Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Төслийн 13.14 дүгээр зүйлд Гүтгэх заалт орсон. Гүтгэхийг гэмт хэрэгт тооцвол Монгол Улс нь Эрүүгийн хуулиасаа хасаад, буцаж нэмсэн дэлхийн цор ганц улс болох юм.
2015 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд, нийт 164 зөвлөмж өгснөөс 8 нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байв. Үүнд “Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний журмаар шийдвэрлэх” гэсэн зөвлөмж ирүүлсэн байдаг.
Дээрх зөвлөмжийг биелүүлэхээ амлаж МУЗГ-аас 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 204 тоот тогтоол гарсан байдаг боловч амлалтаа ийнхүү умартахад хүрэв.
Засгийн газрын ой санамж хоёр жилийн хугацаанд л үргэлжилдэг зүйл ажээ. Олон улсын өмнө өгсөн амлалт “хуримаа хийгээд маргааш нь эхнэр, нөхрөө хуурагч амраг хосын амьдрал” мэт богинохон түүхтэй юм гэж үү. Гэвч амлалт нэгэнт өгсөн бол заавал биелүүлэх үүрэгтэйтэйгээ мартаж орхисонд гайхаш төрнө.
Гүтгэлэг бий болсон агаад үгүй болох богинохон түүх:
Социалист нийгмийн үед томьёолсон гүтгэх гэмт хэрэг нь 2002–2017 оны хооронд хэрэгжиж байсан эрүүгийн хуульд 110 дугаар зүйл ангиар “Гүтгэх”, 111 дүгээр зүйл ангиар “Доромжлох” хэмээн тусдаа хуулийн хариуцлагатай зааг ялгаатай байсан билээ. Байсан гэсний учир нь 2017.07.01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар уг зүйл заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Засгийн газар нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн гэж хэлж болно. Угтаа төрийн албан тушаалтан, иргэд, эсхүл иргэд хооронд байгаа асуудлыг эрүүгийн хуульд байлгах боломжгүй гээд эрүүгийн хуулиас хассан. Гэтэл тухайн үед УИХ-ын гишүүдийн санал хуваагдсан тул завсрын зохицуулалт болгож Зөрчлийн хуульд оруулсан. Үүнийг нь “жижиг гэмт хэрэгт” тооцлоо хэмээн нэг үгээр хэлж болно. Энэ нь Зөрчлийн үндсэн үзэл баримтлал болох “төр, иргэний хоорондын маргааныг зохицуулдаг” харилцаа байтал үүнтэй зөрчилдүүлж “хоёр иргэний хоорондын маргааныг” оруулж ирсэн. Шилжилтийн үеийн зохицуулалт болгоод ядаж хүн гүтгэсэн гээд ял шийтгэл авахгүй, цагдан хорихгүй, гүйцэтгэх ажил хийгдэхгүй л гэж үзсэн. Товчхондоо гэвэл ердөө л ийм түүхтэй.
Гүтгэх зөрчлийн статистик мэдээ:
2017 онд 28, 2018 онд 486, 2019 оны /9 сарын байдлаар/ 355 хүн холбогдож бүртгэгдсэн байна. Үүнээс, 2017 онд 4 сэтгүүлч, 2018 онд 17 сэтгүүлч, 1 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 2019 /9 сарын байдлаар/ 4 сэтгүүлч, 1 хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоёр сая болон хорин сая төгрөгөөр торгуулжээ. Үүнийг хоёр талын дундаас төр торгуулийн мөнгөөр ашиг хийдэг тогтолцоо ч гэж нэрлэж болохоор байна.
Яагаад гүтгэх зөрчилд сэтгүүлчид илүүтэй холбогддогийг ганцхан энэ тоо баримт хангалттай харуулах биз ээ.
Эрүү, Иргэний хэргээр шийдэгдсэн тоо баримт дурдахад, 1999–2015 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, гүтгэлэг, доромжлолтой холбоотой шүүхээр иргэний 665 хэрэг (үүний 363 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой), эрүүгийн 73 хэрэг (үүний 37 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой) шийдвэрлэжээ.
Өөр нэгэн тулгамдаж буй асуудал бол Зөрчлийн хэргийг шалгах процестэй холбоотой үүсэн буй хүндрэл бөгөөд практикт зөрчлийн хэргийг хэрэг бүртгэгч буюу хорооны цагдаа хариуцан шалгадаг. Хэрэг бүртгэгч нь зарим чиглэлээр мэргэшсэн мөрдөн байцаагчаа бодвол ур чадварын хувьд дутмаг юм. Мөн буруугүй гэдгээ нотлох үүргийг тухайн зөрчил үйлдэгч иргэнд л ганцхан хүлээлгэдэг. Энэ мэтээр зарим зөрчлийг шалгахад иргэний процесс үйлчилж байна. Тиймээс энэ гажуудлыг засах ёстой. Гэхдээ Эрүүгийн хуулиар байж хэрхэвч болохгүй.
Гүтгэх гэдэгт юуг ойлгох вэ?
Асуудлын хамгийн гол нь болох гүтгэх гэдэгт бид юуг ойлгож байна вэ? 2019 оны есдүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ялгаж салгасан зүйл лав алга. Гүтгэх гэдэгт хамаарч байсан олон асуудал салж, ухаалгаар зохицуулагдаж чадсан уу, үгүй юу гэдэг маргаан дээрх асуултаас урган гарна. Товчхондоо ялгаж, салгаж байгаа юм хууль, тогтоомжид алга бөгөөд онолын хувьд ч хоёр өөр ойлголтод тооцогдох Гүтгэх, Доромжлохыг нэг зүйл ангиар хуульчилсан нь өөрөө маргаан дэгдээсэн нь энэ ээ. Гүтгэх нь дотроо олон ялгаатай болох тухай “Бусдын нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт” нэг сэдэвт бүтээлээр докторын зэрэг хамгаалсан Ширчингийн Сүхбаатар гуайн бүтээлийг уншихад төвөггүйхэн ойлгох боломжтой.
Хуучин Эрүүгийн хуульд “гүтгэх” гэмт хэрэгт 4, 5 үйлдэл багтдаг байсан. Тухайлбал, хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, иргэд төрийн албан тушаалтныг хардаж, энэ талаар хэлэлцүүлэг өрнөсөн зэрэг асуудлыг нэг зүйлд багтаагаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр явж ирсэн. Энэ гэмт хэрэгтэй төрийн албадлага хэрэглэн тэмцэхээр хуульчлагдсан байв.
Тэгвэл бусад улс орон, олон улсад Гүтгэх хэргийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
1-рт, Хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, нийгмийн зүгээс ялгаварлал таагүй байдалд хүргэх нь хор хөнөөлтэй үйлдэл бөгөөд эрүүгийн хуулиар шийтгэх ёстой. Гэхдээ гүтгэх гэдэг нэрэн дор биш “шүүхэд худал мэдүүлэх” эсхүл “гэрч худал мэдүүлэг гаргах” гэдгээр зүйлчилж томьёолохдоо “худал мэдүүлэг өгөх” гэж гэмт хэргийг нь тодорхойлдог байна.
2-рт, Улс орнууд бүрэн шийдээгүй боловч олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор худал мэдээлэл тараах, нийгмийг хий бухимдалд автуулах замаар өөр чиглэлд нийгмийг хөтөлдөг үзэгдэл болох популизм газар авсантай холбоотойгоор дэлхий нийтэд тулгамдаж байна. Өнөөдөр үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бүрэн дүүрэн хариулт олоогүй хэвээр. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хуулиар “Террор ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх”, “Үндэсний эв нэгдэлийг бусниулах” болон “Түрэмгий дайн өдөөхийг нийтэд уриалах” гэсэн зүйл ангиар гэмт хэрэгт тооцож байна. Манай улс “бусдыг үймээн самуунд уруу татах” гэдгээр хуульчлаагүй ч дээрх байдлаар томьёолохыг оролдсон байна.
3-рт, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь гэж хэлж болох юм. Гаднын болон манай дотоодын эрдэмтэд энэ чиглэлийг барин хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэж үздэг байна. Тухайлбал, профессор О.Мөнхсайхан эрдэм шинжилгээний өгүүлэлдээ
Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр зохицуулах нь хууль зүйн шинжлэх ухааны талаасаа ч болон практикт хэрэгжихдээ хамгийн зөв байх магадлалтай нь юм. Зөвхөн эрүү, иргэн, зөрчлийн хуулиар биш хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд ч шаардлагатай зохицуулалтыг тусгаж өгөх нь зүйтэй билээ. Хэрвээ Эрүүгийн хуулиар гүтгэх гэмт хэрэг зохицуулагдах юм бол шударга шүүмжлэлийг боомилох, олон ургальч үзлийг хязгаарлах сөрөг нөлөөтэйгээс гадна олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашиг зөрчигдөж чөлөөт хэвлэлийн амыг барих сөрөг нөлөөтэй.
Шийдэл юу байж болох вэ?
Иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах гэж байна гээд Үндсэн хуулиар хамгаалагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж боломгүй юм.
Бид зөрчлийн хуульд байгаа заалтыг засах гэж байна гээд буцаагаад эрүүгийн хуульдаа оруулбал “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болно. Нөгөө талаас улс төрчдөд “сохорсон биш завшив” гэдэг шиг боломжийг өгөх болчихоод байгаа билээ.
Одоогийн иргэний хуулийнхаа нөөц боломжид тулгуурлан хуулийн холбогдох зохицуулалтыг үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Түүнээс биш гүтгэхийг гэмт хэрэг, зөрчилд тооцож торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж хэрхэвч болохгүй ээ. Тэгээд ч Монгол Улс нь эрүүгийн хуулиасаа хасаад буцаж оруулж буй үйлдэл нь “олон ааштай хаврын тэнгэр шиг” үзэгдэл биш бөгөөд улс төрчдийн захиалгат тоглоом юм.
Үгүй гэвэл, МУЗГ нь 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 204 тоот тогтоолоор НҮБ-ын Хүний эрхийн хорооноос өгсөн 164 зөвлөмжийг биелүүлэхээ амлаж “Гүтгэх” заалтыг эрүүгийн хуулиасаа хассан. Гэвч өнөөх амлалт өгсөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Гүтгэх” заалт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эргэн ирсэн нь ямар учиртай улс төрийн нүүдэл вэ?
Б.Пүрэвсүрэн