Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны хоёрдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, Холбооны удирдлагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хуульчдад танилцуулж, саналыг сонсохын зэрэгцээ хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан юм.
Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдснаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Өв залгамжлал” сэдвээр, доктор М.Цэрэнбат “Шүүх ДНХ шинжилгээ”, “Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Хэнтий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 37 хуульч хамрагдлаа.
Мөн тус ажлын хэсэг нь Хэнтий аймгийн салбар зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд хуульч Б.Болортунгалаг Хэнтий аймгийн салбарын зохицуулагчаар сонгогдлоо.