МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН
2016.05.28-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТОЙМ
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанд оролцсон гишүүд: З.Алтангэрэл, Ц.Батболд, Б.Батцэрэн, Ч.Баянжаргал, Б.Бүрнээ, Т.Жавхлантөгс /бичгээр хүсэлтээ ирүүлсэн/, О.Зандраа /бичгээр хүсэлтээ ирүүлсэн/, Ц.Ичинхорлоо, О.Жанчивнямбуу, М.Мөнхбат, Л.Мөнхтөр, Ц.Одончимэг, Г.Оюунцэцэг, Е.Сагсай, Э.Сугар-Эрдэнэ, Ц.Сумъяа, З.Сүхбаатар, Д.Түвшинтамир, Ц.Цэлмэг, Л.Энхсайхан, Ш.Энхтөр, Б.Энх-Эрдэнэ, Г.Эрдэнэбат /бичгээр хүсэлтээ ирүүлсэн/
1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяагийн тайланг сонслоо
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Хуульчдын холбооноос санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй хуульч Б.Сарантуяа нь бүрэн эрхийнхээ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа сонсголоо. Тэрбээр тайландаа шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн онцлох 10 ажлын үр дүнг танилцуулж, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдээс асуусан асуултад хариулж, саналыг нь сонссон юм.
2.Тамгын газрын 2015 оны сүүлийн хагас жилийн тайланг хэлэлцлээ
Хуульчдын холбооны Тамгын газрын 2015 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцээд, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, Хяналтын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг анхаарч ажиллахыг Тамгын газарт даалгалаа.
3.Нэр бүхий хуульчдыг Шалгалтын хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө
Хуульч П.Золзаяа (Шүүгчдийн хорооны төлөөлөл), Г.Алтанчимэг (Шүүгчдийн хорооны төлөөлөл), Д.Жамбалсүрэн (Прокурорын хорооны төлөөлөл), Д.Солонго (хуульч профессорын төлөөлөл) нарыг хүсэлтийн дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Үүнтэй холбогдуулан Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжид заасны дагуу Шүүгчдийн хорооны төлөөллөөр Д.Оюумаа, Ц.Цэлмэг нарыг, Прокурорын хорооны төлөөллөөр Д.Дамдинсүрэнг, хуульч профессорын төлөөллөөр С.Должинг тус тус Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал хорооны гишүүнээр сонголоо.
4.Хуульчдын холбооны 2016 оны төсөвт тодотгол хийлээ
Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэл, хуульчийн үргэлжилсэн сургалт, гишүүний татварын төлөлтийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн программ хангамжтай болох зорилгоор шаардлагатай санхүүжилтэд нийт 16.600.000 /арван зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд нэмж оруулан Хуульчдын холбооны 2016 оны төсөвт тодотгол хийлээ.
5.Шүүгчид нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргалаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 10, 25 дугаар тушаалаар тус тус зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшсэн 23 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийн саналыг баталгаажууллаа.
6.Ажлын хэсэг байгуулагдлаа
Хуульчдын холбооны зөвлөлийн 2015.12.26-ны өдрийн хурлын 52 дугаар тогтоолоор баталсан тус холбооны 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний 5.3 дахь хэсэгт Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах түр журмыг боловсронгуй болгож, байнгын үйлчлэх шинжтэй журам болгон батлах ажлыг 2 дугаар улиралд багтаан хийж гүйцэтгэхээр тусгасан тул уг журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хуульчдын холбооны зөвлөл, Шалгалтын болон Ёс зүйн хорооны төлөөллийг оролцуулан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
6.Хуульч А.Доржготовыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар санал болголоо
Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжид заасны дагуу Шүүхийн ёс зүйн хорооны 1 гишүүний орон тоонд А.Доржготов, Х.Сэлэнгэ, Т.Сосорбарам, Д.Төгсбаяр, Д.Отгонцэцэг, Ш.Үнэнтөгс нарын 6 хуульч нэрээ дэвшүүлснээс Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны 2016.05.24-ний өдрийн хурлын 27 дугаар шийдвэрээр хуульч А.Доржготовыг Хуульчдын холбооны зөвлөлд санал болгосон юм.
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны саналыг үндэслэн хуралдааны явцад Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан тул Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.22 дахь заалтыг тус тус үндэслэн хуульч А.Доржготовыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгохоор шийдвэрлэлээ.
Мөн хуралдааны явцад Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нь 2016.04.04-2016.04.08-ны өдрүүдэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаар ажиллахад тухайн орон нутгийн хуульчдаас хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөр, сургалтын зохион байгуулалт, видео сургалтын хэрэгцээ, шаардлагатай холбогдуулан гаргасан санал, хүсэлтүүдийг тус холбооны зөвлөлийн гишүүдэд уламжилж танилцуулсан юм.
-ооОоо-