Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн Ээлжит бус Их хурлыг нээж хэлсэн үг

    Эрхэм хүндэт хуульчид аа,

    Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлын эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, хатагтай, ноёд оо!

    Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлын төлөөлөгчид, нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочид болон нийт хуульчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

    Монголын Хуульчдын холбоо байгуулагдаад гурав дахь жилтэйгээ золголоо. Энэ жил Хуульчдын анхдугаар их хурлаар байгуулагдсан Хуульчдын холбооны зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэн эрхийн хугацаа дуусаж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу  Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох хамтын удирдлагын байгууллага болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт гаргах чиг үүрэгтэй бүтэц, түүний зохион байгуулалтын суурь бат бэхлэгдэж, цаашид төлөвшин хөгжих бодит боломж бүрдээд байна.

    Энэхүү боломжийг бүрдүүлэхээр  анхны бөгөөд амаргүй он жилүүдэд өндөр хариуцлага, нэр төртэйгээр хичээл зүтгэл гарган ажилласан Хуульчдын холбооны зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны анхны гишүүдэд талархал дэвшүүлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. 

    Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрмээр олгосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн болон Хуульчдын холбооны бүтцийн байгууллагуудыг бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх ажлуудыг тогтмол хийж ирлээ.

    Эрхэм хүндэт хурлын төлөөлөгчид, зочид оо!

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан Хуульчдын холбооны чиг үүргийн хэрэгжилтийн хүрээнд 2016 онд хийгдсэн ажлын талаар цухасхан дурдъя.

    Нэгдүгээрт: Хуульчдын холбоо нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Хуульчдын холбооны Хуульчдын нэгдсэн бүртгэлд  5405 хуульч, Өмгөөллийн хуулийн этгээдийн бүртгэлд 127 нөхөрлөл тус тус  бүртгэгдээд байна.

    2016 онд нэгдсэн бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, механик ажиллагааг багасгах үүднээс Бүртгэлийн нэгдсэн программтай болохоор ажиллаж буй бөгөөд  ирэх онд бүрэн ашиглалтад орох болно.

    Хоёрдугаарт: Хуульчдын холбооны төсвийн бүрдүүлэлт, үйл ажиллагааг хэвийн явуулах хөрөнгө, санхүүжилтийг зохих журмын дагуу бүрдүүлэн ажиллаж байна. Гишүүдийн татвар төлөлтийг сайжруулах, орон нутгийн хуульчдын төлбөр тооцоог түргэн шуурхай хийх үүднээс арилжааны 5 банкаар дамжуулан татвар болон сургалтын төлбөрийг хүлээн авч, харилцагч байгууллагуудын төлбөр тооцоог цахим банкаар дамжуулан түргэн шуурхай хийж гүйцэтгэж байна.

    2016 оны 04 дүгээр сард Холбооны 2014, 2015 онуудын санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын компаниас өгсөн зөвлөмжийг санхүү, бүртгэлийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Гишүүдийн төлбөр, тооцооны мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс санхүүгийн бүртгэлийн программтай болсон бөгөөд одоогоор өмнөх онуудын мэдээллийг оруулах, цахим горимд холбох ажлууд хийгдэж байна. Ингэснээр гишүүд өөрсдийн төлбөр тооцоог цахимаар, тухай бүр хянах, тодорхойгүй татвар төлөлт багасах, үүргийн зөрчилтэй гишүүдэд хариуцлага тооцох ажиллагаа боловсронгуй болох юм. Мөн Хуульчдын холбооны цахим хуудсанд шилэн дансыг байршуулан хөтөлж байна.

    Гуравдугаарт: Хуульчдын холбоо 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргийг хэрэгжүүлж эхэллээ.

    Мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын төслийг боловсруулж, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хуульчдын холбооны зөвлөлийн хурлаар “Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам”-ыг батлав. Энэ хүрээнд Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байна. Одоогийн байдлаар шалгалтад оролцохоор урьдчилан бүртгүүлсэн эрх зүйчдийн тоо 2000 давжээ. Хуульчийн шалгалтыг өмнөх жилүүдийн туршлагад үндэслэн технологийн дэвшилтэт арга, хэлбэрийг ашиглан, ил, тод нээлттэй хэлбэрээр улам боловсронгуй зохион байгуулахад анхааран ажиллаж байна.  

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д заасны дагуу хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх комиссыг байгуулаад байна. Энэ комиссын гишүүд хуульд заасан магадлан итгэмжлэх журам, стандартуудын төслийг боловсруулж байна.

    Дөрөвдүгээрт: Хуульчдын холбоо нь хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна.

    Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдаж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 198, 199 дүгээр зарлигаар зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийг албан тушаалаас чөлөөлж буцаан томилохдоо нэр бүхий 12 хуульчийг дахин томилоогүй, нэр бүхий 34 шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхэд шилжүүлэн томилсон. Тус хуульчид “Ерөнхийлөгчийн зарлиг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, халдашгүй байдлыг зөрчсөн” гэж үзэн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах асуудлаар Хуульчдын холбоонд удаа дараа хандсан юм.

    Монголын Хуульчдын холбооноос нэр бүхий хуульчдыг дахин шүүгчээр томилоогүй, өөр шүүхэд шилжүүлэн томилох болсон үндэслэл шалтгааныг тодруулах, шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах тухай асуудлаар холбогдох албан бичгүүдийг Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад албан тушаалтанд удаа дараа хүргүүлэх, хуульчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр энэ асуудалд тогтмол анхаарлаа хандуулж ирсэн.

    Мөн Засгийн газраас шүүгчийн цалинг бууруулах төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, Монголын Хуульчдын холбооны зүгээс “шүүгчийн цалинг бууруулах нь шүүгчийн хараат бус байдалд халдаж буй хэрэг” гэсэн агуулга бүхий уриалгыг Улсын Их хурлын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдэд хүргүүлж, танилцууллаа.

    Тавдугаарт:  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан Хуульчдын холбооны чиг үүргийг хуульчдад болон олон нийтэд сурталчлах, холбогдох хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой сарын аяныг ээлж дараалан зохион байгуулав. Үүний нэг жишээ нь: Энэ оны 3 дугаар сарыг Өмгөөлөгчдийн хорооны нэрэмжит сар болгон “Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн чиг хандлага” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, өмгөөллийн нөхөрлөлд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхийн сацуу Өмгөөллийн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэсэн нөхөрлөлүүдэд "нотломж" олгосон. Энэ уулзалтын үр дүнд Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороог байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

    Зургадугаарт: Хуульчдын холбоо нь хуульчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлж, тэдний сурч боловсрох таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хуульчийн үргэлжилсэн сургалтын агуулга, стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

    2016 оны хувьд шинээр батлагдсан хууль тогтоомжийг хуульчдад сурталчлах, мэдээлэл өгөх чиглэлийн сургалтуудыг голчлон явуулахаар зорив.

    Хуульчийн үргэлжилсэн сургалтад видео сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн, Холбооны цахим хуудаст видео хичээлүүдийг байршуулж байна. Ингэснээр хуульчид орон зай, цаг хугацааны саадгүйгээр үргэлжилсэн сургалтын багц цагаа тооцуулах боломж нээгдэж буйг дуулгахад таатай байна.

    Хуульчдын холбооноос орон нутагт ажиллаж буй хуульчиддаа хүрч ажиллах, тэдний хэрэгцээ, шаардлагыг сонсох, үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилгоор энэ жил нийт 15 аймагт очиж ажиллав. Энэ үеэр тус аймгуудад Хуульчдын холбооны салбарын зохицуулагчийг томилоод байна. Мөн хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа эрхлэх чиг үүргийн хүрээнд Улаанбаатар хотын их дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг боловсруулж, хичээл заахаар бэлтгэж байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хуулийг энгийн, ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр сурталчлах зорилгоор “ХОТЫН ЦЭЭР” аяныг амжилттай хэрэгжүүлж эхэллээ.

    Долдугаарт: Хуульчдын холбоо нь хуульчдын дуу хоолойг сонсох, хууль тогтоомжийн шинэчлэлд хуульчдын байр суурийг шингээх, хуульчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх,  судалгаанд суурилсан шийдвэр гаргахад анхаарч 2016 онд хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, илтгэл нийтлэлийн уралдаан, судалгааны ажлыг түлхүү зохион байгууллаа. Тухайлбал: энэ оны 3 дугаар сард хийгдсэн “Прокурорын ажлын байрны хэрэгцээ, сэтгэл ханамж” судалгаа нь прокурорын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааны баталгааг хангах ажлуудыг зохион байгуулахад түлхэц болсон бөгөөд Хуульчдын холбооноос үүнд анхаарч, холбогдох албан тушаалтнуудад санал, хүсэлтээ хүргүүлж ажиллалаа.

    Наймдугаарт: Хуульчдын холбоо нь 2016 онд Холбоог олон нийтэд таниулах, сурталчлах чиглэлд анхаарч ажиллаж байна.

  Холбооны цахим хуудаст зочилсон хуульчдад мэдээллийг илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим хуудасныхаа бүтцэд шинэчлэлт хийлээ. Ингэснээр хуульчид өөрийн гишүүний эрхээрээ нэвтрэн татвараа төлсөн эсэх, сургалтын хэчнээн багц цаг хангасан эсэхээ чирэгдэлгүйгээр мэдэхийн сацуу сургалтдаа цахимаар бүртгүүлдэг болсон зэрэг олон давуу талыг бий болголоо.  

    Цахим хуудаст Хуульчдын холбооноос зохион байгуулсан, санаачилсан  үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг тогтмол нийтлэхийн зэрэгцээ Холбооны албан ёсны фэйсбүүк, твиттер хуудсуудад нийтэлж, идэвхтэй удирдаж байна. 

    Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж ТВ9, ТВ5, UBS, Монгол ТВ тэргүүтэй 10 телевиз, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” зэрэг  өдөр тутмын 4 сонин болон бусад цахим сайтууд, нийт 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

    Түүнчлэн Хуульчдын холбооны мэдээллийг цогц, нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор “Хуульчийн мэдээ” онлайн сонинг сар бүр эрхлэн гаргаж, хуульчдын и- мэйл хаягаар илгээж хэвшив. Тус сонины 7 дахь дугаар хуульч Та бүхэнд хүрээд байна. 

    Есдүгээрт:  Хуульчдын холбооны гадаад болон дотоод харилцаа өргөжин тэлсэн тун ч үр өгөөжтэй жил байлаа.

    Азийн 23 орны Хуульчдын холбоог нэгтгэсэн улс төрөөс ангид, бие даасан байгууллага болох Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалтыг анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулав. Түүнчлэн Австрали улсын Хууль зүйн зөвлөл, Хонконгийн Хуульчдын холбоо, Малайзын Хуульчдын холбоотой “Хамтран ойлголцлын санамж бичиг” байгуулан, ОХУ-ын Буриад улсын их сургуулийн Хуулийн факультет, ХБНГУ-ын Макс Планкийн сантай хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Дотоодын хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх арбитртай “Хамтран ойлголцлын санамж бичиг”  байгуулав.

    Аравдугаарт: Хуульчдын холбооноос хуульчдынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарсан бодлогыг хэрэгжүүлж, томоохон ресторан, фитнесс клуб, спорт заал, худалдааны төвүүдтэй гэрээ байгуулан, хуульчдад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж олгоод байгааг та бүхнийг сонорт хүргэхэд таатай байна.

    Эрхэм хүндэт хуульчид, Их хурлын төлөөлөгчид өө!

    Хуульчдын холбооноос 2016 оны сүүлийн улирал болон ирэх онд дараах чиглэлд анхааран ажиллах болно.

    Нэгдүгээрт:  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад түлхүү анхаарна. Тухайлбал: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн  дагуу үүргээ гүйцэтгээгүй хуульчдын зөвшөөрлийг хүчингүй болгох, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байсан хуулийн этгээд, өөрчлөгдөн байгуулагдаж хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болж бүртгэгдээгүй хуулийн этгээдийг Хуульчдын холбоо татан буулгах асуудлаар шүүхэд хандах зэрэг зохицуулалтын хэрэгжилтийг ханган ажиллана.

    Хоёрдугаарт:  Хууль зүйн үргэлжилсэн сургалтыг танхимын болон видео хэлбэрээр зохион байгуулж, сургалтын агуулгыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлээр тодорхойлсон “мэргэшсэн хуульч”-ийг бэлтгэх, шүүн таслах ажиллагаанд оролцогчдын хэрэгцээ, шаардлагад улам нийцүүлэхэд зорин ажиллах болно.

    Гуравдугаарт: Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж, хууль зүйн сургуулиудыг магадлан итгэмжилнэ.

    Дөрөвдүгээрт: Хуульчийн мэргэжлийн шалгалтын шалгуурыг өндөрсгөх, зохион байгуулалтыг сайжруулах, хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн агуулгатай уялдуулах чиглэлийг баримтална.

    Тавдугаарт: Хуульчдын холбооны Зөвлөхүүдийн Зөвлөлийг байгуулж, олон нийтийн анхааралд буй сэдвүүдэд анхаарлаа хандуулан ажиллана.

Эрхэм хүндэт хуульчид аа,

Эрхэм их хурлын төлөөлөгчид өө!

    Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг сайжруулах, түүний удирдлага зохион байгуулалтыг төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хуульчид Та бүхний санал санаачилга, идэвхтэй оролцоо нэн чухал.  Тиймээс хуульчид Та бүхнийг цаашид Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвх, зүтгэл, сэтгэлтэй оролцоно гэдэгт найдаж байна.

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар Хуульчдын холбоо нь хороодоор дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хуульчдын холбоо амжилттай ажиллаж буй нь хороодын гишүүд болон дарга нарын хүчин зүтгэлтэй салшгүй холбоотойг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

    Мөн хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсыг Монгол Улсад төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нээлттэй нийгэм форум,  бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, Монгол Улс дахь дипломат төлөөлөгчдийн газар, “Азийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бизнесийг дэмжих санаачилга төсөл, ХБНГУ-ын “Ханнс-Зайдель”-ийн сан,  Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Япон улсын Жайка олон улсын байгууллага болон бидэнтэй хамтран ажиллаж байгаа бусад олон улсын байгууллагуудад нийт хуульчдынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

    Монголын Хуульчдын холбооны ээлжит бус их хуралд хүрэлцэн ирсэн хүндэт төлөөлөгч, эрхэм зочид, нийт хуульчид та бүхний цаашдын ажилд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе!

    Монгол төрийн цааз эрхэмж мэргэн, Алтан буулга нь цэцэн байх болтугай.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24