Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооны дарга, доктор Д.Сүнжид манай энэ удаагийн зочноор уригдлаа.
-Монголын Хуульчдын холбооноос энэ жил анх удаагаа Хуульчийн мэргэжлийн шалгалтыг явуулах гэж байна. Энэ удаагийн шалгалтын онцлог юу байгаа вэ? Шалгалт хэдэн хэсгээс бүрдэх вэ?
-2013 оноос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэсэн. Дагаж мөрдөх журмын тухай хуулиар тогтоосон хугацаагаар 2016 оны 04 сарын 15-наас буюу энэ жил Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн шалгалтыг анх удаа зохион байгуулах гэж байгаа нь буюу төрийн байгууллага биш мэргэжлийн холбооноос анх удаа зохион байгуулж байгаа нэг онцлог нь болж байна. Бүтцийн хувьд өмнөх хоёр жил зохион байгуулагдсан шалгалттай ижил сорилго буюу тест болон бодлогын даалгавар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Тэгэхээр уламжлалт бүтэц хэвээрээ гэсэн үг.
-Өмнө нь тухайн шалгалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулж явуулдаг байсан. Яагаад ийм өөрчлөлт гарсан бэ?
-Боломжтой чиг үүргийг бусад этгээдэд шилжүүлэх төрийн бодлогын хүрээнд нийтийн эрх зүйн статустай мэргэжлийн чиг үүргийн холбоодод зарим чиг үүргийг шилжүүлэх асуудал ярьдаг. Тэр бодлогын хүрээндээ Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хуульчдын мэргэжлийн байгууллага байгуулан үйл ажиллагаа явуулахаар хууль батласан тул энэ байгууллагадаа мэргэжлийн шалгалтын чиг үүргийг нь өгье гэж хуулиар шилжүүлсэн чиг үүрэг л дээ. Зохион байгуулалтын хувьд яамнаас авах уу, хуульчдын холбооноос авах уу гэдэг нь тийм чухал бус, үндсэн зорилгоо хангаж байвал хэн хариуцах нь шалгалт өгч байгаа хүндээ ач холбогдолгүй. Ерөнхийдөө Хуульчдын холбоо нэгэнт байгуулагдаад шүүгч, прокурор, өмгөөлөгч бусад хуульчдаа нэгтгээд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс цаашдаа хуульч бэлтгэх бодлогоо тодорхойлох, хуульчдаа давтан сургах зэрэг асуудлыг Хуульчдын холбоондоо байгаа нь зөв гэж үздэг.
-Шалгалтын бүртгэл дууссан байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр их хүн хамрагдахаар байгаа вэ. Өөрчлөлт гарсан уу?
-Шалгалтын бүртгэлийг харахад 1348 хүн шалгалтанд орохоор цахимаар бүртгүүлсэн байсан. Гэхдээ хасагдах нэмэгдэх асуудал гарч ирж магадгүй. Хуулинд зааснаар юуны түрүүнд хуульчийн шалгалт өгөхийг хүсэж байгаа бол эрх зүйн бакалаврын боловсрол эзэмшсэн байх ёстой. Магадлан итгэмжлэгдсэн аль нэг хууль зүйн их дээд сургуульд сурч төгссөн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Хоёрдугаарт бакалаврын боловсрол эзэмшсэнээс хойш хоёр жилээс дээш мэргэжлийн дадлага хийсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл энэ жил төгссөн мөртлөө шалгалтанд бүртгүүлсэн тохиолдол байна. Тийм хүсэлт гаргасан хүний бичиг баримтыг нь шалгаад бүртгэлээс хасна гэсэн үг л дээ. Ийм байдлаар хуулийн шаардлага хангаагүй бүртгүүлсэн хэсэг хүмүүс хасагдаж болзошгүй байгаа. Мөн онлайнаар бүртгэлээ хийсэн хэрнээ банкны гүйлгээний сүүлийн өдрийн ачааллаас шалтгаалан төлбөр нь баталгаажаагүй гэсэн хэдэн гомдол байгаа. Магадгүй банкны ачааллаас болоод мөнгө нь шилжиж орж ирээгүй нь нотлогдсон хүмүүсийг нэмж бүртгэх боломжтой. Эдгээр асуудлыг хянаад, өргөдөл гомдлыг энэ сарын найман хүртэл хүлээн авна. Ингээд бодоход ойролцоогоор 1300 гэдэг бүртгэлийн тоо байна. Энэ нь өмнөх жилээс өссөн тоо юм. Өмнөх хоёр жилд 1200 орчим хүн бүртгүүлж байжээ. Тэгэхээр шалгалт өгөхөөр бүртгүүлж байгаа хүний тоо буурахгүй байгаа учраас хэрэгцээ байгаа нь харагдаж байна. Яагаад буурахгүй байна вэ гэхээр өнгөрсөн жилүүдэд нийт шалгалт өгсөн хүний 30-40 хувь нь тэнцсэн байдаг. Тэгэхээр тэдгээр тэнцээгүй хүмүүс маань ахиад өгөх боломжтой. Мөн хуульд заасан болзлоо хангасан байгаа хүмүүс шинээр шалгалт өгч байгаа. Тийм учраас энэ тоо иймэрхүү харьцаатай байгаа байх.
-Манай улсын хөдөлмөрийн зах зээлд энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ байна гэж харж байна уу?
-Зах зээлийн хуулиараа зохицуулагдаж байна гэж хэлж болно. Компаниуд манайд заавал хуульч хэрэггүй эрх зүйч байхад хангалттай гэж үзээд ажлын байрны тодорхойлолтыг хангаж байна гэж үзэх юм бол шалгуур үзүүлэлтүүдээ тавиад ажиллуулах нь нээлттэй. Өөрөөр хэлбэл заавал хуульч байхыг шаарддаггүй. Эрх зүйчид байж болох орон зай гэсэн үг. Хуульч хаана хэрэгтэй вэ гэхээр өмгөөлөгч, шүүгч, прокурор болоод ажиллах тэр орон зайд хэрэгтэй. Шүүгч, прокурорууд харьцангуй цөөхөн тооны байдаг. Нийлээд мянга орчим байна. Бусад орон зайд өмгөөлөгч бусад хуульчид буюу бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэж байгаа хуульчид бий. Хуульчдын эрэлт хэрэгцээ байна уу гэдгийг зах зээлийн багтаамж л тодорхойлно. Хичнээн их өмгөөлөгч байгаад ажлын санал байхгүй, үйлчлүүлэгчгүй бол яах билээ. Тиймээс ажлын байр, хууль зүйн үйлчилгээний эрэлтэндээ нийцээд зарим нь шахагдаж, зарим нь нэмэгдэж яваа байх.
-Аливаа шалгалт араасаа хэл ам дагуулдаг болсон. Том ч бай жижиг ч бай. Энэ удаагийн шалгалтын нууцлал нь хэр байгаа вэ?
-Энэ их чухал сэдэв байнаа. Шалгалт авахаар яалт ч үгүй нууцлалын асуудал ярихгүй бол болохгүй. Сүүлийн хоёр жил зохион байгуулсан туршлагаас харахад цахимаар зохион байгуулдаг учраас хялбар болсон байна. Хэл ам багатай. Цахимаар танд хоёр зуун тест ирвэл та өөрөө бөглөчихнө. Тэр даруйдаа тэдэн оноо авлаа гээд шууд дэлгэцэн дээр гараад ирнэ. Тэнцсэн тэнцээгүйгээ шууд мэдэх боломжтой. Тэр авсан оноо нь автоматаар нэгдсэн санд шууд бүртгэгддэг. Тестийн хувьд эргээд хянахад хялбар болжээ. Хэрэв шалгуулагчдаас гомдол байвал хүлээж аваад шийдвэрлэх тухай бас журамд заасан байгаа. Хуульчийн мэргэжлийн шалгалтын комисс болоод Монголын Хуульчдын холбооны ажилтнууд зохион байгуулалтыг бэлтгэлийн хариуцаж байна. Шалгалтын комисст орсон шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч профессоруудын төлөөлөл, хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл бүгд хамтраад төлөвлөгөөний дагуу үүргээ хуваарилаад хариуцаад ажиллаж байна.
-Энэ жилээс өмгөөллийн эрх авахаар болж байгаа гэж байсан. Энэ талаар та жаахан дэлгэрүүлж өгөөч.
-2013 оноос хуульч гэж хэн бэ гэхээр өмгөөлөгч, хуульч, прокуроруудыг хэлдэг болсон. 2014 оны хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг мөн ойлгож байна. Өмнө нь бид их өргөн хүрээтэй ойлгодог байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, цагдаагийн албан хаагч, нотариатч бүгд хамаардаг хуульчийг өргөн хүрээнд хардаг байлаа. Одоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлаж хуульд шууд тоочсон байгаа.
-Ямар болзол хангасан, ямар албан тушаал хашиж байсан иргэд шалгалт өгөх эрхтэй вэ?
-Хуулинд зааснаар бол УИХ-ын гишүүний туслах, зөвлөх мөн прокурор, шүүгч, өмгөөлөгчийн туслах хийж байсан бол мэргэжлээрээ дадлага хийсэнд тооцно. Мөн хууль зүйн сургуулийн багш, судлаачаар ажилласан бол тооцно. Дээрээс нь Хуульчдын холбооноос мэргэжлийн дадлагад тооцох журам гаргах ёстой. Тэр нь өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар үзүүлдэг үйлчилгээ байх боломжтой. Түүнийг Хуульчдын холбооны зөвлөлөөс журмаар тогтоох юм. Тухайлбал, өмгөөлөгчийн туслах хууль зүйн туслалцааны ажлыг цагаар гүйцэтгэсэн бол яаж тооцох вэ гэдгийг тодорхойлно. Нэмээд хэлэхэд гадаадад хийсэн мэргэжлийн дадлагыг тооцох талаар мөн тус журмаар зохицуулах юм.
-Компаниудад хуулийн зөвлөх хийж байгаа хүмүүс хамаарагдахгүй болж байна гэсэн үг үү?
-Хамаарна. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөхүүд, хуулийн ажилтанд ч бас хамааралтай. Мэргэжлийн дадлага хийсэн эсэх дээр асуудал гардаг хүмүүс нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нотариатчийн туслах, цагдаагийн ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, архив бичиг хэргийн ажилтан гэх мэт хүмүүс байдаг юм билээ. Ийм ажил хийж байсан хүмүүс мэргэжлээрээ ажилласан гэж өөрсдийгөө үзээд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн тохиолдол бас байна. Хуулинд ийм ажлыг мэргэжлийн дадлагад тооцох ямар ч зохицуулалт байхгүй. Нэгэнт хуулиас давсан журам гаргаж болохгүй учраас бүртгэх боломжгүй байна. 2013 оноос өмнө өөр хууль үйлчилж байсантай холбоотой цагдаагийн ажилтан болон нотариатын туслах зэрэг ажлыг мэргэжлийн дадлагад Улсын дээд шүүхийн тайлбараар тооцдог байлаа. 2013 оны 04 сарын 15-аас буюу өнөөдрийн хүчин төгөлдөр хууль үйлчилж эхлэхээс өмнө ийм ажил хийж байсан бол өнөөдөр ч уг ажлыг нь мэргэжлийн дадлагад тооцох боломжтой. Магадгүй 2000 онд хууль зүйн сургуулиа төгссөн 2013 оноос өмнө нотариатчийн туслахаар хоёр жилээс дээш ажилласан хүн байвал шалгалт өгөх эрхтэй гэсэн үг. Энэ тохиолдолд эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг зарчмаа л баримтална.
-Хуульчийн эрх зүй байдлын тухай хуулийн 9.1-т гадаадын иргэн, харьяалалгүй хүн шалгалт өгөх эрхтэй гэж заасан байдаг. Ер нь гадаад улсаас манай улсад ажиллаж амьдарч байгаа хэр их хүн байдаг вэ? Тэд шалгалтанд ордог уу?
-Манай улсад ганцхан хүн байдаг юм билээ. Монголд хууль зүйн сургууль дүүргээд хоёроос дээш жил мэргэжлээрээ ажиллаад хуульчийн шалгалтанд орж хуульчийн эрхийн гэрчилгээгээ авсан ганцхан Солонгос хүн байдаг гэсэн. Энэ жилийн тухайд бүртгүүлсэн гадны иргэн байхгүй.
-Шалгалтанд ороод эрх авсан хүмүүсийн эрх хугацаагүй байдаг. Харин сүүлийн үеийн төрийн албан хаагч нарын ажлын байр маш их тогтворгүй болсон. Энэ нь их том боломж юм даа.
-Эрх зүйн боловсролыг хүссэн хэн ч эзэмшиж болно. Оройн анги, эчнээгээр сураад эрх зүйн боловсрол эзэмшиж болно. Энэ бол хэрэглээний түвшин дэх асуудал. Яг хуульчийн тухайд яагаад өмгөөлөгч, хуульч, прокурор ба багш, судлаач гэж онцлоод байгаа учир нь хүний эрхийг хангах, халдах, хянах, бусдад мэргэжлийн хувьд туслалцаа үзүүлдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч талууд болдогтой холбоотой. Тэр утгаар нь хуульчид тавигдах боловсрол, дадлагын талаар хангах болзлыг тодорхойлоод, дараа нь мэргэжлийн шалгалт өгөх ёстой, зөвшөөрөл авах ёстой гэдэг шаардлага тавьж байна. Гэрчилгээ авч байгаа нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт мэргэжлийн хувьд хүлээн зөвшөөрүүлэх боломжтой. Цаашдаа аль нэг мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой. Нөгөө талаас нийгэмд үзүүлэх үр нөлөө талаас нь бодох ёстой. Зөвхөн хуульчдын нэр хүндийн асуудал биш хийж байгаа ажил нь бусдын эрх, эрх чөлөөтэй яалт ч үгүй холбогдож байгаа учраас тодорхой хэмжээний мэдлэг, ур чадвар эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байна.
-Манай хуульчдын чадвар хэр байгаа гэж та боддог вэ?
-Чанар, чадвар ярихын тулд бид ахиад анхан шатны бакалаврын сургалтаасаа эхлэх хэрэгтэй болно. Тийм учраас энэ хуулин дээр Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгссөн байх гэсэн шаардлага тавьж байгаа. Дараа нь ажилдаа хэрэглэх хэмжээний мэргэжлийн дадлага, ур чадварыг олж авах хэрэгтэй. Тэрний дараа та шалгалтанд тэнцээд гэрчилгээ аваад өөрийгөө хуульч гэж болно. Хуульчдын чанарыг ахиулах талаар Монголын хуульчдын холбоо хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, хуульчийн давтан сургалт, хуульчийн ёс зүй гээд л иж бүрнээр нь бодлогоо тодорхойлох асуудал.
-Дээрх гурван мэргэжлийг цаашдаа хэрхэн сонгох вэ?
-Шалгалтандаа тэнцээд гэрчилгээгээ авсаны дараа сонирхож байгаа ажлын байр чинь зарлагдсан байх ёстой. Шүүгч болоход Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан сул орон тоонд дахин шалгалт өгнө. Прокурор болоход зарлагдсан ажлын байр байвал өрсөлдөнө. Өмгөөлөгч болохын тулд Улсын Дээд шүүхэд очоод шүүхэд төлөөлөх эрхээ бүртгүүлчихэд болно.
-Бакалавр хэрнээ оройгоор, эсвэл эчнээгээр 2.5 жилээр төгссөн хүмүүсийн хувьд ирэх жилээс шалгалтанд орох эрх үүсэхгүй болно гэх яриа гадуур байдаг. Энэ зүйл хэр бодитой зүйл юм бол. Хэзээ хэрэгжих, яагаад ийм шийдвэр гарах талаар та мэдээлэл өгнө үү.
-Энэ жилийн хувьд орой, эчнээгээр төгссөн эрх зүйн бакалаврын зэрэгтэй хүмүүсийг шалгалтанд бүртгэж байгаа. Ирэх жилээс болино гэдэг маань юутай холбоотой вэ гэхээр Хуульчдын холбоонд хуульчдын мэргэжлийн шалгалт авах чиг үүрэг шилжсэн. Үүнтэй яг адил Хуульчийн эрх зүйн байдлыг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2016 оноос эхлэн хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх үүрэг нь шилжсэн. Магадлан итгэмжлэлийн зохицуулалтын талаар боловсролын хууль тогтоомжтой уялдуулан кредит, хөтөлбөрийг тодорхойлох журам нь боловсруулалтын түвшинд байгаа гэсэн асуудал хариуцсан хорооноос авсан мэдээлэлтэй байна. 2016 онд энэ журам батлагдана. 2017 оноос магадлан итгэмжлэгдсэн ямар их дээд сургуулийг төгсөөд эрх зүйн боловсролын шаардлага хангасан гэж үзэх нь тодорхой болно. Тэгэхээр бид тэр журмаа барина гэсэн үг. Тухайн шийдвэрээр хоёр болон 2,5 жилээр төгссөн хүмүүсийг оруулахгүй байж магадгүй. Яагаад вэ гэхээр сургалтын бодлого, хөтөлбөрийн багц цаг багтаамжтай холбоотой гэж таамаглаж байна. Журам яаж гарна, түүнийг мөрдөнө л гэсэн үг.
-Энэ маань нөгөө талаараа орой эчнээгээр төгссөн голдуу хоёр дахь мэргэжлээ эзэмшиж байгаа хүмүүсийг боомилсон зүйл гэж харагдахаар байна уу. Эсвэл сургалтын чанар муу байна уу?
-Сургалтын чанар муу сайн гэж хэлж чадахгүй. Сургалтын хөтөлбөрийн багц цаг гэж байдаг. Үндсэн онолын мэдлэг олж авахаас гадна хууль зүйн хэрэглээний хичээлийг багтаадаг. Тэгэхээр энэ 2,5 жилийн хөтөлбөрийн багтаамж хангалтгүй гэж таамаглаж байна. Нэг эрхийг хязгаарлахаар нөгөө эрхийг давуу болгож байдаг. Тэгэхээр хоёр эрхийг жигнэх л болдог. Энэ талаар Хуульчдын холбооны магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан хороо илүү тодорхой мэдээлэл өгөх боломжтой.
-Шалгалтыг нэг өдөрт багтаан авах уу?
-11 сарын 23-ны өдөр сорилгын шалгалтыг авна. Эхний шалгалтандаа тэнцсэн хүн дараагийн бодлогын шалгалтанд орно. Сорилгын шалгалтын 200 асуултыг 150 минутанд бөглөж 60 хувиа авах ёстой. Тэгээд эхний шалгалтын дүнгээ нэгтгээд оройд нь нэгдсэн байдлаар зарлана. Маргааш нь Үндсэн хууль ба захиргааны эрх зүй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүйн бодлогын шалгалт нийт хоёр хоног үргэлжилнэ.
-Шалгалтыг хаана авах вэ?
-Шалгалтыг цахимаар авах учраас олон компьютерийн баазтай, томхон өрөөтэй газруудыг түрээслэнэ. Одоогийн байдлаар таван тусдаа байранд шалгалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгалтыг орон нутагт бус зөвхөн Улаанбаатарт төвлөрч зохион байгуулна.
-Шалгалт удахгүй болох гэж байна. Шалгалтанд орж байгаа хүмүүст хэлэх зөвлөмж байгаа юу.
-Шалгалт хоёр хэсгээс бүрдэж байгаа. Сорилгын шалгалт маань хоёр зуун асуулттай байна. Журамд бүгд тодорхой бий. Мөн журамд заасан салбар эрх зүйн чиглэл бий. Хуульчдын холбооноос чиглэл өгөх зорилгоор шинээр сорилгын ном гаргасан. Бодлогын шалгалтын хувьд аргачлалыг нь эзэмших ёстой. Үндсэн хууль, Захиргааны эрх зүй, процессийн хамт нэг бодлого, Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессийн эрх зүйгээр бас нэг бодлого, Иргэний эрх зүй, Иргэний процессийн эрх зүй нэг бодлогоор шалгана. Нийтдээ гурван салбар эрх зүйн бодлого байна. Энэ гурван салбар дээр бодлого бодох аргачлалыг эзэмших, судлахыг зөвлөнө. Бодлогыг дүгнэхэд хамгийн сүүлийн хариу нь зөв байх төдийгүй тухайн хүний хууль хэрэглэх аргачлал, ур чадварыг нь бас дүгнэнэ. Хуульчдын холбооноос бодлого бодохтой холбоотой хууль хэрэглээний сургалт зарлаад эхэлчихсэн байгаа. Цаг зав байдаг бол суучихад илүүдэхгүй гэж бодож байна. Олон жилийн өмнө төгссөн хүмүүс бодлогын талаар харилцан адилгүй аргачлалын ойлголттой байгаа. Тиймээс хууль хэрэглээний сургалтын зорилго нь өнөөдөр бодлогын аргачлалын талаар нэгдмэл ойлголт өгөх юм. Шалгалтандаа цаг зав гаргаад бэлдээрэй гэж зөвлөмөөр байна.
-Танд баярлалаа.
Эх сурвалж: http://ner.mn/p/301