Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
"Муугийн уршиг олонд..."

 

-Хуульч аа, таниас гурван асуулт асуухад хэдэн төгрөг төлөх вэ?

-300.000

-Үнэтэй юм аа, тийм ээ?

-Тийм шүү. Одоо танд ганц асуулт асуух л эрх үлдлээ.

   Энэ хэдий онигоо ч үнэний ортой. Манай улсад 5000 гаруй хуульч бий. Энэ нь 600 хүн тутамд нэг хуульч ногдож байна гэсэн үг. Гэвч хууль, эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгч хөлслөх гэхээр тэнгэрт хадсан үнэ хэлдэг ч тэр хэрээрээ үйлчилгээ үзүүлдэггүй жишээ олон. Хүний зовлонгоор жаргал хийсэн, мэргэжлийн хариуцлага, ёс зүйгээ уландаа гишгэсэн өмгөөлөгч цөөнгүйг Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооныхон ил болгожээ. Тус хороо үйл ажиллагаагаа явуулаад нэг жил хоёр сар болж байгаа бөгөөд өнгөрсөн жил 100 гаруй өргөдөл гомдол шийдвэрлэсэн байна. Гэхдээ эдгээр гомдлын дагуу хуульчдад ямар нэгэн хариуцлага тооцоогүй аж. “Учир нь тэр үед бүх зүйл шинэ байлаа. Тулгамдсан асуудал ч олон байв. Эдгээр гомдлыг нарийн шалгахад өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэх зүйл гараагүй. Харин энэ жилийн хувьд Мэргэжлийн хариуцлагын хорооныхон дадлагажин, ажил нь жигдрээд байна” гэж тус хорооны Ажлын албаны дарга, гавьяат хуульч Т.Жадамбаа тайлбарласан.

   Тус хорооныхон энэ онд шүүгч, прокурор, өмгөөлөгчтэй холбоотой 200 гаруй гомдол иргэдээс хүлээн авчээ. Энэ оны 11 сарын байдлаар 82 гомдолд маргаан үүсгэхээс татгалзаж,  маргаан үүсгэсэн гомдлын  65-ыг нь хэрэгсэхгүй болгосон бол 18 хуульчид шийтгэл хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл,  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд хүлээлгэх хариуцлагын дагуу хаалттай болон нээлттэй сануулах, шүүхэд төлөөлөх эрх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх,  хүчингүй болгох шийтгэл оноосон гэнэ.

   Тухайлбал, найман өмгөөлөгчид хаалттай сануулах хариуцлага тооцжээ. Энэ нь зөрчил дутагдлыг нь тухайн өмгөөлөгчид ганцаарчлан сануулсан гэсэн үг. Мөн гурван хуульчид нээлттэй сануулах буюу зөрчлийг нь нийтэд зарласан бол бусдад нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил түдгэлзүүлэх, хугацаагүй  хүчингүй болгосон байна. Одоогийн байдлаар таван хуульчид сахилгын арга хэмжээ авахуулахаар Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд шилжүүлсэн аж.  

   Хуульчийн мэргэжлийн ёс зүй, өргөсөн тангаргаа умартан бусдаас мөнгө авсан ч үйлчилгээ үзүүлээгүй учраас мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хүчингүй болгуулсан зарим өмгөөлөгчийн жишээ дурдъя. Эх сурвалжийн мэдээллэснээр зарим өмгөөлөгч тухайн хүнийхээ нууцаас эсрэг талынханд худалддаг гэх мэдээлэл ч бий.

Өмгөөллийн хөлсөө авсан ч үйлчилгээ үзүүлээгүй

   Г.Номин-Эрдэнэ өмгөөлөгчид зохих хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн гомдол Мэргэжлийн хариуцлагын хороонд иргэн Б.Цэрэндулам гаргаснаар уг өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг зургаан сараар түдгэлзүүлсэн байна. Г.Номин-Эрдэнэ нь Б.Цэрэндуламын гэр бүлийн маргааны хэрэгт  нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцохоор харилцан тохиролцож, өмгөөллийн хөлсөнд 200.000 төгрөг авахаар болжээ. Ингэхдээ бэлнээр 150.000 төгрөг, “ Улаанбаатар архи” (0.75 гр 14.000 төгрөг) аваад  үлдсэн 36.000 төгрөгийг өмгөөлсний дараа авахаар тохиролцсон аж.  Гэвч тухайн үед Г.Номин-Эрдэнэ гар утсаа авахгүй, холбоо барих боломжгүй байсан учраас Б.Цэрэндулам дахин өмгөөлөгч авч, шүүн таслах ажиллагааг  дуусгасан байна. Тиймээс өмгөөлөгч Г.Номин-Эрдэнийн шүүхэд төлөөлөх эрхийг нь зургаан сарын хугацаатай түтгэлзүүлэн, Б.Цэрэндуламд 140.000 төгрөгийг нь буцаан олгуулжээ.

“Хүмүүстэй хоол идээд, яаж зохицуулахаа ярилцаж байна”

   Өмгөөлөгч Б.Банзрагчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр жилийн хугацаатай хүчингүй болгосон нь дараах шалтгаантай аж. Иргэн Х.Мехлай Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдолдоо “Миний хүү Ганзоригт шүүх хоёр жил хорих ял оноосон юм. Б.Банзрагч өмгөөлөгч Дархан хотод явж байхдаа бидний таньдаг хүнээс энэ талаар олж мэдсэн байдаг. Тэгээд хүүтэй  минь уулзаж  “Дээд шүүхэд би чамайг өмгөөлж, баталгаатай гаргаж чадна” гэсэн байсан. Хүүтэйгээ уулзах үед энэ тухай надад хэлсэн. Бид Б.Банзрагч өмгөөлөгчтэй холбоо барьж, өмгөөллийн хөлсийг таван сая төгрөгөөр тохиролцож,  эхлээд 2.5 саяыг нь өгсөн. Тэр орой нь Б.Банзрагч над руу залгаад “...хүмүүстэйгээ хоол идээд, яаж зохицуулахаа ярилцаад сууж байна” гэсэн. Түүнээс хойш утсаар ярихад “Та санаа зоволтгүй, тохирсон байгаа” гэж байлаа.  Утсаар 4-5 удаа ярихад “хүрээд ир” гэдэг.  Яваад очихоор байдаггүй. Миний сэтгэл санааны байдлыг далимдуулан намайг ашигласан. “Хүн осолд ороод ГССҮТ-д байна” гэхээр нь очсон чинь худлаа байсан.  Ингээд би залилуулснаа ойлгосон” гэжээ.

Б.Банзрагч үйлчилгээ үзүүлээгүй, мөнгө авснаас хойш уулзаагүй, хяналтын шатны шүүхэд гомдол, хүсэлт бичиж өгөөгүй. Хяналтын шатны шүүхийн шүүгч нартай найз, хүүг хорихоос гаргаж өгнө, хүмүүстэй хоол иднэ зэргээр худал хэлэн залилж мөнгө авсан нь хуульчийн үнэнч шударга байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл учраас хүнд зөрчилд хамааруулах үндэслэлтэй гэж Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүн үзжээ.

   Энэ мэтчилэн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, тусламж дэмжлэг хүссэн хүмүүсийн сэтгэл санаагаар тоглож, мөнгө халаасалдаг өмгөөлөгчдийн ичмээр үйлдэл цааш үргэлжилнэ. Хуульчаар ажиллаж байхдаа гэмт хэрэг санаатай үйлдсэн Г.Мягмардоржийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгож, бусдаас  өмгөөллийн хөлс авсан хэрнээ  “Уймраа, тэнэг, юм ойлгодоггүй авгай” гэж доромжилсон хуульч Л.Ганчимэгт нээлттэй сануулах арга хэмжээ авчээ.  Мөн хүнд зодуулсны улмаас өмгөөлөгч авах шаардлагатай болсон иргэнтэй  600.000 төгрөгөөр гэрээ байгуулсан ч тэр өдрөөс хойш холбоо бариагүй, байцаагчтай уулзаагүй, хавтас хэрэгтэй нь танилцаагүй хэрнээ  “Би энэ заваан хэргийг өмгөөлж чадахгүй, надад одоогоор бэлэн мөнгө байхгүй” гэж ёс зүйгүй авирласан өмгөөлөгч  Л.Энхтунгалагийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

   Өмгөөлөгчдийн увайгүй энэ үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авч буй нь сайшаалтай ч “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр энэ явдал сайн, шударга хуульчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа нь нууц биш. Өмгөөлөгчийн шалгалт гэж байхгүй, хуульчийн шалгалтад тэнцсэн бол гэрчилгээ аваад Улсын дээд шүүхэд бүртгүүлээд л өмгөөллийн ажил эрхэлж буй нь чанаргүй, чадваргүй, ёс зүйгүй хуульчдыг бий болгож байна гэж үзэх хүн ч цөөнгүй бий. Тухайлбал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл “Туршлагатай өмгөөлөгчийн туслахаар нэлээд хэдэн жил ажиллуулаад, мэргэжил ёс зүй далдлагын хувьд шаардлага хангасныг нь өмгөөлөгч болгох хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр сургууль дөнгөж төгссөн салиа нь арилаагүй шавь нар маань шууд өмгөөллийн эрх аваад үйл ажиллагаанд оролцдог явдал газар авсан” гэжээ.

Энэ талаар  Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга, гавьяат хуульч Т.Жадамбаагаас тодрууллаа.

Т.Жадамбаа: Залилангийн шинжтэй үйлдэл гаргасан нь арай хэтэрхий

 

-Мэргэжлийн хариуцлагын хорооны чиг үүргийн талаар тайлбарлахгүй юу?

-Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа хүн, нотариатчид бүгд хуульч гэсэн ангилалд багтдаг. Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй 5200 хуульч бий. Манай хороо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хянаж шалгах чиг үүрэгтэй, 18 шүүгч, зургаан прокурор, зургаан өмгөөлөгч гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

-Өмгөөллийн хөлс авчихаад үйлчилгээ үзүүлээгүй гомдол их ирдэг юм билээ. Шалтгааныг нь тодруулахгүй юу?

-Иргэдээс ирсэн гомдлыг нарийвчлан судлахад мөнгө авчихаад үйлчилгээ үзүүлээгүй гэсэн нь дийлэнх байдаг. Нөгөө талаас өмгөөлөгчийн үйл ажиллагаа хуульд захирагдсан, хязгаарлагдмал байдаг болохоор тухайн үйлчлүүлж буй хүндээ бүрэн дүүрэн сэтгэл ханамж өгч чаддаггүй байх. Өөрөөр хэлбэл, бүх зүйлд нь оролцох боломжгүй. Гэхдээ арга хэмжээ авахуулсан хуульчид арай хэтэрхий зөрчил гаргсан байдаг. Мөнгийг нь аваад үйлчилгээ үзүүлэхгүй байх нь залилангийн шинжтэй үйлдэл. Бид иргэдээс ирсэн гомдлыг оролцсон шүүх хурал, хэргийн материал зэргийг нягталж байж шийдвэрлэдэг болохоос хэн нэгний амаар асуудалд ханддаггүй. Хүндэтгэх шалтгаангүй бол бид ажлаа хийгээгүй хүнийг хамгаалдаггүй. Өмгөөлөгч өвчин зовлон, осол гэмтэл, ямар нэгэн гачигдалд орж болно. Ийм тохиолдолд үйлчлүүлэгчдээ мэдэгдэж мөнгийг нь буцаан өгөх ёстой. Үүнд бид хатуу байр суурьтай байгаа.

-Ийм зөрчил гаргуулахгүй байхад хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-Өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг, ёс зүй гэж бий. Түүнийгээ л сайн ухамсарлах хэрэгтэй.

-Шүүгчийн цалин сард 2.7-3.3 сая. Өмгөөлөгчид өмгөөллийн хөлсөөрөө цалинждаг. Энэ нь нөлөөлж байна уу?

-Өмгөөлөгчид үйлчилгээний хөлсөнд хэдэн арван саяар нь авсан юм байхгүй. Дээд тал нь 10-20 саяас 300-500 мянган төгрөг байдаг. Хүмүүсийн  төлбөрийн чадвар тааруу. Тэглээ гээд ёс зүйгүй, хуулийн дагуу ажиллахгүй байж болохгүй.

 -Шүүхэд төлөөлөх эрхийг нь хугацаагүй хүчингүй  болгохоор насаараа өмгөөлөгчөөр ажиллах боломжгүй болох уу?

- Хуульчийн сонгон шалгаруулалтад орж, шалгалт өгөөд дахин өмгөөлөх эрхтэй болж болно.

-Зарим хуульч “Өмгөөлөгч нар давхар ажил эрхэлж болохгүй нь Үндсэн хуулийн “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...” гэсэн заалтыг зөрчиж байна” гэж үздэг. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно гэж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан. Өөр байгууллагад тогтмол ажиллахгүй, гэрээгээр зөвлөгөө өгч болно. Тиймээс зарим хуульч энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн  дагаж мөрдөхгүй гэдэг. Гэхдээ хүчин төгөлдөр энэ хуулиа дагаж мөрдөхөөс өөр аргагүй гэв.

   Өмгөөллийн хөлс авсан ч үйлчилгээгээ үзүүлэхгүй байгаа өмгөөлөгчид давхар ажил эрхэлбэл юу болох вэ. Өмнөхөө бараагүй байж, бусад зүйлд шунах хэрэг бий бил үү.  

Ч.Болортуяа

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин 2015.12.09 лхагва №283(5677)

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24