Шүүгчийн цалинг тойрсон цаг үеийн асуудлаар ахмад хуульч Г.Лхагвамаатай ярилцлаа. Тэрбээр 35 жил шүүгчээр ажилласан ажээ.
-Шүүхийн шинэтгэлийн хамгийн том ололт бол шүүгчийн цалин байсан. Гэтэл одоо шүүгчийн цалинг бууруулахаар завдаж байгаа тухайд ямар байр суурьтай байна?
-Хүн болгон шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийг тэр бүр мэддэггүй, бусад албан тушаалтантай адилхан гэж ойлгодог учраас эмч, багштай зүйрлээд байна. Гэтэл шүүгч хүн бусад албан тушаалтантай харьцуулахгүй эрх мэдлийг хэрэгжүүлдэг, Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Наранд явах уу, нарсанд явах уу гэдэг хүний эрх, эрх чөлөө, амь нас, эд хөрөнгөтэй холбоотой хэрэг маргааны эцсийн шийдвэрийг шүүх шийдвэрлэдэг. Эцсийн шийдвэрийг шүүх л гаргадаг. Төр засгийг ч гэсэн ямар нам барих вэ, ямар хүн барих вэ гэдэг маргаан гарах юм бол шүүх л шийднэ шүү дээ. Тийм учраас шүүгчийн албан тушаалыг жирийн сэхээтэн эмч, багш нарынхтай зүйрлэх хэрэггүй. Төрөөс хангаж байх ёстой эдийн засгийн хамгийн том баталгаа бол шүүгчийн цалин. Өөрөөр хэлбэл, шүүгч мэдээж хүн л юм болохоороо үр хүүхэд, аав ээж, ах дүүгээ тэжээн тэтгэхээс эхлээд жирийн хүнтэй адилхан амьдралтай. Гэтэл тэр хүнд цалингаас өөр орлого байдаггүй. Хоёрдугаарт, ээдрээ түвэгтэй томоохон хэрэг маргааныг шийдэхэд тэр хүнд эр зориг, шулуун шударга зан, ур чадвар шаардлагатай. Ний нийгүй хэлэхэд шүүгчийн ажлыг хамаг бүхнээ золиосолж байж хийдэг. Тэр бүхнийг ганцхан цалингаараа л нөхөж, ажил амьдралаа зохицуулж яваа. Тийм учраас шүүгчийн цалин өндөр байх ёстой. Шүүгчийн цалин, авлигал хоёр урвуу хамааралтай гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь шүүгч хүн цалин өндөртэй байхгүй бол нөгөө талд нь авлига ихэсч байдаг гэсэн үг. Тэгэхдээ шүүгчийн цалин буурчихаар авлига авна шүү гэдэг утгаар гуйвуулан ойлгож болохгүй. Ерөнхийлөгчийн санаачилж, эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн багц хуулиар сүүлийн гурван жилд ямар ч байсан хүнээс царай алдахааргүй ажил, амьдралаа аваад явчихаар, үр хүүхдийнхээ төлбөрийг төлчихөөр, гайгүй шиг хоёр өрөө орон сууцанд амьдарчихаар хэмжээний цалинтай болчихлоо. Энэ цалинг нь нийгмийн адармаатай, хүнд үед хөндөх нь туйлын буруу гэж би бодож байга юм.
-Байхгүй цалинг авья гэж биш авч байснаа хамгаалж, шүүхийн шинэтгэлийн хүрсэн түвшингээсээ ухрахгүй байя гэж шүүгчид байр сууриа илэрхийлж байгаа?
-Тийм шүү дээ. 3 жилийн хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж ирснээсээ ухраахгүй байх тухай л ярьж байгаа.Олон улсын шүүгчдийн холбоо, НҮБ-ын тунхаглал, бусад олон улсын тунхаглалд ч шүүгч нарын цалинг бууруулж болохгүй гэсэн тодорхой заалтууд байдаг. Тийм учраас шүүгчийн цалинг бууруулна гэдэг бол энэ тунхаглалыг ч гэсэн зөрчөөд байгаа. Цаанаа сөрөг үр дагавар их дагуулдаг учраас төрөөс туйлын буруу бодлого барьж байна гэж ахмад хуульчийн хувьд би бодож байна. Хууль тогтоогчдын хуулийн болон онолын мэдлэггүй хандлага, тэр дундаа шүүх эрх мэдлийн онцлог, шүүгчийн цалинг бууруулснаас үүсэх үр дагаврыг мэдэхийн дээдээр мэдэх Ц.Нямдорж гишүүн эсрэг байр суурьтай байдагт би 35 жил шүүгч хийсэн хүний хувьд дотроо жаахан гомдолтой байдаг. Шүүх, шүүгчийг үгийн үзүүрт басамжлан доромжилж, төсөв мөнгөн дээр нь хавчин гадуурхаж, шүүхийн гадна хүртэл очиж, ганц машин байсан ч илүү үзэж, мушгин гуйвуулж хариуцлагагүй мэдэгдэж хийж байдаг нь хамгийн олон удаа хууль тогтоох байгууллагад улиран сонгогдсон туршлагатай улс төрчийн хувьд асар атгаг, өчүүхэн хандлага гэдгийг хуульчид төдийгүй, олон түмэн, сэтгүүчид харж мэдэрч байдаг байх. Энэ бол эмгэнэл шүү. Хууль тогтоогчдод шүүхийг төрийн нэгэн эрх мэдэл, засаглалынх нь хэмжээнд ажиллуулах сонирхол байхгүй байна. Одоо энэ төсөв, цалин дээр нь ч гэсэн бусад зардлуудаа нэмээд, шүүхийнхийг болохоор чинээнд нь тултал хасч, хэдэн шүүгчдийг банкны барьцаанд оруулж байж л санаа нь амрах гээд байгаа бололтой. Хуульч гишүүд нь ингэж хандахаар ард иргэд буруу зөрүү ойлгох нь аргагүй.
-Банкны барьцаанд гэдгийгээ та тодруулахгүй юу?
-Өнөөдөр Монголын шүүгчид бүгд шахуу банкны зээлтэй. Зээлгүй шүүгч гэж алга. Өнгөрсөн гурван жил цалин нь өсөхөөр хүн л болсон хойно байргүй нь байртай болох гээд байртай нь байраа томруулах гээд бүгдээрээ шахуу банкнаас орон сууцны зээл авсан. Одоо тэгээд банкны өмнө байцаагдах болчих гээд байна. Ийм л дүр зураг харагдаад байна шүү дээ. Шүүгч нар өр зээлээ төлж чадахгүй байгаа хүмүүсийн асуудлыг шийддэг хүмүүс шүү дээ. Өч төчнөөн хүн банкны зээлээ төлж чадахгүй, шүүх дээр хэрэг маргаан нь шийдэгддэг. Гэтэл өөрсдөө банкны төлбөрөө төлж чадахгүй гээд шүүх дээр ирэх гээд байна шүү дээ. Ингэснээр асар буруу практик тогтоно л доо. Нэгдүгээрт, тэр шүүгчийн хэргийг өөр нэг шүүгч шийднэ. Хоёрдугаарт, банкны зээлээ төлж чадахгүй хэргээ шүүхээр шийдүүлээд явж байгаа шүүгч, шүүхийн нэр хүнд гэж юу болох вэ. Шүүхийн нэр хүнд асар өндөр байж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг хуультай.
-Жил бүр шүүгчийн цалинг бууруулах, шүүхийн төсвийг танах тухай амтай болгон ярих нь жишиг тогтох нь. Энэ гажуудлыг цаашид яаж зогсоох вэ?
-Шүүгчийн цалинг бууруулж болохгүй гэдэг заалтыг Үндсэн хуульд оруулж өгвөл эцэс болно. Тэгэхгүй бол нэг нам солигдохоор л шүүгчийнхээ цалингаар оролддог, шүүхийг адладаг байдал гаарна.
-Монголын нийгэм даяараа бүсээ чангалж байхад ганцхан шүүгч нар өөрсдийнхөө цалинг бууруулахгүй гээд зүтгээд байна гэсэн хандлага байна?
-Нийтээрээ ард түмэн шүүгчийн албан тушаалын онцлогийг ойлгохгүй байгаад байна. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гурван байгууллага байдаг. УИХ, Засгийн газар, Шүүх. Тэгэхээр энэ гурван байгууллагын эцсийн шийдвэр гаргадаг, онцлог хариуцлагатай албан тушаал гэдгийг мэдэхгүй байна. Хоёрдугаарт, шүүгчийн цалинг хасахад үүсэх үр дагаварыг нь бас ойлгохгүй байгаад байна. Шүүгчийн цалинг хэрвээ хасах юм бол шударга ёс алдагдана. Шударга ёс, шүүгч хоёр бол нэг зоосны хоёр тал шүү дээ. Тэрийг ухамсарлах олон нийтийн ухамсар дорой байна л даа. Гуравдугаарт, бид ч гэсэн шүүгчийн албан тушаалын онцлог, хариуцлагыг ард иргэддээ дутуу дулимаг, ойлгуулсантай ч бас холбоотой ч байгаа байх.
Шүүхэд нэг тал нь ялж, нөгөө тал нь ялагддаг шүү дээ. Тэрнээс хоёр тал хоёулаа ялна гэсэн ойлголт, хууль гэж байдаггүй. Тэгэхээр шүүхээр үйлчлүүлж үзээгүйгээс гадна шүүхэд очоод ялагдчихсан тал нь шүүхийг шударга бус ажиллалаа, шүүгчийг хахууль авчихлаа гэдэг. Энэ ч бас нөлөөлж байна. Тэгээд шүүхэд баярласан хүмүүс бол хэл үггүй чимээгүй явчихдаг. Харин шүүхийн шийдвэрт гомдсон тал нь шүүх шударга бус байна гээд яриад яваад байдаг. Гэхдээ төр засаг олон нийт шүүгчийн цалинг хас гэж байна гээд хасдаг ёс үгүй. Төрд ой санамж, бодлого гэж байх ёстой. Тэгж ажилла гэж ард түмэн эрх мэдэл өгсөн. Ард түмний нэр барьж буруу зүйл хийх ёсгүй.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Шүүгчийн цалинг тогтоохдоо прокурор, мөрдөн байцаагчидтай адил байх ёстой гэдэг. Гэтэл мөрдөн байцаагч бол хуульч хүн биш. Прокурор бол хуульч мөн. Гэхдээ прокурор шүүгч хоёр цалин хангамж ижил байх ямар ч боломж байхгүй. Шүүн таслах ажиллагаанд оролцогч прокурор өмгөөлөгч хоёрын эцсийн шийдвэр, хар цагааныг шүүгч тунгаадаг. Гэтэл хар цагааныг тунгаадаг шүүгч хүн тэдэнтэй ижил цалинтай байж болохгүй. Ийм юмыг мэдэхгүйгээр шүүгчийг прокурортой адилтгаж, цалинг бууруулна гэж ярих нь их хоцорсон үзэл, сэтгэлгээ мөн. Социализмын үед прокурор ерөнхий хяналт хийдэг байсан үед шүүхийн дээр байсан үе бий. Одоо түүнийг УИХ-д хамгийн удаан жил сонгогдон ажилласан, урд нь прокуророор ажиллаж байсан хуульч санагалзаж, шүүгчийг прокурортой адилтгаад байх шиг байна. Одоо тэр цаг ард үлдсэн гэж хуульчид мэдэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
О.Цэлмэг
Эх сурвалж: Өдрийн сонин-2016.09.06