Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо нь Хуульчдын холбооны холбогдох хууль, дүрмээр хариуцуулсан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хуульчдын холбооны зүгээс шүүгч-гишүүдэд чиглэсэн, тэдэнд хамааралтай ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий шүүгчдийн заавал гишүүнчлэлтэй, хуульд нэрлэн заасан, мэргэшлийн чиглэлээр байгуулагдсан сайн дурын хороо болно.
Шүүгчдийн хорооны тэргүүнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч сонгогдон ажиллаж байна.
Удирдах зөвлөлийн гишүүдээр Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Б.Цогт, Х.Эрдэнэсувд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбэк, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг нар тус тус сонгогдон ажиллаж байна.
Шүүгчдийн хороо 2013-2015 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын хуульчдын холбооны дүрэмд тухайлан заасан цаг үеийн шинжтэй чиг үүргүүдийг бүрэн хэрэгжүүлсэн. Эхний хагас жилийн байдлаар 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд уялдуулж өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах цаг үеийн бусад асуудлаар Удирдах зөвлөл нийт 6 удаа ээлжит болон ээлжит бусаар хуралдсан байна.
Нэг: Холбогдох хууль, Холбооны дүрэмд заасан чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа
Хуульчдын холбооны чиг үүргийн хороодод шүүгчдийг нэр дэвшүүлэх хүрээнд
Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Хуульчдын холбооны чиг үүргийн хороодод шүүгч гишүүдийг нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулсан. Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэлмэг, Сэлэнгэ, Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч В.Оюумаа нэрээ дэвшүүлсэн. Нэр дэвшигчдийг хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцэн нууц санал хурааж олонхийн саналаар Б.Бат-Эрдэнэ, В.Оюумаа нэрийг 1/07 тоот тогтоолын хавсралтаар баталж холбогдох материалыг албан тоотын хамт Хуульчдын холбоонд хүргүүлсэн. Хуульчдын холбооны Зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар В.Оюумаа, Ц.Цэлмэг нарыг тус хорооны гишүүнээр сонгов.
Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороонд шүүгч нэр дэвшүүлээгүй тул одоогоор шүүгч гишүүн нөхөн сонгогдоогүй байна.
Хоёр. Хорооноос төлөвлөсөн үйл ажиллагаа
Шүүгчдийн хороо 2016 оны үйл ажиллагаагаа 5 үндсэн чиглэлээр, 10 ажил хийхээр төлөвлөсөн байна.
2.1. Хорооны үйл ажиллагааг гишүүдэд таниулах, гишүүдийн оролцоог идэвхжүүлэх талаар
2.1.1. Хорооны үйл ажиллагааны мэдээллийг гишүүдэд түгээх
Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn, Монголын Шүүгчдийн холбоо ТББ-ын www.judge.mn сайтуудаар Шүүгчдийн хорооны үйл ажиллагаа, Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, хуулийн төсөлд санал авах болон мэдээллийг байршуулан гишүүдэд түгээж байна.
Мөн бүх шатны шүүхүүд болон Тамгын газруудын албан ёсны и-мэйл хаяг, шүүгчдийн хувийн и-мэйл хаягаар Хуульчдын холбоо, Шүүгчдийн хорооны үйл ажиллагааны мэдээлэл, Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэр, хуулийн төсөлд санал авах болон бусад мэдээллийг хүргэж байна.
Түүнчлэн холбоо, хорооны мэдээллийг гишүүддээ түргэн шуурхай хүргэх зорилгоор сошиал ертөнцийг идэвхтэй ашигладаг, Шүүгчдийн хорооны Facebook хуудас, хаалттай бүлгэмийг нээж ажиллуулж холбогдох мэдээллийг тасралтгүй мэдээлж байна.
2.1.2. Хорооны гишүүдийн нэгдсэн бүртгэл хөтлөх
Шүүгчдийн бүртгэл, хувийн мэдээлэл, шилжилт хөдөлгөөнийг тухай бүр шинэчлэн хөтөлж байна. Шүүгчдийн хороонд 524 шүүгч бүртгэлтэй байна.
2.2. Хорооны дотоод зохион байгуулалтын хүрээнд
2.2.1. Энэ хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт “мэргэшлийн чиглэлээр байгуулагдсан хорооны даргын бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна” гэж заасны дагуу Шүүгчдийн хорооны тэргүүн дахин сонгох сонгуулийг саналын хэвлэмэл хуудас ашиглан зохион байгуулсан. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Ц.Оч 231 санал буюу 48,5 хувийн санал авч Шүүгчдийн хорооны дараагийн тэргүүнээр сонгогдсон.
2.2.2. Монголын Хуульчдын холбооны сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журмын 6.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүн П.Цэцгээ, П.Золзаяа, Ц.Цогт нарыг хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлтийг нь үндэслэн Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох нөхөн сонгуулийг цахим болон уламжлалт хэлбэрийг хослуулан 2 удаа зохион байгуулсан. Санал хураалтын дүнгээр С.Амардэлгэр, С.Өмирбек, Т.Ганчимэг нар тус тус сонгогдон ажиллаж байна.
2.3. Сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиг үүргийн хүрээнд
Хороо шинээр батлагдсан хуулиудын хүрээнд болон шүүгчийн ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан уг ажил хэрэгжээгүй ба сүүлийн хагас жилд түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2.4. Шүүхийн багц хуулийн хэрэгжилт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар шүүгчдээс санал авах
2.4.1. Шүүгчдийн хорооны гишүүн шүүгчид ажлын хэсэгт хуваагдан шүүхийн тухай багц хуулийг боловсронгуй болгох талаарх судалгаа хийсэн. Тус судалгаанд үндэслэн Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан хуульч санаачлах эрх бүхий уламжлуулах хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгт хүргүүлээд байна.
2.4.2. Шүүгчдийн хороо 2016.01.29-ний өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэгт хамтарч оролцсон ба тус хэлэлцүүлэгт 100 гаруй шүүгчид оролцож санал бодлоо хуваалцсан байна. Мөн Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм Форумтай хамтран “Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үр нөлөөг үнэлэх зорилгоор багц хуулийн хэрэгжилтэд хийсэн бодлогын дүн шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулах “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны хоёрдугаар сар 26-нд Хуульчдын танхимд зохион байгуулсан.
Хэлэлцүүлэгт нийт 120 гаруй хуульч оролцсоноос 60 гаруй нь бүх шатны шүүхийн шүүгчдийн болон орон нутгийн шүүгчдийн төлөөлөл байв. Хэлэлцүүлэгээс гарсан санал дүгнэлтийг ажил хэрэг болгохоор зорьж ажиллаж байна.
2.5. Шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд
Шүүгчдийн хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний эдийн засаг нийгмийн баталгааг хангах, эрх ашиг сонирхолыг хамгаалах чиглэлээр шүүгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлж ажиллаж ирсэн.
2.5.1. Буцаан томилогдоогүй 13 шүүгчийн асуудлаар
Шүүгчдийн хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний эдийн засаг нийгмийн баталгааг хангах, эрх ашиг сонирхолыг хамгаалах чиглэлээр шүүгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлж ажиллаж ирсэн.
Шүүх байгуулах тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198, 199 дүгээр зарлигаар зарим шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж буцаан томилохдоо нэр бүхий 12 хуульчийг шүүгчээр дахин томилоогүй, мөн 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга дахин батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 110, 111 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо хуульч М.Нармандахыг шүүгчээр дахин буцаан томилоогүй. Тэдгээр шүүгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Монголын Хуульчдын холбоо, Хуульчдын эрхийг хамгаалах хороо, Шүүгчдийн хороо хамтран идэвхтэй ажиллаж байна.
Тухайлбал уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлд удаа дараа албан бичиг явуулсан боловч одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Түүнчлэн 13 шүүгчдийн асуудлаар Хуульчдын холбоог төлөөлж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Б.Сарантуяа гишүүнд хандаж шүүгчдийн дахин ажилд нь томилуулах асуудлыг ШЕЗ-ын хуралдаанаар оруулж өгөхийг хүссэн. Үүнтэй холбоотойгоор Холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг Б.Сарантуяа гишүүнтэй уулзалт зохион байгуулж, холбооны Зөвлөлийн 2016.05.30-ны өдрийн хурлаар тайланг сонссон.
2.5.2. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгоход оролцох асуудлаар
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхэд халдсан үйлдэл хэмээн үл зөвшөөрч хорооны Удирдах зөвлөлөөс нийт шүүгчдээ төлөөлөн уриалга хүргүүлсэн. Тус уриалгадаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн сонгох үйл ажиллагааг нэгэн зэрэг, ил тод нээлттэй, шүүгч хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх, Ерөнхий шүүгч болон бусад шүүгчдээс хараат бус байж нөлөөлөлд үл автан нууцаар санал өгөх боломжийг хангаж сонгууль явуулах зарчмуудыг баримталж ажиллахыг уриалсан.
2016 оны 5 дугаар сарын 11-ний 10:00 цагт Анхан болон давж заалдах шатны нийт 99 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн орон даяар нэгэн зэрэг болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийг тодруулж, тогтоолоо тооллогын төв комисст ирүүлсэн. Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд анхан шатны нийт 80 шүүхийн 371 шүүгч 94.6 хувийн ирцтэйгээр оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, О.Зандраа, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нарын дөрвөн нэр дэвшигчийн нэрийг, Давж заалдах шатны нийт 19 шүүхийн 107 шүүгчээс 105 нь буюу 98,3 хувь нь оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт нарын нэрийг тус, тус дэвшүүлж тооллогын төв комисст ирүүлсэн юм. Үүнээс шүүгч Ц.Цогт, Б.Батцэрэн нар нэрээ татсан.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох нууц санал хураалт Монгол Улсын нийт шүүх даяар нэгэн зэрэг явагдсан. Тус үйл ажиллагаанд хөндлөнгийн ажиглагчаар Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Шүүгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн П.Нарантуяа нар оролцож хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж ажилласан.
2.6. Бусад байгууллага, хороодтой хамтран ажиллах талаар
2.6.1. Хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих, хуульчдын оролцоог хангах асуудлаар
Энэ хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 06, 07, 08-ны өдрүүдэд Хуульчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Mock trail шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Хууль зүйн шинжлэх ухаан боловсолын хөгжлийг дэмжих хороотой хамтран эрүү, иргэн, захиргааны хэргийн чиглэлээр 36 шүүгчийг оролцуулж хамтарч ажилласан. Уг тэмцээнд шүүгчид бүрэлдэхүүнтэй оролцож шүүснээр тэмцээний нэр хүнд, чанар өндөр түвшинд очиж, оюутнууд практик шүүх хуралдааны түвшинд онолын мэдлэгээ сорих боломж бүрдсэн нь ач холбогдолтой байдаг. Үүнд:
Эрүүгийн хэргийн мэтгэлцээний шүүгчээр: Ц.Оч, Т.Өсөхбаяр, Ц.Очмандах, Н.Батсайхан, Б.Зориг, Б.Батаа, Г.Ганбаатар, Ц.Цэлмэг
Иргэний хэргийн мэтгэлцээний шүүгчээр: Б.Азбаяр, Б.Ариунхишиг, Г.Билгүүн, М.Баясгалан, Н.Батчимэг, Ө.Уянга, Т.Ичинхорлоо, Ч.Цэнд, Э.Энэбиш
Захиргааны хэргийн мэтгэлцээний шүүгчээр: А.Сарангэрэл, Б.Адъясүрэн, В.Оюумаа, Д.Баатархүү, С.Мөнхжаргал, С.Төмөрбат, Ц.Одмаа, Ц.Сайхантуяа, Э.Зоригтбаатар нарын шүүгчид шүүгчээр оролцсон байна.
Гурав. Бусад асуудлын хүрээнд
3.1. Шүүгчид нэр дэвшигчид тодорхойлолт гаргах асуудлаар
Монголын Хуульчдын холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15 өдрийн 165 тоот зарлигаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 2.5.7-д зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Шүүгчийн ёс зүйн дүрэм зэрэг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж хариуцлага хүлээсэн эсэх тухай тодорхойлолтыг нэр дэвшигч тус бүрээр гаргаж Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлдэг.
Энэ хугацаанд анхан болон давж заалдах шатны шүүгч, ерөнхий шүүгчид нэр дэвшүүлсэн 130 гаруй хуульчдад Хуульчдын холбооны хуульчийн нэгдсэн бүртгэлд үндэслэн лавлагаа, мэдээлэл гаргаж өгсөн байна.
3.2. Олон нийт, соёлын ажлын хүрээнд
Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Шилжин явах цомын төлөөх боулинг-2016” тэмцээнд шүүгчдээр баг бүрдүүлж амжилттай оролцсон.
Мөн 2016 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Хуулчьдын холбооны хороодын дундах цомын төлөөх 3 төрөлт спортын тэмцээнд Шалгалтын хороотой хамтран шүүгчдээс баг бүрдүүлэн оролцож гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.
МЭДЭЭЛЭЛ БИЧСЭН: П.НАРАНТУЯА
Э.ЧАНЦАЛНЯМ