Монголын Хуульчдын холбоо нь Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага(ОУХЭЗБ)-тай хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэхэд өмгөөлөгчийн үүрэг” сэдэвт сургалтыг 2021 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Гэр бүлийн хүчирхийллийн (ГБХ) хохирогчид эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, тэдний эрхийг хамгалахад өмгөөлөгчийн ур чадварыг хөгжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид туслалцаа үзүүлэх өмгөөлөгчдийг мэргэшүүлэх болон мэргэшсэн өмгөөлөгчийн тоог нэмэгдүүлэх зорилготой сургалтыг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр ОУХЭЗБ-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд нийт 30 өмгөөлөгчийг хамруулж, хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цагийг хангасанд тооцсон.
Сургалтыг нээж ОУХЭЗБ-ын суурин төлөөлөгч Тара Нил, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нар үг хэлсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн холбоо болон хуулийн байгууллагууд хамтран ажиллахын зэрэгцээ энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд хуульчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, тэдний мэдлэг ур чадварыг тогтмол дээшлүүлэх нь хохирогчийн эрхийг хамгаалахад чухал байгааг онцолсон юм.
Сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар, төслийн зөвлөхийн хамт чиглүүлэн явуулсан. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны салбарын зохицуулагч, өмгөөлөгч Ц.Баярмаа “ГБХ-ийн тухай ойлголт, хэлбэр, хор уршиг”, “ГБХ-ийн хохирогчийн онцлог, түүнд үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдвээр, хуульч, ХЗҮХ-ийн Арга зүйч багш В.Оюун-Эрдэнэ “ГБХ-ийн хохирогчид эрх зүйн зөвлөгөө өгөх нь” сэдвээр, өмгөөлөгч О.Чулуунцэцэг “ГБХ-ийн хохирогчийн эрхийг хамгаалахад өмгөөлөгчийн оролцоо: Хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх нь” сэдвээр, ДХИС-ийн багш Б.Эрдэнэбат “ГБХ-ийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эрх, эрх ашгийг хамгаалах нь” сэдвээр, ҮБХИС-ийн багш, өмгөөлөгч М.Ванчигмаа “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эрх, эрх ашгийг хамгаалах нь” сэдвээр тус тус хичээл заасан бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн, өмгөөлөгч Н.Арвинтариа зөвлөх багшаар оролцож, өмгөөлөгчдийн асуултад хариулж, зөвлөгөө өгсөн.
Дашрамд сонирхуулахад, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бий болгохын төлөө дагнан ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд дэлхийн янз бүрийн эрх зүйн тогтолцоотой 90 гаруй оронд ажилласан туршлагатай ажээ. ОУХЭЗБ нь 1988 онд байгуулагдсан бөгөөд 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиглагчийн статустай болсон байна. ОУХЭЗБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцах боломжтой юм.
Вебсайт: www.idlo.int/where-we-work/asia/mongolia
Төслийн Фэйсбүүк хуудас: @IDLOmongol