МУИС-ийн ХЗС-ийн
Нийтийн эрх зүйн тэнхимийн
Профессор Док (PhD) В.Оюумаа
Түлхүүр үг: Олон улсын эрх зүй, олон улсын нийтийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүй, олон улсын эдийн засгийн эрх зүй, улс, төр, төрийн бүрэн эрхт байдал.
Товч утга: Төр (улс)-ийн оролцоотой олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцааны эрх зүйн шууд зохицуулалт байхгүй байгаагаар нөхцөлдөж, төр (улс)-ын талаарх онолын асуудал болон олон улсын эрх зүйн харилцаанд оролцох харилцааны төрлийг ангилан авч үзэх, төрийн нэрийн өмнөөс энэхүү харилцаанд оролцох эрх бүхий субьектыг тогтоох, түүний эрх зүйн байдал, бүрэн эрхэд дүн шинжилгээ хийх оролдлого хийсэн.
Оршил
Олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцааны хөгжлийн явцад улс орнуудын хамтын ажиллагааны хүрээ өргөжихийн хэрээр түүнд оролцогчдын хоорондын харилцааг зохицуулах хэм хэмжээг улам бүр боловсронгуй болох, маргаан гарахаас зайлсхийх, урьдчилан сэргийлэх шаардлага бий болсоор байна. Олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцаанд оролцогчид хоорондынхоо харилцаанд нүүрлэж болзошгүй эрсдэлийг даван туулахын тулд улам илүү нэгдэн, хувь болон хуулийн этгээд, төрийн хоорондын эрх зүйн харилцаа, хэлхээ холбоог уялдуулах нь зайлшгүй чухал ач холбогдолтой болох нь тодорхой болсон.
Францын эрдэмтэн М.Беланже “... олон улсын эдийн засгийн харилцаанд бие даасан гурван субъектээр тусгаар тогтносон улс, олон улсын байгууллага болон үндэстэн амнасан корпораци оролцдог гэжээ.[1] Хэдийгээр олон улсын эдийн эдийн эрх зүйн субьектийн талаар янз бүрийн байр суурь байдаг боловч олон улсын нийтийн эрх зүйн ерөнхий чадамжтай байх ёстой[2] гэсэн судлаач М.Уянга-ийн дурьдсантай санал нэг байна.
Өнөө үед олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцааны оролцогч төр (улс) ба түүний эрх бүхий байгууллага үүрэгчлэл[3]ээ гүйцэтгээгүй тохиолдолд төрийн хүлээх хариуцлагаас шалтгаалан олон улсын эдийн засгийн эрх зүйн субьектын итгэл алдах, гадаадын улс, хувь этгээд харилцаа тогтоох, хэлцэл байгуулахаас зайлсхийх, дэлхий дахинд олон улсын эрх зүйн харилцаанд төрийн оролцоог багасгах, бууруулах хандлага ажиглагдах болсон.
“Улсын эдийн засгийн эрх, үүргийн талаар 1974 оны “Улсын эдийн засгийн эрх, үүргийн тухай Харти”[4]-д тусгагдсан байдаг.
Төр (улс) нь өөрийн онцлог бүхий олон улсын эрх зүйн харилцааны бүрэн эрхт субъект юм. Төр (улс) олон улсын эрх зүйн субъект болох асуудал нь тусгайлан судлагдаагүй, хуульч эрдэмтдийн тайлбар, хууль зүйн практик тэр бүр байхгүйгээс энэ асуудал ээдрээтэй хэвээр өдий хүрсэн байна. Гэтэл манай нийгэм түүний үзэл баримтлал, нийгэм - эдийн засгийн хүрээ үндсээрээ өөрчлөгдөж байгаа өнөө үед дээрх асуудал ихээхэн анхаарал татаж байгаа билээ.
Судалгааны зорилго нь төрийн оролцоо бүхий олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцааны эрх зүйн шууд зохицуулалт байхгүй байгаагаар нөхцөлдөж, төрөөс олон улсын эрх зүйн харилцаанд оролцох харилцааны төрлийг ангилан авч үзэх, төрийн нэрийн өмнөөс энэхүү харилцаанд оролцох эрх бүхий субьектыг тогтоох, түүний эрх зүйн байдал, бүрэн эрхэд дүн шинжилгээ хийх явдал юм.
Судалгааны онолын үндэс нь төр, эрх зүйн ерөнхий онол, олон улсын нийтийн болон хувийн эрх зүй, олог улсын эдийн засгийн эрх зүйн салбар дахь судлаачдын бүтээлд агуулагдсан үндэслэл, дүгнэлт, үзэл баримтлал, байр суурь, үзэл бодлоос бүрдсэн болно.
Илтгэлийн шинжлэх ухааны шинэлэг байдал нь “төр” (улс) олон улсын эрх зүйн субъект болохыг шинжлэх ухааны хувьд системтэй онолын судалгаа хийх оролдлого төдийгүй судлаачийн хувьд судалгааныхаа ажлын зарим хэсгийг нийтийн хүртээл болгож байгаа нь энэ болохыг тэмдэглэж байна.
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААНЫ
СУБЪЕКТ-ТӨР (УЛС)
Олон улсын эрх зүйн дагуу эрх эдлэн, үүрэг хүлээж олон улсын харилцаанд оролцогч болох төр (улс) нь олон улсын нийтийн эрх зүй (International Рublic Law), болон олон улсын хувийн эрх зүйн харилцаанд (International Private Law) ялгамжтай байдлаар оролцдог байна.
Олон улсын эдийн засгийн харилцаа нь олон төрлийн болон өргөн хүрээтэй ойлголтыг багтаасан харилцаа юм. ...Олон улсын эдийн засгийн харилцаа гэдэгт өнөө үед олон улсын бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, санхүү, валютын болон мөнгө, зээлийн харилцаа, эдийн засгийн болон техникийн үзүүлэх үйлчилгээ зэрэг олон улсын эрх зүйн субьект хоорондын харилцааг ойлгож байна.[5]
Сүүлийн жилүүдэд энэхүү харилцаа өргөжин тэлэхийг сацуу гагцхүү олон улсын нийтийн эрх зүйн субьект хооронд бус олон улсын хувийн эрх зүйн субьектын оролцоо өргөжиж байгаа нь ч олон улсын эдийн засгийн эрх зүйн өмнө дурьдсан харилцаанаас харж болохоор байгаа юм. Иймд олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцаанд “төр” (улс) оролцохдоо ямар статустай оролцох, эрх зүйн байдал нь хэрхэн тодорхойлогдох асуудал нь мөн л анхаарал татаж байна.
Улс-төр нь олон улсын харилцаанд зонхилох үүрэг гүйцэтгэдэг эрх зүйн үндсэн субъектээр оролцохдоо олон улсын эдийн засгийн эрх зүйн хувьд бүрэн эрхт, тусгаар тогтносон байдлаар харилцан эрх тэгш зарчмыг баримталж улс гүрэн олон улсын эдийн засгийн эрх зүйн хэм хэмжээг бүрдүүлэн биелэлтийг хангах гол баталгаа болдог.[6]
Юуны өмнө “төр”, “улс” гэсэн ойлголт нь нэг ойлголт эсэх, нэгдмэл тодорхойлолт байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй юм. Олон улсын эрх зүйн судлаачдын бүтээлүүдэд төр болон улсыг нэг мөр тодорхойлоогүй байх бөгөөд шинжээр нь тодорхойлсон нь түгээмэл байна.
1933 оны Улс гүрний эрх, үүргийн тухай Монтевидеогийн конвенцийн 1 дүгээр зүйлд улс гүрэн олон улсын эрх зүйн субьект болох шалгуурыг заасан байна. Улс гүрэн олон улсын эрх зүйн субьект болохын тулд наанадаж доор дурьдсан 3 нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Үүнд а. Хүн амтай байх, б. Хүн ам оршин суух нутаг дэвсгэртэй, в. Өөрийн нутаг дэвсгэр дээр бүрэн хяналтаа тогтоосон бөгөөд гадаад харилцаа явуулах чадвар бүхий засгийн газартай байх гэсэн шалгуурыг хангасан тохиолдолд улс гүрэн оршин байна гэж үзэх ёстой.
Улс буюу төрийн асуудлыг олон улсын нийтийн эрх зүйн хүрээнд авч үзэхдээ улсын шинжид хамаарах нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн болон улсын эрх, үүрэг түүний бүрэн эрхийн асуудал, түүний хязгаарлалтын асуудал (тухайлбал, улс олон улсын гэрээнд нэгдэн орсноор түүний бүрэн эрх тухайн салбарт тодорхой хэмжээгээр хязгаарлагдана.) зэргийг судлаачид хамааруулан авч үзэж байна. “Төр”-ийг шинжлэх ухааны олон салбарын үүднээс тодорхойлох оролдлого хийж ирсэн. Төр хэмээх энэхүү ойлголт нь хийсвэр ойлголт бөгөөд өнөөг хүртэл нэг мөр тодорхойлолт байхгүй байгаа нь төрийн талаарх үзэл баримтлал, түүний хувьсал өөрчлөлт, төрийн талаарх улс үндэстний сэтгэлгээний онцлог зэргээс хамааралтай гэж үздэг.
Төрийн үүслийн талаарч олон үзэл баримтлал, онол бий. Тухайлбал, төрийн үүслийн талаар эцгийн эрхт ёсны онол, шашны онол, сэтгэл зүйн онол, нийгмийн гэрээний онол, хүчирхийллийн онол, марксист онол, органик онол зэрэг өөр өөр шалтгаанаар тодорхойсон онолуудыг дурьдаж болох юм.
Төрийг эрт дээр үеэс эхлэн судлаачид янз бүрийн чиглэл үзэл баримтлалаар судалсаар иржээ. Тухайлбал, эртний грекийн сэтгэгч Платон төрийг энх тайвны үзэл санааны илрэх хамгийн дээд хэлбэр мөн гэжээ. Харин Аристотель “төр хүний харилцааны дээд хэлбэр”, Цицерон “ард түмний үйл хэрэг” гэж тодорхойлсон байна.
Төр судлалын түүхэнд “төр“ хэмээх нэр томьёог Италийн суут сэтгэгч Н.Макиавелли боловсруулан шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан. Тэрээр төрийг “Засаглагч ба засаглагдагч нарын харилцаа, нийгмийн улс төрийн байдал” хэмээн тодорхойлжээ. Тэрээр төрийг мөнхийн, өөрчлөгдөшгүй институт гэж үздэг байсан төсөөллөөс татгалзаж социаль хүчний холбооны тухай үзэл санааг дэвшүүлж байжээ. Н.Макавелли “Stato” гэж захирагчдыг тодрохыг нэрлэсэн гэдэг. Германы төр судлаач И.Буркгардить “Lo stato” гэж хотын захирагчид түүний шадар хүмүүсийг нэрлэж, XVI-XVII зууны үеэс төрийг англиар “state”, германаар “staat”, францаар “etat” гэж нэрийдэх болсон.
Зарим сэтгэгчид төрийг “гэр бүлүүдийг эрх зүйн дагуу удирдах халбэр” (Ж.Боден), “хүчтэй нь нийтлэг хүсэл зоригоо илэрхийлэх хэлбэр” (Дж.Локк), “тодорхой нутаг дэвсгэрт оршин, нэгж засаглалын дор нэгдсэн хүн амын хамтын амьдралын хэлбэр” (Р.Фн.Моль) гэж тодорхойлжээ.[7]
Мөн төрийн талаарх орчин үеийн олон хандлагууд ч бий. Тухайлбал, сонгодог буюу арифметик хандлага (Н.Аретин)[8], Хууль зүйн хандлага (Г.Еллинек, Ж.П.Эслин, В.Орландо)[9], норматив хандлага (Г.Кельзен)[10], институциональ хандлага (М.Орну, А.Геленц)[11], Кибернетикийн хандлага (Е.Ланг, К.Дойч)[12], социологийн хандлагаас (В.Парето, Р.Михельс)[13] гадна төрийг үндсэн шинж (нутаг дэвсгэр, хүн ам, нийтийн засаглал), дагалдах шинж (бүрэн эрхт байдал, төрийн аппарат, дагаж мөрдөх хэм хэмжээ) зэргээр тодорхойлсон нь ч бий.
Төрийн тухайд зөвхөн хууль зүйн шинжлэх ухааны үүднээс[14] авч үзвэл хэд хэдэн талаас нь судлан тодорхойлж болох эрх зүйн олон талт үзэгдэл мөн. Тухайлбал академич С.Нарангэрэл төр гэсэн ухагдахууныг эрх зүйн онолын[15], үндсэн хуулийн эрх зүйн[16], олон улсын эрх зүйн[17] үүднээс тайлбарласан байна.
Доктор Ш.Цогтоо өөрийн бүтээлдээ “түүхийн үүднээс авч үзвэл Монголчуудын сэтгэлгээнд төр-ийг “дийлдэшгүй хүч”, “эзэн тэнгэр”, эсхүл “нэг ангиас буюу ажилчин тариачин ангиас, хөрөнгөтөн ангийг устгах машин” гэж ойлгох нь хэвшин тогтносон буруу үзэл санааг сөрөн зогсох бус “төрийн минь сүлд өршөө” хэмээх нэг талаас хүлцэнгүй дорой байдал, нөгөөтэйгүүр мухар сүсэг, мунхруулгын автагдал эдүгээ ч бидний ухамсараас бүрэн ангижраагүй байна.”[18] гэж тэмдэглэжээ.
Доктор Н.Лүндэндорж өөрийн илтгэлдээ “Людвиг фон Мизес “төр бол хийсвэр үзэл баримтлал бөгөөд төр засгийн байгууллагад байгаа хүмүүс тэр үзэл баримтлалын нэрийг барин ажилладаг юм” гэж авч үзсэн байна.
Онолын хувьд авч үзвэл “улс”-ыг төр, “төр”-ийг улс гэж ижилтгэж ойлгож байгаа мэт боловч олон улсын нийтийн эрх зүйн харилцаанд “улс”, олон улсын хувийн эрх зүйн харилцаанд “төр” гэж оноож хэрэглэсэн байна.
Тоймолбол, улс болон төрийг хэдий олон янзаар тайлбарлаж тодорхойлсон байх боловч яг юу вэ гэдэг нь бас л тодорхойгүй.
Олон улсын эдийн засгийн эрх зүй нь өмнө дурьдсанчлан олон улсын нийтийн эрх зүйд хамаарах хэдий ч өргөжин тэлж харилцаанаас авч үзвэл олон улсын хувийн эрх зүйд хамаарч байна.
Олон улсын эрх зүйн номлолын дагуу төр нь олон улсын эрх зүйн харилцаанд нийтийн эрх мэдлийг илэрхийлэгч, бүрэн эрхт субьект (jure imperii) болон хувийн ашиг сонирхлыг илэрхийлэгч, аж ахуйн субъект (jure gestionis) гэсэн хэлбэрээр оролцож байна.
Jure imperii нь олон улсын эрх зүйн субъектын (улс, үндэстэн ба ард түмэн, олон улсын байгууллага) харилцан үйлдлийн явцад бүрэлдэж, олон улсын нийтийн эрх зүйн (jus publicum) хэм хэмжээгээр зохицуулагдана.
Jure gestionis нь нэг талаас төр нөгөө талаас аж ахуй эрхэлж буй олон улсын субъект эсхүл гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэний хоорондын харилцан үйлдлээр үүсэж, хувийн эрх зүйн (jus privatum)[19] хэм хэмжээгээр зохицуулагдана.
Оросын эрдэмтэн Н.А.Ушаков “Төр нь гадаад харилцаанд империумын үүргийг үргэлж гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл төрийн буюу нийтийн эрх мэдлийг хэрэгжүүлж байдаг. Төрийн эрх мэдэл нэгдмэл байдгийн адил улс нэгдмэл байдаг түүнийг хувааж болдоггүй.”[20] гэж тэмдэглэсэн байна.
Харин төр[21] нь гадаадын зүйл (элемент) бүхий иргэний эрх зүйн харилцаанд орох хэд хэдэн онцлог шинж бүхий олон улсын хувийн эрх зүйн оролцогч юм.
Хуульч З.Сүхбаатар ...”нийтийн ашиг сонирхолын төлөө үйлчилж буй бүх зүйлийг нийтийн эрх зүйд хамааруулдаг гэж үзэх ашиг сонирхолын онол” , “... төр түүний байгууллагаас бусад субьекттэй захирах захирагдах зарчмын дагуу ажиллаж байвал нийтийн эрх зүй болно гэх субьектын онол”, “... нэг талд нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх олгож, үүрэг хүлээсэн хэм хэмжээ үндэс нь болж байвал нийтийн эрх мөн гэх субординацийн онол бий.” Тэрээр нийтийн эрх зүйн гол онцлог нь “нийтийн ашиг сонирхлыг хангах чиг баримжаатай, нэг талын хүсэл сонирхол илрэн, удирдамж-заавал биелүүлэх хэм хэмжээ голлосон, санцийг шууд хэрэглэх”, “хувийн эрх зүйн онцлог нь диспозитив хэм хэмжээ голлодог, эрх тэгш хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлдэг гэрээний зохицуулалтын хэлбэрийг өргөн ашигладаг, шүүхийн хамгаалалтаар баталгаажсан байдаг.”[22] гэж үзсэн байна.
Нэрт хуульч Б.Чимид ... “Бид одоог хүртэл манай хууль зүйн шинжлэх ухаанд олон улсын эрх зүйг “нийтийн “, “тусгай” (хувийн) гэж дэлхийн олон улсын нийтээрээ хүлээн зөвшөөрдөгийг авч хэрэглэсэн хийгээд ... эрх зүйн тогтолцоонд хандах шинэ үзэл хандлага баримтлахад нийтийн ба хувийн эрх зүйн тухай сургаалийг тулгуур болгох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж болох юм.”[23] гэж тэмдэглэсэн байна.
Олон улсын эдийн засгийн (public law) эрх зүйн хүрээнд төр (улс) оролцохдоо зөвхөн олон улсын эрх зүйн императив хэм хэмжээ болох үндсэн зарчим болон бусад түгээмэл хэм хэмжээний дагуу бусад төр (улс), олон улсын байгууллага хоорондын харилцаанд оролцох төдийгүй дэлхий нийтээр энх тайвнаар зэрэгцэн орших, улс орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах зорилгыг гол болгодог. Энэ зорилгын хүрээнд төр (улс) нь ашиг олох, эд хөрөнгө болон түүнтэй холбоотой асуудлаас бусад бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөхүлэн дэмжих чиглэлээр оролцдог байна. Мөн энэ санааг судлаач М.Уянга “Олон улсын эдийн засгийн эрх зүй” бүтээлдээ дурьдсан байна.[24]
Олон улсын эдийн засгийн (private law) эрх зүйн субъект болох төрийн нэг онцлогийг олон зүйлээр гаргаж болох боловч зөвхөн 2 асуудалд тухайлан авч үзье.
Төр ба гадаадын аж ахуй эрхэлж буй субъектын хооронд байгуулсан гэрээний маргааныг шүүх шийдвэрлэх зөрчилдөөний хэмээн нэрлэгдэх асуудал үүсэх явдал юм. Хэрэв хэлэлцээрт талууд дурьдаагүй бол ямар эрх зүйг хэрэглэх вэ?, Олон улсын хувийн эрх зүйн судлаачид энэхүү асуудалд нэг хэвийн хариулт өгдөггүй. Зарим судлаачид тухайн маргааныг шийдвэрлэхдээ шүүх (арбитр) хэлцэлд оролцогч төрийн үндэсний эрх зүйг хэрэглэх ёстой гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэл, гэрээ (контракт) байгуулсан талын төрийн хууль – зөрчилдөөний холбоосыг ашиглах ёстой[25] гэж үзэж байна. Гадаадын төрийн хууль буюу гадаадын төрийн шүүхийн шүүн шийдвэрлэлтийн харъяалалд өөрийн хэлцлийн харилцааг захируулахын тулд тухайн төр эрх хэмжээ бүхий төрийн байгууллагаас илэрхийлсэн ингэхдээ хуульд заасан хэлбэрээр бэхжигдсэн зөвшөөрөл зайлшгүй чухал[26] гэж үзсэн байна.
Ийнхүү төр ба гадаадын аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээнээс үүдсэн маргааныг шийдвэрлэхдээ шүүхийн байгууллага өөр улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө төр олж авахтай холбоотой тохиолдол, түүнчлэн гэрээний агуулгад ач холбогдол бүхий гүйцэтгэлийг гадаадын хувь субъект хэрэгжүүлж байгаагаас бусад тохиолдолд гэрээнд оролцогч улсын үндэсний эрх зүйг хэрэглэх зүйтэй юм.
Олон улсын эдийн засгийн эрх зүйн субъект болох төрийн (улсын) онцлог асуудлыг хөндөхдөө дархан эрх (нэхэмжлэлийг урьдчилан хангахаас дархан байх, шүүхийн дархан эрх, шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс дархан байх, төрийн өмчийн дархан эрх,) бүхий төрийн өөрийн бүрэн эрхт байдлын хүчин чадал, түүнтэй хийх хэлцэл маш их эрсдэл дагуулж байдгийг тооцохгүй байхын аргагүй юм.
Төрийн дархан эрх[27] төрийн бүрэн эрхт байдалтай орших бөгөөд өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг улс орны дотоодод төдийгүй олон улсын харилцаанд түүнийг бусад эрх мэдлээс үл шалтгаалан дээдлэх ёстой.
Дархан эрх хэмээх нэр томъёо нь “immunus” (ямар нэгэн зүйлээс хамааралгүй, чөлөөтэй) гэсэн латин тэмдэг нэр бөгөөд “immunitas” гэсэн нэр үгээс үүсэл гаралтай аж. Төрийн дархан эрх хэмээх ухагдахуун нь эхлээд ердийн хэм хэмжээний хувьд олон улсын эрх зүйд буй болсон бөгөөд дараа нь шүүхийн практик, хууль тогтоомж болон олон улсын гэрээгээр тодорхойлогдсон байна[28].
Дархан эрхийн туйлын буюу хязгаарлагдмал гэсэн хоёр номлол байх бөгөөд түүнийг улс орнууд өөрийнхөөрөө хүлээн авч баримталж байна. Зарим улсын хувьд төрийн дархан эрхийн тухайлсан хуулийндаа өөрийн чиг баримжаагаа тусгасан.[29]
Зарим улсын шүүхийн практикт төрийн дархан эрхийн үзэл баримтлал түүний бүрэн эрхийг төлөөлсөн этгээдийн дархан эрхийн үндсэн дээр бүрэлдсэн гэсэн үйл баримт анхаарал ихээхэн татдаг юм. Жишээлбэл, энэ асуудлаархи (“Принц Фредерик”, 1820 он) Британий шүүхийн анхны шийдвэрт шүүх гадаадын эзэн хаанаар дамжуулан түүнтэй эн тэнцүү гадаадын эзэн хаантай үүссэн маргааныг хянан хэлэлцэх эрх хэмжээгүй бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцэх нь хааны нэр төрийг доромжлон гутаасан хэрэг болно гэсэн үндэслэгээ хийжээ[30].
Төрийн дархан эрхийн зарчмын ач холбогдлыг олон эрдэмтэд удаа дараа тэмдэглэсэн байна.
Олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцаанд төрийн оролцооны онцлог асуудлын нэг нь энэхүү харилцаанд төрийн нэрийн өмнөөс чухам ямар байгууллага, ямар этгээд оролцох бүрэн эрхтэй байх вэ гэдэг асуудал юм. Австрийн эрдэмтэн Ганс Кельзен “Хэрэв төрийг үйл ажиллагаагаа явуулж буй субъект гэж үзвэл хэрэв тэрээр юу ч хийгээгүй байсан ч төрөөс эрх олгосон тодорхой хүмүүсийн үйлдсэн зарим үйлдлийн шалгуур, үндэслэлийн талаархи асуудал үүсэж, төрийн үйлдэл буюу чиг үүрэг хэмээн зүйлчлэгдэнэ.”[31] гэж тэмдэглэжээ.
Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж өөрийн илтгэлдээ “... Үндсэн хуулийн эдийн засгийн (Constitutional economics) тогтолцоонд төрийн иргэний эрх зүйн чадварыг Үндсэн хуулиар бэхжүүлсэн, эсвэл огт бэхжүүлээгүй, мөн шилжүүлсэн байх тохиолдол түгээмэл байдаг. Үндсэн хуулийн эдийн засгийн тогтолцоонд төрийн роль, иргэний эрх зүйн чадвар харилцан адилгүй байгаа нь ... төр, түүний байгуулага нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд иргэний эрх зүйн чадвар ямар байх талаар нэгдмэл үзэл баримтлал бий болоогүй байна.”[32] гэж тэмдэглэсэнтэй санал нэг байна.
Хэрэв иргэн өөрийн үйлдлээр эрх ба үүрэг олж авч, хэрэгжүүлдэг, харин хуулийн этгээд өөрийн байгууллагаар дамжуулж, Монгол улсын нэрийн өмнөөс Монгол улсын Иргэний хуульд заасны дагуу төр нь төр засгийн байгууллагаараа дамжуулан өөрийн үйлдлээр эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх ба үүрэг олж авч, хэрэгжүүлнэ.
Өнөө үед Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын эрх зүйн харилцаанд оролцож болох байгууллагыг эрх зүйн хувьд баталгаажуулсан эрх зүйн хэм хэмжээ тогтоогоогүй байгаа бөгөөд энэхүү асуудлаар онолын ямар ч судалгаа өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна. Зарим судлаачид төрийн гадаад харилцааг хэрэгжүүлэх онцгой эрх эдлэх байгууллагуудыг төрийн тэргүүн, засгийн газар түүний тэргүүн, яам, гадаад хэргийн болон бусад яамны сайдыг дотоодын төрийн байгууллага, харин төрийн гадаад бодлогын гадаад дахь төрийн байгууллагад дипломат төлөөлөгчийн газар, консулын газар, тусгай төлөөлөгч, олон улсын байгууллага дахь гишүүн улсын байнгын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага дахь улсын төлөөлөгчид, түүнчлэн төрийн мэдээллийн албаны нэгж ба төрийн худалдааны байгууллага хэмээн ангилан авч үзсэн нь бий.
Олон улсын эрх зүйн харилцаанд Монгол улсын нэрийн өмнөөс Монгол улсын олон улсын гэрээ байгуулах бүрэн эрх бүхий худалдааны төлөөлөгчийн газрын зэрэгцээ нэг баримт бичиг буюу өөр хоорондоо холбоо бүхий хэд хэдэн баримт бичиг түүнчлэн түүний тодорхой нэрээс үл шалтгаалан олон улсын байгууллагатай бичгийн хэлбэрээр, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах Монгол улсаас гадаадын төртэй олон улсын гэрээ байгуулах бүрэн эрх бүхий байгууллага оролцогч байж болно. Олон улсын гэрээний тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн нэг хэсэгт заасны дагуу “Монгол улсын Ерөнхийлөгч болон засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Монгол улсын нэрийн өмнөөс улс хоорондын олон улсын гэрээ байгуулна.” Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу УИХ буюу засгийн газрын шийдвэрийг үндэслэн олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийн итгэмжлэлийг[33] албан тушаалтанд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.[34] Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт засгийн газар нь “өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах асуудлыг шийдвэрлэнэ”[35], мөн зүйлийн дөрөв дэх хэсэгт засгийн газар нь “Байгууллага хоорондын шинжтэй Монгол улсын олон улсын гэрээний хэлэлцээ хийх болон гарын үсэг зурах журам боловсруулж хэрэгжүүлнэ.”[36] гэж заажээ. Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын гадаад хэргийн сайд нь гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаадад байгаа Монгол улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудлыг эрхлэн хариуцна.[37]
Чухамхүү эдгээр байгууллагууд олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцаанд Монгол улсыг зохих журмын дагуу төлөөлөх учиртай. Эдгээр байгууллага олон улсын эдийн засгийн нийтийн болон хувийн шинжтэй харилцаанд Монгол улсын нэрийн өмнөөс оролцож, гадаад улс ба олон улсын байгууллагатай гэрээ байгуулах, гадаадын зүйл (элемент) бүхий хуулийн этгээд эсхүл хувь этгээдтэй харилцан үйл ажиллагаа явуулах бүрэн эрх эдэлнэ.
Мөн улс орны өмнөөс олон улсын эрх зүйн харилцаанд оролцох эрхгүй төрийн хуулийн этгээд (байгууллага, сан), ийм эрх бүхий төрийн байгууллагыг зааглан ялгах зайлшгүй шаардлагатай. Төрийн хуулийн этгээдэд олон улсын хувийн эрх зүйн харилцаанд оролцдог янз бүрийн төрийн үйлдвэрийн газар хамаарагдаж болно. Онолын дагуу ийм бие даасан хуулийн этгээд нь төрийн нэрийн өмнөөс бус харин өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа хариуцан явуулна.
Өмнө үгүүлсэнтэй холбогдуулан олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцаанд Монгол улсын яам, агентлагийн оролцооны тухай асуудал чухал ач холбогдолтой. Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу “Яам нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын адил төрлийн яам, бусад байгууллага, олон улсын байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллана.”[38] Засгийн газрын агентлагийн тухай Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу “Агентлаг нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагатай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Монгол улсын сайдын тогтоосон журмыг үндэслэн гэрээ, хэлэлцээр байгуулж, хамтран ажиллана.”[39] Эдгээрээс үзэхэд энэхүү асуудал нь гадаадын хувь этгээдтэй аль нэгэн яам, агентлагаас байгуулсан иргэний эрх зүйн гэрээний талаар маргаан үүссэн тохиолдолд шүүх бие даасан хуулийн этгээд болох яам, агентлагаар дамжуулан төр гэрээ байгуулсан уу эсхүл тухайн яам, агентлаг өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээ байгуулсан эсэхийг зааглан ялгахад нэн чухал. Энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс ийм маргааныг шүүх хянан шийдвэрлэх эсэх асуудал шийдвэрлэгдэнэ. Эл асуудал эрх зүйн хэм хэмжээгээр тодорхой зохицуулалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд ихээхэн хийдлийг буй болгож байгааг зориуд онцлон тэмдэглэж байна. Үүнтэй холбоотой Англи улсын Лондонгийн худалдааны шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 11-ны шийдвэр буюу –Япон улсын Марубени корпораци ба МУ-ын Буян холдинг ХХК-ийн зээлийн гэрээнд МУ-ын Засгийн газар баталгаа гаргасан хэрэг”[40]-ийг жишээ болгон дурьдаж болох юм.
Олон улсын эрх зүйн онолын дагуу Монгол улсын нэрийн өмнөөс гадаадын зүйл (элемент) бүхий этгээдтэй хэлцлийг Монгол улсын элчин сайдын яам ба консулын газар хийж болно. Монгол улсын консулын байгууллагын дүрэмд заасны дагуу Монгол улсын консулын байгууллага нь суугаа улсын нутаг дэвсгэрийн консулын тойргийн хүрээний хэмжээ хязгаарт Монгол улсын нэрийн өмнөөс консулын чиг үүрэг хэрэгжүүлдэг Монгол улсын гадаад харилцааны төрийн байгууллага юм. Тухайн дүрэмд заасны дагуу консулын байгууллага нь хуулийн этгээдийн эрх эдэлж, Монгол улсын төрийн сүлд бүхий тамга, өөрийн нэр, түүнчлэн холбогдох тамга, тэмдэг, банкинд данстай байдаг. Энд нэгэн зүйлийг зориуд тэмдэглэхэд “хуулийн этгээдийн эрх эдэлдэг” гэсэн томъёоллыг хэрхэн ойлгох нь нэлээд тодорхой бус байдаг. Аль ч тохиолдолд дүрмийн энэ заалтад консулын байгууллага хуулийн этгээд мөн эсхүл биш эсэх асуудлаар хариулт эс олдоно. Консулын байгууллага өөрийн эсхүл Монгол улсын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эсэх?, Консулын байгууллагаас үйлдсэн хэлцлийн эрх ба үүрэг хэнд үүсэх эсэх? зэрэг эдгээр нэн чухал асуудалд Монгол улсын хууль тогтоомжоос шууд хариулт өгөх боломжгүй байна. Авч үзэж буй асуудал нь Консулын харилцааны тухай Венийн конвенцид[41] тодорхой бус байгаа юм.
Монгол улсын элчин сайдын яамны эрх зүйн байдлын зохицуулалтын асуудал ч бүрэн гүйцэд бус байна. Монгол улсын элчин сайдын яам нь суугаа улсдаа Монгол улсын төлөөллийг хэрэгжүүлдэг Монгол улсын гадаад харилцааны төрийн байгууллага бөгөөд Монгол улсын төлөөлөгч, хуулийн этгээд юм. Тухайлан дээр дурьдсантай уяалдуулан АНУ-ын дээд шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн “Энэтхэг болон Монголын үл хөдлөх хөрөнгийн татвартай холбогдох хэрэг”[42]- ийг дурьдаж болох юм. Энэ тохиолдол нь олон улсын эдийн засгийн эрх зүйд шууд хамааралгүй боловч төрийн эрх зүйн байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой тул жигжж болгон авч үзлээ.
Ийнхүү олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцаанд Монгол улсын нэрийн өмнөөс оролцож болох байгууллага, этгээдийн тухай онцгой нэн чухал асуудлыг эрх зүйн үүднээс зохих ёсоор нарийн зохицуулах зүй ёсны шаардлага үүдсэн байна.
Францын эрдэмтэн Л.Каваре “төр нь зуучлагч (intermediares) болох бүрэн эрх бүхий зохих ёсны этгээдээр дамжуулан харилцаанд оролцоно”[43] гэж дурьдсанчлан төр олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцаанд өөрийн эрх хэмжээ бүхий, энэхүү эрх хэмжээг нарийн тодорхойлсон байгууллагаар дамжуулан оролцох учиртай. Гэвч олон улсын эрх зүйн харилцаанд төр оролцох болон эрх хэмжээ бүхий байгууллагын хүрээг тодорхойлохтой холбогдсон асуудлыг шинжлэн судлах явцад тухайн салбарын нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалт үзтэл илэрхий дутагдалтай байгаа болон хууль тогтоомж дахь олон томъёолол тодорхой бус байгаа болно. Төр нь эрх хэмжээ бүхий байгууллагаараа дамжуулж эсхүл бие даасан хуулийн этгээд болох төрийн байгууллага нь өөрийнхөө нэрийн өмнөөс олон улсын эдийн засгийн эрх зүйн харилцаанд оролцож болно.
Манай улсын хувьд олон улсын нийтийн эрх зүйд хамаарах асуудлаар улс (төр) –тай холбогдуулан гарсан маргаан олон улсын шүүхэд болон бусад улсын шүүхэд гаргасан тохиолдол одоогоор байхгүй байгаа бол олон улсын хувийн эрх зүйн асуудлаар төр-тэй холбогдуулан гарсан маргааныг гадаад улсын шүүх болон олон улсын арбирт хэд хэд гарсан байна. Тухайлбал, МУ-ын төрийн оролцоотой хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдсэн 5 хэрэг, баталгаатай холбоотой 1 хэрэг, түрээсийн гэрээтэй холбоотой 1 хэрэг гарсан байна. Тодруулбал, Сергей Паушок болон МУ-ын ЗГ, Орос Монголын 2 талт Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ЮНСИТРАЛ-д гаргасан нэхэмжлэл, Хан Ресурсес Инк болон МУ-ын ЗГ, Эрчим хүчний хартийн гэрээ болон МУ-ын хөрөнгө оруулалтын хуулийн асуудлаар ЮНСИТРАЛ-д гаргасан нэхэмжлэл, Хятадын Хейлонгжиан ОУ-ын эдийн засаг, техникийн корпораци болон МУ-ын ЗГ, Хятад Монголын 2 талт Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ЮНСИТРАЛ-д гаргасан нэхэмжлэл, SGS Ресурс болон МУ-ын ЗГ, Сингапур-Монголын 2 талт Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Trigger letter” шийдвэрлэсэн, Алстон Пауэр Италиа ХХК болон МУ-ын ЗГ, Эрчим хүчний хартийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв-д гаргасан,[44] мөн Лондонгийн худалдааны шүүхээр шийдвэрлэгдсэн “Марубени”-ийн хэрэг, АНУ-ын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн Энэтхэг болон Монголын үл хөдлөх хөрөнгийн татвартай холбогдох хэргийг дурьдаж болно. Хэдийгээр Монгол улсын төрийн оролцоотой олон улсын эрх зүйн харилцаанаас үүдсэн хэрэг маргаан, эрсдэл тооны хувьд цөөн байх боловч үүнээс учирч болох сөрөг нөлөөлөл, үр дагаврыг багаар үнэлж болохгүй юм.
ДҮГНЭЛТ
Өмнө дурдсныг үндэслэн олон улсын эдийн засгийн эрх зүйн субъект болох төрийн онцлогийг дараахь байдлаар дүгнэж болохоор байна:
Ашигласан эх сурвалж:
Монгол хэлээр
Гадаад хэлээр
Хууль, олон улсын гэрээ
Кэйс
[1] Belanger M. Institutions economiques internationales. Introduction au droit international economique. 1981. P.35. – Уянга м. Олон улсын эдийн засгийн эрх зүй. Улаанбаатар. 2014. 50 дах тал.
[2] Мөн тэнд.
[3] Монгол хэл дэх “үүрэг” гэсэн нэр томьёо нь хууль зүйн утгаараа эрх ба үүргийн утгыг илэрхийлж нэгэнт хэвшин тогтсон байна. “Үүрэг” гэсэн нэр томьёог англиар duty, оросоор обязанность гэж оноосон байдаг. Түүнчлэн манай улсын хууль зүйн нэр томьёонд гэрээ болон хэлцлээс үүсдэг эд хєрєнгийн шинжтэй үүргийг мєн нэгэн адил үүрэг хэмээн оноож иржээ. Гэтэл иргэний эрх зїйн энэ нэр томьёо нь оросоор обязателство, англиар obligation гэсэн нэр томьёотой дїйцдэг. Оросын нэрт эрдэмтэн М.М.Богуславскийн “Олон улсын хувийн эрх зүй” сурах бичгийг монгол хэлнээ орчуулагчид нь энэхүү нэр томьёог “үүрэгчлэл” хэмээн оноосон нь оновчтой болсон гэж їзэж байна. - Богуславский М.М. Олон улсын хувийн эрх зүй. Сурах бичиг. Òав дахь хэвлэл. (Орчуулга). Улаанбаатар. 2008. 270 дахь тал.
[4] Тухайлбал, улс нь дараах эрхийг эдэлдэг. –Өөрийн эдийн засгийн тогтолцоо, эдийн засгийн гадаад харилцааны хэлбэр, эдийн засгийн хөгжлийн арга хэрэгслээ чөлөөтэй, сонгох, нөөц баялагаа ашиглах, -өөрийн орны байгалийн нөөц баялаг, эдийн засгийн үйл ажиллагааны хувьд бүрэн эрх эдлэх, -гадаадын хөрөнгө оруулалтаар буй болсон эд хөрөнгийг нийгэмчлэх, хуваарилах, шилжүүлэх үйл ажиллагааг үндэсний хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөх олгох үндсэн дээр хэрэгжүүлэх, -гадаадын хөрөнгө оруулалт, үндэстэн дамнасан корпорацийн үйл ажиллагааг хянах, -олон улсын худалдаа, эдийн засгийн болон санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох, - олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах, алагчлахаас ангид байх, - эдийн засгийн хөгжлийн дэд бүсийн, бүсийн бүс хоорондын хамтын ажиллагаанд оролцох, хөгжиж буй улсад хөнгөлттэй дэглэм олгох гэж заасан байна. Улсын үүрэгт: -эдийн засгийн тогтолцооноос үл хамаарч оршин тогтнохын тулд болон харилцан ашигтай байх үндсэн дээр олон улсын худалдааг хөхиүлэн дэмжих, - аливаа улсын тусгаар тогнолын эрхийг зөрчсөн эдийн засгийн албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй байх, - гадаадад оруулж буй хөрөнгө оруулалтад хөнгөлттэй дэглэм олгохыг бусад улсад тулгахгүй байх, - хоёр ба түүнээс дээш улсын өмчлөлд байгаа байгалийн нөөцийг зохистой ашиглах, - гадаадын эд хөрөнгийг нийгэмчилсэн, дахин хуваарилсан болон бусдад шилжүүлсэн нөхцөлд нөхөн төлбөр олгох, үндэстэн дамнасан корпорацийн үйл ажиллагааг хянах болон зохицуулах үйл явцад хамтран ажиллах, - далайн ёроолын баялагийг бүх улсад хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх, - бусад улсын алагчлахгүй байх, - хөгжиж буй орны ашиг сонирхолыг хүндэтгэх, - хөгжиж буй оронд хөнгөлттэй дэглэм олгох тогтолцоог нэмэгдүүлэх, бэхжүүлэх, -олон улсын худалдааг чөлөөлөх талаар хамтран ажиллах, саад болж буй бэрхшээлийг арилгах, дэд бүсийн болон бүс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ гуравдагч орны эрх ашгийг харгалзан үзэх, - олон улсын шинжлэх ухаан, технологиййн хамтын ажиллагааг дэмжих, технилоги дамжуулах, - технологи дамжуулах зарчмыг боловсруулахад хамтран ажиллах, хүрээлэн буй орчныг хамгаалах, хадгалах болон сайжруулах зэргийг хамаарсан байна. -Улсын эдийн засгийн эрх үүргийн харти. НҮБ-ын ерөнхий Ассамблейн XXIX хуралдааны 3281 дүгээр тогтоол. Нью Йорк. 1974. http: //www.un.org/depts./dhl/resguide/r29_en.shml. - Уянга м. Олон улсын эдийн засгийн эрх зүй. Улаанбаатар. 2014. 52-53 дах тал.
[5][5] Уянга м. Олон улсын эдийн засгийн эрх зүй. Улаанбаатар. 2014. 8-9 дэх тал.
[6] Дүгэрсүрэн М., Хосбаяр О. Олон улсын эрх зүй. Улаанбаатар.1999. 48 дахь тал.
[7] Ариунаа М. Төр, эрх зүйн онол. Улаанбаатар хот. 2005. 23-24 дэх тал.
[8]Төр бол засаглал, нутаг дэвсгэр, хүн ам гэсэн гурван элементийн нийлбэр гэж үзэж төрийн засаглалд шийдвэрлэх ач холбогдол өгдөг байна. – мөн тэнд.
[9] Төр бол иргэдийхээ нийтлэг хүсэл зоригийг илэрхийлэгч онцгой корпораци, онцгой хуулийн этгээд. –мөн тэнд.
[10] Төр бол эрх зүйн тодорхой журам ба энэ нь бусад журмаас төвлөрсөн шинжээрээ ялгардаг. – мөн тэнд.
[11] Төр бол гэр бүл, сүм хийдийн нэгж адил нийгмийн институт бөгөөд төрийн өвөрмөц онцлог нь хувийн ба нийтийн ашиг сонирхолын тэнцвэрт байдлыг хангах хэрэгсэл болдогт оршино. –мөн тэнд.
[12] Төр нь нийгэмд дэг журам тогтоох зорилго бүхий институт, мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой, нийгэмтэй шууд ба эргэх холбоонд орших бүтэц. –мөн тэнд.
[13] Төр бол тодорхой социаль бүлгийн гарт байгаа зэвсэг. Энэ нь марксист ба марксист бус гэсэн 2 чиглэлтэй. Марксист чиглэл нь төрийг эдийн засгийн хувьд ноёрхогч ангийн гар дахь зэвсэг мөн гэж үздэг бол марксист бус чиглэл нь төр бол нийгмийн тэргүүлэх хэсэг болох элитүүдийн багаж зэвсэг гэ үздэг. -мөн тэнд.
[14] төрийн тухай онолын асуудлыг монголын эрдэмтэн судлаачдын Сарантуяа Ц. Төрийн ерөнхий онол. Улаанбаатар. 1998. Лүндэндорж Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Улаанбаатар. 2002; Лүндэндорж Н. Төрийн онол. Нэмж засварласан гурав дахь хэвлэл. Улаанбаатар. 2008; Жалан-Аажав С. Төр, эрх зүйн онол. Улаанбаатар. 2000; Нямсүрэн Ч. Эрх зүй, төрийн ерөнхий онол. Улаанбаатар. 2001 зэрэг номоос тодруулж үз.
[15] төр нь “эрх зүйн онолд үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь улс төрийн тогтолцоо, нийтийн засаг төрийн улс төрийн зохион байгуулалт бөгөөд түүний албан ёсны төлөөлөгчид нь нийт нийгмийн төлөөллөөс бүрэлддэг, зайлшгүй шаардлагатай тохиолдолд албадлагын арга хэрэглүүр ба арга хэмжээнд тулгуурладаг нийгмийн зохион байгуулалтын тодорхой арга. Нийгмийг удирдах тогтолцоо болохын хувьд дотоод бүтэцтэй байх бөгөөд өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд тусгай байгууллага болох төрийн механизм, түүний аппаратыг буй болгосон байна” гэж тайлбарлажээ. - Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 410 дахь тал.
[16] академич С.Нарангэрэл төрийн ухагдахууныг үндсэн хуулийн эрх зүйн үүднээс хэрхэн тайлбарласныг Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 411 дэх тал.
[17] төрийн ухагдахууныг олон улсын эрх зүйн үүднээс “олон улсын харилцааны үндсэн оролцогч болох олон улсын эрх зүйн субъект. Төр нь дараахь үндсэн шинжийг агуулна: тодорхой бөгөөд тогтмол суурьшилтай хүн амтай тодорхой нутаг дэвсгэртэй засаг төр ба хүн амын улс төрийн зохион байгуулалт нь нутаг дэвсгэртээ үр нөлөөтэй үйл ажиллагаа, хяналт хэрэгжүүлэх боломжтой олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай. Засаг төрийн улс төрийн зохион байгуулалт болохын хувьд төр нь олон улсын тавцанд, ялангуяа түүний дээд байгууллага нь төрийн албан ёсны төлөөлөгчийн хувиар олон улсын эрх зүйн субъект болно. Төр олон улсын эрх зүйн субъект болохыг нотлон харуулдаг үндсэн гол шинж нь түүний бүрэн эрхт байдал.” хэмээн тайлбарлажээ. - Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 411 дэх тал.
[18] Цогтоо Ш. Нийтийн захиргаа: удирдлага, эрх зүй. Улаанбаатар хот. 2011. 43 дахь тал.
[19] Богуславский М.М. Международное частное право: Учебник. М.,. 2000. С.149; Звеков В.П. Международное частное право. Курс лекций. М., 1999. С.230-231; Quadri Rolando. Diritto internazionale publico. 5-ed., rist. Napoli, 1980. P. 616.
[20] Ушаков Н.А. Юрисдикционные иммунитеты госдарств и их собственности. М. 1993. С.82.
[21] төрийн тухай онолын асуудлыг монголын эрдэмтэн судлаачдын Сарантуяа Ц. Төрийн ерөнхий онол. Улаанбаатар. 1998. Лүндэндорж Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Улаанбаатар. 2002; Лүндэндорж Н. Төрийн онол. Нэмж засварласан гурав дахь хэвлэл. Улаанбаатар. 2008; Жалан-Аажав С. Төр, эрх зүйн онол. Улаанбаатар. 2000; Нямсүрэн Ч. Эрх зүй, төрийн ерөнхий онол. Улаанбаатар. 2001 зэрэг номоос тодруулж үзнэ үү. Академич С.Нарангэрэл төрийн ухагдахууныг олон улсын эрх зүйн үүднээс “олон улсын харилцааны үндсэн оролцогч болох олон улсын эрх зүйн субъект. Төр нь дараахь үндсэн шинжийг агуулна: тодорхой бөгөөд тогтмол суурьшилтай хүн амтай тодорхой нутаг дэвсгэртэй засаг төр ба хүн амын улс төрийн зохион байгуулалт нь нутаг дэвсгэртээ үр нөлөөтэй үйл ажиллагаа, хяналт хэрэгжүүлэх боломжтой олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай. Засаг төрийн улс төрийн зохион байгуулалт болохын хувьд төр нь олон улсын тавцанд, ялангуяа түүний дээд байгууллага нь төрийн албан ёсны төлөөлөгчийн хувиар олон улсын эрх зүйн субъект болно. Төр олон улсын эрх зүйн субъект болохыг нотлон харуулдаг үндсэн гол шинж нь түүний бүрэн эрхт байдал.” хэмээн тайлбарлажээ. - Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 411 дэх тал.
[22] Сүхбаатар З. Нийтийн ба хувийн эрх зүйн тухайд. Эрх зүй. Онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2-3 /(16-17). Монгол улсын их сургууль. Хууль зүйн сургууль. Улаанбаатар. 2007. 52 дахь тал.
[23] Чимид Б. Үндсэн хуулийн үзэл баримтлал: Нийтлэг асуудал. Нэгдүгээр дэвтэр. Улаанбаатар. 2004. 312-314 дэх тал.
[24] Уянга м. Олон улсын эдийн засгийн эрх зүй. Улаанбаатар. 2014. 9-12 дах тал.
[25] Богуславский М.М. Иммунитет государства. М., 1962;. С.14. Лунц Л.А. Курс международного частного права. Особенная часть. М., 1975. С.86.
[26] Лунц Л.А. Курс международного частного право. Особенная часть. М., 1975. С.75.
[27] Манай улсад “иммунитет” гэсэн нэр томъёог “дархан эрх”, “дархлаа”, “халдашгүй дархан эрх”, “эрх дарх”, “халдашгүй байдал” зэрэг олон янзаар нэрлэсэн байдаг. - Нарангэрэл С. Хууль зүйн англи-монгол тайлбар толь. Улаанбаатар, 2005; Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008; Амарсанаа Ж. Англи-орос-герман-монгол олон улсын эрх зүйн толь. Улаанбаатар, 2004, 362-364 дэх тал; Богуславский М.М. Олон улсын хувийн эрх зүй. Сурах бичиг. тав дахь хэвлэл. (орчуулга). Улаанбаатар, 2008; Хулан Ж. Дэлгэрмаа Б. Оюун Д. Олон улсын бизнесийн эрх зүй. Улаанбаатар, 2007 зэрэг.
[28] Мөн тэнд, 142 дахь тал.
[29] Гадаадын улсын дархан эрхийн тухай акт. Австрали. 1984., Төрийн дархан эрхийн тухай хууль. Их Британи 1978., Төрийн дархан эрхийн тухай акт. Сингапур. 1981., Төрийн дархан эрхийн тухай ордонанс. Пакистан 1981.
[30] Лукашук И.И. Международное право в судах государств. СПб., 1993. С. 54.
[31] История политических и правовых уч: Хрестоматия/Сос. И ред.: Г.Г.Демиденко, Г.А.Борисов. Белгород, 1999. С.1133.
[32] Лүндэндорж Н. “Үндсэн хуулийн тогтолцоон дахь төр” сэдэвт илтгэл. “Үндсэн хуулийн эдийн засаг: орчин үе, тулгамдсан асуудал. Сэдэвт олон улсын бага хурал. – Хууль дээдлэх ёс. Сэтгүүл. 2009. №3 (26) 12-14 дэх тал.
[33] Тухайн албан тушаалтан гэрээнд гарын үсэг зурах эрхийг бататгасан тусгай баримт бичгийг Монгол улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж өгсөнөөр бататгагдана. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас бүрэн эрх олгох үндэслэл нь гэрээнд хэн гарын үсэг зурахыг даалгаж заасан Улсын Их Хурал буюу Засгийн газраас гаргасан шийдвэр юм. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон бүрэн эрх нь сайд буюу түүний орлогч ба гэрээ, эрх зүйн газрын захирлын гарын үсэг зурсан сүлд бүхий тусгай баримт бичгээс бүрдэнэ. Бүрэн эрхийн эх бичмэлд “Монгол улсын гадаад хэргийн яам Монгол улсын Засгийн газраас олгосон бүрэн эрхийг гэрчилж...” гэсэн байна (хэрэв бүрэн эрхийг Улсын Их Хурлаас олгосон бол эх бичмэлд “Монгол Улсын Их Хурлаас бүрэн эрх олгож ...” гэж бичнэ). Мөн бүрэн эрх олгогдсон этгээдийн овог, нэр, түүний албан тушаалыг бүрэн үгүүлж, энэхүү этгээдэд ямар үйлдэлд бүрэн эрх олгосныг заана.
[34] Монгол улсын хууль. Эмхтгэл.нэгдүгээр боть. Улаанбаатар, 2008. 534-535 дахь тал.
[35] Мөн тэнд. 357 дахь тал.
[36] Мөн тэнд. 357 дахь тал.
[37] Мөн тэнд. 361 дэх тал.
[38] Монгол улсын хууль. Эмхэтгэл. нэгдүгээр боть.Улаанбаатар. 2008. 361 дэх тал.
[39]Мөн тэнд. 392 дахь тал.
[40] Marubeni Hong Kong and South China LtD. v. Mongolian Government. Court of Appeal2Commercial Court. March.12, 2004. [2004] EWHC 472 (Comm). 131., 185.
[41] Төрийн мэдээлэл. Тусгай дугаар., II боть. Монгол улсын олон улсын гэрээ. Улаанбаатар., 2005. 420-448 дахь тал.
[42] India and Mongolia V.The city of New York –U.S.Supreme court case. Legal primer. (2007)). www.nyc.gov./law
[43] Cavare L. Le droit international public positif. T.2. Paris, 1951. P.7.
[44] Сайрус Бенсон, Викториа Орловски. Олон улсын хөрөнгө оруулалтын гэрээний арбитр: хичээл 5. Улаанбаатар. 2015. 59 дэх тал.