Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШЕЗ-ийн гишүүн шүүгчид нэр дэвшсэн нь шалгаруулалтад итгэх итгэлийг хөсөрдүүлэв

Хууль зүйн профессор О.Мөнхсайхан

        2015 онд шүүгчийн шалгалт авдаг Шүүхийн мэргэшлийн хорооны нэг гишүүн Дээд шүүхэд нэр дэвшиж томилогдсон[1] бол одоо шүүгчийн шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдээс сонгож Ерөнхийлөгч рүү нэрийг нь явуулдагШүүхийн ерөнхий зөвлөл (Ерөнхий зөвлөл)-ийн гишүүн өөрөө шүүгчид нэр дэвшиж байна. Энэ хоёр тохиолдол нь шүүгчийг шалгаруулах, томилох тогтолцооны шударга, үнэнч, зарчимч байдалд ноцтой хохирол учруулж байна. Өөрөөр хэлбэл, хуульчдаас танил тал, нөлөөтэй нэгнийг бус хамгийн сайн мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй нэгнийг шилж олох агуулгатай мерит зарчмыг гажуудуулж байна.

Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн өөрөө шүүгчид нэр дэвшиж томилогдсон тухай

        Шүүгч П.Золзаяа Шүүхийн мэргэшлийн хороо (Мэргэшлийн хороо)-нд гишүүнээр ажиллаж байхдаа 2013 онд давж заалдах шатны шүүхийнхээ ерөнхий шүүгчид нэр дэвшиж томилогдсон. Мэргэшлийн хорооны гишүүний ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрмийн 4.3-т “Хорооны гишүүн нь бүрэн эрхийнхээ хугацаанд шүүгчид, дээд шатны шүүхийн шүүгчид нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт байсан хэдий ч энэ хориглолтод “Ерөнхий шүүгч” гэж тухайлан заагаагүй учраас Мэргэшлийн хорооны гишүүн Ерөнхий шүүгчид нэр дэвшиж болно хэмээн тайлбарласан. Дараа нь, 2015 онд П.Золзаяа шүүгч Улсын дээд шүүхийн орон тоо зарлагдангуут Мэргэшлийн хорооныхоо ажлыг өгч нэр дэвшээд томилогдсон. Мэргэшлийн хорооны гишүүнээр ажиллаж байсан хүн уг хорооныхоо ажлаас чөлөөлөгдсөн даруйд шүүгчид нэр дэвшихийг хууль, дүрэм, журмаар илэрхий хориглоогүй учраас гэсэн тайлбар хийж тэрээр нэр дэвшсэн гэж дуулсан. 2013 оноос хойш шүүгчид нэр дэвшигчид, хуульчид, судлаачдын дунд Мэргэшлийн хорооны гишүүн өөрөө нэр дэвшиж дээрх албан тушаалуудад томилогдсон үйлдлийг шударга бус, тэгш бус байсан талаар ярьсан.

        Мэргэшлийн хорооны шүүгч гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий шүүгчид нэр дэвшихийг төдийгүй дээд шатны шүүхийн шүүгчийн орон тоо зарлагдангуут хорооны ажлаа өгч нэр дэвшихийг хуулиар зарчмын хувьд хориглодог. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23.9-д “Мэргэшлийн хорооны гишүүн нь хараат бусаар үйл ажиллагаа явуулж, аливаа шударга бус үйлдэл, сонирхлын зөрчил, өөртөө давуу байдал бий болгох зэрэг ёс зүйн алдаа гаргахаас сэргийлнэ,” Мэргэшлийн хорооны гишүүний ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрмийн 3.1-т хорооны гишүүн “бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад ашиг сонирхлын зөрчилд орохоос зайлсхийх” үүрэгтэй хэмээн заасан нь бүрэн эрхийнхээ хугацаанд төдийгүй бүрэн эрхээ дуусгасан даруйд шүүгчид нэр дэвшигчийг хорооны гишүүнд хориглосон утгыг багтаадаг. Учир нь, Мэргэшлийн хорооны гишүүн хорооныхоо шалгалт, ярилцлага болон бусад бүх нарийн ширийнийг мэддэг, бусад гишүүдээ таньдаг болсон байдаг. Ийм хүн шүүгчид нэр дэвших нь ашиг сонирхлын зөрчилтэй харагдах төдийгүй бусад нэр дэвшигчээс давуу байдал зүй бусаар олж авдаг. Мэргэшлийн хорооны гишүүд нэг гишүүнээ нэр дэвшиж байхад мэдлэг, ур чадвар, ёс зүйг нь төвийг сахиж, бодитой үнэлж чадах уу, бусад нэр дэвшигчтэй адилхан хандаж чадах уу гэсэн үндэслэл бүхий эргэлзээг үүсгэдэг. Гэвч, Мэргэшлийн хорооны гишүүн өөрөө нэр дэвшиж, Мэргэшлийн хорооны бусад гишүүн нь түүнээс шалгалт авсан, Ерөнхий зөвлөл нэр дэвшүүлсэн, УИХ болон Ерөнхийлөгч огт юу ч хэлээгүй хүссэн албан тушаалд нь томилсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн шүүгчид нэр дэвшиж буй тухай

        2013 оноос хойш Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй Ж.Эрдэнэчимэг нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшээд байгаа ажээ.[2] Тэрээр Ерөнхий зөвлөлд томилогдохоосоо өмнө Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан байна. Ерөнхий зөвлөлийн гишүүн өөрөө шүүгчид нэр дэвшээд байгааг шүүгчид, хуульчид, шүүгчид нэр дэвшигчид, олон нийтийн дунд ам дамжин ярьж, энэ хүн Мэргэшлийн хорооны шалгалтад тэнцэх нь тодорхой, Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгч рүү түүний нэрийг явуулах нь тодорхой гэж хардаж байгаа ч нийтэд хэн ч ил хэлж, бичиж чадахгүй байна. Шүүхийн тогтолцоог шинэчлэн зохион байгуулахад 2013 онд 12, 2015 онд 1, нийт 13 шүүгчийг Ерөнхийлөгч чөлөөлчхөөд дахин томилоогүй орхисон,[3] мөн 50 шүүгчийн саналыг нь асуулгүйгээр өөр шүүх рүү шилжүүлсэн,[4]үүгээрээ шүүгчийн хараат бус байдлыг зөрчсөн юм. Энд болсон шиг дахин шүүгчдийг чөлөөлж, зарим шүүгчийг томилохгүй үлдээх үү, өөр шүүх рүү шилжүүлэх үү гэсэн айдас шүүгчдийн дунд бий учраас тэд Ерөнхий зөвлөл, Ерөнхийлөгчийн эсрэг шүүмж хэлж чадахгүй байна. Өмгөөлөгчид бол шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх этгээдийг төлөөлдөг учраас шүүхтэй холбоотой асуудал дээр төдийлөн байр сууриа илэрхийлээд байдаггүй. Бусад нэр дэвшигчдийн хувьд Ерөнхий зөвлөлийн эсхүл Ерөнхийлөгчийн дургүйг хүргэвэл өөрсдөө шүүгчид нэр дэвших боломжоо алдана гэж эмээгээд Ерөнхий зөвлөлийн гишүүн нэр дэвшиж байгааг хэтэрхий тэгш бус, шударга бус гэдгийг өөр хоорондоо ярихаас цааш хэтрэхгүй байна.

        Ерөнхий зөвлөлийн гишүүн нэр дэвшихийг хуулиар хориглоогүй учраас нэр дэвшиж байгаа хэмээн ярьж байгаа сурагтай. Гэвч, Монголын Улсын Үндсэн хууль болон хуулиар Ерөнхий зөвлөлийн гишүүн өөрөө нэр дэвших нь зарчмын хувьд хориотой. Үндсэн хуулийн 1.2-т “тэгш байдал, ...шударга ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Шударга ёс гэсэн энэ ерөнхий шаардлага бол хий хоосон тунхаг биш, харин төрийн бүх үйл ажиллагаанд ягштал мөрдөх ёстой зарчим юм. Шүүгчийг шалгаруулах, хуульчдаас шилж олох, томилох ажиллагаа бол төрийн үйл ажиллагааны нэг хэлбэр учраас тэгш байдал болон шударга ёс энд бас үйлчилнэ. Ерөнхий зөвлөлийн гишүүн нь шүүгчийн шалгаруулалт, томилгооны бараг бүх зүйлийг мэддэг, өөрөө оролцог, Ерөнхий зөвлөлийн бусад гишүүд төдийгүй Мэргэшлийн хорооны гишүүдийг таньдаг, хамтран ажилладаг. Ийм хүн өөрөө шүүгчид нэр дэвших нь ашиг сонирхлын зөрчилтэй харагдах төдийгүй бусад нэр дэвшигчээс давуу байдал зүй бусаар олж авч, гарааны тэгш байдлыг зөрчинө. Ерөнхий зөвлөлийн гишүүн шүүгчид нэр дэвшиж байгаа тохиолдолд шүүгчийн шалгалт дээр үндэслэлгүй өндөр оноо авна, Ерөнхий зөвлөлийн бусад гишүүн нь бусад нэр дэвшигчээс илүүтэй өөрийн хамтран ажиллагчдаа тал засаж, Ерөнхийлөгч рүү явуулна гэж үндэслэлтэй хардах төдийгүй ийм зохисгүй зүйл гарах бодит боломжтой учраас энд шударга ёсны зарчим зөрчигдөж байна.

        Ерөнхий зөвлөлийн гишүүн өөрөө нэр дэвших эсхүл үүнийг зогсоохгүй байх нь Ерөнхий зөвлөлийн гишүүний өндөр ёс зүйд нийцэх үү гэдэг асуудал гарна. Ерөнхий зөвлөлийн гишүүн нь “шударга зан чанар, өндөр ёс зүйтэй” байна гэж Шүүхийн захиргааны тухай хуулийн 16.1.15-д заажээ. Ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг нь ийм шаардлага хангасан байсан бол өөрийн бүрэн эрхийн хугацаанд эсхүл бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд шүүгчид нэр дэвшихгүй байх байсан. Ийм илэрхий ёс зүйн хязгаарлалтыг өөртөө тавихгүй, ичихгүй нэр дэвшиж байгаа хүн Ерөнхий зөвлөлд ажиллаж байна гэхээр хамгийн сайн, ёс зүйтэй хуульчийг шилж олоод шүүгчээр томилуулах үүргээ тэрээр хэр зэрэг биелүүлдэг вэ гэдэгт ч эргэлзэхэд хүргэж байна. Нөгөө талаас, Ерөнхий зөвлөлийн нэг гишүүн шүүгчид нэр дэвшихийг зөвшөөрөх, улмаар шүүгчийн шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдээс түүний нэрийг сонгож Ерөнхийлөгч рүү томилуулахаар явуулахыг Ерөнхий зөвлөлийн бусад гишүүний шударга зан чанар, өндөр ёс зүй, төвч байдал үл зөвшөөрнө.

        Үндсэн хуульд зааснаар шүүгчийг шилж олох ажил тэгш байдал, шударга ёсонд нийцсэн байх, Шүүхийн захиргааны хуульд зааснаар Ерөнхий зөвлөлийн гишүүн бүр шударга зан чанар, өндөр ёс зүйтэй байх ёстой гэсэн ерөнхий шаардлагууд нь Ерөнхий зөвлөлийн гишүүн өөрийн бүрэн эрхийн хугацаанд эсхүл бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд шүүгчид нэр дэвшихийг хориотой. Гэвч, Ерөнхий зөвлөлийн гишүүн өөрөө нэр дэвшиж, Мэргэшлийн хороо түүнийг бүртгэж шалгалт авч, Ерөнхий зөвлөлийн бусад гишүүд нь шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид нэрийг нь явуулах гэж байгаа нь шүүхийн шинэчлэл, ялангуяа шүүгчийг шалгаруулах тогтолцооны шинэчлэлд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлсэн алхам болж байна. Энэ буруу алхмыг шүүмжлэх, ийм байж болохгүй гэж албан ёсоор дохио өгөх үлдсэн ганц газар бол Монголын Хуульчдын холбоо байна. Энэ холбоо ойрын үед Ж.Эрдэнэчимэг гишүүн болон бусад нэр дэвшигчийн зан байдал, нэр хүндийн талаар дүгнэлт гаргаж Ерөнхий зөвлөл рүү явуулна, ингэхдээ энд яригдаж буй асуудлыг авч хэлэлцээсэй, хэлээсэй гэж иргэний хувьд хүсэж байна.

Цаашид яах вэ?

        Хуулийн ерөнхий зарчим байсаар байхад үл тоодог, ойлгосон ч илт хориглоогүй юм чинь гээд ёс зүйгүй үйлдэл хийдэг ийм нөхцөлд зарчмаас гадна түүнийг дэлгэрүүлсэн ёс зүйн дүрэм, түүнийг зөрчсөн эсэхийг шийдвэрлэдэг үр нөлөөтэй тогтолцоо бий болгохгүй бол болохгүй нь. Мэргэшлийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэх, мөн Ерөнхий зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрмийг шинээр батлах, Шүүхийн захиргааны тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.[5] Хууль дээдлэх ёс төлөвшсөн, шүүгчийг мерит зарчмаар шалгаруулдаг улсад шүүгчийг шалгаруулах хороо (зөвлөл, комисс)-ны гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд[6] төдийгүй бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас хойш 3-5 жилийн дотор[7] аливаа шүүгч эсхүл ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшдэггүй.

        Дээрх сайн жишгийн дагуу хоёр төрлийн ашиг сонирхлын зөрчлийг Монголд хуулиар болон дүрмээр хориглох хэрэгтэй. Нэгд, Мэргэшлийн хорооны гишүүн болон Ерөнхий зөвлөлийн гишүүн нь гишүүнээр томилогдохоосоо өмнө бүрэн эрхийнхээ хугацаанд төдийгүй дуусгавар болсон даруйд шүүгчид нэр дэвшихгүй гэдгээ зөвшөөрч буйгаа баталгаажуулан гарын үсэг зурах үүргийг хууль, дүрэмд тусгаж болох юм. Энэ нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга төдийгүй энэ үүргийн ач холбогдлыг тодотгож өгдөг. Хоёрт, Мэргэшлийн хорооны гишүүн болон Ерөнхий зөвлөлийн гишүүн нь бүрэн эрхийнхээ хугацаанд төдийгүй ажлаа өгсний дараахан шүүгчид нэр дэвших өргөдөл гаргахад ашиг сонирхлын зөрчил бий болдог учраас хууль, дүрэмд үүнийг хориглосон заалт оруулах нь чухал. Хэдий тийм боловч Мэргэшлийн хорооны болон Ерөнхий зөвлөлийн гишүүн нь шүүгчээр ажиллах болзол, шаардлагыг хамгийн сайн хангасан хуульч байж болох учраас гишүүн нь бүрэн эрхээ дуусгавар болсноос хойш 3 жил өнгөрсний дараа шүүгчид нэр дэвших өргөдөл гаргаж болохоор зохицуулж болно. Энэ мэт ашиг сонирхлын зөрчлийг хориглосон хязгаарлалт бодитой хэрэгжвэл шүүгчийн шалгаруулалт, томилгоо олон нийтийн итгэлийг хүлээх болно.

        Шүүгчийг шалгаруулах, нэр дэвшүүлэх ажил хийдэг бүрэлдэхүүний гишүүн өөрөө шүүгчид нэр дэвшиж болохгүй гэсэн зарчим олон улсад бий, манай хуульд ч бий. Энэ зарчмыг 2013, 2015 онд нэг хүн зөрчсөн, одоо хоёр дахь хүн нь зөрчих гэж байна. Ийм байхад шүүгчийн шалгаруулалт тэгш, шударга, төвч, мерит зарчмаар явагддаг гэдэгт олон нийт яаж итгэх вэ гэсэн асуултыг бодож зөв хариулт, шийдлийг өгөх хэрэгтэй.

[1] О.Мөнхсайхан, “Цэцийн гишүүн төдийгүй Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурорыг нийтийн сонсголоор томилох нь хуулийн засаглал тогтоход тустай | Trends.mn,” 2015, http://www.trends.mn/n/3527

[2] “Дүгнэлт хүргүүлэх тухай” (Шүүхийн Ерөнхий зөвлөл, March 29, 2016), http://www.judcouncil.mn/main/3346--.html

[3] О.Мөнхсайхан, Г.Цагаанбаяр, Ж.Алтансүх, Монгол Улс дахь Шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам (УБ: Нээлттэй нийгэм форум, 2015), 65–69, http://forum.mn/res_mat/2015/1Shuukhiin%20zakhirgaanii%20zagvar_buten.pdf 

[4] Ж.Хунан, П.Баттулга, М.Мөнхжаргал, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: шүүгчийн томилгоо (УБ: Нээлттэй нийгэм форум, 2015), 88, http://forum.mn/res_mat/2016/Shuugchiin%20tomilgoo.pdf 

[5] О.Мөнхсайхан, Монгол Улс дахь шүүгчийн шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь (УБ: Содпресс, 2015), 67, http://forum.mn/res_mat/2015/Shvvgchiin%20songon%20shalgaruulalt_pages.pdf 

[6] Indiana Constitution – Article 7, §9, Indiana Statute §§ 33-5-5.1-31.1(b), 33-5-29.5-29(d), 33-5-40-34; Oklahoma Constitution – Article-B, §3(f).

[7] Constitution of Oklahoma – Article 70B, §3(f).

Эх сурвалж:http://www.trends.mn/n/5512

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АНУ-ЫН ЮТАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
12 цаг 38 мин
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛНО
12 цаг 54 мин
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
Уржигдар 22 цаг 29 мин
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2024-10-15 15:38
МЭДЭГДЭЛ
2024-10-14 15:49
"БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ) – ХУУЛЬЧДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-10 11:46
ТИКА-ЫН ЗОХИЦУУЛАГЧ МУСЛУ АЛИТАЙТАЙ УУЛЗЛАА
2024-10-09 14:11
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2024-10-08 15:18
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-08 15:07
“ХУУЛЬЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН БА ЭРҮҮЛ АХУЙ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-07 17:35
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-03 16:07
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:12
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:09
2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ЗАРИМ ХУУЛЬ
2024-10-02 14:03
ӨМГӨӨЛӨГЧ Б.ЗОРИГТБААТАР, Э.ЖАРГАЛ НАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-10-02 10:22
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-10-02 10:08
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-10-01 13:39
МЭНДЧИЛГЭЭ
2024-10-01 12:23
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭГ ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООН ДЭЭР СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2024-09-30 14:11
ХУУЛЬЧДЫГ ХАМТДАА МОД ТАРИХЫГ УРИАЛЖ БАЙНА
2024-09-27 14:27