Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд энэ үеэр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт”, “Худалдах, худалдан авах ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн маргаан“ сэдвээр, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн дэд профессор, дэд хурандаа С.Гантулга “Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт”, ” Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг“ , “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” сэдвээр, "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хүний насны мөчлөг, сэтгэл зүйн дархлаа”, Ажлаас халшрах хам шинж “ , ”Ажлын байран дахь харилцааны ёс зүй” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Завхан аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.
Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбал, улсын өмгөөлөгч С.Энхболд нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.