Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болж "Шүүхийн төсөв, шүүгчийн цалин” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороотой хамтран зохион байгуулсан юм. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, шүүгч Ц.Оч, Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Ц.Өрнөндэлгэр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, судлаач О.Мөнхсайхан нар оролцлоо.
Т.Мэндсайхан: Шүүхийн төсвийг бууруулах эдийн засаг, санхүүгийн бодит шаардлага байхгүй
Хэвлэлийн бага хурлын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "УИХ-аар өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд Засгийн газраас оруулсан саналыг үзэх юм бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн багцыг 3,9 тэрбум төгрөгөөр бууруулах тэр дундаа шүүгчдийн цалинг 3,2 тэрбум төгрөгөөр буюу 61-66 орчим хувь бууруулах саналыг оруулж байна. Энэ саналтай холбогдуулаад хоёр баримт хэлье.
УИХ-аас шүүхийн 2016 оны төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 48.9 тэрбум, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багц 3.4 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0.66 хувьтай тэнцэж байна. Төсвийн тодотголоор энэ 0,66 хувийн жинг бууруулж, 0,44 хувьд хүргэж байгаа. Энэ тооноос харахад шүүх эрх мэдлийн байгууллагад хандаж байгаа төрийн бодлого бол илүү их ялгаварлан гадуурхсан, шүүхийн байдлыг дордуулсан байдлаар хандаж байна. Олон улсын жишигийг харахад манай хөрш ОХУ нийт төсвийнхөө 2,1 хувийг шүүхдээ зарцуулдаг. Умард Ирланд 5,9 буюу бараг 6 хувийг зарцуулж байна. Бидэнтэй төстэй, социалист орон байсан Польш улс 3,6 хувийг зарцуулж байна. Гэтэл манай Монгол Улс бол 0,44 хувийг зарцуулж байна. Эндээс товчхон дүгнэхэд шүүхийн төсөв улсын төсөвт нөлөөлөхөөр хувийн жин эзэлдэггүй. Тэгэхээр өнөөдөр хэдийгээр эдийн засаг хямарч, хүнд байгаа ч гэсэн шударга ёсны манаанд зогсдог шүүхийн төсвийг ингэж бууруулах эдийн засаг, санхүүгийн бодит шаардлага байхгүй гэж бид үзэж байна.
Хоёрдугаарт, шүүгчийн цалин бол шүүгчийн хараат бусаар ажиллаж амьдрах эдийн засгийн гол баталгаа болдог. Шүүгчийн цалинтай холбоотой баталгааг бид сүүлийн 20 жил ярьж байж, холбогдох хуулиудад оруулсан байгаа. Гэтэл энэ баталгаануудыг бэхжүүлсэн хуулийг зөрчиж, Засгийн газар санал оруулж байгаад би тун их харамсч байна. Тухайлбал Шүүхийн тухай хуулийн 6.7 дахь заалтын дагуу шүүгчийн цалинг тогтоохдоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан УИХ тогтоодог. Гэтэл Засгийн газар энэ хуулийг зөрчөөд явж байна. Энэ байж болохгүй асуудал. Шүүгчдийн цалинг буулгаж байгаа хувь хэмжээ нь 61-66 хувь байгаа. Ингэж шүүгчийн хараат бус байдалд халдахаар санал оруулж байгаа нь өнөөдөр Монгол Улсад мөрдөж байгаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байна. Тийм учраас хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ аваач гэдэг хүсэлтийг бид МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, намын бүлгийн дарга нар болон Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Сангийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдад албан ёсоор бичгээр хүргүүлсэн” гэлээ.
Ц.Оч: Хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна
Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, шүүгч Ц.Оч "2014 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуулиар МУ-д ажиллаж байгаа бүх хуульчид нэгэн дээвэр дор нэгдэж, Монголын Хуульчдын холбоо байгуулагдсан. Энэ холбооны нэгэн бүтэц нь Монголын шүүгчдийн хороо нийт шүүгч нарынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, асуудлаар дуу хоолойгоо хүргэж байна. Урьд өмнө шүүхийн төсөв, шүүгчдийн цалингийн асуудлаар шүүгч нар дуу хоолойгоо илэрхийлж байгаагүй ээ. Энэ асуудал өнгөрсөн долоо хоногоос нэлээд анхаарал татаж байна. Хамгийн гол нь нийт шүүхүүдээс олон санал, хүсэлт ирж байна. УИХ, Засгийн газар, Хууль зүйн байнгын хороонд ч нийт шүүхүүдээс санал явуулж байна. Тиймээс бид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтраад энэ хэвлэлийн бага хурлаар шүүгч нарынхаа саналыг бас илэрхийлэхийг зорьсон юм. Хамгийн гол нь одоо дагаж мөрдөж байгаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад шүүхийн тухай хуулиудаар Засгийн газар нь шүүхийн төсвийг өргөн мэдүүлэх, шүүгчийн цалинг бууруулахаар өргөн барьж байгаа нь хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Монголын шүүгч нар, Монголын шүүгчдийн холбоо Олон улсын шүүгчдийн холбоонд гишүүнээр элссэн байдаг. Олон улсын шүүгчдийн холбооноос Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн шүүгчийн цалинг бууруулж болохгүй талаар албан бичгийн ач холбогдол алдагдаагүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх” гэв.
О.Мөнхсайхан: Шүүгчийн цалинг бууруулбал Үндсэн хууль зөрчинө
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, судлаач О.Мөнхсайхан "Шударга ёс, шүүгчийн хараат бус байдал бол тодорхой өртөгтэй. Тухайн улс нийт төсвийнхөө 2-5 хувийг өгч байж, шүүхийн хараат бус байдал бэхждэг. Шүүгчийн цалинг хараат бус, ар гэр үндсэн хэрэгцээндээ санаа зовохгүйгээр ажиллах шаардлагатай төсвийг боддог нэг арга бол тухайн улсын дундаж цалинг 5-7 дахин үржүүлсэн төсвийг шүүгчдээ өгч байж энэ баталгаа хангагддаг. Жишээлбэл Польш, Унгар зэрэг манайхтай ижил гараанаас гарсан улсуудын хувьд бол улсынхаа дундаж цалинг 5-6 дахин нэмэгдүүлсэн цалинг шүүгчдээ өгдөг. Манайд харин дундаж цалин 844 мянган төгрөгийг дөнгөж гурав дахин үржүүлсэн цалинг шүүгчдээ өгч чадаж байгаа. Одоо үүнийг багасгаад дундаж цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн болгох гэж байна. Тэгэхээр энэ бол олон улсын жишигт нийцэхгүй байгаа. Эдийн засгийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шүүгчийн хараат бус байдал маш чухал. Жишээлбэл Дэлхийн эдийн засгийн форумаас өрсөлдөх чадварын индексийг гаргадаг. Тэрний нэг элемэнд нь шүүгчийн хараат бус байдал байдаг. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангасан улс орнуудын эдийн засаг хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байдаг. Энэ бол чухал үзүүлэлт. Олон улсын авлигалын индексээр бол шүүхийн хараат бус байдлыг хангасан улс орнуудад авлига бага байдгийг бас дурдах нь зүйтэй. Шүүгчийг багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс бусад ажил хийхийг хуулиар хориглодог. МУ-ын шүүгч нар маш их ачаалалтай дунджаар 100-130 хэрэг шийддэг. Энэ тохиолдолд багшлах болон эрдэм шинжилгээний ажил хийх, цалингаас гадуур орлого олох ямар ч боломжгүй. Тэгэхээр шүүгч нарын хувьд үндсэн хэрэгцээндээ санаа зовохгүй байх дайны цалин өгч байж л шүүгч нар ажилдаа 100 хувь сэтгэл гаргаж, шударга үнэнч ажиллах чухал хөшүүрэг болдог. Мөн түүнчлэн Олон улсууд шүүгчийн цалинг бууруулахыг шууд Үндсэн хуулиараа хориглосон байдаг. Эсвэл манайх шиг Үндсэн хуульдаа шүүхийн эдийн засгийн баталгааг төр хангана гэсэн заалтын хүрээнд зохицуулсан байдаг. Үүний гол агуулга нь одоо тогтоосон шүүгчийнхээ цалинг бууруулахыг Үндсэн хуулиар хориглодог. Тэгэхээр УИХ хэрвээ шүүгчийн одоогийн цалинг бууруулбал Үндсэн хууль зөрчинө гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Ц.Өрнөндэлгэр:Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзаагүйд харамсч байна
Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Ц.Өрнөндэлгэр "Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын талаар НҮБ-ын Шүүхийн бие даасан байдлын суурь зарчмууд гэсэн 1985 оны Олон улсын баримт бичигт "Шүүхийн бие даасан байдал төрөөр хамгаалагдсан байх ёстой бөгөөд энэ зарчмыг хүндэтгэх, сахин биелүүлэх нь Засгийн газрын үүрэг мөн” гэж заасан байх жишээтэй. Тэгэхээр МУ-ын Үндсэн хуульд шүүх хараат бусаар бие дааж ажиллах эдийн засгийн баталгааг төр хангана гэсэн зарчим Олон улсын хэм хэмжээг агуулсан үзэл баримтлалуудтай нийцэж байгаа юм. Нөгөө талаас Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан шүүхийн тухай багц хуулиудад шүүхийн төсвийг хэлэлцэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзахаар тодорхой зохицуулалтууд байдаг. Тэгэхээр Засгийн газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзаагүйд харамсч байгаагаа илэрхийлмээр байна. Олон улсын шүүгчдийн холбооны дүрэм баримт бичигт шүүгч эдийн засгийн хараат бус байдал нь бүрэн хангагдахуйц цалин хөлс авах ёстой, шүүгчийн албан тушаалыг хаших хугацаанд цалин хөлс буурахгүй байх учиртай гэсэн зарчмууд байдаг. Мөн шүүхийн бие даасан байдлын талаарх Софигийн тунхаглал, Бээжингийн тунхаглал гээд олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар заасан байдаг” гэв. Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулснаар энэ удаагийн хэвлэлийн бага хурал өндөрлөлөө. Энэ удаагийн "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн 35 байгууллагын 60 гаруй сэтгүүлч, сурвалжлагчид ирж оролцлоо.
Шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн тухай танилцуулга
2016 оны батлагдсан төсөв, цалингийн сан:
УИХ-аас шүүхийн 2016 оны төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 48.9 тэрбум, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багц 3.4 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0.66 хувьтай тэнцэж байна. Шүүхийн 2016 оны төсөвт шүүгчийн цалингийн сан 21,5 тэрбум төгрөг буюу 41 хувийг эзэлж байна.
2016 оны төсвийн тодотгол хийх Засгийн газрын санал:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 45,0, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багц 3,2 тэрбум төгрөг болох бөгөөд энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0.46 хувьтай тэнцэнэ. Ингэхдээ шүүгчийн цалинг 61-63 хувь бууруулах ба цалингийн санг 3,2 тэрбумаар багасгахаар төлөвлөсөн.
Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулахгүй байх үндэслэл:
1.Шүүгчийн цалинг нэмэгдүүлснээр хуульчдын дунд өрсөлдөөн бий болж, шүүхийн хүний нөөц шинэ хуульчдаар сэлбэгдэж, шүүгчдийн ажил мэргэжилдээ хандах хандлага өөрчлөгдөж, хараат бусаар хариуцлагатай, шударга ажиллах сэтгэл зүтгэл бий болсон нь юугаар ч сольшгүй үр дүн мөн. Шүүгчийн цалинг Монгол Улс нэмэгдүүлснийг олон улсын шинжээчид шүүхийн шинэтгэлийн хамгийн гол ололт гэж дүгнэсэн байна. Энэ ололт амжилтыг улам баталгаажуулж төрийн бодлогын залгамж халааг хадгалах шаардлагатай.
2.Төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг 7 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн атлаа шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн урсгал зардлыг 8 хувиар бууруулах, нэгдсэн төсвийн зарлагад эзлэх шүүхийн төсвийн хувийн жинг 0,66-аас 0,46 болгон багасгахаар тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлүүд хоорондоо тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг бусад эрх мэдлийн байгууллагаас дордуулахад хүргэнэ.
3.Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг буруулах нь шударга ёсыг үнэгүйдүүлэх, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулах, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай. 2016 оны эхний байдлаар нийт шүүгчийн 98.5 хувь нь арилжааны банкинд 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 72.9 хувь нь орон сууцны зээл, 22.8 хувь нь цалингийн зээл, 4.2 хувь нь хэрэглээний зээл. Шүүгч дундажаар 583 000- 3 250 000 төгрөгийн зээл нэг сарын төлбөрт төлж байна.
4. Шударга шүүхийн тогтолцоо төлөвшөөгүй улс оронд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, эд зүйл өмчлөх, эзэмших явдал өндөр эрсдэлтэй болдог. Иймээс төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээл байсан ч шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг илүү баталгаажуулах замаар хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдээ дэмжиж, эдийн засгаа эрүүлжүүлдэг олон улсын жишиг, сайн туршлага элбэг байдаг.
5.Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу "шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгаа”-г хангах үүргийг төр хүлээнэ. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах шийдвэр Үндсэн хууль зөрчинө.
6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт "Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно” гэж хуульчилсан. УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 2,700,000- 3,300,000 төгрөг байхаар тогтоосон. УИХ шүүгчийн цалинг шинэчлэн тогтоох бол ШЕЗ-ийн саналыг заавал авч харгалзан үзэх ёстой.
Эх сурвалж: http://www.judcouncil.mn/main/4095--.html