Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Е.Сагсай: Хохирогчийн эрх ашгийг ч бас прокурор хамгаалдаг

    Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн  дарга, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Е.Сагсайг энэ удаагийн “Ярилцах танхим”-даа урилаа.

 

-Сүүлийн үед прокурорууд шүүмжлэлд өртөх нь их боллоо. Тухайлбал, эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа хууль бус үйлдэл гаргадаг, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэн нэгний нөлөөнд автдаг, магадгүй зарим нь авлига авах зэргээр хэргийг нөгөө талд шийдвэрлэсэн гэхчилэн ярих болж. Та энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд юу хэлэх вэ?

-Юуны өмнө зарим ойлголтыг өгөх нь зөв байх.Дэлхийд прокурорын байгууллага үүсээд 200 гаруй жил болж байна. Энэ байгууллагын анх бий болсон түүх нь шүүх хэргийг таслан шийдвэрлэх, өмгөөлөгч өмгөөлөх гээд өөр өөрийн чиг үүрэгтэй шиг төрийг төлөөлж нэг нөхөр яллах зайлшгүй шаардлага гарч ирсэн. Товчхондоо байцаан шийтгэх ажиллагааны чиг үүргийг тус тусад нь бие дааж, харилцан тэнцвэртэй байлгах шаардлагатай болсон учраас дээрх чиг үүрэг бүхий байгууллагыг бий болгосон нь прокурор юм. Манай улсын хувьд ч ялгаагүй. Энэ тогтолцооны дагуу прокурорын байгууллага байгуулагдаж өнгөрсөн онд 85 жилийнхээ ойг тэмдэглэсэн.  Таны асууж байгаачлан манай салбарынхныг тойрсон янз бүрийн ойлголт хүмүүсийн дунд байдаг байх. Тэгвэл прокурорын байгууллагын гол чиг үүрэг нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих. Шүүх хуралдаанд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэм буруутай шүү гэдэг баримтыг шүүхийн өмнө гаргаж бас нотолж өгдөг. Өөрөөр хэлбэл, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж улмаар эрүүгийн гэмт хэрэгт тухайн хүн ямар холбоотой болохыг хэрэгт цугларсан баримтаар нотолж, тогтоож өгдөг юм. Ингэхдээ прокурор яллах дүгнэлтийг  үйлдэж улмаар шүүхэд өөрөө аваачиж өгнө. Үүнээс гадна шүүх хуралд өөрөө яллагчаар оролцдог. Мөн тухайн хэрэг хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд байхад өөрөө хяналт тавьдаг гэх мэтчилэн үүрэг, хариуцлага нь өндөр байдаг. Гэхдээ мэдээж прокурорууд хянаж байгаа хэрэг болгоныг шүүхэд шилжүүлээд байхгүй. Гэм буруутай гэж үзсэн хэргийг шүүхэд аваачдаг. Харин тухайн сэжигтэн этгээдийн гэм буруутай нь тогтоогдоогүй бол түүнээс наана нь гэм буруугүйд тооцох олон арга зам бий. Тухайлбал, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Өршөөлийн хууль гарч түүнд хамаарах үндэслэлтэй бол хамааруулах эсэх гээд шийддэг гарц шийдэл олон бий. Гагцхүү прокурор шүүхэд аваачиж яллаж байгаа үндэслэл нь тухайн гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг шүүхээр хэлэлцүүлж гэм буруутай байна уу үгүй юу гэдгийг шийдүүлдэг юм.

-Тэгвэл шүүх дээр тэр хүнийг гэм буруутай гэдгийг нотлох үүрэг ганцхан прокурорт байдаг, өөр чиг үүрэг байхгүй гэж ойлгож болох нь ээ?   

-Бас тэгж өрөөсгөл ойлгож болохгүй. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьдаг. Энэ үеэр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож буй бүх оролцогчийн эрхийг хангуулахад хяналт тавьдаг юм. Үүний дотор хохирсон этгээдийн эрхийг хангуулахын төлөө ажилладаг. Магадгүй гэмт хэргийн улмаас хэн нэгэн бие эрхтэн, сэтгэл санаа, эд хөрөнгийн хувьд хохирсон бол тухайн иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд прокурор хяналтаа чиглүүлдэг. Хохирогчийг зөв тогтоолгосон байх ёстой. Эрх ашгийг нь хамгаалсан байх ёстой. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх бололцоог мөрдөн байцаалтын шатанд хэрэгжүүлсэн байх ёстой. Түүнээс биш хэн нэгнийг яллачихаад “Бид зөвхөн яллах үүрэгтэй. Бусад нь бидэнд хамаагүй” гээд суугаад байж болохгүй. Хохирогчийн эрх ашгийг ч бас прокурор хамгаалдаг гэдгийг ойлгох нь зүйтэй байх.

-Прокуроруудтай холбоотой гомдол хэр их ирдэг вэ. Учир нь анхан шатны прокурор дээр хүмүүсийн эрхийг зөрчсөн байна гэх гомдол цөөнгүй гардаг. Тэр ч бүү хэл хохирсон гээд байгаа иргэдийн зарим нь хаана хандахаа мэдэхгүй хохироод үлдэх тохиолдол хүртэл бий?

-Яахав эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад мөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих явцад байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид гомдол, хүсэлт гаргах эрх нээлттэй байдаг. Тэр ч утгаараа хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч буруу шийдвэр гаргасан гээд хүсэлт тавиад байхад түүнийг нь хангаагүй гэдэг ч юм уу иймэрхүү агуулгатай гомдол, хүсэлт их ирдэг. Нэгэнт ирсэн хүсэлтийг хангуулах үүрэг прокурорт байдаг учраас хуулийн дагуу ажилладаг. Нөгөө талаар хяналт тавьсан прокурорын гаргаж байгаа шийдвэр сэтгэлд нь нийцэхгүй, хууль бус гэж үзэж байгаа бол байцаан шийтгэх ажиллагааны оролцогч тухайн прокурорын гаргасан шийдвэрийн талаар дээд шатны прокурорын байгууллагад гомдол, хүсэлт гаргаж шалгуулах эрх нь мөн нээлттэй. Энэ утгаараа гомдол гаргах тохиолдол цөөнгүй бий. Бид ч хуулийн дагуу тодруулбал, тухайн прокурор асуудлыг зөв шийдсэн үү үгүй юу эсвэл үнэхээр хууль зөрсөн үү гэдгийг нь шалгадаг. Прокурорын байгууллага нэгдмэл, төвлөрсөн тогтолцоотой учраас прокурорын анхан шатны нэгжид гаргасан шийдвэр үндэслэлтэй байна уу, үгүй юу гэдгийг Ерөнхий прокурорын газар хүртэл явж хянагддаг. Өөрөөр хэлбэл, шат шатандаа хянаад явдаг. Хэрэв үндэслэлгүй бол түүнийг нь залруулдаг, засдаг журамтай.

-Жилд прокуроруудтай холбоотой хичнээн гомдол ирдэг бол?

-Улсын хэмжээний тоо баримтыг статистик мэдээнээс харах байх. Зөвхөн УЕП-ын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст гэхэд анхан шатны прокурорууд болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн гаргасан шийдвэр, зарим тохиолдолд шүүхээс гаргасан шийдвэр үйл ажиллагааны талаар гаргасан гомдол жилд дунджаар 2000 орчим ирдэг. 

-Та прокурорууд төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг гэсэн. Тэгвэл нөгөө талдаа тэдний эрх ашгийг хэн хамгаалдаг вэ. Ингэж асуусан шалтгаан нь сүүлийн үед онц хүнд гэмт хэрэг их гарах болсон. Үүнийг дагаад хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор, шүүгч халдлагад өртөх тохиолдол гардаг байхыг үгүйсгэхгүй?

-Прокуроруудыг бүрэн дүүрэн хамгаалсан хууль эрхзүйн орчин бүрдсэн гэж хэлж чадахгүй байна. Яахав, Гэрч хохирогчийг хамгаалах хууль гэж батлагдсан. Түүнтэй холбоотойгоор Тахарын алба байгуулагдсан. Тэр албаны нэг чиг үүрэг нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл байдал мөн шүүх болон шүүгчдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй. Гэхдээ энэ албын тухайд өнөөдөртөө прокуроруудын эрх ашиг, аюулгүй байдлыг хангаад явж байгаа юм алга. Гэхдээ ганц чиг үүрэг тэдэнд бий. Тэр нь шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагчийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангахад Тахарын алба үйлчилж байгаа. Магадгүй шүүх хуралдааны явцад прокурорын амь нас эрүүл мэнд, нэр хүндэд халдсан халдлага, дайралт, доромжлол заналхийлэл гарвал Тахарын алба хамгаалах бололцоо байгаа гэж ойлгож байна. Үүнээс өөр тохиолдолд хамгаалдаг тийм тогтолцоо, механизм хууль тогтоомжоор бол байхгүй. Зөвхөн байгууллага дотооддоо прокуроруудынхаа аюулгүй байдлын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

-Таниас прокуроруудтай холбоотой нэг хэргийг тухайлан асуумаар байна. Тодруулбал, өнгөрсөн жил танай нэг прокурор улсын хилээр хар тамхи оруулж ирж байгаад саатуулагдсан гэх дуулиан дэгдсэн. Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?

-Гэмт хэрэг нийгмийн тодорхой үзэгдэл. Гэмт хэрэгт өртөхгүй, холбогдохгүй  байх нь ямар ч хүний, аль ч байгууллагын өмнөх зорилт мөн үү гэвэл тийм. Гэтэл санаатай, санаандгүй ямар нэг байдлаар гэмт хэрэгт өртөх явдал ямар ч хүнд, албан тушаалтанд, байгууллагад байдаг. Манай байгууллагын хувьд прокуроруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйг сахиулах, сахилга хариуцлагыг өндөржүүлэх, өргөсөн танга­рагтай үнэнч байж ирсэн олон жилийн уламжлалтай. Харин ч ийм асуудалд сахилга хариуцлага тооцож ярьж чаддаг уламжлал бий. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан хүнтэй хариуцлага тооцож чаддаг. Яахав манай салбарынхан дунд хүн л юм чинь алдаж оносон мэр сэр тохиолдол бий байх. Тухайн хүн үнэхээр гэмт хэрэг үйлдсэн, тэр нь шүүхээр тогтоогдсон бол Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар гэм буруугаа хүлээж ял шийтгэлээ эдлэх ёстой. Энэ зарчмаар тэр хүний хэрэг явж байгаа болов уу. Миний сонссоноор энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавиад шүүхэд шилжүүлсэн гэсэн. Харин шүүхээс зарим зүйлийг тодруулж шалгаач гээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан гэсэн. Одоо мөрдөн байцаалтын шатанд байгаа байх.

-Прокуроруудын цалин ямар байдаг юм бэ. Тухайлбал, шүүгч нар өндөр цалин тогтоолгосон. Үүнийгээ учирлахдаа тэд авлигад идэгдэхгүй. Хэргийг үнэн зөв шийдэхийн тулд цалин мөнгө сайн байх ёстой гэж тайлбарладаг?  

-Ер нь ямар ч хэрэг хоёр талтай. Эрүүгийн хэрэг дээр л гэхэд нэг нь ямар нэг байдлаар хохирсон бол нөгөө талд нь хохироосон этгээд байж байдаг. Тэгэхээр эцсийн шийдвэр нэг гарна. Магадгүй шийдвэр аль ч талд гарсан байж магадгүй. Хамгийн гол нь тэр нь хуулийн хүрээнд байх ёстой. Хэний талд гарсан нь чухал биш. Магадгүй шийдвэр хэрэгтний талд гарлаа гэхэд хохирогч, хохирогчийн талд гарлаа гэхэд хэрэгт холбогдож байгаа хүн гомддог. Энэ прокурорууд нөгөө талд үйлчиллээ, авлига авчихлаа, албан тушаалаа урвуулан ашиглалаа гэх зэргээр ярьдаг. Товчхондоо нэг хэрэг дээр хоёр талын ашиг сонирхол тэнцүү хэмжээнд хөндөгддөг учраас хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор мөн шүүгч дээр ч нэг талд үйлчлээд байна гэсэн асуудал гардаг. Мэдээж прокурорууд хууль тогтоомжоо хүндэтгээд, эрх үүргээ ухамсарлаад өргөсөн тангаргатаа үнэнч хуулийн нэг мөр хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг гэж ойлгож байгаа. Тэрнээс аль нэг талд нь үйлчилнэ гээд өрөөсгөл шийдвэр гаргаж байгаа гэж бодохгүй байна. Харин цалин хөлс, хангамжийн хувьд асуудал бий. Уг нь олон жилийн уламжлал тогтсон практикаар шүүхийн байгууллага болон шүүгчийн цалин прокурорын байгууллага болон прокуроруудын цалин бие биетэйгээ шүтэлцээтэй, уялдаатай, ойролцоо явж ирсэн. Аль нэгнийх нь цалин нэмэгдэж байгаа бол түүнийг дагаж нөгөөх нь нэмэгддэг байдал манай хоёр байгууллагад олон жил үйлчилсэн. Социализмын үед ч, зах зээл эхэлснээс хойш ч тийм л байсан. Харин сүүлийн жилүүдэд ялгаатай болсон. Энэ нь хууль эрх зүйн орчинтой холбоотой байхыг үгүйсгэхгүй. Магадгүй улс орны эдийн засаг хүндэрсэн, төсөв санхүүгийн бололцоо тааруу байгаатай ч холбоотой байж мэднэ. Гэхдээ шүүх, прокурор хоёрын цалин хэтэрхий ялгамжтай байгаа нь нэг талаар төрийн бодлого оновчтой биш байгаа юм болов уу гэж хувьдаа үздэг. Яагаад гэвэл прокурорууд 2011 онд УИХ-ын тогтоолоор тогтоосон цалинтай. Тэр цалингаараа өнөөдрийг хүртэл явж байна. Гэтэл энэ хугацаанд шүүгч нарын цалинг Шүүхийн ерөнхий зөвлөл нэг тогтоосон. Дээр нь УИХ өнгөрсөн жил тогтоол гаргаж нэмсэн. Мөн энэ хугацаанд төрийн захиргааны бусад байгууллагын цалин ч бас нэмэгдсэн. Тэгэхээр миний ойлгож байгаагаар 2011 оноос хойш цалингаа нэг ч төгрөгөөр нэмүүлж чадаагүй байгууллага нь прокурор. Манайхны ачаалал их байна. Дээр нь ажлын нөхцөл хүнд. Сүүлийн үед гарах хэргийн тоо нэмэгдсэн. Мөн сэтгэл санааны хувь байнга стрестэй байдаг гээд энэ бүхний хажуугаар авч байгаа цалинг нь харьцуулбал яах аргагүй бага л даа. 

-Таниас асуухгүй байж болохгүй бас нэг асуулт бол танай салбарт хийсэн шинэчлэлт. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн Засгийн газрын үед хууль зүйн салбарт шинэчлэл хийсэн. Гэвч үүнийг дагасан шүүмжлэл их байна. Тухайлбал, шүүгч нар шүүхийг бүсчилж хуваасан нь олон хүний эрхийг зөрчиж байна гэж ярьдаг. Харин танай салбарт?

-Монгол Улсын Ерөнхийлөг­чийн санаачилсан шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хөтөлбөр гэж гарсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд шүүхийн байгууллага, үйл ажиллагааны тухай иж бүрэн багц хууль батлагдаж тогтолцооны хувьд өөрчлөлт орсон.  Тойрог дундын, дүүрэг дундын гэх мэтээр шүүх байгуулагдсан. Үүнийг дагаад манай прокурорын байгууллага тодорхой хугацаанд бүтэцдээ өөрчлөлт хийсэн. Дүүрэг дундын прокурорын байгууллага байгуулж үзсэн. Зарим аймаг, сумын прокурорыг өөр аймаг суманд шилжүүлж үзсэн. Угаасаа хүссэн ч эс хүссэн ч шүүхийн тогтолцоог прокурор дагахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл шүүхээр асуудлаа шийдвэрлүүлдэг учраас шүүхийн тогтолцоо ямар байхаас манай байгууллагын тогтолцоо шууд хамраадаг тул  савлагаанд нь яах аргагүй өртдөг юм. Ингэхээс ч өөр аргагүй. Харин өнгөрсөн онд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч аймаг дундын давж заалдах шатны, дүүрэг дундын шүүх байгуулсныг буруу. Үүнийг Үндсэн хуульд нийцүүлж буцаан засах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гарсан. Үүний дагуу манай прокурорын байгууллага хуучин буюу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн зарчмаар ажилладаг бүтэц зохион байгуулалтдаа орсон. Одоо дүүрэг, аймаг болгон прокурорын газартай сум дундын прокурорын газар нь хэдэн сумаа хариуцаад орон нутагт байна. Харин шүүх хуучин тогтолцоондоо орж чадаагүй байх шиг байна. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан учраас долоодугаар сарын 1-нээс хуучин тогтолцоондоо орно гэж сонссон. Ер нь шүүх прокурор аль аль нь ойр, нутаг дэвсгэр нь тодорхой байж хүн амдаа үйлчлэх үйлчилгээ нь ойртвол тэр хэрээр үйлчилгээ сайжирна гэж ойлгодог. Жишээ нь, манай цагдаагийнхан л гэхэд нэг дүүрэгт хэд хэдэн Цагдаагийн хэлтэс байгуулаад хүн амтайгаа улам ойртоод байгаа шүү дээ. Үүнтэй адил бид тэгэх ёстой зүйл. Энэ тохиолдолд шүүх прокурор хоёр нь гурван дүүргийн дунд нэг болоод холдоод байж болохгүй. Тиймээс миний хувьд шүүх эрх мэдлийн хүрээнд хийсэн тогтолцоо зөв байсан гэхэд эргэлздэг. Удахгүй Үндсэн хуульд заасан тогтолцоондоо орох байх гэж найддаг.   

Л.Оюунгэрэл

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АНУ-ЫН ЮТАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
12 цаг 44 мин
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛНО
12 цаг 59 мин
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
Уржигдар 22 цаг 29 мин
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2024-10-15 15:38
МЭДЭГДЭЛ
2024-10-14 15:49
"БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ) – ХУУЛЬЧДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-10 11:46
ТИКА-ЫН ЗОХИЦУУЛАГЧ МУСЛУ АЛИТАЙТАЙ УУЛЗЛАА
2024-10-09 14:11
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2024-10-08 15:18
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-08 15:07
“ХУУЛЬЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН БА ЭРҮҮЛ АХУЙ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-07 17:35
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-03 16:07
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:12
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:09
2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ЗАРИМ ХУУЛЬ
2024-10-02 14:03
ӨМГӨӨЛӨГЧ Б.ЗОРИГТБААТАР, Э.ЖАРГАЛ НАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-10-02 10:22
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-10-02 10:08
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-10-01 13:39
МЭНДЧИЛГЭЭ
2024-10-01 12:23
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭГ ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООН ДЭЭР СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2024-09-30 14:11
ХУУЛЬЧДЫГ ХАМТДАА МОД ТАРИХЫГ УРИАЛЖ БАЙНА
2024-09-27 14:27