Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
​Г.Оюунцэцэг: Ажлаасаа сэтгэл ханамж авч ажиллах хамгийн сайхан

    Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч Готовын Оюунцэцэгийг "Эксперт" буландаа урьж оролцууллаа. Тэрбээр “гаалийн” Х.Баатар, хурандаа нарын хэрэг, хадгаламж зээлийн хоршоодын хэрэг гээд олны анхаарал татсан, ээдрээ түвэгтэй олон хэрэг дээр ажилласан. Гэхдээ энэ удаад гэмт хэргийн тухай ярихгүй гэж тохиролцсоноор бидний ярилцлага эхэллээ.

-Та 30 гаруй жил хүний эрхийн төлөө ажиллажээ. Өмгөөлөгч хүний бахархал нь юу байдаг юм бэ?

-Өмгөөлөгч нар тус тусдаа, нэг конторт хамт суухгүй ч мэргэжил маань биднийг нэгтгэдэг. Өдийг хүртэл сайхан улсуудтай хамт ажиллаж, нэгнээсээ юм сурч иржээ. Алдсан эндсэн хүмүүсийг зөв замд нь оруулах, дараа нь тэднийгээ сайн явж байгааг харах сайхан. Тухайлбал, өмгөөлүүлж байсан хүн маань гудамжинд олон жилийн дараа таараад “Өмгөөлөгч өө, би ийм сайхан амьдарч байгаа” гээд 3-4 хүүхэдтэй болчихсон зургаа үзүүлж байсан. Тэгэхээр нь “За энэ залуу гэм буруугаа ойлгоод зөв замдаа орсон байна, амьдралд нь тус болж дээ” гээд дотроо баярлаж байсан. Иргэний хэргийн маргаанд ядарсан хүмүүст үнэ хөлсгүй туслалцаа үзүүлэхэд хэдэн ч жил өнгөрөхөд хүмүүс мартдаггүй. Жишээ нь, хуучин үйлчлүүлэгч, өндөр настан нэг удаа тааралдаад баярласан сэтгэлээ илэрхийлэн атга чихэр надад өгөхөд нь би баярлаад авсан. Тэр чинь хүний баярласан сэтгэлийн илэрхийлэл шүү дээ. Хүнээс ийм сайхан сэтгэлийн зүйл авахаар өөрийгөө үнэлэх үнэлэмж маань өөрийн эрхгүй дээшилсэн. Бусдад нэр хүндтэй байгаа маань өмгөөлөгчөөр ажилласны маань үр дүн. Ажлаасаа сэтгэл ханамж авч ажиллах хамгийн сайхан. Би өөрөө жинлүүрийн ордных.

-Хуулийн бурхан Фемида жинлүүртэй. Та бас жинлүүрийн ордынх.

-/Инээв/. Би их билгэшээдэг юм.

-Ажлын гараагаа та 1976 онд Улсын Дээд шүүхийн нарийн бичгийн даргаас эхэлсэн юм байна. Бас нэг жил Эрдэнэтэд шүүгчээр ажиллажээ. Яагаад шүүгч биш өмгөөлөгчөөр ажиллах болсон юм бэ?

-Намайг МУИС төгсөхөд Улсын Дээд шүүхэд хуваарилсан. Тэнд Эрүүгийн коллегийн нарийн бичиг хийх болсон. Г.Совд зэрэг мундаг ахмадууд байлаа. Залуу хүүхэд тэднээс их юм сурсан даа. Намайг хэл устай байсан учраас дараа нь гадаад харилцааны мэргэжилтэн болгосон юм. Тэгж ажиллаж байтал миний ханийг Эрдэнэт рүү шилжүүлсэн. Манайх нүүж, би Эрдэнэт хотын хоёрдугаар хэсгийн шүүхэд шүүгч нэг жил шүүгчээр ажилласан. Өрөвчхөн хүнд шүүгч хийх бэрхшээлтэй байсан. Би хэрэг шийдэхдээ хуулийнх нь хэмжээнд ял оноож, голдуу хорихоос өөр төрлийн ял оноож байсан. Миний шийдвэрт өөрчлөлт орж байсан тохиолдол ховор байсан. Тэр дундаас нэг хэрэг дээр л миний өгсөн ялыг дараагийн шатны шүүх хөнгөрүүлсэн байдаг юм. Тэр нь ар гэрийн гачигдлын улмаас хүүхдээ хаясан эмэгтэйн хэрэг байсан бөгөөд миний тухайн эмэгтэйд өгсөн ялыг дээд шатны шүүх хөнгөрүүлж өөрчилсөн юм. Би эх хүний хувьд тэр эмэгтэйд арай хүнд ял өгчихсөн байж дээ гэж боддог. Ийнхүү шүүгчийн ажлаа Эрдэнэт хотод үргэлжлүүлж байх үед нөхрийг маань Улаанбаатар хот руу татсан. Би ч ажлаа өгөөд дагаад явсан. Ингээд хотод ирсний дараахан өмнө нь надтай хамт Дээд шүүхэд ажиллаж байсан, дараа нь Өмгөөлөх коллегийн дарга асан, гавьяат хуульч Л.Зэвгээ гуайтай таарсан. Л.Зэвгээ дарга, “Оюунаа чи ерөөсөө өмгөөлөгч бол, өмгөөлөгч гэдэг ажил үнэхээр гайхалтай, бахархууштай ажил” гэж өмгөөлөгчийн бүхий л сайхан бүхнийг дурьдаж намайг өмгөөлөгч болох замд “уруу” татсан. Ингээд л өмгөөлөгч болсон доо.

-Аан, та тэгээд л өмгөөлөгч болохоор шийдсэн юм байна шүү дээ. Тэр үед Өмгөөлөх коллеги хаанаа харьяалагдаж байсан бэ?

-Тийм ээ, намайг Өмгөөлөх коллегид элсэх үед буюу 1982 онд Өмгөөлөх коллеги нь Шүүх яамны мэдэлд байсан юм. Тэр үеийн өмгөөлөгч нар өмгөөлөл үзүүлэхээс гадна долоо хоногт 3-4 газарт очиж хуулийн зөвлөгөө өгдөг байсан. Өмгөөллийн хөлсийг үйлчлүүлэгч нар нь коллегийн нарийн бичгийн даргад тушааж, түүнээс өмгөөлөгч нар зохих ажлын хөлсөө авдаг байсан. Үүнээс гадна Коллегиос 250-450 төгрөгийн хэлбэлзэлтэй тогтмол цалин өгнө. Тухайн үед Коллегийн өмгөөлөгч нарыг сайдаас өндөр цалин авдаг гэж шүүмжилж байсан шүү дээ. Үнэхээр өндөр цалинтай байсан юм. Сайхан хүмүүстэй ажиллаж байжээ. Энэбиш, Нянаабаатар, Алимаа, Төмөрбаатар, Дандар, Уранчимэг, Тунгалаг, Намжил гээд их л мундаг сайхан хүмүүс өмгөөлөгч байжээ. Тэр үеийн хүмүүс материаллаг биш байж.

-Өмгөөлөгч мэргэжлийн эрсдэл нь юу юм?

-Хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулбал эрсдэл байхгүй шүү дээ. Өөрийг чинь зориод ирсэн хүнд хэрэг материалтай нь танилцсаныхаа дараа үнэнийг нь л хэлэх хэрэгтэй. Буруу зөвлөгөө, худал амлалт өгөх болон итгэл төрүүлж болохгүй. Жишээ нь, хүмүүс өмгөөлөгчөөсөө “цагдан хориог цуцлуулж чадах уу, тэгвэл гэрээ байгуулъя, ажиллуулъя” гэх тохиолдол байдаг. Энэ хүсэлтийг нь үйлчлүүлэгчид таалагдах гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Шүүх яаж шийдэхийг өмгөөлөгч мэдэхгүй шүү дээ. Өмгөөлөгч хүн хууль, дүрэм журамдаа захирагдах ёстой. Ямар нэгэн хууль бус зүйлийг үйлчлүүлэгчдээ зөвлөж огт болохгүй. Үйлчлүүлэгч хууль бус шаардлага тавибал тэрийг нь буруу гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад өмгөөлөгч хэргийн материалтай танилцахад заримдаа тухайн иргэн гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой гэдэг итгэл үнэмшил өмгөөлөгчид төрдөг. Үүнийгээ хүндээ үнэнээр нь хэлж, зөв ойлгуулж зөвлөнө. Нэгэнтээ ажиллагаанд орсон өмгөөлөгч тэр хүнийхээ байр суурийг илэрхийлнэ гэсэн бичигдээгүй хуультай. Байцаан шийтгэх ажиллагаанд нэгэнт орсон л бол өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчээсээ тэр бүр дураараа татгалзаж болохгүй.

-Үйлчлүүлэгчээсээ татгалзах явдал сүүлийн үед гараад л байгаа. Саяхан хүртэл нэг намын даргад үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч татгалзсан тухай хэвлэлээр бичигдэж байна лээ?

-Байцаан шийтгэх ажиллагаанд оролцох явцад үйлчлүүлэгч нь хууль бус шаардлага тавихаас бусад тохиолдолд (хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдол үүнд хамаарахгүй) өмгөөлөгч хүн татгалзлал бичих ёсгүй. Жишээлбэл, үйлчлүүлэгч нь хэн нэгэнд өмгөөлөгчөөрөө дамжуулж хахууль өгье гэж хэлбэл өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчээсээ татгалзана. Түүнээс биш “энэ хүнийг өмгөөлөх гэсэн чинь миний чадвар мэдлэг дутаад байгаа учраас татгалзлаа” гэдэг байдлаар татгалзаж болохгүй. Эсвэл “Энэ мөрдөн байцаагч надад саад учруулж байна. Би ажиллах боломжгүй байна” гээд үйлчлүүлэгчээсээ татгалзаж бас болохгүй. Бэрхшээлийг хуулийн дагуу давахын оронд ийм арга замаар ажиллахыг би дэмждэггүй.

-Залуу хуульчдын ажиллаж байгааг харахаар чамлах сэтгэгдэл төрдөг үү. Огт хэвлэлд ярилцлага өгдөггүй өмгөөлөгч байхад алхам бүрээ олон нийтэд мэдээлдэг өмгөөлөгч бас байх юм. Энэ нь арга ажиллагааны нэг тактик юм уу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийгээд байгаа өмгөөлөгчийг би буруутгамааргүй байна. Шалгаж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд “Энэ хүн ийм гэмт хэрэгт шалгагдаж байгаа” гэж эцэслэн шийдэгдээгүй, дөнгөж шалгах шатанд байгаа хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийгээд байгаа учраас нөгөө хүн нь өмгөөлөгч рүүгээ ханддаг байх л даа. “Намайг гэмт хэрэг хийгээгүй байхад буруу зөрүү яриад байна. Үүнийг залруулаач ээ” гэсэн хүсэлтээ өмгөөлөгчдөө тавьдаг байх. Тэр дагуу нь л үйлчлүүлэгчийнхээ нэр төрийг хамгаалж олон нийтэд мэдээлэл өгдөг гэж ойлгодог. Яг мөрдөн байцаалтын ажиллагааны нарийн ширийнийг хэлж, нотлох баримтууд дэлгээд байгаа өмгөөлөгчийг би хараагүй. Тийм учраас буруутгаж боломгүй санагддаг.

-Цаг үеийн нэг асуулт байна. Ой найман сартай хүүхэдтэй эмэгтэйг сэжигтнээр цагдан хорьж болох уу гэж?

-Би хэргийг нь мэдэхгүй учраас шууд хариулж чадахгүй байна. Зарчмын хувьд аль аль талыг нь буруутгамааргүй байна. Өмгөөлөгч нь шүүгч, прокурортоо асуудал тавьж хандсан бол нөгөө хүндээ хэрэгтэй гэж бодож байна. Анхдагч нь тэр хүний болон хүүхдийн эрх ашиг шүү дээ. Хэвлэл мэдээлэл энэ асуудлыг шийдэхгүй шүү дээ. Цагдаа хэргийг шалгаад прокурортойгоо зөвлөлдөөд гаргасан саналыг нь шүүх баталгаажуулж байгаа. Цагдан хорьж байгааг нь зөвшөөрөхгүй бол ерөнхий шүүгчид нь гомдол гаргах хэрэгтэй. Хөхүүл хүүхэдтэй гэдэг нотлох баримтаа бүрдүүлээд очсон бол шүүхийн байгууллага нааштай шийдэх байлгүй дээ.

-Өмгөөлөгч дээр ихэвчлэн хохирсон эсвэл алдаа хийсэн хүмүүс ирдэг байх. Алдаа хийхээс сэргийлж өмгөөлөгч, хуульчид ханддаг байдал арай хэвшээгүй байх шиг?

-Барууны системийг судлаад үзэхэд аж ахуйн нэгж, иргэд өөрийн хуулийн зөвлөхтэй байдаг. Эрүүгийн хариуцлагаар жишээлэхэд, хууль мэдэхгүй нь тухайн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хэрэг, захиргааны хэрэг дээр ч мөн адил, хараад байхад мөн л хуулиа мэдэхгүйтэй холбоотой нийтлэг нэг дутагдал байдаг. Эхлээд буруу зүйлээ хийчихдэг, хэрэг маргаан үүссэний дараа л өмгөөлөгчид хандаж байна. Өмгөөлөгчөөр өөрсдийн хийсэн алдаа дутагдлаа засуулах гэдэг. Ийм учраас хүмүүс гэрээ, чухал баримт бичигт гарын үсэг зурахаар бол хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөс маш сайн зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгвэл дараа нь алдаа гарахгүй, эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна.

-Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин өнөөдөр ямар байна вэ?

-Процессын хуулиудад өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тусгасан байдаг ч өөрсдийн бие даасан хуультай байх шаардлагатай. Энэ нь Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад илүү тустай гэж боддог.

-Өмгөөлөгч, прокурор, шүүгч гурвыг нэг малгайнд зангидсан Хуульчдын холбоог байгуулсан. Энэ байгууллага ажиллаад явахад болох, болохгүй зүйл юу анзаарагдаж байна вэ?

-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүмүүсийг сонгон шалгаруулах, тэдний мэргэжлийн үйл ажиллагааны ёс зүйн зөрчилд нь хяналт тавих зохион байгуулалтыг төрийн байгууллага, төрөөс хараат бус байдлаар зохион байгуулахаар хуульчилж өгсөн. Энэ нь нэг талаасаа бүх хуульчдыг хараат бусаар ажиллахад чухал ач холбогдолтой. Хуучин бол хуульчийг сонгон шалгаруулах эрх мэдэл Хууль зүйн яаманд байсан. Энэ эрхийг хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагад шилжүүлсэн нь дэвшилттэй. Ер нь цаашид Бар-ын тогтолцоог бусад улсын жишигт нийцүүлж, зөв хөгжүүлж авч явах шаардлагатай гэж харж байгаа. Анхны алхам хийгдсэн.

-Болохгүй байгаа, засч сайжруулах ёстой зүйл юу байна вэ?

-Шүүгч, өмгөөлөгч, прокурорын ажлыг эрхэлж байгаа мэргэжлийн хуульчид маань мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа бие биеэсээ ашиг сонирхлын зөрчилтэй байдаг. Прокурор хүн “Энэ хүн ийм гэм буруутай. Тэдэн жилийн ял оногдуулъя” гээд орж ирж байхад нөгөө талаас өмгөөлөгч “Үгүй ээ, энэ хүн гэм буруугүй. Цагаатгах ёстой” эсвэл “Прокурорын санал арай хатуу байна. Хөнгөрүүлэх ёстой” гээд мэтгэлцэх байр суурин дээр орж ирдэг. Шүүгч бол өмгөөлөгч, прокурорын алиных нь ч талд орохгүйгээр төвийг сахисан, хөндлөнгийн байр сууринаас асуудлыг шийддэг. Ингээд үзэхээр энэ гурван ажлыг хэрэгжүүлж байгаа хуульчид маань мэргэжлийнхээ үйл ажиллагааны хувьд ашиг сонирхлын зөрчилтэй. Ийм байгаа субьектүүдийг нэг дээвэр дор, нэг байгууллагад нэгтгэж байгаа нь хуульчид бие биеэсээ хараат бус байх байдалд нөлөөлөх юм болов уу гэж харж байгаа.

-Бар-ын холбооны гишүүн боллоо. Бар-ын тогтолцоог Монголд нэвтрүүллээ гэж байсан. Яг сонгодог утгаараа биш юм уу?

-Бусад улсад яг манайх шиг зохион байгуулалт огт байдаггүй. Тэд Бар-ын тогтолцоонд төрийн байгууллагын оролцоо байхгүй байх ёстой гэдэг зарчмыг барьдаг. Тэрэн дотроо шүүгч, прокурорыг төрийн байгууллага гэж хардаг. Манай Үндсэн хуулиар ч гэсэн энэ хоёр байгууллагыг төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг гэж заасан. Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэний эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ажил мэргэжлийн хүмүүс нэг тогоонд байх нь зохимжгүй гэдэг юм билээ. Энэ байдал бол засах ёстой сул тал юм болов уу гэж харж байгаа. Нөгөө талаасаа, Мэргэжлийн хариуцлагын хороо шүүгчийн асуудлыг шийдэхэд өмгөөлөгч, прокурор оролцож байна. Прокурорын асуудлыг шийдэхэд өмгөөлөгч, шүүгч оролцож байна. Энэ байдлууд маань тус тусын мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдалд нөлөөлөхүйц зохион байгуулалт. Дэлхийн аль ч улс оронд ийм зохион байгуулалт байдаггүй.

-Үүнийг тэгвэл яаж сайжруулж болох бол?

-Шүүгчийн асуудлыг шийдэхэд өмгөөлөгч, прокурор хоёр орж ерөөсөө болдоггүй нь учиртай. Өнөөдөр нэг шүүгчийн ёс зүйн асуудлыг шийдчихээд маргааш иргэний хэрэг шийдүүлэх гээд өмгөөлөгч нь тэр шүүгч дээрээ очиж байгаа шүү дээ. Энэ нь аль ч талдаа хүнд. Ийм асуудал л байгаа юм. Зүй нь, шүүгчийн нарийн мэргэжлийн асуудлыг мэддэг шүүгч нар л шийдэх ёстой юм. Харин тэр шүүгчдийн дунд хөндлөнгийн хяналт байх ёстой. Тэр нь өмгөөлөгч, прокурорынх биш, олон нийтийн хяналт юм. Ийм жишиг олон улсад байдаг. Зарим улсад бол дагнасан шүүх байдаг юм билээ. Манайд дагнасан шүүх байгуулах боломж алга л байна.

Ярилцсан Г.Улсболд /тоймч/

Эх сурвалж: www.itoim.mn 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АНУ-ЫН ЮТАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛНО
13 цаг 2 мин
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
Уржигдар 22 цаг 29 мин
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2024-10-15 15:38
МЭДЭГДЭЛ
2024-10-14 15:49
"БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ) – ХУУЛЬЧДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-10 11:46
ТИКА-ЫН ЗОХИЦУУЛАГЧ МУСЛУ АЛИТАЙТАЙ УУЛЗЛАА
2024-10-09 14:11
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2024-10-08 15:18
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-08 15:07
“ХУУЛЬЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН БА ЭРҮҮЛ АХУЙ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-07 17:35
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-03 16:07
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:12
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:09
2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ЗАРИМ ХУУЛЬ
2024-10-02 14:03
ӨМГӨӨЛӨГЧ Б.ЗОРИГТБААТАР, Э.ЖАРГАЛ НАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-10-02 10:22
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-10-02 10:08
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-10-01 13:39
МЭНДЧИЛГЭЭ
2024-10-01 12:23
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭГ ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООН ДЭЭР СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2024-09-30 14:11
ХУУЛЬЧДЫГ ХАМТДАА МОД ТАРИХЫГ УРИАЛЖ БАЙНА
2024-09-27 14:27