Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

УПЕГ-ЫН СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР, ДОКТОР Б.ӨНӨРМАА                  

 

НЭГ: Удиртгал

    Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ? Мөнгө гэдэг зүйл төлбөрийн хэрэгсэл болсон үеэс магадгүй мөнгө угаах гэдэг ойлголт бий болсон байж болох талтай гэж барууны эрдэмтэн судлаачид үздэг. Учир нь түүхийн аль ч цаг үед мөнгө үүссэн цагаасаа эхлэн хаад ноёдод, эрх мэдэлтнүүдэд  хуулийг гуйвуулах, өөрсдийн эрх мэдэл, байр суурийг бэхжүүлэх  чухал хэрэгсэл болж баян тансаг амьдрахын зэрэгцээ хуулийг ч өөрийн эрх ашигт нийцүүлэн гаргахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.[1] Мөнгө угаах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс, ашиг, орлогын эх үүсвэрийг нуун далдалж уг мөнгө болон эд зүйлсийг хууль ёсны мэтээр халхавчлан эдийн засгийн эргэлтэнд оруулах, хэлбэр дүрсийг хувиргах бүхий л үйлдлийг ойлгодог. Богино хугацаанд их хэмжээний ашиг олох нь уг гэмт хэргийн зорилго байдаггүй бөгөөд гол нь гэмт хэрэг үйлдэж олсон гэх ул мөр үлдээхгүй байх нь чухал байдаг.

    Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилго бол ахуйн хүрээнд эсхүл хохирол багатай эдийн засгийн гэмт хэргийн халдлагад өртсөн эд зүйлийг хамгаалахад чиглэдэггүй бөгөөд албан тушаал, авлигын бүх төрлийн гэмт хэрэг, татвар төлхөөс зайлсхийх, хүний наймаа, хууль бус зэвсгийн худалдаа, мансууруулах төрлийн гэмт хэрэг, үндэстэн дамнасан гэмт хэргүүд, терроризм, байгалийн баялагтай холбоотой гэмт хэргээс олсон хууль бус орлого, эдийн болон эдийн бус давуу талыг илрүүлэх, олон улс болон тухайн улсын эдийн засгийн цэвэр урсгалыг хар зах зээлээс хамгаалж бохир мөнгөний урсгал нөгөө талаар хууль бус санхүүжилтийг таслан зогсооход  чиглэгддэг.  Мөнгө угаах гэмт хэрэг үндсэн 3 үе шаттай явагддаг.[2]

1.Placement /Einspeisung/ буюу байршуулах үе: Эхний үе шатанд  хууль  бусаар  олсон  мөнгө, эд зүйлийг хаа нэгтээ  байршуулдаг. Тухайлбал: Өөр хүний нэр дээр банканд хадгаламж болон харилцах данс нээлгэх, үнэт цаас, чек худалдан авах, алт үнэт зүйлсийг хадгалуулах г.м

2.Layering /Verschleierung/ буюу нуун далдлах  үе Энэ үе шатанд тухайн мөнгө, эд зүйлсийн гарал үүслийг нь нуун далдлах зорилгоор байршуулсан зүйлээрээ хөрөнгө оруулалт, хандив тусламж, хүүтэй зээл, бусдын нэр дээр объект, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, асрамжийн болон буяны байгууллага, сан, компани, банк байгуулах, тэдгээрийг даатгуулах зэрэг үйлдэл хийгддэг.

3.Integration /Integration/ буюу эргэлтэнд оруулах үе: Сүүлийн энэ үе шатанд гарал үүслийг нь нуусан мөнгийг хууль ёсны эдийн засгийн эргэлтэнд оруулдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийсэн газраа зарах, түрээслэх замаар ашиг олох, зээлсэн мөнгөнийхөө хүүг авах, компани, сангийн тодорхой хувь эзэмшигч болох, үүсгэн байгуулсан банкыг санаатай дампууруулж даатгалын байгууллагаас их хэмжээний нөхөн төлбөр авах гэх мэт.

    Мөнгө угаах гэмт хэрэг үүсч хөгжсөн түүхийн цаг үе, байдлаас харахад эдийн засгийн хувьд тогтворгүй, ядуу буурай эсхүл жижиг эдийн засагтай гадны зээл, буцалтгүй тусламж хөрөнгө оруулалтанд тулгуурлан хөгжиж буй орон мөн гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөний эх үүсвэрийг шалгах боломж муутай улсад үйлдэгдэх нь түгээмэл байдаг.

    Монгол Улсад мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэх ноцтой эрсдэлүүд тулгараад байна. Монгол улсын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогын дийлэнх хэсэг нь авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх явдал, хүн болоод мал, амьтдыг хууль бусаар хил давуулан худалдаалах үйл ажиллагаанаас бий болж нийт авлигын хэмжээ 2006-2010 онуудад ойролцоогоор 337 сая ам.доллар хүрсэн тухай Монгол Улсын авлигын индексийн судалгаанд дурьджээ[3]. Монголын эдийн засаг дахь бэлэн мөнгө зонхилох байдал болон Орос, Хятад улсуудтай хиллэдэг  Монгол Улсын уудам хил хязгаар нь мөнгө угаахад бэлэн мөнгө тээвэрлэгчдийг ашиглах эрсдэлийг бий болгоход мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгааг дээрх судалгаагаар сануулжээ.

ХОЁР: Эрх зүйн зохицуулалт

    Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхолон улсын хүчин зүтгэлийг нэгтгэн төвлөрүүлдэг, олон улсын стандартыг боловсруулж гаргадаг байгууллага нь Олон улсын санхүүгийн гэмтхэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ (Financial Action Task Force- (Finanz behördliche Eingreiftruppefür Geldwäsche)[4]юм. Тус байгууллагыг 1989 онд “Их найм” гэгддэг дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улсууд НҮБ-ын конвенц, тогтоолуудыг хэрэгжүүлэх, олон улсын хүчин чармайлт, зүтгэлийг нэгтгэх чиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулсан.

Манай улс энэхүү байгууллагын бүс нутгийг хариуцсан салбар байгууллага болох Ази, Номхондалайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэн орсон. ФАТФ нь 40+9 гэх зөвлөмж боловсруулан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд баримталбал зохих шаардлага, стандартуудыг тодорхойлж өгсөн юм.[5]

    Мөнгө угаах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцсон үеээс хойшхи эрүүгийн эрх зүйн зохьцуулалтад дүгнэлт хийхэд Монгол Улс өнөөдрийг хүртэл хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож чадаагүй бөгөөд мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй гэмт хэрэг буюу суурь гэмт хэргийг зөв тодорхойлоогүйгээс мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйл буюу “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах ” гэмт хэргийн шинжээс ялгаж чадахгүй байгаа дүр зураг гарч ирж байна. Дээрхи хуулийн заалтыг дараахь байдлаар харьцуулж харж болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйл буюу “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэргийн шинж

Эрүүгийн хуулийн тусгай ангийн мөнгө угаах гэмт хэргийн шинж

 

 

Тайлбар

1

155.1 Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан бол .......

 

155.2 Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулах зорилгоор авсан буюу борлуулсан бол .......

/Энэ хэсгийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2681 дугаар зүйл. Мөнгө угаах

2681.1. Зэвсэг, хар тамхи, хүн худалдаалах, эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлого, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, терроризмийг санхүүжүүлэх зорилготой илт хууль бус эд хөрнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь халхавчлах буюу нуун далдлах, эсхүл уг эд хөрөнгийг хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулсан бол......

 

/2008 оны 02 дугаар срын 1-ний өдрийн хуулиар энэ заалтыг нэмэлт болгож оруулсан/

 

Ололттой тал: мөнгө угаах гэмт хэргийг анх удаа гэмт хэрэгт тооцсон бөгөөд суурь гэмт хэргээс дурьдаж өгсөн

155 дугаар зүйлээс гэмт хэргийн шинжээр ялгагдахаар зохьцуулсан.

Сул тал: Албан тушааал, авлига, татвар төлхөөс зайлсхийх, хүний наймаа, хууль бус зэвсгийн наймаа зэрэг өндөр эрсдэлтэй хэргүүдийг суурь гэмт хэрэгт тооцоогүй

2

155.1 Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан бол .......

1661 дүгээр зүйл. Мөнгө угаах

1661.1. Хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор энэ хуулийн 166 дугаар зүйлд зааснаас бусад хүндэвтэр, хүнд онц хүнд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргасан бол......

1661.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн түүнчлэн их хэмжээний орлого олсон бол.....

 

 

/2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар дээрх заалтыг нэмэлт өөрчлөлт болгож оруулсан/

Ололттой тал: Мөнгө угаах гэмт хэргийн зорилгыг тодорхойлсон

Сул тал: Суурь гэмт хэргийг нэрлэлгүйгээр  гэмт хэргийн ангилал буюу оногдуулж болох ялын хэмжээг баримталсан нь ЭХ-д заасан олон төрлийн гэмт хэргийг тухайлвал ахуйн хүрээний хэргүүд тухайлвал 145.2, 147.2, 148.2 гэх мэт гэмт хэргийн замаар олсон зүйлийг хадгалсан этгээд мөнгө угаах гэм хэргээр ял шийтгүүлэхээр харагдаж байна. ЭХ-ийн 155 дугаар зүйлээс гэмт хэргийн шинж нь огт ялгагдахгүй болсон. Давтан буюу бүлэглэж гэж гэмт хэргийн 2 өөр шинжийг нэг утгаар оруулсан нь хуулийн техникийн хувьд алдаатай бөгөөд хууль хэрэглээнд хоёрдмол утгыг бий болсон.[6]

3

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд дээрх заалтыг хассан

18.9 дүгээрзүйл.Мөнгөугаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол.......

 

/Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/

Сул тал: Суурь гэмт хэргийг тодорхойлоогүй, ахуйн болон тохиолдлын чанартай бүх гэмт хэрэг үйлдэгдснээс олсон хөрөнгө, мөнгө, орлогыг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан... этгээд мөнгө угаах гэмт хэргээр ял шийтгүүлэхээр харгадаж байгаа нь мөнгө угаах гэмт хэргийн үндсэн зорилгыг хангахгүй байна.ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд тоочсон үндсэн гэмт хэргийн төрлүүд (designated categories of crimes)-ийг тодорхойлоогүй./Дүгнэлт хэсэгт жишээгээр тайлбарласныг харна уу/

 

ГУРАВ: Олон улсын гэрээ конвенци

    Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцид зааснаар Мөнгө угаах гэмт хэргийг дараахь байдлаар томьёолжээ.

23 дугаар зүйл. Мөнгө угаах

1.Оролцогч улс бүр санаатайгаар үйлдсэн дараахь үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн авна:

(i) тухайн хөрөнгө нь гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нуун дарагдуулах буюу өөрчлөх эсхүл гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор уг эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх;

(ii) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргээс олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний жинхэнэ мөн чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулалт, хөдөлгөөн буюу өмчлөл эсхүл түүн дэх эрхийг нуун дарагдуулах буюу өөрчлөн хувиргах;

(i) тухайн эд хөрөнгийг хүлээн авч байх үед гэмт хэргээс олсон орлого гэдгийг нь мэдсээр байж түүнийг худалдан авах, эзэмших буюу ашиглах;

(ii) энэ зүйлийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт оролцох, холбогдох, түүнийг үйлдэхэд хуйвалдах, үйлдэхийг завдах, мөн ийм гэмт хэрэг үйлдэхэд туслах, хатгах, дэмжих буюу зөвлөх

Хуулийн дээрх заалтын “Гэмт хэргийн улмаас” гэдэг томъёолол /орчуулга/ нь авлига, албан тушаалын гэмт хэргийг тодорхойлж байгаа болохоос албан тушаалын шинжгүй ахуйн хүрээний гэмт хэргийг илэрхийлээгүй гэдгийг ойлговол зохино.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо /ФАТФ/-ны тайланд Монгол Улсад бий болсон мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэх ноцтой эрсдэлүүдэд[7] авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх явдал, хүн болоод амьтдыг хууль бусаар хил давуулан худалдаалах, техник технологийн шинэ ололтуудыг хэрэглэх, оффшор банкуудыг ашиглах, хууль бус үнэт цаасны арилжаа, хар тамхины хууль бус наймаа, хууль бусаар валют арилжих ажиллагаа, Монголын эдийн засагт бэлэн мөнгө зонхилж буй байдал, Монгол Улсын хил хязгаар нь мөнгө угаахад бэлэн мөнгө тээвэрлэгчдийг ашиглах эрсдэлийг бий болгож буйг дүгнэсэн нь  мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх суурь, хөрс, боломж, аюулын цар хүрээг тодорхойлжээ. Уг тайланд хэрэг Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгасан шиг бүх төрлийн гэмт хэргийг хамруулаагүй бөгөөд мөнгө угаах гэмт хэргийн үндсэн буюу суурь гэмт хэргийн төрлүүд (designated categories of crimes)-ийг тодорхой тусгажээ..

    ДӨРӨВ: Дүгнэлт

  1. Терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, олон улсын байгууллага, банк, гадны хөрөнгө орууллалтай аж ахуйн нэгжүүд, санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй сан, буяны байгууллага, татвар төлхөөс зайлсхийх, хар зах зээл дэх бэлэн мөнгөний эргэлтийг зогсоох, мансууруулах бодис, галт зэвсгийн худалдаа, хүний наймаа, хууль бус эсхүл халхавчилсан үнэт цаасны арилжаа зэрэг зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх арга нь дээрх гэмт хэргийн улмаас олсон орлогыг илрүүлэх бөгөөд энэ бүх нахцөлийг харгалзаж Монгол улс эрх зүйн орчиндоо мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоо оновчтой тодорхойлох шаардлагатай
  2. Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг тодорхойлолгүй “Гэмт хэрэг” гэдэг томъёоллоор хуульчилсан нь уг гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэл ахуйн хүрээнд маш “үр дүнтэй” хийгдэж мөнгө угаах гэмт хэргээр ял оногдуулсан тоогоор дэлхийд “толгой цохих” үр дүнд хүрнэ. Үүнийг жишээгээр тайлбарлъя:

        Яллагдагч А хохирогч Б-гээс 30,0 сая төгрөгний үнэтэй хөөрөг хулгайлж хохирогчид онц их хэмжээний хохирол учруулсан. А нь хулгай хийсэн хөөргөө эхнэр Г-дээ өгч Г нь уг хөөргийг зах дээр уг хөөргийг өвөөгөөсөө өвлөж авсан, яаралтай мөнгөний хэрэг болоод гэж хөөрөгний наймаачинд итгүүлэн 20,0 сая төгргөөр зарж уг мөнгөөр өрөө дарсан, гэртээ ойр зуурын тавилга авсан, хүүхдүүддээ хувцас авсан. Г нөхрөө хулгай хийснийг мэдэж байсан.

            Шийдэл: Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар А нь хулгайн хэрэгтэй ял шийтгүүүлж, эхнэр Г нь нөхөр А-гийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө буюу хөөргийг мэдсээр байж, хулгайн гэмт хэргээр олдсон зүйлийн эх үүсвэрийг нь нуун далдалсан, аливаа этгээд буюу нөхрөө хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял шийтгүүлнэ.

            Г-тэй адил гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйл буюу “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах” гэдэг зүйл ангиар ял шийтгүүлж байсан[8] бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаас уг заалтыг хассан нь дээрх тохиолдолд мөнгө угаах гэмт хэргээр ял шийтгүүлэхээр байна.

            Мөнгө угаах гэмт хэрэг ахуйн хүрээнд, тохиолдлын шинжтэй үйлдэгддэгүйг анхаарч хууль боловсруулах, батлах шатанд уг гэмт хэргийн зорилго, учруулж болох аюул, хор уршиг, дэлхий нийтээр уг гэмт хэрэгтэй тэмцэх болсон зорилго, ач холбогдлыг анхаарч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан заалтыг эргэн харах шаардлагатай.

---о0о---

 


[1]Б.Өнөрмаа, магистрын ажил, “KriminalpolitischerHintergrund und Erforderlichkeit der Einfuehrung des 261 StGBGeldwaesche”, S.3. Гэхдээ ХХ зууны хориод оны эхэнд америкийн цуутай дээрэмчний толгойлогч Алфонс Капоне /1899-1947/ мөрийтэй тоглоом, архины хууль бус наймаа, янхны газрын үйл ажиллагаанаас  олсон орлогоо нуун далдлахын тулд  хууль бусаар олсон мөнгөөрөө угаалгын газар байгуулан  ажиллуулж байсан  үеээс “мөнгө угаах” гэдэг нэр томъёо эрх зүйн нэр томъёонд албан ёсоор хэрэглэгдэх  болжээ.

[2]Б.Өнөрмаа, магистер ажил“KriminalpolitischerHintergrund und Erforderlichkeit der Einfuehrung des 261 StGBGeldwaesche”, S.6

[3]АзийнСан, МонголУлсынАвлигынИндексийнСудалгаа VIII – 2009 оны 12 сар

[4]http://wirtschaftslexikon.gabler.de/Definition/fatf.html

[5]http://www.gia.gov.mn/articles/medee/1249

[6]Хулийн нэр томъёоны дэлгэрэнгүйг судлаач Л.Оюунболд, Орчин үеийн эрүүгийн хууль тогтоомжид хэрэглэж буй нэр томъёоны асуудалд хийсэн шинжилгээ үр дүн, 2015 он, “давтан буюу бүлэглэж” гэх томъёоллын талаар Б.Өнөрмаа “Хуулийн хэрэглээ буюу ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан  бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон” гэх өгөгдлийн талаар” нийтлэлээс харах

http://prokuror.mn/index.php?newsid=657

 

[7]АзийнСан, МонголУлсынАвлигынИндексийнСудалгаа VIII – 2009 оны 12 сар

[8]2014-2015 онд ЭХТА-ийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт заасан 42 хэргийг анхан шатны шүүхээр хянаж шийдвэрлэсэн байна.  http://www.shuukh.mn/eruuanhan

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24