Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЭРХ ЗҮЙ БА ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛААР

           Хуульчаар хязгаарлагдахгүй аливаа мэргэжилтэн эмч, багш, сэтгүүлч, инженер, татварын зөвлөх, мэргэшсэн нягтлан бодогч, үнэлгээчин, сэтгэл зүйч, эмийн санч үүгээр хязгаарлагдахгүй тусгай эрх, зөвшөөрөлтэйгээр бие даан үйл ажиллагаа эрхлэх хэн бүхнээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, төр өөрийн чиг үүргийг тухайн мэрэгжилтнээр дамжуулан хэрэгжүүлж буйн баталгаа, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын илэрхийлэл болгож тухайн мэргэжилтнээс тодорхой үүрэг хариуцлага хүлээж, ёс зүйтэй ажиллахыг шаарддаг ба үүнийг мэргэжлийн эрх зүй (германаар Standesrecht, Berufsrecht) гэнэ.

            Монголын хуульчийн мэргэжлийн эрх зүйн хөгжлийг Монголын хуульчдын холбоо байгуулагдаж Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлагдаж мөрдөж эхлэхээс (2014 оны 1 сарын 1) өмнөх үеийн болон түүнээс хойшх гэж хуваагаад Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм (Хуульчийн мэргэжлийн дүрэм) мөрдөгдөж эхэлснээс хойшх үеийн хуульчийн мэргэжлийн эрх зүйг судлан үзье. Энэхүү нийтлэл нь цуврал бөгөөд энэ удаад Хуульчийн мэргэжлийн эрх зүй, түүний бүрэлдэхүүн хэсгийг системчлэн, судлагдахуун болох талаас нь авч үзье.

 

            Хуульчийн мэргэжлийн эрх зүйн тогтолцоо буюу бүрдүүлдэг хэм хэмжээ

Хуульчийн мэргэжлийн эрх зүйн гол цөм буюу суурь нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм (Хуульчийн мэргэжлийн дүрэм гэх) уг Дүрмийг мөрдөх баталгааг хангах хуульч мэргэжилтнүүдээс бүрдэх Сахилгын хороогоор маргаан шийдвэрлэх эрх зүй юм. Хуульчийн мэргэжлийн дүрмийн эрх зүйн үндэс нь 2012 оны 3 сарын 7-ны өдөр батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу тус хуулийн 25-р зүйл. Тус хуулийн 45-р зүйлийн 45.15, 46-р зүйлийн 46.2.2-н дагуу нийт хуульчдын төлөөллөөс бүрдсэн Хуульчдын их хурлаас буюу хуульч мэргэжилтнүүд өөрсдөө Хуульчийн мэргэжлийн дүрмээ баталж мөрдөж байгаа нь энэхүү дүрэм Хуульчийн эрх зүйн цөм байх хамгийн гол шалтгаан.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих (support) буюу салшгүй хэсэг болох асуудлыг тусгайлан авч үзэж, судлах цаашид хөгжүүлэх шаардлагатай. Үүнийг зарим талаар хуульчийн мэргэжлийн ажлын баталгааны нэг хэсэг ч гэж үзэж болно.

           Зарим нэг хуульч, өмгөөлөгч нь Хуульч, өмгөөлөгчийн эрх зүйн баталгааг аль нэг байгууллага байгуулах эсхүл тусгайлсан хууль батлагдсанаар хэрэгжинэ гэж ойлгодог. Гэтэл Хуульч мэргэжилтний эрх зүйн баталгаа нь зөвхөн нэг хууль буюу тухайлбал Өмгөөллийн тухай хууль батлах байдлаар хэрэгжихгүй нь дээр дурдсанаар Хуульчийн мэргэжлийн эрх зүйг олон төрлийн хэм хэмжээ бүрдүүлж буйгаас тодорхой харагдана. Харин хуульчийн зүгээс мэргэжлийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулахад дэмжих буюу баталгаа болох гэж хэлж болох зохицуулалт байна. Эдгээр нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хуулийн этгээдийн хэлбэрээр эрхлэх бол (Нөхөрлөлийн тухай хууль), бие даан эрхлэх бол (ХАОАТтХ 29), нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах, сайн дурын нэмэлт тэтгэвэрийн сантай байх эсэх, Улсын өмгөөлөгчөөр ажиллах бол, Хууль зүйн сургуулиудын чанар стандарт, Хуульч, өмгөөлөгчийн туслахаар ажиллах бол гэх мэтчилэн хуульчийн мэргэжлийн ажлыг эрхлэх харилцааг тойрсон, холбогдсон эрх зүйн зохицуулалтыг системчлэн ойлгох, хөгжүүлэх асуудал судлагдаагүй бөгөөд цогц байдлаар хөгжөөгүй байна.

Хуульчийн мэргэжлийн дүрэм нь тунхаг хэсэг болон 5 анги, 20 бүлэг, 133 зүйлээс бүрднэ. Дүрмээр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх хуульч, өмгөөллийн үйлчилгээ эрхлэх өмгөөлөгч, шүүгч, прокурор, Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцох хуульчийн буюу нийт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон түүнтэй холбогдох бусад харилцаанд баримтлах хэм хэмжээ, стандартыг тогтоосон.

            Энэ удаагийн нийтлэлээр хуульч нь олон нийтэд мэдээлэл өгөхдөө, нийтлэхдээ ёс зүйгүй авир гаргаж байна, бусдын нэр хүндийг гутааж, сөрөг ойлголтыг олон нийтэд өгч байна, бусдыг гутаан доромжлох эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэх МХХ-ны Мэргэжлийн хариуцлагын хороонд цөөнгүй ирдэг асуудлыг авч үзье. Ийнхүү авч үзэхдээ материаллаг эрх зүй талаас хэрхэн ойлгож хэрэглэх талаар санал бодлоо хуваалцах ба үйлдэл нотлогдох эсэх гэх мэт процессын асуудлыг хөндөхгүй.

1. Хуульчийн мэргэжлийн дүрмийн 1-р анги буюу Нийтлэг үндэслэлд “Хуульч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно” (1.11). Мөн “Хуульч нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ ашиглахдаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль, энэ дүрмийг зөрчихийг хориглоно (1.14) гэсэн.   

Дээр дурдсан гомдол, мэдээлэлд (эдгээр ялгаатайгаар Хуульчийн мэргэжлийн дүрмээр зохицуулсан) дурдсан хуульчийн гаргаж буй үйлдэл:

  • тухайн  хуульч хуулийн зөвлөх, хуульч, өмгөөлөгчөөс гадна шүүгч, прокурорын ажил үүрэг эрхэлж буйгаар үл хамаарч эдгээр хориглосон заалтуудыг зөрчсөн эсэхийг хянан үзнэ.
  • Хуульчийн үйлдэл нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх (хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг задруулсан, саад учруулсан, сунжруулсан, гэрч, хохирогч хамгаалалт авах байдалд хүрсэн гм) нь их өргөн хүрээтэй байхаар ойлговол зохино.
  • Худал мэдээллийн хувьд бодит байдалтай нийцэхгүй байхыг шууд ойлгож болох бол харин төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл гэдгийг хуульч өөрөө эсхүл адилхан хуульч хүн хэрхэн ойлгох вэ гэдэг талаас бус харин жирийн иргэн, олон нийт бодит байдлаар өөрөөр хүлээж авах, ойлгож байгаа байдлаар тайлбарлагдана.
  • Хуульчийн зүгээс өгсөн мэдээллийг олон нийтэд өгсөн үү, нэг иргэн, байгууллагад өгсөн эсэх нь мэргэжлийн дүрмийг зөрчсөн эсэхийг хянан үзэхэд хамаарахгүй. Хуульчийн мэргэжлийн дүрмийн 1.11-д хуульчаас мэдээлэл хийхэд л энэ заалтад дурдсан үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно.
  • Түүнчлэн хуульчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан мэдээлэл гэдэгт жишээ хэлвэл … шүүгч нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэдэг нь илт байна эсхүл … хэргийг мөрдөн шалгаж буй ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь хэргийг хэт удаашруулж байна, энэ төрлийн хэргийг хянаад эрүүгийн хэрэг үүсгэдэггүй хандлагатай гм  олон нийтийн зүгээс хуульчийг хуулийн дагуу ажиллах эсэхт эргэлзэх эсхүл чадваргүй эсхүл, авилга хээл хахууль авсан байх гэсэн сэдэл, итгэл үнэмшил төрүүлэх мэдээллийг ойлгож болно.
  • Түүнчлэн хуульчийн зүгээс мэдээллийг хийхдээ цахим сүлжээг ашигласан, тухайн мэдээллийг хуульчийн л өөрийн цахим сүлжээ дэх найз нөхөд нь харсан зэрэг нь ач холбогдолгүй.

2. Хуульчийн мэргэжлийн дүрмээр дээр дурдсанаар нийтлэг байдлаар хуульчдад мэдээлэл хийхэд зарим үйлдлүүдийг хориглохын зэрэгцээ тодорхой тохиолдолд мэдээллийг хэрхэн хийж болохыг зөвшөөрсөн зохицуулалт хийсэн байна.

1) Дүрмийн 2-р анги 4-р бүлэг 4.6-д Өмгөөлөгч нь шаардлагатай гэж үзвэл:

- олон нийтэд нэгэнт ил болсон,

-нэхэмжлэлийн шаардлага, зөрчил, гэмт хэрэг, хориглоогүй бол холбогдох этгээдийн талаар (Хувь хүний нууц, амьдрал дээр Өмгөөллийн гэрээнд ихэвчлэн хориглосон байх тул холбогдох этгээдийг нэрлэх  боломжгүй),

- хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар (энэ нь 1.11-д заасан хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байхыг анхаарах шаардлагатай),

- нотлох баримт болон мэдээлэл цуглуулахад туслалцаа хүссэн (энэ төрлийн мэдээлэл хийх нь элбэг байх бөгөөд зөрчилд хамаарах эрсдэлгүй),

- гэмт этгээдийн зан байдал, аюул учруулж болохуйц гэдгийг анхааруулах (олон нийтийг хамгаалах зорилготой гэж үздэг).

Ийнхүү зөвшөөрсөн мэдээллийг хийхдээ Дүрмийн 1.11-ийг зөрчихгүйгээр байхыг онцгойлон анхаарах шаардлагатай.

2) Хуульчийн мэргэжлийн дүрмийн 3-р анги буюу Прокурорт хамаарах хэсгийн 9.7-д Олон нийтэд өгөх мэдээллийн талаар тодорхой дурдаж зохицуулсан ба харин 9.8-д Прокурорын зүгээс мэдээлэл хийхэд анхаарах зүйл буюу хязгаарлалтыг тогтоож өгсөн. Үүгээр  Хуульчийн мэргэжлийн дүрэм нь эрүүгийн хэрэгт хяналтыг хэрэгжүүлж буй Прокурорыг (цагдаагийн зэрэгцээ) хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь гэмт хэргийг илрүүлэх, олон нийтийг хамгаалах, тайвшруулах  зэрэг давуу талтай гэж үзсний илрэл гэж хэлж болно.

Эцэст нь дурдахад яг энэ төрлийн зөрчлийг гаргасан гэж Мэргэжлийн хариуцлагын хороогоор сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэр алга байгаа ч Хуульчийн мэргэжлийн дүрмийн холбогдох заалтыг хэрхэн ойлгох талаар уг дүрмийн төслийг хийхэд оролцож байхдаа хийсэн тэмдэглэл зэргээс Дүрмийн холбогдох заалтын албан бус тайлбарыг хийж байгаа нь дүрмийг цаашид хөгжүүлэх, судлах ач холбогдолтой. Түүнчлэн дээр дурдсанчлан МХХ-нд ирж буй гомдолд энэ төрлийн гомдол их байгаа тул хуульч бид олон нийт, цахим сүлжэээнд мэдээлэл хийхдээ Хуульчийн мэргэжлийн дүрмийг сайн, зөв ойлгож хэрэглэхэд бага ч атугай нэмэр болох магад хэмээн бодлоо. Цаашид цувралаар Хуульчийн мэргэжлийн эрх зүйн системчлэл, түүнийг хөгжүүлэх талаар судалгаа, Хуульчийн мэргэжлийн дүрмийн тодорхой  зохицуулалтын талаар тайлбар, Мэргэжлийн хариуцлагын хороогоор шийдвэрлэгдсэн тодорхой асуудлын талаар албан ёсны шүүмж, үзэл бодлоо болон гадаадын бусад оронд шийдвэрлэгдэж буй ижил төстэй, сонирхолтой шийдвэрийг судлан нийтэлж байх болно. Хуульчийн мэргэжлийн дүрмийн талаар болон нийтлэлийн талаар санал, шүүмжийг Ёс зүйн хороонд эсхүл шууд гишүүн надад хаяглан ирүүлэх аваас цаашдын судалгаа, нийтлэлийн ажилдаа ажил хэрэг болгох болно.

Хүндэтгэсэн,

Ёс зүйн хороооны гишүүн, Өмгөөлөгч Н.Баасанжав 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24