Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
В.УДВАЛ: УЛС ТӨРИЙН АГУУЛГААР ӨӨРЧЛӨЛТ ХИЙВЭЛ ҮНДСЭН ХУУЛЬ НУРНА

В.Удвал: Улс төрийн агуулгаар өөрчлөлт хийвэл Үндсэн хууль нурна

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан В. Удвалтай ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа судалгаа шинжилгээнд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой гэв.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байгаа вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал өргөн хүрээнд хөндөгдөж байна. Зарим хүн 15-20 жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ бол өрөөсгөл ойлголт. Тооцоо судалгаагүй улстөрчдийн яриа гэж бодож байна. АНУ- ын Үндсэн хууль батлагдсан цагаасаа хойш өөрчлөлт ороогүй шүү дээ.

Өөрөөр хэлбэл, нэмэлт, өөрчлөлт гэдэг нь хоёр өөр ойлголт. 200 гаруй жилийн хугацаанд өөрчлөлт оруулаагүй зөвхөн 29 нэмэлт л орж байсан. Эдгээр нэмэлт нь эхэн үедээ дандаа хүний эрхийг баталгаажуулах чиглэлээр хийгдсэн. 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлахын өмнө 1990 онд 1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, суурь зарчмын өөрчлөлт хийсэн. Энэхүү өөрчлөлт нь үндсэн хоёр агуулгатай.

Нэгдүгээрт, төрийн тогтолцоонд өөрчлөлт хийсэн. Төр бол дарангуйллын зэвсэг биш. Иймээс нийтийн ашиг сонирхлын төлөөх нийгмийн зохион байгуулалтын нэг хэлбэр учир төрийн эрх мэдлийг хуваарилах ёстой гэж үзсэн. Үүнийг шүүмжлэх хүмүүс бий. Гэхдээ эрх мэдэл нэг газар төвлөрч бус салангид байж бие биенээ хянаж байгаа нь хамгийн чухал механизм гэдгийг хүн төрөлхтний түүх харуулж байна. Үүнээс илүү сайн хувилбарыг олоогүй байна.

Хоёрдугаарт, өмчийн тухай асуудлыг зарчмын хувьд огт өөрөөр авч үзсэн. Бид бодит өмчийн сэтгэлгээтэй байсан. Тэгвэл дээрх өөрчлөлтийн хүрээнд бодит бус өмчийг хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, Тавантолгойн 1072 хувьцааны хувьд “иргэн Баруун цанхийн зүүн үзүүрт миний хувьцаанд оногдох нүүрс байгаа хөдөлгөж болохгүй” гэж чадахгүй шүү дээ. Хувьцаа нь нүүрстэй адил баригддаг, харагддаг зүйл биш, үнэт цаасаар баталгаажсан хөрөнгө. Үүнээс гадна хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн.

Энэ өөрчлөлтийн дараа Иргэний хуульд өмчийн тухай шинэ бүлэг бий болгосон. 1990 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш буюу өнгөрсөн 27 жилийн хугацаанд дээрх хоёр суурь зарчмыг цаашид хөгжүүлэх талаар ойлголт сайнгүй байна. Яагаад гэвэл 1992 оны шинэ Үндсэн хуулиар энэ хоёр суурь зарчмыг баталгаажуулсан. Хувийн өмч дээр тулгуурлан зах зээлийн эдийн засгийн цоо шинэ хандлагыг бий болгоно хэмээн зорьсон юм. Хувийн өмч дээр тулгуурлаж байгаа бол өнөөдөр иргэн хүнд үр шимээ өгсөн байх ёстой.

Үр шимээ өгөх хангалттай хугацаа өнгөрлөө. 25 жилийн хугацаанд үүнийг хүлээсэн хүмүүс байсаар байна. Өөрөөр хэлбэл, үнэт цаасны зах зээлийн өсөлт бууралтаас гэртээ суугаа хүн ашиг, орлого олж чадахгүй. Тэгэхээр энэ өөрчлөлтийг хийж чадсангүй гэсэн үг. Хийж чадаагүй гэсэн агуулгаар нь авч үзвэл Үндсэн хуулийг өөрчлөх боломж байхгүй. Үндсэн хуулийн суурь зарчим, мөн чанарыг нь таньж мэдээгүй байж өөрчлөх нь буруу гэж бодож байна.

-Өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа хэрэг үү?

-1999 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэвч Үндсэн хуулийн цэц дээр унасан тул хуульд буй боломжийн хүрээнд хүчингүй болгосон. Гэвч 2000 онд өөр бүрэлдэхүүнтэй буюу шинээр сонгогдсон парламент 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэр чигээр нь баталчихсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг “дордохын долоо” хэмээн ард түмэн нэрлэдэг. Улстөрчид өөрт ашигтай байдлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь буруу. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлт гэж нэрлэхгүй. Үндсэн хуулийн суурь зарчмыг нурааж байгаа хэрэг. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөх зүйл бий.

-Тэгвэл ямар өөрчлөлт хийх ёстой вэ?

-Тухайн үед би Ажлын хэсэгт ажиллаж байсан. Оруулж чадаагүй ойлголт, бүрэн тодорхой болгоогүй зохицуулалт байгаа. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын харилцаа, нэг нь нөгөөгөө хянаж, тэнцвэрт байдлаа хангах механизмыг бий болгодог зарчим дээр алдсан зүйл бий. Үүнийг засах шаардлагатай.

-Тодруулбал?

-УИХ, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг хийхээр Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасан байгаа. Засгийн газрыг байгуулахдаа УИХ дээр гишүүн тус бүрээр нь хэлэлцдэг байхаар хуульчилсан. Ингэснээр Засгийн газар танхимын зарчмаар ажиллах нөхцөл боломжийг нь хааж байгаа хэрэг. Үүнээс гадна УИХ Засгийн газраас гадна маш олон томилгоо хийдэг. Энэ бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагад байх ёсгүй. Эдгээр зүйлийг илүү боловсронгуй болгох шаардлага бий.

-1992 оны шинэ Үндсэн хуульд өөр ямар зүйл, заалтыг нэмж тусгах ёстой гэж бодож байна вэ?

-Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг нарийвчлан хуульчилж чадаагүй. Тухайлбал, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг буюу Цэцийн авч хэлэлцдэг асУудалд хүний үндсэн эрхтэй холбоотой асуудал байхгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан маш олон эрх зөрчигдвөл ердийн шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэхээр байгаа. Энэ нь хүний эрхийг дээдлэх тухай асуудал хир зохицуулалттайг харуулж байгаа хэрэг. Ийм ээдрээтэй асуудал бий.

“УЛСТӨРЧИД ӨӨРТ АШИГТАЙ БАЙДЛААР ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ БУРУУ”

Үүнээс гадна Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн бүлэгт засаж сайжруулах зүйл байгаа. Гэхдээ эдгээр өөрчлөлтийг улс төрийн нүдээр харж буй өөрчлөлттэй холих юм бол ганхаж, Үндсэн хуулийн суурь зарчмууд нурах аюулд хүрнэ. Энэ үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа болгоомжлох нь чухал.

Нийгмийн харилцаа өөрчлөгдөж байгаа учир Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдэг нь үнэн. Үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ улс төрийн агуулгаар өөрчлөлт хийвэл хол явахгүй. Яагаад гэвэл 1992 оны Үндсэн хуулиар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. Эрхэм зорилгынхоо төлөө ажиллаагүй байж түүнийг нураах зүйлийг хийж болохгүй. Тиймээс судалгаа шинжилгээнд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэл бүхий өөрчлөлтийг хийх ёстой.

-“Дордохын долоо” заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд хүчингүй болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх хүн цөөнгүй бий. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Ардчиллынхаа суурь зарчмыг зөрчсөн өөрчлөлт байгаа. УИХ- ын дэд даргыг сонгохдоо илээр санал хураахаар хуульчилсан. Гэтэл ардчиллын зарчимд ил санал хураалт байдаггүй. Мөн “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” хэмээн заасан. Эрх зүйн шинжлэх ухаанд нэг танхимтай парламенттай улс оронд УИХ- ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаггүй юм. Үүний бэрхшээлийг бид амсаж байна.

Үүнээс гадна УИХ-ын ирцийг бууруулсан нь үнэхээр оновчгүй өөрчлөлт болсон.

УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэхээр өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүний ердөө 19 нь хуульд өөрчлөлт оруулж байна. Төлөөллийн ардчиллын хувьд' ч болохгүй зүйл шүү дээ.

Түүнчлэн 75 хоног хуралддаг байсан УИХ-ын чуулганы хугацааг 50 хоног болгон бууруулсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд ихэнх намар, хаврын чуулганы хугацааг сунгаж хуралдахын зэрэгцээ байнга шахуу ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байна. Энэ нь өөрчлөлт буруу байсны илэрхийлэл. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт бол алдаа байсан.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа улс төрийн намуудын зөвшилцөл дээр тулгуурлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх юм. Гэтэл зарим эрдэмтэн намуудаас илүүтэйгээр нийгмийн зөвшилцөл дээр тулгуурлан өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөвшилцлийн үр дүнд өөрчлөлт хийх ёстой. Төлөөллийн ардчиллын сул тал нь төлөөлөлд нэг хүчин давамгай байвал нэг байр сууриар асуудал шийддэг эрсдэл бий. Энэ үүднээсээ аюултай. Тиймээс нийгэмд зөвшилцөл байх ёстой. Нийгмийн нэг хэсэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ард түмний саналд тулгуурлан зөвшилцөл хийсний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Мөн ард иргэдийг мэдээллээр хангахгүйгээр өөрчлөлт хийх тухай асуудал байж огт болохгүй.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24