Дэлхийн олон оронд тархаад буй коронавирус (COVID-19)-ийн халдвартай холбоотойгоор Ази, Номхон далайн бүсийн Хуульчдын холбоо (LAWASIA)-оос энэ онд зохион байгуулахаар төлөвлөсөн зарим чуулга уулзалтын хугацааг хойшлуулжээ. Тодруулбал, Фижи улсад 2020 оны дөрөвдүгээр сарын 03, 04-нд болох байсан “Хүрээлэн буй орчны эрх зүй” сэдэвт чуулга уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Сингапурт 2020 оны долдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн “Гэр бүлийн эрх зүй ба хүүхдийн эрх” чуулга уулзалтыг 2021 оны долдугаар сарын 11-14-ний өдрүүдэд хийхээр хойшлуулжээ.
Тус шийдвэртэй холбоотойгоор Ази, Номхон далайн бүсийн Хуульчдын холбооны ерөнхийлөгч Чунгван Чой “Вирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх нь бидний үүрэг бөгөөд эрүүл мэнд, аюулгүй байдал нь бидний хамгийн чухал асуудал, тэргүүлэх зорилт юм” хэмээн тэмдэглэжээ.