Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

   Үндэсний Аудитын газраас (Сургалтын төрийн санд хаяглаж) тогтоосон 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр “Суутган тооцож, төсөвт төвлөрүүлэх тухай” актыг үндэслэн иргэн СурахТэмүүлэлийн 2017 оны төрөөс төлөгдөх сургалтын төлбөрөөс суутган тооцож сургалтын төлбөрийн өр үүссэн байжээ. Олгогдох ёстой төлбөрөөс суутгал хийж байгаа тухай Сургалтын төрийн сангаас СурахТэмүүлэлд мэдэгдээгүй.

   Үндэсний аудитын газрын шинжээч нарын 1/24 дугаартай “Суутган тооцож төсөвт төвлөрүүлэх тухай” акт нь Сургалтын төрийн санд хаяглагдаж гарсан. Сургалтын төрийн сан болон иргэн СурахТэмүүлэл нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ” байгуулсан ба гэрээний дагуу шилжих ёстой төлбөрөөс даруй 13485 ам.долларыг дутуу шилжүүлснээр СурахТэмүүлэлийн суралцаж төгссөн гадаад улсын их сургууль түүнээс энэ төлбөрийг нэхэмжилсэн.

   Иргэн СурахТэмүүлэл дээрх акттай холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Асуулт:

  1. Хэргийн харьяаллыг тодорхойлно уу

  2. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэх үндэслэлтэй юу

БОДОЛТ:

Бодлогын нөхцөл, хариу нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн тодорхой маргааны үйл баримтад[1] үндэслэгдэн зохиогдсон болно.

Хэргийн харьяаллыг тодорхойлох:

  1. Хэргийн харьяаллын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ЗХШХШтХ)-ийн 13 болон 54.1-ийг тус тус шалгана.

1.1. ЗХШХШтХ-ийн 13 дугаар зүйлийг шалгахдаа:

а. Дээрх бодлогод үүссэн маргаан нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэдгийг Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийг тус тус үндэслэж нотолсон байх ёстой (сүүлийн хоёр хуулийн аль нэгийг хэрэглэсэн байж болно).

б. Дээрх бодлогод үүссэн маргаан нь эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш буюу эрүүгийн гэмт хэргийн шинжтэй харилцаа биш байна гэдгийг дүгнэсэн байх ёстой.

в. Дээрх бодлогод үүссэн маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэдгийг тухайн бодлогод өгөгдсөн маргаан нь нийтийн эрх зүйн маргаан болохыг нотлох замаар дүгнэсэн байх ёстой (үүнийг нотлохдоо тухайн харилцаа нь захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа буюу захиргааны эрх зүйн харилцаа болох талаар бичих, эсхүл нийтийн эрх зүйг хувийн эрх зүйгээс ялган заагладаг ашиг сонирхлын, субординацийн, тусгай эрхийн онолын дагуу нийтийн эрх зүйн маргаан мөн гэж дүгнэж болно).

  1. 1.2. ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг шалгахдаа:

а. ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг үгүйсгэх буюу бодлогод өгөгдсөн маргаан (нэхэмжлэл) нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын мөн гэдгийг нотлох ёстой. Үүнийг нотлохын тулд бодлогод өгөгдсөн маргаан бүхий шийдвэр (Үндэсний аудитын газрын шинжээч нарын 1/24 дугаартай “Суутган тооцож төсөвт төвлөрүүлэх тухай” акт) нь Захиргааны ерөнхий хууль (ЗЕХ)-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт мөн (доорх шинжүүдийг нэгэн зэрэг хангаж байх) болохыг дүгнэнэ.

-Нийтийн эрх зүйн хүрээнд байх

Энэ хэсэгт шалгуулагч этгээд тухайн захиргааны актаар зохицуулагдаж буй харилцаа (төрийн аудитын чиг үүрэг, эрх хэмжээ) нь нийтийн эрх зүйн харилцаа, тэр дотроо захиргааны эрх зүйн харилцаа мөн эсэхийг захиргааны актад үндэслэсэн эрх зүйн эх сурвалжийг дүгнэх замаар, эсхүл ашиг сонирхлын, субординацийн, тусгай эрхийн онолыг ашиглах замаар тогтоосон байх ёстой. Энэ шалгалтыг 1.1-ийн “в” алхам дээр хийсэн байж болно. Тэр тохиолдолд оноог нь тооцно.

-Захиргааны байгууллагаас гарсан байх

Энэ хэсэгт шалгуулагч этгээд ЗЕХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх заалтууд болон холбогдох бусад хуулийг үндэслэж, Үндэсний аудитын газрын шинжээч нар нь захиргааны байгууллага мөн болохыг дүгнэж бичсэн байх ёстой.

-Захирамжилсан шинжтэй байх

Энэ хэсэгт шалгуулагч этгээд Үндэсний аудитын газрын шинжээч нарын 1/24 дугаар акт нь захиргааны байгууллагын нэг талын хүсэлт зориг илэрхийлэгдсэний үндсэн дээр гарсан, заавал биелэгдэх шинжтэй, илрэх хэлбэрийн хувьд ЗЕХ-ын 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан бичгэн хэлбэртэй шийдвэр болохыг дүгнэж бичнэ.

- Тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлэх зохицуулалт агуулсан байх

Энэ хэсэгт шалгуулагч этгээд Үндэсний аудитын газрын шинжээч нарын 1/24 дугаар акт нь иргэн СТ-д “гэрээний дагуу хийгдэх ёстой сургалтын төлбөрөөс 13.485 ам.долларыг шилжүүлэхгүй” шийдвэрлэсэн, энэхүү шийдвэрийн улмаас иргэн СТ-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн буюу хязгаарласан сөрөг үр дагавартай (ЗЕХ 37.5) зохицуулалт агуулсан болохыг дүгнэж бичнэ. Мөн уг актын холбогдох хэсэг нь тодорхой нэг этгээдэд буюу иргэн СТ-д чиглэсэн үйчлэлтэй байна гэдгийг дүгнэж бичнэ. (энэ талаар 2-р асуултын хариултын а-д дэлгэрүүлж хариулах ёстой)

-Гадагш чиглэсэн байх

Үндэсний аудитын газрын шинжээч нарын 1/24 дугаар акт нь хэдийгээр Сургалтын төрийн санд хаяглагдан гарсан шийдвэр боловч тухайн харилцаанд оролцогч этгээд болох иргэн СТ-ийн сургалтын төрийн сангаас тэтгэлэг авах эрхийг хөндсөн, хязгаарласан шинжтэй, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байж болохоор байгаа тул гадагш чиглэсэн байгаа болохыг дүгнэж бичнэ. Ингэхдээ, актаар үүссэн төрийн аудит болон сургалтын төрийн сан хоорондын харилцаа, мөн актаар төрийн аудит иргэн СТ нарын хооронд үүсэххарилцааг ялгаж дүгнэвэл зохино. Эцэст нь, актын зохицуулалт зөвхөн сургалтын төрийн сангаар хязгаарлагдахгүй байгааг харуулбал сайн. (энэ талаар 2-р асуултын хариултын а-д дэлгэрүүлж хариулах ёстой)

  1. 1.3. Дүгнэлт

   Дээрх алхмуудыг шалгуулагч этгээд хийсний үр дүнд дараах дүгнэлтийг хийсэн байвал зохино. Үүнд:

   Үндэсний аудитын газрын шинжээч нарын 1/24 дугаар акт нь (нэхэмжлэгчийн хувьд) ЗЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан 6 шинжийг бүхэлд нь агуулж байгаа тул захиргааны акт мөн байна. Тиймээс ЗХШХШтХ-ийн 13.1, 54.1.1-д тус тус заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн байна. Энэ бодлогын хувьд шалгуулагч ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-54.1.4, 54.1.6-54.1.8 дахь заалтыг тухайлан дүгнэж шалгах шаардлагагүй.

Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэх үндэслэл:

   Хэргийн харьяаллын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ЗХШХШтХ)-ийн 13 болон 54.1.1-ийг тус тус шалгасны дүнд уг маргаан Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн байсан ч нэхэмжлэл гаргаж буй этгээд нь тухайн асуудлаар маргах эрхтэй нь тогтоогдвол шүүх түүний нэхэмжлэлээр хэрэг үүсгэх боломжтой байдаг.

Тиймээс шалгуулагч ЗХШХШтХ-ийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1-д заасныг тайлбарлан хэрэглэж, захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, тухайн захиргааны акт нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд шууд үйлчлэлтэй гэдгийг нотлон тайлбарлах ёстой.

Энэ хүрээнд шалгуулагч ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-ын “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн хэсгийг шалгасан байна. Үүнд: “1)маргаан бүхий актын зохицуулалт болон түүний нэхэмжлэгчийн 2) эрхэд чиглэсэн үйлчлэлийн харилцан хамаарал”-ыг тодорхойлсон байвал зохино.

а.Захиргааны актын үйлчлэл (зохицуулалт): Хэдийгээр маргаан бүхий акт нь Сургалтын төрийн санд хаяглагдсан боловч актын 1 дэх заалтаар “Сургалтын төрийн сангаас 2014-2015 онд нэр бүхий 14 суралцагчид илүү олгосон 283.1 мянган ам.долларыг тэдгээрийн 2016 оны сургалтын төлбөрөөс суутгаж, төсөвт төвлөрүүлэх”-ээр шийдвэрлэснээс Сурах Тэмүүлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар үйлчлэл үүсгэх талаар судлах ёстой. Ингэхдээ, захиргааны актын үйлчлэл нь ямар этгээдэд эрх, үүрэг үүсгэж, эрх зүйн байдалд нь өөрчлөлт оруулах үр дагаварт хүргэж байгааг задлан шинжлэх шаардлагатай.

   Актаар Сургалтын төрийн санд иргэн СТ-ийн сургалтын төлбөрийг илүү шилжүүлсэн гэж үзэж, цаашид шилжүүлэх хуваарьт төлбөрөөс дээрх илүү төлсөн гэх дүнг суутган тооцох үүрэг бий болгосон. Харин үүнээс шууд улбаалан иргэн СТ-ийн сургалтын төрийн сантай байгуулсан гэрээний дагуу хийгдэх ёстой байсан сургалтын төлбөрөө бүрэн төлөх боломжгүй нөхцөл үүссэн зэргийг “хориглосон” үйлчлэл бүхий захирамжилсан шийдвэр гаргах эрх бүхий төрийн аудитын байгууллагын албан тушаалтны бүрэн эрх олгосон хуулийг хэрэглэх замаар шинжлэн судалвал зохино.

б.Шаардах эрх: Захиргааны актын эрх зүйн үр дагаврыг зөвхөн хаяглагдсан этгээдээр хязгаарлах биш уг актын “үр дагавар” нэхэмжлэл гаргаж буй этгээдэд тодорхой үйлчлэлтэй байж болох эсэхийг судалсны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэсэн үндэслэл байгаа эсэхийг дүгнэсэн байвал зохино. Ингэхдээ шалгуулагч захиргааны актын зохицуулалт нь өөртөө хаяглагдсан этгээдээс гадна өөр бусад этгээдэд шууд эрх зүйн үйлчлэлтэй байгаа эсэхээс хамаарч шаардах эрх хэнд байхыг тодорхойлох талаар дүгнэж бичсэн байх шаардлагатай.

   Дээрх алхмуудыг шалгуулагч хийсний үр дүнд дараах дүгнэлтийг хийсэн байвал зохино. Үүнд: Дээрх захиргааны актын үйлчлэл нь иргэн СТ-ийн эрхэд шууд эрх зүйн үр дагавар үүсгэж байгааг нэгтгэн дүгнэж, улмаар Үндэсний аудитын газрын шинжээч нарын 1/24 дугаар акттай холбогдуулан гаргасан иргэн СТ-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул хүлээн авч хэрэг үүсгэх боломжтой тухай байна.

                                      БОДЛОГЫН ХАРИУ ДҮГНЭХ ОНООНЫ ХУВААРИЛАЛТ

Шалгах үндэслэл

 

Оноо

 

1

Актыг тодорхойлох

0-6

2

 

Хэргийн харъяалалыг тодорхойлох

 

0-4

 

3

Захиргааны актын үйлчлэл 

0-5

 

4

Шаардах эрхтэй эсэх

0-5

 

Нийт оноо

 

0-20

 

 

[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 сарын 12 өдрийн 221/ШТ2018/0629 дугаар тогтоолтой А.Тэмүүлэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24