Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах чиг үүрэг энэ жилээс Монголын Хуульчдын холбоонд шилжиж ирсэн. Энэ талаар тус холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Хуульчдын холбооны Шалгалтын хороо хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-2013 онд батлагдсан хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 2016.04.15-наас эхлэн Хуульчдын холбоонд хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах чиг үүрэг шилжээд байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо энэ чиг үүргийг хариуцна. Бэлтгэлийн хувьд эхлээд сүүлийн 2 жилийн хугацаанд шинээр батлагдсан буюу шинэчлэн найруулга хийгдсэн салбар хуулийн агуулгаар баяжуулсан тестийн ном хэвлүүлэх, мөн ялгаагүй шинэ хуулийн агуулгаар бодлогын ном, аргачлалын хамт хэвлүүлэх зэрэг ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлүүлээд байна. Учир нь энэ хугацаанд эрх зүйн үндсэн салбар болох эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, зөрчлийн тухай хууль, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хууль шинээр батлагдаж, 2016.09.01-нээс үйлчилж эхэлнэ. Захиргааны эрх зүйн хүрээнд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан бөгөөд 2016.07.01-нээс үйлчилж эхэлнэ. Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд Сонгуулийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн бол хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны 01 сараас үйлчилнэ. Иргэний эрх зүйн хүрээнд хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсан зэрэг хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор хуульчийн мэргэжлийн шалгалтын тест, бодлогыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн урьд нь хуульчийн мэргэжлийн шалгалтын чиг үүрэг хууль зүйн яаманд байсан, түүний харьяа хууль зүйн үндэсний хүрээлэн зохион байгуулдаг байсан тул холбогдох баримт, материал, программ хангамжийг хүлээлцэх ажил үргэлжилж байна. Түүнчлэн шалгалтын зохион байгуулалтын хугацаа, хариуцах нөөцийг тооцож, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулаад, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байна. Шалгалт зохион байгуулах гурван хоногийн төлөө бэлтгэл нь нэг жил үргэлжилдэг юм байна. ялангуяа шинээр чиг үүрэг шилжүүлсэнтэй холбоотой энэ жилийн хувьд илүү хугацаа шаардлагатай байгаа нь ойлгомжтой байх.
-Шалгалтын хорооноос урьд авсан шалгалтуудад судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?
-2015 онд шалгалтын хорооноос 2003-2013 оны хуульчийн сонгон шалгаруулалтын журам, үйл ажиллагаанд харьцуулсан судлагаа хийж, дүгнэлт гаргасан. Энэ судалгааг хийхэд 2013 онд ХЗҮХ-ээс хуульчийн шалгалтад үнэлгээ хийсэн нь маш их хэрэг болсон. Энэ үнэлгээндээ тулгуурлан хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд тодорхой өөрчлөлтийг 2014 онд оруулж, Хууль зүйн сайдаас баталсан байна. Тухайлбал судалгаанд ихэнх оролцогчдын бэрхшээл гэж нэрлэсэн бодлогын цагийг өмнө байснаас урт болгосон. 2016 онд үргэлжлүүлэн сүүлийн 2 жилд цахимаар зохион байгуулсан хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, үйл ажиллагаанд мөн судалгаа хийсэн. Гол нь өмнөх онуудад зохион байгуулсан хуульчийн мэргэжлийн шалгалтын явцад ямар тулгамдсан асуудал, нийтлэг бэрхшээл байгаад дүгнэлт хийж түүнийг сайжруулахад анхаарч байна. Түүнчлэн Монгол Улсын хууль зүйн их, дээд сургууль төгсөгчдийн хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцсон болон тэнцсэн статистикийг харьцуулан нэгтгэсэн төдийгүй гадаадын зарим улсын хуульчийн мэргэжлийн шалгалтын талаарх харьцуулсан судалгааг хийсэн. Ерөнхийдөө хорооноос судалгаа, шинжилгээнд тулгуурлаж ажиллах зорилготой байна. Тиймээс манай хорооны зүгээс үе шаттайгаар өнөөгийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх, гадаад улсуудын хуульч бэлтгэх тогтолцоо, үр нөлөөг судлах, үүндээ тулгуурлан үе шаттайгаар хуульчийн мэргэжлийн шалгалтыг чанартай, улмаар хуульч нэр хүндтэй байхуйц тогтолцоо, нөхцөлийг бүрдүүлэхэд эрмэлзэж байна.
-Хуульчийн мэргэжлийн шалгалт авах журмыг батлах мөрдүүлэх ёстой. Журамд ямар зохицуулалтуудыг оруулж өгсөн бэ?
-Хуульчийн мэргэжлийн шалгалтын чиг үүрэг эрхэлсэн хорооноос ажлын хэсэг байгуулж журмын төслийг боловсруулаад холбооны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. Өмнө нь 2014 онд хууль зүйн сайдын тушаалын хавсралтаар баталсан хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд суурилан шинэ төслийг боловсруулсан. Журмын эхний хэсэг зохицуулалт нь хүсэлт гаргасан хүний шалгалтад орох эрхийг тодорхойлох, шалгалт зохион байгуулах асуудлыг хариуцах Шалгалтын комисс, Шалгалтын хороо, ажлын хэсгийн хариуцах ажил, үүргийг тодорхойлсон бол дараагийн хэсэг зохицуулалт нь шалгалт авах явцтай холбоотой товыг зарлах, оролцогчдын бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авах, хянах, баталгаажуулах, шалгалтын журам, дүнг мэдээлэх, гомдол гаргах зэрэг асуудал багтсан. Мөн гурав дахь хэсгийн зохицуулалтад хуульчийн мэргэжлийн шалгалтын даалгавар, бүтэц, оноог зохицуулахаар тусгасан. хуульд заасан шаардлагад нийцүүлж, түүнийг илүү тодорхой болгох байдлаар журмыг хорооны ажлын хэсгээс боловсруулсан байгаа.
-Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн л бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох эрх хялбар олгогдож байгаа. Энэ нь чадваргүй туршлага муутай хуульчдыг төрүүлээд байна гэх шүүмжлэл бий. Тэгвэл шалгалтыг чанаржуулах ямар бодлого барьж байна вэ?
-Хуульчийн шалгалтад тэнцсэн бол хуульчаар ажиллах эрх ерөнхийдөө үүснэ. Шүүгчээр ажиллахаар бол дахин шүүгчийн шалгалт өгөх шаардлагатай. Харин прокурор, өмгөөлөгчөөр шууд ажиллах эрх нь үүснэ. Хуульчийн ур чадварын сайн, мууг үнэлэхэд энэ харилцааг бүхэлд нь ярих шаардлагатай болно л доо. Эхлээд хууль зүйн сургуулийн бакалаврын сургалтын чанарыг ярих хэрэгтэй болно, дараа нь мэргэжлийн дадлагын чанар ярина. Тэгээд хуульчийн мэргэжлийн шалгалтын агуулга, чанарын тухай ярьж таарна. Үүний дараа нэгэнт хуульчийн эрхтэй болсон бол хуульчийн үргэлжилсэн сургалтын агуулга, чанар ярина. Хуульчийн мэдлэг, ур чадварын талаар судалгаагаар залуу хуульчдад хуулийн хэрэглээний ур чадвар, асуудалд дүн шинжилгээ хийх чадвар, шийдвэр бичих чадвар дутагдалтай байна гэсэн судалгааны дүн бий. Энэ дутагдаад байгаа ур чадварыг сайжруулахын тулд бакалаврын сургалтаас нь эхлэх ёстой болно. Клиник сургалт гэж нэрлээд байгаа хуулийн практик хэрэглээний асуудал руу илүү хандуулах байдлаар, бодлого, тохиолдол шийдвэрлэх талаар аргачлалыг эзэмшүүлэх гэх мэт. Мэргэжлийн дадлага хийхээр хуульд заасан 2 жилийг илүү тодорхой байдлаар зааж бас чиглүүлж болно. Тухайлбал, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх эрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ оны 7 дугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотой сайн дурын хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйлчилгээнд туслах ажил гүйцэтгэхийг тооцох ч юм уу, тодорхой нийгмийн зорилтот бүлэгт эрх зүйн чадавхыг бэхжүүлэх замаар нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлсэн ажлыг тооцох ч байдаг юм уу, мэргэжлийн дадлагад тооцох журмаар хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйлчилгээнд туслах ажилд илүү үр дүнтэй байхаар тодорхой чиглэл, удирдамжийг тодорхойлох ч юм уу. Ер нь хуульчид нийгэмд тустай үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хийхийг нь дэмжсэн байдлаар, үүний хамт хуульчийн ур чадвар эзэмших боломжтой байдлаар энэ мэргэжлийн дадлага хийх тал дээр бас дэмжих боломжтой. Хуульчийн эрхтэй хүмүүст үргэлжлүүлсэн сургалтын олон түвшний модуль санал болгох, мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэх боломжийг олгох гэх мэт асуудлыг саяхан сургалтын хорооноос санал гаргаж, хэлэлцүүлж байсан. Энэ нь өөрөө зөвхөн залуу хуульчдад биш бүх хуульчдад түвшин бүрт нь шаардлагатай, хэрэгцээнд нь нийцсэн байдлаар байнгын үйл ажиллагаа байдаг. Тэгэхээр хуульчийн шалгалтын чанараас бүх хуульчийн ур чадвар хамаарна гэдэг бол өрөөсгөл. Ер нь бодлогын хувьд хуульчийн шалгалтын босго өндөр, хуульчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, ур чадварыг шалгахуйц байх ёстой. энэ нь хуульчийн өөрийнх нь мэргэжлийн онцлогтой холбоотой, хүний эрхийг хамгаалах ажил хийдэгтэй шууд хамаатай. Тиймээс тоо бус чанар чухал. Түүнээс гадна хуульчид зөвхөн мэргэжлийн хүрээндээ ч биш нийгмийн эрх зүйн ухамсрыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг тул тэр хэрээрээ өндөр мэдлэг, ур чадвар шаарддаг.
-Шалгалтыг хэзээ авахаар товлоод байна вэ?
-Энэ жилийн шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 04-06-нд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлоод байгаа.
-Шалгалтын товыг хэзээ, ямар хэлбэрээр зарлах вэ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт хуульчийн шалгалтын товыг уг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана гэж заасан. Тиймээс одоо төлөвлөж байгаагаар энэ оны 11 дүгээр сарын 4, 5, 6-нд Хуульчдын холбооноос хуульчийн шалгалтыг авахаар эцэслэн товловол наймдугаар сарын 19-нөөс эхлэн албан ёсоор зарлахаар байгаа. Манай зүгээс хуульд заасны дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлахаас гадна Хуульчдын холбооны цахим хуудсанд тухай бүрт мэдээллээ байршуулаад явна.
-Хуульчийн мэргэжлийн шалгалт нь агуулга, Хэлбэрийн хувьд өмнөх жилүүдийнхээс өөрчлөгдөж байгаа зүйл бий юу?
-Сүүлийн 2 жилд зохион байгуулсантай ерөнхийдөө адил хэлбэр, бүтэцтэй. Сорилгын буюу тест эхний хэсэг байна.тэнцсэн оролцогчид бодлогын шалгалтыг өгнө. Авбал зохих дээд оноо нь сорилгын шалгалтад 40, бодлогын шалгалтад 60 байх бөгөөд хоёр шалгалтад авбал зохих нийт оноо 100 байна. Сорилгын даалгавар 200, дөрвөн сонголттой хариулттай байна. Даалгаврыг гүйцэтгэх хугацаа нь 150 минут байхаар одоогийн байдлаар журамд тусгаад байна. Сорилгыг цахим хэлбэрээр авна. Тиймээс дүн нь тэр дороо өөрт нь шууд ил харагдаж, цахимаар бүртгэгдэнэ. Сорилгын шалгалтад тэнцсэн буюу нийт онооны 60 хувьтай тэнцэх 24 ба түүнээс дээш оноо авсан оролцогчид бодлогын даалгаврыг гүйцэтгэнэ. Эрх зүйн үндсэн гурван чиглэлээр нэгдүгээрт, Үндсэн хууль, захиргааны эрх зүй, болон тэдгээрийн процессын эрх зүй хоёрдугаарт, иргэний эрх зүй, түүний процессын эрх зүй, гуравдугаарт, эрүүгийн эрх зүй, түүний процессын эрх зүйн чиглэлээр тус бүр нэг, нийтдээ гурван бодлогын даалгавар гүйцэтгэнэ. Нэг бодлогын даалгавар гүйцэтгэх хугацаа 150 минут байна.
-Тест болон бодлогын ном хэзээ бэлэн болох вэ?
-Энэ зургадугаар сард хэвлэлтээс гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
-Тест алдаатай байна гэх шүүмжлэл байдаг. үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Шалгалтын хорооноос байгуулсан ажлын хэсгээс өмнө зохиогдсон сорилгын алдааг хянуулж, нэгдсэн дүгнэлт гаргасан. Түүнд тулгуурлаад энэ жилийн сорилгод тавих ерөнхий шаардлагыг боловсруулж, энэ шаардлагад нийцүүлэн сорилгыг зохиолгож байна. Мөн зохиосон сорилгыг дахин тухайн салбараар мэргэшсэн хуульчаар дахин хянуулж байна. Хэрэв хянасан хуульчаас зөвлөмж өгсөн бол тэр дагуу дахин сайжруулсан байдлаар сорилгыг хүлээн авч байгаа. Тиймээс сорилго алдаагүй, мэдлэг шалгахуйц, мөн өгсөн цагт амжиж гүйцэтгэх шалгуурыг хангахуйц байна гэж найдаж байна.
-Шалгалт өгөх эрх зүйчдэд зориулсан сургалтыг хэзээнээс, ямар хэлбэрээр зохион байгуулах вэ?
-Шалгалтын хорооноос хуульчийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа эрх зүйч нарт зориулаад бодлогын аргачлалын нэгдмэл ойлголт өгөх сургалтыг зохион байгуулахаар хөтөлбөр боловсруулж байна. Ер нь бол сургалтын чанарыг сайжруулах, нэгдсэн нэг арга хэлбэрт оруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Өөр өөр хууль зүйн сургууль төгсөгчид шалгалтад ордог учир хууль тогтоомжийн хэрэглээ, тохиолдол бодлого шийдэхэд өөр аргачлал ашигладаг нь өмнөх хуульчийн шалгалтын явцад нийтлэг ажиглагдсаныг судалгаанд дүгнэсэн байна. Тиймээс үүнийг анхаарч сургалтыг аль болох хүртээмжтэй, олон удаагийн давтамжтайгаар зохион байгуулахад анхаарна. Мөн шинэ батлагдсан хуулиар тодорхой ойлголт өгөх сургалтыг зохион байгуулах боломжтой. Нарийвчилсан мэдээллийг тухай бүрт нь хуульчдын холбооны цахим хуудаснаас авах боломжтой.
-2.5 жилээр төгссөн эрх зүйчид хуульчийн мэргэжлийн шалгалтад орох боломжтой юу?
-Хуульчдын холбооны магадлан итгэмжлэх үйл ажиллагаа хэрэгжиж эхлэсэн цагт л энэ талаар хариулт тодорхой болох байх. Нэгэнт энэ чиг үүргийг Хуульчдын холбоо шилжүүлэн аваад нэг сар хагасын хугацаа өнгөрч байгаа тул өнөөдрийн байдлаар Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлээр магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль төгссөн бүхэн хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрхтэй хэвээр байгаа.
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар болон гэрээгээр гүйцэтгэснийг багц цагт шилжүүлж мэргэжлийн дадлагад тооцно гэсэн байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульчийн шалгалт өгөх эрх нь дараах хоёр шаардлага хангасан тохиолдолд нээгдэнэ. Нэгдүгээрт, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгссөн байх. Энэ чиг үүргийг Хуульчдын холбоо 2016.04.15-наас мөн шилжүүлэн авсан. Нэгэнт магадлан итгэмжлэх чиг үүргийг хэрэгжүүлж эхлээгүй байгаа тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Боловсролын тухай хуульд заасан шаардлага хангасан магадлан итгэмжлэгдсэн аль нэг хууль зүйн их дээд сургуулийг төгссөн байхыг шаардана гэсэн үг. Хоёрдугаарт, хууль зүйн сургуулийг төгсөж хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байхыг шаардана. Мэргэжлийн дадлага гэж юуг тооцох вэ гэдэгтэй холбоотой хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д нэрлэн заасан 4 ажил, албан тушаал бий. Түүнээс гадна өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар, эсхүл гэрээгээр гүйцэтгэснийг багц цагт шилжүүлэн мэргэжлийн дадлагад тооцохоор хуульд заасны дагуу Шалгалтын хорооноос энэ журмын төслийг боловсруулж, шалгалтын журамтай хамт хэлэлцүүлэхэд бэлтгээд байна.
-Гадаад улсын хууль зүйн сургуулийг төгссөн манай улсын иргэн эсвэл гадаадын иргэн хуульчийн шалгалтад орох боломжтой юу?
-Шалгалтын журамтай холбоотой хоёр дахь журам нь гадаад улсад хууль зүйн сургуулийг төгссөн хүн хуульчийн шалгалтад орох журам. Боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийн агуулга, багтаамжаар ялгаатай улсад хууль зүйн сургууль төгссөнийг тооцох сургалтын үргэлжлэх хугацаа, олгох боловсролын зэргийн нэршил зэргийг энэ журмаар тодруулан зохицуулахаар оруулсан.
Шалгалттай холбоотой журмууд, шалгалтын тов, сургалт, сорилго, бодлогын эмхэтгэл зэрэг бүх мэдээллийг Монголын хуульчдын холбооны www.mglbar.mn хуудаснаас авах боломжтой.