Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХҮРЭЭН ДЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ШИНЭЧЛЭХ ЗОРИЛГООР БОЛОВСРУУЛСАН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХУУЛЬЧДЫН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

   Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”, 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь” зэрэг баримт бичгийг үндэслэл болгон 2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн билээ. Энэ хүрээнд боловсруулсан холбогдох хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр хуульчдын дунд зохион байгууллаа. 

   Монголын Хуульчдын холбоо нь тус хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, зөвлөх профессор Х.Сэлэнгэ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор Т.Мэндсайхан, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд, хороодын дарга нар болон 130 орчим хуульч оролцож, өөрсдийн санал, шүүмжлэлийг хуваалцсан.

   Хэлэлцүүлгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн харьцуулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид шүүх эрх мэдэл, түүний хараат бус байдлын талаар л ярьсаар ирсэн. Гэтэл бид өнөөдрийг хүртэл иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн талаар төдийлөн дурдаж, анхаарч байгаагүй. Шударга шүүхээр шүүлгэх эрх нь хараат бус Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийг сонгон шалгаруулах процедур, шүүгчийн мэргэжлийн ур чадвар, шүүгчийн сахилга, хариуцлага зэрэг зүйлсээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох асуудал нь улс төрөөс ангид, хараат бус байх ёстой. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлд улс төрөөс хараат бус, мэргэжлийн байгууллага болох Монголын Хуульчдын холбооноос 3 гишүүн нэр дэвшүүлж, томилуулахаар тусгасан нь Шүүхийн ерөнхий зөвлөл хараат бус байх нөхцөлийг бүрдүүлэхээр байна” хэмээн онцолж байсан.

   Үүний дараа Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн профессор, хууль зүйн доктор А.Эрдэнэцогт “Шүүгчийн сахилга, хариуцлагын асуудал, харьцуулалт” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлдээ “Сахилгын хороог байгуулж, чиг үүргийг  нь оновчтой хуваарилж, зохион байгуулалтыг тодорхой болгосноор Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийн хууль зүйн баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх болно” гэдгийг дурдсан юм.

   МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргал “Шүүхийн дотоод хараат бус байдал ба дээд шүүхийн эрх хэмжээ” сэдвээр хэлэлцүүлсэн илтгэлийнхээ үеэр Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл бүхэлдээ 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулгад бүрэн нийцэх ёстойг онцлоод, “Улсын Дээд шүүхээс “зөв хууль хэрэглэх талаарх” албан ёсны тайлбарыг гаргах журам буюу процедурыг нарийвчлан зохицуулах хэрэгтэй. Ингэхдээ шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй нь холбож, түүний журмыг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна” хэмээсэн.

   Мөн хэлэлцүүлэгт “Оюуны инноваци” эрх зүйн судалгааны ТББ-ын гүйцэтгэх захирал, судлаач П.Баттулга оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний болон шүүгчийн томилгооны талаарх судалгааг танилцуулсан юм.

   Танилцуулга, илтгэлүүдийн дараа хэлэлцүүлгийн санал, шүүмжийг өрнүүлж, цагийн хязгаарлалгүй явуулсан. Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, зөвлөх профессор Х.Сэлэнгэ “Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 гишүүнтэй байхаар хоёр хуулийн төсөлд тусгаж, шүүгч бус 5 гишүүн томилохоор заажээ. Энэхүү зохицуулалт нь эрх мэдэл хуваарилалтад нийцэж байгаа эсэх дээр анхаарах хэрэгтэй. Шүүгч бус гишүүнийг улс төрөөс хараат бусаар нэр дэвшүүлэх, томилох, сонгох ёстой. Үүнд Монголын Хуульчдын холбоо эрдэмтэн, судлаач нараасаа оруулбал оновчтой болно” гэдгийг хэлсэн бол МУИС-ийн ХЗС-ийн багш Т.Мэндсайхан “Монгол Улсын Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан багц хуульд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулсан нь оновчтой байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хамтран өргөн барьсан бөгөөд өөр хооронд нь уялдаатай хуульчилж ирсэн. Шүүгчийн эрх мэдэлтэй холбоотойгоор Хуульчдын холбооны асуудлыг хөндөж ярих нь маш чухал” хэмээсэн юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24