Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал аравдугаар сарын 14-нд Төрийн ордны “Их танхим”-д болж, холбооны Зөвлөл болон Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг батламжиллаа.
Хуралд Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 485 хуульч оролцсон бөгөөд хурлын нээлтийн ёслолд Засгийн газар, УИХ, Хууль зүйн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг төрийн байгууллагын төлөөлөл болон гадаадын зочид төлөөлөгчид урилгаар оролцсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар Хуульчдын холбооны Их хуралд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлснийг сонордуулсан юм.
Хурлыг Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нээж, “Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг сайжруулах, түүний удирдлага зохион байгуулалтыг төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хуульчдын санал санаачилга, идэвхтэй оролцоо нэн чухал” гэдгийг онцлоод Хуульчдыг цаашид Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвх, зүтгэл, сэтгэлтэй оролцоно гэдэгт найдаж байгаа илэрхийлсэн. Мөн тэрбээр “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар Хуульчдын холбоо нь хороодоор дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хуульчдын холбоо амжилттай ажиллаж буй нь хороодын гишүүд болон дарга нарын хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой” гэдгийг тэмдэглэн хэллээ.
Ээлжит бус Их хурлын хуралдаан даргалагчаар өмгөөлөгч З.Сүхбаатар, дэд даргалагчаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Оч, Улсын ерөнхий прокурорын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших нар сонгогдон, хурлыг дэгийн дагуу удирдан явуулав.
Энэ удаагийн ээлжит бус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох Зөвлөлийн гишүүдийг батламжлах асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулсны дүнд Сайн дурын хороодоос Зөвлөлд уламжилсан 43 гишүүн нь олонхын санал авч Зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Зөвлөлийн гишүүдийн нэрсийг ЭНД дарж үзнэ үү.
Мөн Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшээд байсан 30 хуульчийг батламжлах эсэх асуудлаар төгөөлөгчдийн дунд ил санал хураалт явуулсан бөгөөд төлөөлөгчдийн олонхын саналаар дараах 30 хуульч ирэх гурван жилд Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнээр ажиллахаар боллоо. Нэрсийг ЭНД дарж харна уу.
Хурлаар Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч зарим төлөөлөгчөөс эсрэг санал гарсан тул эдгээр асуудлыг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулж, төлөөлөгчдийн олонх нь хойшлуулахыг дэмжсэнээр хурал өндөрлөсөн юм.
Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлыг амжилттай зохион байгуулахад идэвх, санаачилгатай оролцож, хариуцлагатай ажилласанд Их хурал зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүд болон Холбооны Тамгын газрын ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлье.