Монголын Хуульчдын холбооноос Хууль зүйн яамтай хамтран Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сургагч багш бэлтгэх хоёр дахь ээлжийн сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургалтын нээлт өнөөдөр болж, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нар нээж үг хэллээ.
2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг сургагч багшаар бэлтгэх, мэдлэг олгох зорилготой тус сургалтын багшаар Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, УЕПГ-ын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунболд, УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, ХСИС-ийн Хэвлэл, редакцийн хэлтсийн дарга С.Гантулга нар ажиллаж, холбогдох хуулиудын талаарх сургалтыг явуулж байна.
2016 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулсан нэгдүгээр ээлжийн сургалтад шүүх, прокурор, өмгөөлөгч, цагдаагийн байгууллагын нийт 35 хуульч хамрагдсан бол хоёрдугаар ээлжийн сургалтад 45 орчим хуульч хамрагдаж байгаа бөгөөд сургалтад бүрэн хамрагдсан хуульчдыг хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цагийг хангасанд тооцох юм.
Дашрамд дурдахад, Хууль зүйн яамнаас хууль зүйн сургуулиудын эрүүгийн эрх зүйн багш нарт зориулсан сургалтыг ирэх зургадугаар сараас зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн тус яамнаас удахгүй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн талаарх сургалтыг орон нутагт зохион байгуулах бөгөөд Монголын Хуульчдын холбооноос хамтран оролцож, сургалтад хамрагдсан хуульчдад багц цаг олгохоор шийдвэрлээд байна.