт хамаарах эд хөрөнгийг борлуулж, ажил, үйлчилгээ, бараа зэргийг захиалж болно.
Төр нь хэрэв үнэт цаасыг гадаадын иргэд, хуулийн этгээдийн дунд байршуулж байгаа бол зээллэг гаргахад олон улсын хувийн эрх зүйн харилцааны оролцогч тал болно. Төр нь үндэсний аль нэгэн аж ахуйн субъектын хийсэн гадаад худалдааны хэлцэлд батлан даалт гаргах тохиолдолд олон улсын хувийн эрх зүйн харилцааны оролцогч болно. Жишээлбэл, үүнийг “Марубений” хэмээн нэршсэн хэргийн процесс нотлон харуулдаг. Монгол улсын засгийн газар Японы улсын Марубени корпорац болон Монгол улсын Буян ХХК-ийн хоорондын сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зээлийн гэрээнд төсвийн хөрөнгөөр батлан даалт гаргаж, Монгол улсын Буян ХХК гэрээгээр хүлээсэн үүрэгчлэлээ гүйцэтгээгүйн улмаас тус улсын засгийн газар Лондонгийн арбитрын шүүхэд хариуцагчаар татагдаж байсан билээ. Энэ тохиолдол нь төр олон улсын хувийн эрх зүйн харилцааны субъект болдогийг Монголчууд бидэнд маргашгүйгээр нотлон харуулсан юм.
Гадаадын зүйл (элемент) бүхий иргэний эрх зүйн харилцаанд төрийн оролцоог Монгол улсад иргэний хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл, төрийн оролцоотой олон улсын хувийн эрх зүйн харилцаанд Монгол улсын иргэний хуулийн “Олон улсын иргэний эрх зүй”[1] гэсэн VI хэсгийн нийтлэг үндэслэлийн журам хэрэглэгдэнэ. Доктор О.Жамбалдорж “Иргэний хуулийн 545 дугаар зүйлд: Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд төр нэг тал болон оролцож байгаа тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулийг хэрэглэнэ гэж заажээ. Энэ заалт нь төр олон улсын иргэний эрх зүйн харилцаанд хөдлөшгүй дархан эрхээсээ татгалзах боломж олгож байгаа бөгөөд гагцхүү хуульд халдашгүй дархан эрхээсээ татгалзахыг зөвшөөрөөгүй заалт байвал түүнийг баримтлах ёстой…”[2] гэж тэмдэглэжээ.
Ийнхүү төр нь олон улсын хувийн эрх зүйн аливаа харилцааны оролцогч байж болох зарим төрлийн харилцааг авч үзье.
Худалдах худалдан авах гэрээ нь олон улсын арилжаанд үндсэн гол үүргийг гүйцэтгэж байгаа гадаад худалдааны салбарт хамгийн түгээмэл гэрээ бөгөөд түүнийг байгуулах болон гүйцэтгэх журмаар Монгол улсын гадаад худалдааны эргэлтийн дийлэнхи хэсэг хэрэгжиж байна. Энэхүү гэрээний гүйцэтгэл нь хэд хэдэн бусад гэрээ тухайлбал, тээвэрлэлтийн, даатгалын, түүнчлэн ажил гүйцэтгэх, төлбөртэй үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах зайлшгүй шаардлагыг буй болгож байдаг. Худалдах худалдан авах олон улсын гэрээгээр худалдагч тал худалдан авагч нөгөө талдаа бараа (эд хөрөнгө) шилжүүлэх үүрэг хүлээж, худалдан авагч уг барааг хүлээн авч, тодорхой мөнгөний дүнд төлбөр хийх үүрэг хүлээдэг. Худалдах худалдан авах (sale and purchase contract) гэрээний гол үүрэг бол эд хөрөнгө нэг этгээдийн өмчлөлөөс нөгөө этгээдийн өмчлөлд шилжиж байгаа процесс юм.[3] Энэхүү гэрээний хүрээнээс худалдах олон тооны төрлүүд тухайлбал, аукцион худалдаа, үнэт цаас ба валютын худалдаа, агаарын болон далайн тээврийн хөлөг онгоц, цахилгаан эрчим хүчний худалдаа зэргийг олон улсын худалдааны гэрээнд хамааруулан авч үздэггүй бөгөөд бараа ба бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зайлшгүй шаардагдах материалын зонхилох хэсгийг захиалагч өөрөө нийлүүлэх үүрэг авч, уг материалаар үйлдвэрлэсэн мөн түүнчлэн ажил үүрэг биелүүлэх буюу бусад төрлийн үйлчилгээ үзүүлэхээр гэрээ хийж, тэдгээрийг нийлүүлэхэд хамаарах үйл ажиллагаанд 1980 оны Венийн конвенц бас хязгаарлалт тогтоосон.[4]
1980 онд Венад Бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай Конвенцийг[5] баталж, бараа худалдах худалдан авах олонхи төрлийн гэрээ түүний дотор бэлтгэн нийлүүлэх гэрээнд хэрэглэгдэж байна. Нийтлэг журмын дагуу энэхүү конвенцийн хэм хэмжээ нь диспозитив шинжтэй бөгөөд хэрэв гэрээний талууд контрактад ямар нэгэн заалтыг хэрэглэхээр тохиролцсон бол энэхүү конвенцийг хэрэглэнэ. Энэхүү конвенцийг хэрэглэх тохиолдол нь нэгдүгээрт, гэрээний талууд өөр өөр улс байна. Хоёрдугаарт, гэрээнд хэрэглэвэл зохих эрх зүйн зөрчилдөөний хэм хэмжээгээр конвенцид оролцогч улсуудын эрх зүйг хүлээн зөвшөөрнө. Ингэхлээр гэрээний тал конвенцид оролцогч улс жишээлбэл Монгол улс[6] холбогдох гэрээнд конвенцийн хэм хэмжээг хэрэглэх ёстой. Энэхүү конвенциор нэг талын гаргасан зөрчлийн улмаас нөгөө тал гэрээний үндсэн дээр олж авах байсан зүйлийн ихэнхи хэсгийг алдсан бол гэрээг ноцтой зөрчсөн гэж үздэг бөгөөд ийнхүү “гэрээг ноцтой зөрчих” гэсэн ухагдахууныг гаргаж ирсэн нь Венийн 1980 оны конвенцийн хамгийн гол онцлог хэмээн үздэг. Гэрээг ноцтой зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч конвенцид заасан тодорхой хоригуудыг (конвенцийн 46, 49 ба 51 дүгээр зүйлүүд нь худалдан авагчид, 64 дүгээр зүйл нь худалдагчид ийм боломжийг тус тус олгодог.[7]) ашиглаж болдог.[8] Худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагын ерөнхий хэлбэр нь Венийн конвенцийн дагуу хохирлыг нөхөн төлүүлэх тухай шаардлага бөгөөд энэ шаардлагад олох байсан ашиг мөн орно.
Мөн худалдах худалдан авах гэрээг байгуулагч талууд нь гэрээний харилцаагаа аль улсын хуулиар зохицуулах талаар харилцан тохиролцож болно. Уг конвенцийг МУ-ын Иргэний хуулийн гэрээний эрх зүйн нийтлэг үндэслэлийг харьцуулан үзвэл зөрчилтэй заалт байхгүй харин томьёоллын ялгаатай байдал байх бөгөөд конвенцийн зохицуулалт ерөнхий шинжтэй байна. Тухайлбал, “гэрээ байгуулах санал”, “санал гаргах дуудлага” – “санал гаргах урилга” томьёолол болон “гэрээ байгуулсанд тооцох“ зохицуулалт агуулгын хувьд ижил байна.
Ажил гүйцэтгэх гэрээ нь хариу төлбөр бүхий хоёр талын гэрээ юм. Ажил гүйцэтгэгч нь амласан тодорхой нэг ажлыг гүйцэтгэх эсвэл нийлүүлэх нь энэ гэрээний агуулга болно. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгүүлэгчийн (захиалагчийн, үйлчлүүлэгчийн) хүссэн ажлын үр дүнг (ажлын олголтыг) харилцан тохиолцсон хөлсний хариуд бий болгож өгдөг.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шууд үүссэн үр дүн байдаг. [9]
Монгол улсын иргэний хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн даалгаврын дагуу түүний буюу өөрийн эд хөрөнгөөр тодорхой ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлыг хүлээн авч, хөлс төлөх үүргийг хүлээнэ.
Төр гол төлөв захиалагч, харин ажил гүйцэтгэгч нь тодорхой ажил гүйцэтгэх үүрэгчлэл өөртөө хүлээсэн ямар нэгэн гадаадын фирм, байгууллага, үйлдвэрийн газар бусад хуулийн этгээд байна. Монгол улсад гадаадын ажил гүйцэтгэгчээр барилгын ажил гүйцэтгэх, тэдгээрийн их засвар хийх буюу ажил гүйцэтгэх гэрээ өнөө үед нэлээд өргөн дэлгэрч байгаа билээ.
Ажил гүйцэтгэх их хэмжээний өртөг бүхий гэрээ байгуулахын өмнө илүү найдвартай ажил гүйцэтгэгч болон ирээдүйн гэрээний илүү тааламжтай нөхцлийг уралдааны үндсэн дээр тогтоохын тулд уралдаант шалгаруулалт буюу тендер зарлах журмаар явуулж байна. Үндэсний эрх зүйн хэм хэмжээ, төлөвлөсөн барилгын болон бусад ажлын онцлогийг харгалзсан, зохион байгуулагчийн зүгээс урьдчилан боловсруулсан нөхцлөөр тендер шалгаруулах журмыг тодорхойлж байгаа болно.
Хилийн чанадад үйлдвэрийн болон бусад боъектын барилгад техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээний, геологи хайгуулын болон бусад үүрэг гүйцэтгэхэд энэ гэрээг байгуулна. Техникийн туслалцаа үзүүлэх гэрээ бол агуулгын хувьд бараа худалдан авах (машин, механизм, тоног төхөөрөмж, материал гадаад худалдаагаар нийлүүлэх), даалгавар, захиалга, ажил гүйцэтгэх, болон үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг багтаасан цогц бүхий гэрээний төрөл юм. Техникийн туслалцаа үзүүлэх гэрээний онцлогийг нөхцөлдүүлэх заавал байх шинжид мэргэжилтнийг томилох, мөн объектыг (үүргийг) хэрэгжүүлэх газрын болон хамтран ажиллагчийн улсад захиалагчийн ажилтныг сургах явдал хамаарагдана. Технологи шилжүүлэх тухай нөхцөл нь техникийн туслалцаа үзүүлэх гэрээний нэг гол зүйл болдог байна.
Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчид тодорхой ажил бүтээж өгөх үүрэг хүлээдэг. Даалгаврын гэрээ нь зарчмын хувьд хариу төлбөртэй байна. Даалгаврын гэрээ нь төлбөртэй байхаар тохиролцсон бол энэ нь хариу төлбөр бүхий гэрээний төрөлд хамаарна. Талууд хөлс төлөхөөр эсвэл Иргэний хуулийн 399.2 дугаар зүйлд заасан утгаар талууд хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзэх тохиолдолд гэрээг хариу төлбөртэй байгуулсанд тооцно.[10]
2002 оны Монгол улсын иргэний хуулийн 399 дүгээр зүйлд[11] заасны дагуу даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүрэг хүлээнэ. Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн даалгавраар үйлчилгээ (тодорхой үйлдэл үйлдэх буюу тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэх) үзүүлэх ба харин захиалагч эдгээр үйлчилгээний хөлс төлөх үүрэг хүлээнэ.
Харин талууд даалгаврын гэрээг төлбөргүй байхаар тохиролцсон эсвэл энэ тухай хуульд тусгайлан заасан бол ийм гэрээ нь бүрэн бус хоёр талын гэрээнд хамаарна. Даалгаврын гэрээ нь хариу төлбөргүй бол даалгавар өгөгчийн гүйцэтгэх үүрэг нь даалгавар гүйцэтгэх үүрэгтэй харилцан хамааралгүй болно.
Төр голчлон эдгээр гэрээнд захиалагч болдог боловч төр бас гүйцэтгэгч болохыг онолын хувьд үгүйсгэх аргагүй. Даалгаврын гэрээг гол төлөв гадаад улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам гадаадын иргэн-хуульч, гадаадын иргэн-орчуулагчидтай байгуулдаг байна.
Эл салбарт шинжлэх ухаан-техникийн ажлын үр дүнг шилжүүлэх тухай гэрээ, ийм ажил (төслийн, бүтээцийн, туршилтын) гүйцэтгэх тухай гэрээ, зохион бүтээх ба шинжлэх ухаан-судалгааны ажлыг хамтран явуулах тухай гэрээний нэг тал нь төр (гол төлөв захиалагч), нөгөө нь гадаадын фирм, гадаадын аж ахуйн нэгж байна. Эдгээр гэрээний үр дүнд шинжлэх ухааны мэдлэгийг тэлэх, шинэ эдлэхүүн, бүтээл, материал, төхөөрөмжийн загвар бүтээх, технологийн үйл явцыг боловсруулна. Гэрээнд талуудын эрх ба үүргийг тодорхойлж, санхүүжилтын, ажлын үр дүнгийн ашиглалт, бүтээлийн эрх зүйн хамгаалалт, талуудын хүлээх эд хөрөнгийн хариуцлагын тухай асуудлыг шийдвэрлэнэ. Шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийн үүрэг улам бүр өсч, интеграцын үйл явцыг ахиулахад бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ. Олон улсын түвшинд шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал чухал байр суурь эзэлдэг төдийгүй хөрөнгө оруулалт, технологи дамжуулалтын асуудлаар гэрээ байгуулах явдал нэлээд түгээмэл байна.
Орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн нөхцөлд санхүүгийн лизинг ихэд дэлгэрч байна. Учир нь санхүүгийн лизинг[12] олон улс орны аж ахуйн субъектын зүгээс үйлдвэрлэлийн болон бусад салбарт санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг татан оролцуулахтай холбоотой юм. Олон улсын гэрээний практикт санхүүгийн лизинг нь түрээсийн гэрээний онцгой төрөл болон бүрэлдсэн байна. Лизинг олгогч нь (ихэнхи тохиолдолд түүний үүргийг арилжааны банк, хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани, зориулалтын мэргэшсэн компани гүйцэтгэнэ.) худалдах-худалдан авах гэрээний дагуу зориуд олж авсан эд хөрөнгийг өөрөө ашиглахгүйгээр лизинг авагчийн ашиглалтад шилжүүлдэгт энэ гэрээний онцлог оршино. Тийм учраас урт хугацааны зээл санхүүжилт буюу хөрөнгө оруулалтын өвөрмөц хэлбэр болдог. Харин лизинг авагч нь зээл санхүүжилтийн өрийг (өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулсан мөнгөн хөрөнгийг) лизинг олгогчтой тохиролцсон хэмжээний төлбөр төлснөөр гүйцэтгэдэг байна. Лизингийн төлбөрийн дүн тоног төхөөрөмжийн үнэ (түүний бүрэн элэгдэлтэй дүйцсэн), тоног төхөөрөмжийг олж авахтай холбогдон лизинг олгогчоос гаргасан зардал (жишээлбэл, зээлийн хөрөнгийг ашигласан бол), түүнчлэн лизинг олгогчийн ашгийг бүрдүүлэх үнийн дүн зэргээс бүрддэг байна. Санхүүгийн лизингийн зүйл нь гол төлөв хөдлөх эд хөрөнгө буюу үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хэрэгсэл болдог. Түүнчлэн төрөл бүрийн тээврийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй салшгүй холбоотой бөгөөд газрын бүрдэл хэсэг болсон төхөөрөмж, эсхүл газартай нийлүүлсэн эд хөрөнгө байж болдог. Гадаадын зүйл бүхий хувь хүн болон хуулийн этгээдтэй төрөөс санхүүгийн лизингийн гэрээ хийх явдал улам бүр ихэсэх хандлага ажиглагдаж байна.
Энэүү гэрээнд иргэний гүйлгээний хоёр буюу түүнээс дээш оролцогч (нэг талаас төр, нөгөө талаас гадаадын хувь этгээд) нийтлэг аж ахуйн үр дүнд хүрэх зорилгоор өөртөө үүрэгчлэл хүлээдэг. Энэхүү гэрээ нь үйлдвэрлэлийн хоршоолол, шинжлэх ухаан-техникийн, борлуулалтын зэрэг аж ахуйн хамтын ажиллагааны янз бүрийн салбарт хэрэглэгддэг. Гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл, хамтын ажиллагааны зорилго, талуудын хийж гүйцэтгэх ажлын агуулга, хэмжээ, хугацаа болон бүтээн байгуулж буй объектын техник-эдийн засгийн түвшинг тодорхойлно. 1976 онд НҮБ-ын Европын эдийн засгийн комисс аж үйлдвэрийн хамтын ажиллагааны тухай олон улсын гэрээг зохиох удирдамж[13] гэсэн тусгай зөвлөмжийг нийтэлсэн байна.
Төр хуулиар (жишээлбэл, Монгол улс нас эцэслэсэн Япон улсын иргэнд хамаарах ба Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг өв залгамжилж болно.) болон гэрээслэлээр (жишээлбэл, нас эцэслэсэн Япон улсын иргэн өөрийн эд хөрөнгийг Монгол улсад гэрээсэлж болно.) өв залгамжлагч болж болно. Монгол улсын иргэний хуулийн 552 дугаар зүйлд[15] заасны дагуу өв залгамжлах харилцааг өвлүүлэгч хамгийн сүүлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулна. Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх явдлыг гагцхүү Монгол улсын хуулийн дагуу гүйцэтгэнэ.
Аливаа этгээд нас барснаар өв залгамжлагчгүй үлдсэн эд хөрөнгийг эзэнгүй эд хөрөнгө хэмээн үздэг. Үүнд нас барсан этгээдэд хуулийн дагуу өв залгамжлагч байгаагүй буюу тодорхой бус шалтгаанаар гэрээслэл үлдээгээгүй эсхүл гэрээслэл үлдээсэн боловч түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд хамаарна. Эзэнгүй эд хөрөнгийг ямар тохиолдолд өв залгамжлах замаар төрийн мэдэлд шилжүүлэх асуудлаар Монгол улсын иргэний хуульд нарийвчилсан зохицуулалт алга байна. ОХУ-ын Иргэний төрөлжсөн хуулийн 1151 дүгээр зүйлийн 1151.2-ын[16] дагуу эзэнгүй эд хөрөнгө хуулийн дагуу өв залгамжлах журмаар ОХУ-ын өмчлөлд шилжинэ. АНУ, Франц, Австри зэрэг улсад энэ харилцаа нь тухайн эд хөрөнгө эзэнгүй учраас төрийн мэдэлд байх ёстой гэж үздэг байна. Эзэнгүй эд хөрөнгийн хувь заяаг хэрхэх талаар хэд хэдэн улсын эрх зүйн туслалцааны гэрээнд тусгагдсан байна.[17] Эдгээр гэрээнд заасны дагуу эзэнгүй хөдлөх эд хөрөнгө нь нас барсан иргэний харъяалах улсад шилждэг бол үл хөдлөх эзэнгүй хөрөнгө нь тухайн эд хөрөнгө оршин байгаа улсын мэдэлд шилждэг байна.
Концессын гэрээ, концесс[18] нь эх газрын бүл бүхий эрх зүйн тогтолцоонд түгээмэл дэлгэрсэн төр ба хувь этгээдийн хооронд байгуулсан байгалийн баялаг ашиглах гэрээний нэр бөгөөд Монголын эрх зүй дэх шинэ төрлийн гэрээ юм. Аливаа улс өөрийн улсын нийтлэг эрх ашигтай салшгүй холбоотой эрчим хүч, зам тээвэр, усан хангамж, холбоо, байгалийн баялагийг ашиглах асуудлыг төрийн мэдэлдээ байлгадаг ч энэхүү салбаруудыг үр ашигтай ажиллуулахад хөрөнгө оруулалт ихээхэн шаардагддаг. Ихэнх оронд дээрх салбаруудад хувийн хөрөнгө оруулалтыг эх үүсвэрээ болгон ашиглах, улмаар дэд бүтцийн салбарт өрсөлдөөнийг бий болгох, технологийн дэвшилтэт ололтыг уг салбарт нэвтрүүлэх, нийтэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчид байгаа хөрөнгийг концессоор эзэмшүүлж ашиглуулах болсон байна.[19] Концессын гэрээ[20] гэж аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх онцгой эрхийг гадаадын буюу үндэсний хөрөнгө оруулагчид төрөөс төлбөртэй болон хугацаатайгаар олгож, энэ үйл ажиллагааны үр дүнд олсон бүтээгдэхүүн буюу орлогыг хөрөнгө оруулагчид шилжүүлэх гэрээг ойлгож иржээ. Манай улсын эрх зүйн ном зохиолд анх удаа концессын гэрээний тодорхойлолтыг академич С.Нарангэрэл өгсөн байна: Тэрээр “Төрөөс гадаадын буюу өөрийн орны аж ахуйн нэгжид тодорхой нөхцөлтэйгээр байгалийн баялаг, үйлдвэр ба бусад объектыг ашиглуулахаар шилжүүлэн өгөх гэрээ. Төр хариу төлбөртэй, урт удаан хугацааны үндсэн дээр гадаадын хөрөнгө оруулагчид сэргээгдэх ба үл сэргээгдэх байгалийн баялагийг хайх, олборлох, эсхүл төрийн өмчийг урт хугацаагаар түрээслэх зэрэг онцгой эрхийг олгож, ийм үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлого буюу бүтээгдэхүүнийг өмчлөх эрхийг хөрөнгө оруулагчид олгоно.”[21] хэмээн тодорхойлжээ. Доктор Т.Мэндсайхан “Төрөөс хувийн хэвшлийн байгууллагатай харилцан тохиролцож, тодорхой төслийг хэрэгжүүлэхдээ, тодорхой төслийг санхүүжүүлэх, барьж байгуулах, цаашид үйл ажиллагааг хариуцаж эрхэлсний үр дүнд өөрийн гаргасан санхүүжилт, өртөг зардлаа нөхөх, төслийн эцсийн бүтээгдэхүүнийг борлуулсан орлогоос ашиг олох зорилгоор байгуулсан төр, хувийн хэвшлийн нөхөрлөлийн гэрээг ихэнхдээ концессийн гэрээ гэж нэрлэдэг.”[22] гэжээ. Олон улсын хувийн эрх зүйн нэрт эрдэмтэн М.М. Богуславский концессын гэрээг “төр нөхөн төлбөр болон тодорхой хугацааны үндсэн дээр гадаадын хөрөнгө оруулагчид ийм үйл ажиллагаа явуулах онцгой эрхийг олгох бөгөөд эсхүл тухайн үйл ажиллагааны үр дүнд буй болох бүтээгдэхүүн, орлогыг өмчлөх эрхийг гадаадын хөрөнгө оруулагчид олгож буй гэрээ”[23] хэмээн тодорхойлжээ. Зах зээлийн эдийн засаг хөгжсөн, байгалийн баялагийн нөөц ихтэй улсад концессын гэрээ байгуулах явдал ердийн үзэгдэл болсон бөгөөд харин манай улсын хувьд концессын харилцаа хөгжөөгүй юм. Манай зарим зохиогчид концессыг “төр ба хувийн хөрөнгө оруулагч нарын хоорондын харилцан ашигтай ажиллагааны хэлбэр”[24] хэмээн бичсэн байна.
Концессын гэрээ нь төрийн өмч болох байгалийн баялагийг хувийн журмаар ашиглах нэлээд уламжлалт ба тархмал гэрээний хэлбэр мөн. Концесс болон түүнтэй ойролцоо гэрээний хэлбэрийг уул уурхай ба нефтийн хууль тогтоомж бүхий дэлхийн 120 гаруй улсад ашиглаж байгаа болно.[25] Тухайлбал, Кувейт, Судан, Ангол, Эквадор гэх мэт улс үндэстэнд өргөн хэрэглэгддэг.[26]
Концессын гэрээний нийтийн эрх зүйн гэрээнээс ялгагдах онцлог нь концесс олгогчоос[27] концесс авагчид[28] олгосон эрх нь онцгой шинжтэй байх бөгөөд концесс авагч нь онцгой эрхийг нутаг дэвсгэр буюу үйл ажиллагааны хүрээнд адил төсөөтэй үйл ажиллагааг гуравдагч этгээд түүнчлэн өөр концесс авагчид зөвшөөрөхгүй байх явдал юм.
Концессын гэрээний гол онцлог нь гэрээний харилцааны объектыг гэрээний зөвхөн нэг тал болох төр хуваашгүйгээр, дангаараа ноёрхож эзэмших ба гэрээний нөгөө тал нь түүнд олгосон эрхийн талаар тодорхой үүрэгчлэл өөртөө хүлээсэн ямагт хувь этгээд байдаг.[29] Концессын гэрээ нь иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн харилцааг зохицуулдаг нарийн төвөгтэй гэрээ бөгөөд концессын гэрээний захиргааны эрх зүйн үндсийн утга санаа нь чухамхүү төр нэг талын журмаар гэрээний нөхцлийг өөрчлөхөд оршино[30]. Концессын гэрээний үйлчлэх хугацаа нь концессын нөхцөл болон шинж чанараас хамааран тодорхойлогдоно. Гэрээнд өөрөөр тохиролцоогүй бол гол төлөв концессын гэрээний нөхцөлийг нэг талын санаачилгаар өөрчилж болдоггүй онцлогтой. Энэ талаар “Техако газрын тос, Калифорн Азиатик газрын тос компани ба Ливи улсын хооронд үүссэн хэрэг (1975 он)”[31]-ийг жишээ болгон авч үзье. Ливи улс газрын тосны арвин баялаг нөөцтэй улсын нэг. Ливи улс эдийн засгийн хөгжил буурай байсан учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталжээ. Газрын тос олборлох ба бүтээгдэхүүн хуваах гэрээг Ливи улс ба Техако газрын тос, Калифорн Азиатик газрын тос компанитай байгуулжээ. Гэтэл Ливи улс уг гэрээнээс ихээхэн ашиг олж байсан 1973, 1974 онуудад тус улсын ерөнхийлөгч Каддафийн шийдвэрээр газрын тос нь Ливийн ард түмний баялаг, дахин сэргээгдэхгүй эх сурвалж гэсэн үндэслэлээр Техако газрын тос, Калифорн Азиатик газрын тос компанийн Ливи улсад байгаа бүхий л эрх, эд хөрөнгө, өмчийг нийгэмчилж, ямар нэгэн нөхөн олговор олгохоос татгалзжээ.
Концессийн гэрээний 28 дугаар зүйлд “Энэхүү концессын гэрээ нь Ливи улсын хууль тогтоомж болон холбогдох олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах бөгөөд энэхүү гэрээнд заасан хугацаа дуустал Ливи улсын хууль тогтоомжид захирагдаж, түүнийг зөрчихгүй байсан тохиолдолд энэ гэрээг цуцлахгүй” гэж заасан байжээ. Концессын гэрээний энэ заалтын дагуу Техако газрын тос, Калифорн Азиатик газрын тос компани олон улсын шүүхэд хандаж, Ливи улсаас бүрэн, хүрэлцээтэй, саадгүй нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилжээ. Шүүх тус компанийн нэхэмжлэлийг хангасан байна.
Дэлхийн нэлээд хэд хэдэн улс концессын гэрээний тухай тусгайлсан хууль батлан дагаж мөрдөж байна. Жишээлбэл, ОХУ, Их Британи, Норвеги, Унгар, Казахстан, Киргиз, Узбекстан зэрэг бусад улсад концессын гэрээ байгуулах журам ба нөхцлийг хууль тогтоомжоор зохицуулсан байна. 1992 онд Киргизэд концессийн болон гадаадын концессын байгууллагын тухай, 1995 онд Узбекстанд концессын тухай хууль батлагджээ. Монгол улсад концессын тухай хууль 2010 оны 1 дүгээр сарын 28–нд батлаад удаагүй байгаагаас холбогдох концессыг буй болгож чадаагүй байна.[32]
Энэхүү гэрээг анх 1966 онд Индонезид хэрэглэсэн бөгөөд нөөц баялгийг төр өмчилж, ашиг хуваах системийн талаарх “Индонезийн дүрэм”-ийг нэвтрүүлсэн нь эдүгээ бүтээгдэхүүн хуваах гэрээ хэмээн нэрлэгдэх болжээ.[33]
Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээ гэж төрөөс гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа хэрэгжүүлэх онцгой эрхийг төлбөртэй ба хугацаатай олгосон гэрээг ойлгоно. Концессын гэрээнээс зааглагдах ялгаа нь ийм үйл ажиллагааны үр дүнд олж авсан бүтээгдэхүүнийг хэлэлцээрээр тогтоосон нөхцөлөөр төр болон гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд “хуваан” хуваарилахад оршино. Энэхүү гэрээний нэг онцлог нь санхүүгийн болон үйл ажиллагааны бүхий л эрсдэл нь газрын тосны компанид үлддэг бөгөөд яриа хэлэлцээний зардлаас өөр эрсдэл, алдагдал хүлээн авагч Засгийн газарт учирддаггүй явдал юм. Хэрэв хайгуул, үйлдвэрлэлийн төсөл нурах тохиолдолд хүлээн авагч засгийн газар ямар нэг материаллаг алдагдал хүлээхгүй бөгөөд уг гэрээг цуцлах, өөр газрын тосны компанид шилжүүлж болдог байна.
Монгол улсад бүтээгдэхүүн хуваах гэрээг газрын тосны тухай Монгол улсын хуульд[34] заасан нь оновчтой зохицуулалт болж чадаагүй. Тус хуулийн 10 дугаар зүйлд “Гэрээлэгч нь газрын тос олборлосны төлбөр болон зардлаа нөхөх хэсгийг нийт олборлолтоос хасаад үлдсэн бүтээгдэхүүнийг газрын тосны хэрэг эрхлэх байгууллагатай хуваана. Бүтээгдэхүүн хуваах хувь хэмжээг хоногт гаргаж байгаа газрын тосны хэмжээтэй уялдуулан тохиролцож, газрын тосны гэрээнд тодорхойлон заана.”[35] гэсэн байна. Газрын тосноос гадна байгалийн олон төрлийн асар их баялагийг гадаадын хөрөнгө оруулагчид ашиглахыг эрмэлзэж байгаа өнөөгийн нөхцөлд бүх төрлийн бүтээгдэхүүнийг төр ба гадаадын хөрөнгө оруулагч гэрээгээр тохиролцсон нөхцлөөр хувааж авах эрх зүйн зохицуулалт нэн чухлаар шаардагдаж байна. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулагч онцгой эрх авсан байдаг боловч үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүний өмчлөгч бус бөгөөд хэлэлцээрт заасны дагуу тодорхой хувиар хуваах ёстой юм.
Үйлчилгээний хэлэлцээр нь “эрсдэлтэй” ба “эрсдэлгүй” байх бөгөөд энэхүү гэрээгээр төрөөс гадаадын хөрөнгө оруулагчид тухайн гэрээнд заасан тодорхой төрлийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх эрхийг хугацаатай олгоно. Ингэхдээ ийм ажлыг хэрэгжүүлсний үр дүнд олж авсан бүтээгдэхүүн нь төрийн өмчид үлдэнэ.
Энэхүү гэрээний дагуу газрын тосны компани нь улс болон үндэсний газрын тосны компанийг газрын тосныхоо нөөц баялагийг олборлоход тусалж үүнийхээ хариуд төлбөр эсвэл бүтээгдэхүүний тодорхой хувийг хүлээн авахаар тохиролцдог. Хүлээн авагч улс нь үндэсний газрын тосны компани өмчлөгч нь байж түүнчлэн хяналт тавьдаг байхыг хүлээн зөвшөөрөхөөс гадна олон улсын техник технологийн дэвшил, үйл ажиллагааны туршлага болон хөрөнгийн нөөцийн давуу талуудыг олж авах энэхүү гэрээний гурван төрөл өдгөө оршиж байна. Үүнд:
Цэвэр үйлчилгээний гэрээний дагуу үндэсний газрын тосны компани нь тодорхой үйлчилгээг гүйцэтгэж хариуд нь тогтмол төлбөр авах гэрээг байгуулдаг. Энэхүү гэрээний хэлбэр нь АНУ-д өргөн хэрэглэгддэг боловч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдог учир газрын тосны компаниудын хувьд нэлээд тааламжтай бус гэж тооцогддог. Зарим улсууд илүү тааламжтай байдлыг олгох үүднээс тогтмол төлбөрийн оронд олборлосон түүхий тосноос төлбөртөө нийцүүлэн авах боломжийг газрын тосны компанид олгох хэлбэрээр гэрээг байгуулж байна. Эдгээр гэрээний зарим нь АНУ-д хэрэглэгддэг геологич болон бусад этгээд, компанийн үзүүлсэн үйлчилгээний хариуд бүтээгдэхүүний хувиар эсвэл баррелийн хэмжээгээр төлбөр төлдөг хэлэлцээртэй ижил байдаг.
Техникийн туслалцааны гэрээний хувьд үйлчилгээний гэрээний илүү боловсронгуй хэлбэр нь гэж тооцогддог. Гэрээний дагуу гэрээлэгч нь газрын тосны хайгуул хийх, олборлох, үйлдвэрлэх үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэхийг зөвшөөрдөг байна. Гэрээлэгчийн үйлчилгээнд мөн газрын тосны тоног төхөөрөмжийг ажиллуулах ажилчдыг сургах болон багаж төхөөрөмжөөр хангах үүрэг багтаж болно. Үүний хариуд улс нь гэрээлэгчээс гарсан зардлыг нөхөн төлөх ба нэмээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс тооцож төлбөр төлөхийг зөвшөөрдөг. Энэхүү гэрээний жишээ нь Венесуэль улсад байгуулагдаж байсан бөгөөд тухайн улс газрын тосныхоо үйлдвэрүүдийг нийгэмчлэх төлөвлөгөөнийхөө нэг хэсэгт гадаадын компаниудын техникийн туслалцааг авахыг зорьж үүнийхээ хариуд газрын тосны баррель бүрээс тооцож төлбөр төлөхийг санал болгож байв.
Гэрээний гурав дахь хэлбэр нь Латин Америкийн улсуудад өргөнөөр хэрэглэгддэг. Энэхүү гэрээний дагуу газрын тосны компани нь тодорхой талбай дээр хайгуулын үйл ажиллагаа явуулж, олборлолт явуулах үүрэг хүлээнэ. Энэ хугацааны туршид компаний нь үйл ажиллагаагаа зөвхөн өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэх ба худалдааны олборлолтын үр дүн гаргахгүй л бол төлбөр төлөгдөх ямарч найдвар байдаггүй. Харин худалдааны олборлолт эхэлбэл компани нь үзүүлсэн үйлчилгээнийхээ хариуд мөнгөн төлбөр авах эсвэл үүний оронд хямдарсан үнээр газрын тос авах эрхтэй байдаг байна.[36]
Засгийн газар болон төрийн мэдлийн банкнаас үндэсний хувийн аж ахуйн нэгжээс гадаадын зүйл бүхий этгээдтэй байгуулах гэрээнд баталгаа гаргаж өгөх явдал нэлээд гарч байна. Гадаад эдийн засгийн практикт банкны баталгааг ялангуяа ажил гүйцэтгэх гэрээнд өргөн хэрэглэх болжээ. Баталгаа нь эрх зүйн мөн чанарынхаа хувьд гадаад худалдааны гэрээнээс хамааралгүй бие даасан хэлцэл юм. Үүгээрээ баталгаа үүрэгчлэлийн гүйцэтгэлийг хангах бусад аргаас ялгагддаг байна. Баталгаанаас үүссэн хэргийн жишээ болгож, Англи улсын Лондонгийн худалдааны шүүхийн 2004 оны 3 сарын 11-ний шийдвэр бүхий Японы улсын “Марубени” корпорац ба Монгол улсын “Буян холдинг” ХХК-ийн сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зээлийн гэрээнд Монгол улсын засгийн газар баталгаа гаргасан асуудлыг нэрлэж болно.
Баталгаа гэдэг нь Монгол Улсын иргэний хуульд зааснаар авч үзвэл үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээдээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээж буй, үл маргах журмаар биелүүлэх, үндсэн ба нэмэгдэл үүргийн хосолмол шинжтэй үүрэг байдаг бол гадны зарим улс орны иргэний эрх зүйчдийн тодорхойлсныг нэгтгэн авч үзвэл баталгаа гэдэг нь үндсэн үүргийн биелэлтээс үл хамааран орших боловч түүний гүйцэтгэлийг хангуулах зорилготой байгуулсан нэмэлт гэрээний дагуу үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангах өвөрмөц арга юм. Баталгаа нь бие даасан шинжтэй бөгөөд тухайлбал, үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон явдал нь баталгааг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Баталгаа гаргах үед үүсэх харилцааг зохицуулах тусгай хэм хэмжээг гэрээнд нарийвчлан тусгах нь зүйтэй ба энэ тухай заалт иргэний хуульд байдаггүй гэж тэмдэглэжээ.[37] Олон улсын практикт банкны баталгааны гэрээний талуудыг өнөөг хүртэл Ромын эрх зүйгээс гаралтай нэр томьёо болох бенефициар, принципал,[38] гэсэн нэр томьёогоор нэрлэсээр байна.
Төрийн оролцоотой олон улсын хувийн эрх зүйн харилцааны хамгийн өвөрмөц онцлогтой салбарын нэг нь гэм хор учруулснаас үүсэх үүрэгчлэл[39] мөн. Гэм хор учруулсны үүрэгчлэл нь гэрээний бус харилцаанаас үүсэх үүрэгчлэлд хамаарагддаг билээ. Эдгээр үүрэгчлэл нь гэрээний үндсэн дээр бус харин эрх зүй зөрчсөн үйлдэл буюу эс үйлдэл (деликт)-ийн улмаас үүсдэг учраас эрх зүйн зөрчлийн үүрэгчлэл (деликтийн үүрэгчлэл) хэмээн нэрлэгддэг. Хүмүүс нэг улсаас нөгөө улс руу олноороо шилжин явах, орчин үеийн тээврийн хэрэгслийг ашиглах үед аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас осол сүйрлийн тоо хэмжээлшгүй ихээр нэмэгдэж байна. Үүний улмаас гадаадын зүйл бүхий эрх зүйн зөрчлийн харилцаа үүсдэг байна.
Энэхүү хүрээнд зөрчилдөөний үндсэн зарчим нь гэм хор учруулсан газрын хуулийн зарчим юм (lex loci delicti). Монгол улсын иргэний хуулийн 551 дүгээр зүйлд[40] заасны дагуу гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийн талуудын эрх, үүргийг нутаг дэвсгэр дээр нь гэм хор учруулсан үйл баримт буюу гэм хор арилгуулах тухай шаардлага гаргах үндэслэл болсон бусад нөхцөл байдал бий болсон улсын хуулиар тодорхойлно. Хэрэв ийм үйлдэл буюу өөр нөхцөл байдлын улмаас бусад улсад гэм хор учирсан бол хэрэв гэм хор учруулагч энэ улсад гэм хор учрахыг урьдчилан мэдэж байсан буюу урьдчилан мэдэх ёстой байсан бол тухайн улсын эрх зүйг хэрэглэж болно. Гадаадад гэм хор учруулсны улмаас үүссэн үүрэгчлэлд хэрэв талууд нэг буюу тухайн улсын иргэн буюу хуулийн этгээд бол энэ улсын эрх зүйг хэрэглэнэ. Хэрэв ийм үүрэгчлэлийн тал нь нэг буюу тухайн улсын иргэн бус байгаа тохиолдолд нэг буюу тухайн улсад оршин суугаа газар байгаа бол оршин суугаа улсын эрх зүйг хэрэглэнэ.
Зөрчлийн үүрэгчлэлийн хувь этгээд болох төрийн хүлээх хариуцлагын онцлог нь бүрэн эрхт улсын хувьд түүний олон улсын хариуцлагатай салшгүй нягт холбоотой байдаг. Төрийн дархан эрхийн зарчмыг гэм хор арилгуулах нэхэмжлэлийн үед хэрэглэх боломжийн талаархи асуудал сүүлийн жилүүдэд олон улсын практикт нэлээд ач холбогдолтой болж байна. Гадаадын төрийн дархан эрхийн тухай АНУ-ын 1976 оны хуулийн 1605 дугаар зүйлд АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, хувь хүнд гэм хор учруулсан, түүний амь насыг үрэгдүүлсэн, түүнчлэн өмчлөх эрхийг хохироосон, алдагдуулсан үйлдэлтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувьд хэрэв энэ нь гадаадын аливаа улс, түүний албан тушаалтан, албан хаагчийн албаны болон үүрэгт ажлаа гүйцэтгэх явц дахь үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой байсан бол тухайн гадаад улс шүүхийн дархан эрхийг эдлэхгүй байна гэж заажээ.
Төрийн дархан эрхийн тухай Европын конвенц гадаадын төрд дархан эрх олгох, эсхүл олгохгүй байх асуудлыг гэм хор учруулсан үйлдлийн шинжээс хамааруулж шийдвэрлээгүй байна. Гадаадын төр гэм хор учруулсан нь нийтийн эрх зүйн шинжтэй гэсэн үндэслэлээр конвенцийн гишүүн улсуудын шүүхийн бүрэн эрхээс ангид байх дархан эрхийг эдэлж болно.
Өмнө өгүүлсэн концесс болон бүтээгдэхүүн хуваах гэрээнд төр эсвэл компани болон ОУ-ын корпораци эсвэл түүний салбар нь бие даасан нэгжүүд байж эрх, үүрэг хүлээдэг бол энэхүү гэрээний хувьд үүний эсрэгээр газрын тосны нөөцийг олборлохын тулд төр болон газрын тосны компаниуд нь хамтарсан үйлдвэр байгуулах хэлбэрийг сонгодог. Өөрөөр хэлбэл, улс болон газрын тосны компани нийлж хамтарсан хуулийн этгээд байгуулах явдал юм. Төр (улс) нь газрын тосны үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрээ, газрын тосны компани нь технологи болон туршлагаа түүнчлэн хамтарсан үйлдвэр байгуулахад зориулж хөрөнгийн тодорхой дүнг оруулдаг. Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагааг удирдах эрхийг төр болон газрын тосны компаниудын төлөөлөгчдөөс бүрдсэн менежментийн хороо хүлээнэ. Аливаа засгийн газрын хувьд хамтарсан үйлдвэр байгуулах цорын ганц давуу тал нь ямар нэг төслийн төлөө шийдвэр гаргах, хариуцлага хүлээхэд ганцаарддаггүй явдал юм. Энэ талаар засгийн газар газрын тосны томоохон компанийн мэдлэг туршлагад найдах нь түгээмэл. Түүнчлэн төр нь татвар, нөөц ашиглалтын төлбөр зэрэг бусад урамшуулал хүртэхээс гадна ашгаа хувааж авах болно. Гэсэн хэдий ч энэхүү гэрээг улс орнууд байгуулах явдал буурсаар байгаа бөгөөд энэ нь хүлээн авагч засгийн газрыг байгалийн баялагийн олборлолтод шууд, хариуцлагатай оролцогч болгох үүднээс гэрээний дагуу эрсдэл, зардлуудыг ч бас хамтран хуваалцах ёстой байдагтай холбоотой юм.[41] Засгийн газар болон газрын тосны компанийн хооронд эрсдэл хуваах шинжээр нь хамтарсан үйлдвэрийг дараах байдлаар ангилж болно.[42]
Товчоор хэлбэл, хамтарсан үйлдвэр нь талуудаас илүү их яриа хэлэлцээр, өндөр өртөг болон Засгийн газарт эрсдэл, зардлыг шууд хуваах үүрэг ногдуулдаг учир газрын тос үйлдвэрлэгч орнууд энэхүү гэрээнээс татгалздаг болсон.
Монгол улсын анхны хамтарсан үйлдвэр 1974 оны 2 дугаар сарын 24-нд ЗХУ болон БНМАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйг нэгж “Монголсовцветмент” байгуулагдсан байна. 1982 оны 1 сараас “Монголсовцветмент” нэгдэл нь “Монголросцветмент” нэгдэл болж өөрчлөгдсөн бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 25-нд Монгол-оросын хамтарсан “Монголросцветмент” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсан байна.[43]
Мөн төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээлийг төрийн өмчит хуулийн этгээд гэдэг. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар гэж ангилдаг. Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэх бөгөөд эдгээр нь өөрт олгогдсон эд хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу, хуулиар хориглоогүй ажил үйлчилгээ үзүүлсний үр дүнд олсон орлогыг өөрөө мэдэж дүрмийнхээ зорилтын дагуу эзэмшиж, ашиглаж захиран зарцуулна. Төрийн өмчит үйлдвэрийн газар нь дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилдаг. Улсын төсөвт үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд юм. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах эрхтэй. Харин улсын төсөвт үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар төрийн байгууллага, албан газрын нэгэн адил эрх эдэлдэг. Ийнхүү эдгээр хуулийн этгээд нь эд хөрөнгийн хязгаарлагдмал эрхтэй өөрийн эзэмшилд байгаа эд хөрөнгийг зохих журмаар ашиглаж иргэний эрх зүйн харилцаанд оролцож байдаг.
Энэхүү өгүүлэл зөвхөн төр олон улсын хувийн эрх зүйн харилцааны субъект болж болох гэрээ, хэлэлцээрийг судлав. Эдгээр нь төр оролцож болох хувийн эрх зүйн харилцааны бүрэн гүйцэд жагсаалт бус юм. Онолын хувьд төр гадаадын хувь субъекттэй аливаа иргэний эрх зүйн гэрээг байгуулах боломжтой юм.
[1] Монгол улсын хууль. Эмхэтгэл. дєрєвдїгээр зїйл. Улаанбаатар, 2008. 531-535 дахь тал.
[2] Жамбалдорж О. Монгол улсын иргэний эрх зїй. (Ерєнхий үндэслэл) I дэвтэр. Улаанбаатар. 2004. 116 дахь тал.
[3] Авирмэд Д. Олон улсын худалдааны эрх зїйн зохицуулалт. Улаанбаатар. 2007. 35 дахь тал.
[4] Авирмэд Д. Олон улсын худалдааны эрх зїйн зохицуулалт. Улаанбаатар. 2007. 35-36 дахь тал.
[5] Энэхїї конвенц нь 1980 оны 4 дїгээр сарын 11-ний єдєр баталж, 1988 оны 1 дїгээр сарын 1-ний єдєр хїчин тєгєлдєр болсон. Монгол улс 1997 оны 7 дугаар сарын 9-нд нэгдэн орсон. Төрийн мэдээлэл., тусгай дугаар., II боть, Монгол улсын олон улсын гэрээ., Улаанбаатар. 2005. 492-519 дэх тал.
[6] Манай улс энэ конвецид 1997 оны 7 дугаар сарын 9-нд нэгдэн оржээ.
[7] Төрийн мэдээлэл., тусгай дугаар., II боть, Монгол улсын олон улсын гэрээ., Улаанбаатар. 2005. 503-508 дахь тал.
[8] Авирмэд Д. Олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалт. Улаанбаатар. 2007. 27 дахь тал.
[9] Кают.Ё, Шпанглер Э. Редел П, Хелмхаген Монгол улсын иргэний хуулийн тайлбар (Гэрээний эрх зїй). Улаанбаатар. 2008. 395-396 дахь тал.
[10] Кают.Ё, Шпанглер Э. Редел П, Хелмхаген Монгол улсын иргэний хуулийн тайлбар (Гэрээний эрх зїй). Улаанбаатар. 2008. 710 дахь тал.
[11] Монгол улсын хууль., Эмхэтгэл., дєрєвдїгээр боть. Улаанбаатар. 2008. 483 дахь тал.
[12] ОХУ-ын нэрт эрдэмтэн М.М. Богуславский “Лизинг” гэсэн нэр томъёо нь (анлиар leasing, lease – түрээс гэсэн үгнээс гаралтай) өөрөө машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл болон үйлдвэрлэлийн зориулалттай бусад объектын удаан хугацааны түрээс гэсэн утгатай билээ.” гэж тайлбарлажээ. - Богуславский М.М. Олон улсын хувийн эрх зүй. Сурах бичиг. тав дахь хэвлэл. (Орчуулга). Улаанбаатар, 2008, 234 дэх тал; Академич С.Нарангэрэл лизинг “иргэний эрх зүйд хувь хүн буюу хуулийн этгээд гэрээнд заасан тодорхой хөлс төлж, тодорхой хугацаагаар, тодорхой нөхцлөөр, лизинг авагч эд хөрөнгийг худалдан авах эрхтэйгээр лизингийн гэрээнд үндэслэн эд хөрөнгө олж авах ба түүнийг шилжүүлэх хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төрөл. Лизингийн зүйл нь аливаа хэрэглээний бус эд юмс, тухайлбал, үйлдвэрийн газар ба эд хөрөнгийн иж бүрдэл, барилга, байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, аж ахуйн үйл ажиллагаанд ашиглаж болох бусад хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө байж болно. Лизингийн зүйл нь газар ба байгалийн баялагын бусад объект, түүнчлэн хуулиар хориглосон эд юмс байж болохгүй” гэж тайлбарлажээ. - Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 262 дахь тал; Зарим зохиогчид “олон улсын санхүүгийн түрээс” гэсэн нэр томъёо хэрэглэсэн байна. Хулан Ж. Дэлгэрмаа Б. Оюун Д. Олон улсын бизнесийн эрх зүй. Улаанбаатар, 2007. 96 дахь тал.
[14] 2010 оны 1 сарын байдлаар тєр МУ-д болон хилийн чанадад МУ-ын иргэн нас барсан тохиолдолд хууль ёсны дагуу болон гэрээслэлээр єв залгамжилсан тохиолдол бїртгэгдээгїй байна. Монголын нотариатчдын танхимын нэгдсэн бїртгэлээс. Улаанбаатар. 2010.
[15] Монгол улсын хууль. Эмхэтгэл. дєрєвдүгээр боть. Улаанбаатар, 2008. 535 дахь тал.
[16] http://www.qarant.ru/doc/main/qkrf
[17] Монгол улс, Бїгд найрамдах социалист Вьетнам улсын хооронд иргэн, гэр бїлийн болон эрїїгийн хэргийн талаар эрх зїйн туслалцаа харилцан їзїїлэх тухай 2000 оны 4 дїгээр сарын 17-ны єдєр байгуулсан гэрээ. 33-35 дугаар зїйл. Консулын эрх зїй (баримт бичиг). Улаанбаатар. 2002.161-162 дахь тал.
[18] Концесс нь латинаар concessio; англиар concession. “концесс” гэж тєрийн, эсхїл орон нутгийн єєрийн ємчийн эд хєрєнгийг дэд бїтцийн болон нийгмийн суурь їйлчилгээг нийтэд їзїїлэх зорилгоор энэ хуульд заасан нєхцєл, журмын дагуу гэрээний їндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг; гэж Концессийн тухай 2010 оны 01 дїгээр сарын 28-ны єдєр УИХ-аас баталсан Монгол улсын хуулийн 3.1.1-д тодорхойлсон байна.
[19] Концессийн тухай хуулийн тєслийн үзэл баримтлал. Улаанбаатар. 2009
[20] “Концессийн гэрээ” гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бїхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг; гэж Концессийн тухай 2010 оны 01 дүгээр сарын 28-ны єдєр УИХ-аас баталсан Монгол улсын хуулийн 3.1.3-д тодорхойлсон байна.
[21] Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 263 дахь тал.
[22] Мэндсайхан Т. Олон улсын бизнесийн хэлцэл. Улаанбаатар. 2008. 120 дахь тал.
[23] Богуславский М.М. Олон улсын хувийн эрх зүй. Сурах бичиг. тав дахь хэвлэл. (Орчуулга). Улаанбаатар, 2008, 234 дэх тал.
[24] Хулан Ж. Дэлгэрмаа Б. Оюун Д. Олон улсын бизнесийн эрх зүй. Улаанбаатар, 2007, 111 дэх тал.
[25] Сосна С.А. Российское законодательство о концессионных договорах с иностранными инвесторами//Российской ежегодник международного права. 1993-1994. С.200; Он же, Концессионные соглашения. Теория и практика. М., 2002, С.26.
[26] Нээлттэй нийгэм форум. Газрын тосны тухай бичихүй 2. Эрчим хүч ба хөгжлийн асуудлаар сэтгүүлчдэд зориулсан гарын авлага. Улаанбаатар. 2008. 76 дахь тал.
[27] Концессийн тухай 2010 оны 01 дїгээр сарын 28-ны єдєр УИХ-аас баталсан Монгол улсын хуулийн 3.1.7-д “Эрх бїхий этгээд” гэж томьёолсон байна.
[28] Концессийн тухай 2010 оны 01 дїгээр сарын 28-ны єдєр УИХ-аас баталсан Монгол улсын хуулийн 3.1.4-д “концесс эзэмшигч” гэж томьёолсон байна.
[29] Сосна С.А. Концессионное соглашение – новый вид договора в российской праве // Журнал российского права. 2003. № 2. С.17.
[30] Мөн тэнд. С.14.
[31] Materials on jurisdictional immunities of states and their property. New York, United Nations, 1982. P. 294-297.
[32] Дэлгэрэнгүйг “Концессийн гэрээ түүний хууль зүйн ач холбогдол” Философи эрх зүйн судлал. XXIV боть. Монгол улсын шинжлэх ухааны академи. Философи, социологи, эрх зүйн хүрээлэн. 2009. 205-211 дэх тал.
[33] Tahmud H. The Indonesian Product Sharing Contract. 1998. P 37.
[34] 1991 оны 1 дүгээр сарын 18-нд батлагдсан.
[35] Монгол улсын хууль. Эмхтгэл. Гуравдугаар боть. Улаанбаатар. 2008. 137 дахь тал.
[36] Ernest E. Smith H. & John S.Dzienkowski. A fifty year perspective on world petroleum agreements. 1989. P. 39-41.
[37] Иргэний хууль: шинэлэг зохицуулалт. ХЗҮТ, ГТХАН. Улаанбаатар. 2003. 123-126 дахь тал.
[38] Бенефициар гэдэг нь үүрэг гүйцэтгүүлэх ашигтай хувилбар сонгож аккредитив нээлгэсэн болон даатгалын цагдаагаар хамгаалагдсан этгээд. Принципал гэдэг нь үндсэн үүрэг гүйцэтгэгч. Иргэний хууль: шинэлэг зохицуулалт. ХЗҮТ, ГТХАН. Улаанбаатар. 2003. 126 дахь тал.
[39] Монголын хууль зүйн нэр томъёонд олон жилийн туршид англиар “obligation”, оросоор “обязательство” буюу англиар “duty”, оросоор “обязанность” гэсэн нэр томъёог “үүрэг” хэмээн оноож ирсэн билээ. Гэтэл эрх ба үүргийн буюу ийм “үүрэгтэй” гэсэн санааг иргэний эрх зүйн хариуцлагатай хольж хутгасаар байгаа юм. Ийм учраас горилогч иргэний эрх зүйн хувьд үүрэгчлэл хэмээн цаашид хууль болон хууль зүйн ном зохиолд хэвшүүлэх санааг дэвшүүлж энэхүү судалгаандаа энэ утгаар эл нэр томъёог хэрэглэсэн болно.
[40] Монгол улсын хууль. Эмхэтгэл. дєрєвдүгээр боть. Улаанбаатар, 2008. 535 дахь тал
[41] Nicky Beredjick, Mhomas Ian Townsend Gault. Petroleum Onvestment policies in developing countries. P. 13.
[42] Газрын тосны тухай бичихїй. Нээлттэй нийгэм хїрээлэн. Улаанбаатар. 2002. 80 дахь тал.