Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЭРХ ЗҮЙН АКТ МӨН ҮҮ?

 

  1. Удиртгал

Монгол Улс 1990-ээд оноос ардчилсан тогтолцоонд шилжснээс хойш эрх зүйн хөгжилд дэвшил гарсан гэж үзэж болох ба үүний бодит жишээ нь 1992 оны Монгол улсын шинэ Үндсэн хууль юм.  Аливаа улсын эрүүгийн эрх зүйн хөгжилийн чиг хандлагыг тодорхойлох үндсэн нэг шалгуур нь тухайн улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль юм.[1] 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөж эхэлснээс хойш Улсын Их Хурал нийт 9 удаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.[2] Улсын Их Хурлаас батлан гаргадаг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн Засгийн газрын тогтоолоор 11 удаа өөрчлөгджээ.[3] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримталж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгааг энэ удаагийн нийтлэлээр харуулахыг зорьсон бөгөөд Монгол улсын Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй атлаа томоохон өөрчлөлт удаа дараа хийж буй эрх зүйн зарим актыг хөндөв.

  1. Засгийн газрын тогтоол

Засгийн газрын үйл ажиллагааны эрх зүйн хэлбэр нь түүний тогтоол, захирамж бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр заавал биелэгдэх хууль зүйн хүчин чадалтай байдаг. Эдгээр актууд нь хуулийг үндэслэн, тэдгээрийг биелүүлэхэд чиглэгддэг.[4] Засгийн газрын бүрэн эрхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудал хамаарах бөгөөд  хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээнд баримтлах цагийн үндсэн цалин /хөлс/-гийн доод хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохьцуулах зорилготой байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний[5] тухай хуульд зааснаар “тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид “ажилтан” гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” гэнэ.[6]  

ХХДХ нь эрүүгийн эрх зүйгээр зохьцуулагдах эсхүл түүнд нөлөөлөх хүчин зүйл биш бөгөөд хөдөлмөрийн эрх зүйгээр зохьцуулагддаг харилцаанд зөвхөн ажил олгогч, ажилтан 2-н хоорондох харилцааны тэгш, шударга байдлыг хангахад мөрдлөг болгосон хэмжүүр юм.

    ЭБШХ-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “Эрүүгийн гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч” гэж тодорхойлсон бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2009-05-22-ны өдрийн тогтоолд  “эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол” гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно” гэж тайлбарлажээ.[7] Хуулийн агуулгаас харахад тухайн эд зүйлийн өртөгөөс үл хамаарч өмчлөгч, эзэмшигчийн хэрэгцээт эд хөрөнгө, эд зүйл халдлагад өртсний улмаас үгүй болсон, эдэлж хэрэглэх боломжгүй болсон бол өмчлөгчид эзэмшигчид эдийн хохирол учирсан гэж ойлгохоор байна. Өмчлөгч, эзэмшигчид учирсан эдийн хохирол, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хоёр өөр ойлголт бөгөөд гэмт халдлагад өртсөн хохирогчийн эд хөрөнгийн хохирлыг жишээ нь өнөөдрийн байдлаар мөрдөгдөж буй ХХДХ-ээр тооцож  192,000 төгрөгний хохирол учирсан иргэнийг 191,000 төгрөгний хохирол учирсан иргэний эрхээс давууд үзэх нөгөө талаар жишээ нь 192,000 төгрөгний эд зүйл хулгайлсан этгээдэд ял шийтгэл оногдуулж 191,000 төгрөгний эд зүйл хулгайлсан этгээдийг бусдад учруулсан хохирлын хэмжээ нь бага бус гэж үзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, гэснийг зөрчиж  төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг буюу Монгол Улсын Үндсэн Хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг хангалттай биелүүлж чадахгүй байгааг харуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан “Хохирол нөхөн төлүүлэх эрх”-ийг хангах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааны үндэс нь хохирлын төрөл, хэмжээг тогтоох, үнэлэх асуудал юм. Учир нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирлын төрөл, шинж, чанар, хэр хэмжээг зөв тогтоосноор, түүнийг зөв үнэлснээр хохирогчийн “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх” хангагдах учиртай.[8]

    Засгийн газраас ХХДХ-г шинэчлэн тогтоож буй нь Эрүүгийн хуульд шууд нөлөөлж гэмт этгээд ял завших, хохирогч эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх эрх зөрчигдөж иржээ. Үүнийг тодруулахын тулд 2002 оны Эрүүгийн хууль батлагдснаас хойш ХХДХ хэрхэн өөрчлөгдснийг хүснэгтээр харуулъя.

 

Засгийн газрын тогтоолын огноо, бусад

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Хугацаа

1

2002.12.25 № 263

30000 төгрөг

2 жил

2

2004.01.07 № 4

40000 төгрөг

1 жил 4 сар

3

2005.05.25 №112

42500 төгрөг

7 сар

4

2006.02.08 №14

53000 төгрөг

9 сар

5

2007.01.10 №12

69000 төгрөг

6 сар

6

2007.07.10 №174

80000 төгрөг

2 сар 17 хоног

7

2007.09.27 №240

90000 төгрөг

3 сар

8

2007.12.26 №350

108000 төгрөг

3 жил 5 сар

9

2011.04.05 №1

140400 төгрөг

3 жил

10

2013 .04.11№07

192000 төгрөг

одоог хүртэл

11

2016 .04.20 №04

240000 төгрөг

2017 оны 01.01-нээс мөрдөнө.

 

    Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйл. Хохирлын хэмжээг тодорхойлох

    29.1.Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус, тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж, нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг их, хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно.

    Эрүүгийн хуулийн 16 дугаар зvйлд “Эрvvгийн хуульд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээр  заасан, нийгэмд аюултай vйлдэл, эс vйлдэхvйг гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон. Хуулийн дээрх шаардлагад эд хөрөнгийн үнэ цэнэ /үнэлгээ/ тухайн үед мөрдөгдөж байсан ХХДХ хүрээгүй нь гэмт хэрэгт тооцохгүй байх шаардлага байхгүй байна. Эд хөрөнгө гэмт халдлагад учирсан тохиолдолд бодит хохирлыг тооцохын тулд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тухайн эд зүйлд үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээий тухай хууль түүнд нийцүүлж гарсан журамыг удирдлага болгож тухайн эд хөрөнгийн  зах зээлийн үнийг харгалздаг. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэхь хэсэгт “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно” гэжээ.

    Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт ”үнэ цэнэ” гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүн” гэж тодорхойлсон байх бөгөөд ХХДХ нь эд зүйлийг үнэлэх шалгуур биш болох нь хуулийн тодорхойлолтоос харагдаж байна.  Хөрөнгийн үнэлгээ, холбогдох журмыг баримтлан эд хөрөнгөд учирсан хохирлыг тооцсны дараа “иргэн танд учирсан хохирол ХХДХ-нд хүрэхгүй байна” хэмээн Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийг баримтлан уг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах эсхүл бусдын эд хөрөнгөд гэмт халдлагаар хохирол учруулсан этгээдэд “таны бусдад учруулсан хохирол ХХДХ-нд хүрээгүй тул та чөлөөтэй” хэмээн ял завшуулж байгаа нь шударга ёсонд нийцэж байгаа эсэхэд анхаарлаа хандуулах цаг болжээ.

    Жишээ 1. Тэтгэврийн хөгшин А-гийн хэрэглэдэг хөөрөг 190,000 төгрөгний үнэтэй. Жирийн албан хаагч Б-Гийн хөөрөг 200,000 төгрөгний үнэтэй, бизнесмен В-гийн хөөрөг 10 сая төгрөгний үнэтэй. Гурван иргэн хулгайн гэмт хэргийн улмаас хөөргөө алдсан. Иргэн А-гийн хувьд түүний эдэлж хэрэглэдэг хөөрөг нь ХХДХ буюу 192,000 төгрөгт хүрэхгүй тул түүнийг хулгайлсан этгээд энэ хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй тул тэтгэврийн хөгшин хохироод гэмт этгээд ял завшаад үлдэнэ.

     Б-гийн хөөргийг хулгайлсан этгээд ял шийтгэл хүлээнэ, учир нь ХХДХ-нээс илүү буюу 8,0 мянган төгрөгөөр илүү үнэлгээтэй хөөрөг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол /ХХДХ-г 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ/ учруулсан тул ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /960,000-9,600,000 төгрөг/ торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Гэмт этгээд эрхэлсэн тодорхой ажилгүй тул 200,000 төгрөгний үнэтэй хөөрөг хулгайлсны төлөө 960,000 төгрөгний торгууль төлөх боломжгүй тул хохирлоо төлсөн байсан ч торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй.

    Бизнесмен В-гийн хөөргийг хулгайлсан этгээд бусдад үлэмж хэмжээний /ХХДХ-г 50-аас дээш 125 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж гэнэ. Үлэжм хэмжээ 9,600,000 төгрөгнөөс эхлэх бөгөөд 9,590,000 төгрөгний эд зүйл хулгайлсан бол бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ/ хохирол учруулсан тул ХХДХ-г 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /9,792,000-48,000,000 төгрөг/ төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэмт хэрэг үйлдсэн этгээд төлбөрийн чадваргүй тул торгуулийн ял биелэгдэх боломжгүй, хохирлоо бүрэн төлсөн буюу хөөргийг буцааж өгсөн байсан ч баривчлах эсхүл хорих ялаар шийтгүүлнэ.

ХХДХ шинэчлэгдэж, нэмэгдэж байгаа боловч нөгөө талаар амьжиргааны түвшин доогуур байгаа үед 192,000 төгрөгнөөс доош үнэтэй эд зүйл хэрэглэж байгаа иргэд гэмт халдлагад өртсөн тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх эрх нь хангагдахгүй нөгөө талаар хуулийн энэ цоорхойг ашиглаж 191,000 төгргөгний эд зүйл удаа дараа хулгайлсан, булаасан, залилсан, завшсан этгээдүүд хэзээ ч эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй болж байна.

    ХХДХ буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хэмжүүрийг Эрүүгийн хуульд тусгаснаар иргэдээ санхүүгийн боломжит байдлаар нь ялгаварлан гадуурхсан, нөгөө талаар шударга ёсны зарчим алдагдаж эрүүгийн ял, хариуцлага тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэсэн Эрүүгийн хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан зарчим зөрчигдөхөд хүрч буй нөхцөл байдал үүсчээ.

2002 онд гэмт халдлагын улмаас 30,000 төгрөгний хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг байсан бол өнөөдөр 192,000, 2017-01-01-нээс 240,000 төгрөгний хохирол учруулвал эрүүгийн хариуцлага хүлээхээр байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуульд Засгийн газрын тогтоол хэрхэн “хууль бусаар ”өөрчлөлт оруулж үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэхийг хууль биш Засгийн газрын нэг эрх зүйн акт шийдэж  байгааг харуулж байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөг гол шалгуур тул эрүүгийн эрх зүйн онцгой харилцаанд өөр төрлийн эрх зүйн харилцаанд хэрэглэгддэг нэр томъёог ашиглахгүй байхад хууль тогтоогчид анхаарлаа хандуулах цаг болжээ.

 


[1] Б.Өнөрмаа, Монгол Улсын эрүүгийн эрх  зүйн хөгжлийн чиг хандлага нийтлэлээс түүхэн хөгжилийн талаар дэлгэрэнгүй харах

[2] 2007-12-26, 2008-02-01, 2008-04-25, 2009-12-24, 2011-12-15, 2012-01-19, 2014-01-16, 2015-08-17, 2016-12-22

[3] Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтооход шууд нөлөөлдөг.

[4] Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиас дэлгэрэнгүйг харах

[5] Цаашид ХХД гэж томъёолно.

[6] Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйл

[7]   Улсын Дээд Шүүхийн тогтоол, 2009-05-22, № 15,  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тайлбар

[8] Хууль зүйн үндэсний хүрээлэн, 2009 он, "Хохирогчийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдал" судалгааны тайлангаас Монгол Улсад хохирогч өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадаж байгаа эсэхийг дэлгэрэнгүй харах.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24