ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО
Баатар нь өөрийн автомашинаар зорчигч тээвэрлэж амьдралаа залгуулдаг ба 2018 оны 7 дугаар сарын 24-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн, урьд нь үл таних Төмөрийг автомашиндаа суулган, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших гэрийнх нь гадаа хүргэж өгөв.
Баатар “төлбөр 7500 төгрөг гарсан” гэж хэлэхэд Төмөр өөрт байсан мөнгийг тоолоод “надад 2500 төгрөг байна, үлдсэн мөнгийг эхнэрээсээ аваад ирье” гэж хэлээд гэртээ оров. Тэрээр гарч ирэхгүй удсан тул Баатар гэрт нь зөвшөөрөлгүй нэвтрэн орж, гэрт өөр хүн байхгүйг мэдээд Төмөрөөс үлдсэн мөнгөө хурдан олж өгөхийг шаардахаас гадна номын шүүгээ, ширээний шургуулга зэргийг онгойлгож мөнгө байгаа эсэхийг шалгаж үзэв. Ийнхүү гэрт нь мөнгө олдохгүй байсан тул Баатар “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж хэлэхэд Төмөр өөрийн “Iphone-7” загварын гар утсаа гарган өгч, нэвтрэх нууц кодыг хэлж өгсөн байна.
Төмөрийг гэрийн хойморт байх авдар дотроос мөнгө хайх үед Баатар гэрээс сэм гүйн гарч явсан. Төмөр нь Цагдаагийн байгууллагад хандаж Баатарыг эрэн сурвалжлуулснаар 1 сарын дараа түүнийг олж, гар утсаа буцаан авчээ. Мөрдөн байцаалтын шатанд томилогдсон хөрөнгийн үнэлгээний компани Төмөрийн гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлсэн.
Баатар “Төмөрийн гар утсыг нь барьцаа болгон авч явсан, харин тухайн гар утсыг завших санаа байхгүй байсан” гэж мэдүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хохирол нөхөн төлөгдсөнийг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл тэнсэх хүсэлтийг гаргасан байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд түүнийг 14 хоног цагдан хорих зөвшөөрөл олгосон шүүгчээр хэргээ шийдвэрлүүлэхээс татгалзсан байна.
Баатарын хувийн байдлыг шалгаж үзэхэд тэрээр урьд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн ба шүүх 2017 оны 8 дүгээр сарын 24-ний өдөр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан болох нь тогтоогдсон байна.
ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ:
Бодлогын нөхцөлийг үндэслэн Баатарын үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, ял шийтгэлийн төрөл хэмжээ, шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар хууль зүйн дүгнэлт хийх.
БОДОЛТ:
1.Гэмт хэргийн шинж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн ойлголт, шинж”-ийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
- Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй байх;
- Нийгэмд аюултай байх;
- Гэм буруутай байх.
1.Хуулийн дээрх заалтыг үндэслэн Баатарын үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг шалгавал:
1.1. Баатар нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний орой Төмөрийн 900.000 төгрөгийн үнэтэй “Iphone-7” загварын гар утсыг зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэмт хэргийн шинжийг харуулдаг.
Тухайлбал хулгайлах гэмт хэрэг эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.
Харин хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд буюу өмчлөгч, эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээдийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон идэвхтэй хэлбэрээр илэрдэг.
Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулна.
Хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр хэргийг зүйлчлэхдээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дээрх шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж төгсөж буй цаг хугацааг нарийн тогтоох, тодорхой сэдэлт бий болсон үеийг тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд нөлөөлнө.
Бодлогын нөхцөлөөс харахад Баатар нь хохирогч Төмөрийг өөрийн автомашинаар гэрт нь хүргэж, үйлчилгээ үзүүлсний төлбөр нэхэх үедээ гар утсыг нь түр хэрэглэхээр гуйн авч, улмаар хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал сарнисан байдлыг далимдуулан гэрээс нь зугтан гарч, гар утсыг нь завшсан үйл баримт тогтоогджээ.
Гэхдээ бодлогын нөхцөлд Баатар нь анхнаасаа Төмөрийн гар утсыг залилан мэхлэж авах санаа зорилготой байсан, эсхүл гар утсыг нь авсны дараа түүнд завших санаа бодол төрсөн эсэх нь тодорхойгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтлан Баатарыг хохирогчийн гар утсыг авсны дараа буцааж өгөхгүй байх гэмт санаа төрж, гэрээс нь зугтаж гарсан гэж дүгнэх үндэслэлтэй юм.
Баатар “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж хэлээд Төмөрөөс “Iphone-7” загварын гар утсыг авсан үйлдэл нь бусдыг хуурч мэхлэх аргаар эд зүйлийг нь авсан гэж үзэх объектив шинжийг агуулсан мэт боловч залилах гэмт хэргийн үед хохирогч өөрийн эд хөрөнгө, түүний эрхийг гэмт этгээдийн захиран зарцуулах эрхэд сайн дураар шилжүүлдэг бөгөөд бодлогын нөхцөлөөс харахад хохирогч Төмөр өөрийн гар утсыг захиран зарцуулах эрхийг Баатарт шилжүүлээгүй, харин нэг удаа түр хэрэглүүлэхээр өгсөн байна. Хэрэв Баатарыг хуурч мэхдэх аргаар гар утсыг авсан гэж үзвэл тэрээр хохирогчийн гар утсыг авч зугтсанаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийг шинж хангагдсан, өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь дээрэмдэх гэмт хэрэгт шилжсэн гэж үзнэ.
Баатар нь Төмөрийн гар утсыг барьцаа болгож авсан гэх боловч тэрээр гэрээс нь зугтаж гарсан, мөн Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж олох хүртэл өөрийн санаачлагаар гар утсыг буцааж өгөөгүй байх бөгөөд түүний авах байсан үйлчилгээний хөлс нь гар утасны үнэтэй дүйцэхгүй байна.
Талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор барьцаа авах хэлцэл хийгдэх үед үүрэг гүйцэтгэгч төлбөр төлсөн тохиолдолд эд хөрөнгийг буцааж өгөх нөхцөл хангагдсан байдаг. Гэтэл хохирогч Төмөр нь Баатарыг олохын тулд Цагдаагийн байгууллагад хандаж, түүнийг эрэн сурвалжлуулснаас үзэхэд Баатарт гар утсыг буцаан өгөх санаа байгаагүй гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг шууд санаатай, шунахай сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хохирогчид 900.000 төгрөгийн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг илэрхийлж байна.
Баатар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь бодлогын нөхцөлөөс харагдах ба энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах тул гэм буруутай байх шинж хангагдсан гэж үзнэ.
1.2. Баатар нь Төмөрийн зөвшөөрөлгүй гэрт нь нэвтрэн орж, номын шүүгээ, ширээний шургуулга зэргийг онгойлгож мөнгө байгаа эсэхийг шалгасан үйлдэл нь “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинжтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.
Бодлогын нөхцөлөөс харахад Баатар нь Төмөрөөс таксин үйлчилгээ үзүүлсний төлбөр авахын тулд зөвшөөрөлгүйгээр гэрт нь нэвтрэн орж, Төмөрийн согтуурсан буюу анхаарал сарнисан байдлыг далимдуулан номын шүүгээ, ширээний шургуулга зэргийг онгойлгож үзэх зэргээр хүний хувийн орон зай руу халдаж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн “Тайлбар”-т зааснаар хүн байнга амьдрах зориулалтттай гэр нь “орон байр” гэх ойлголтод хамаарна.
Баатар нь Төмөрт таксин үйлчилгээ үзүүлсний төлбөр авах, хохирол нэхэмжлэх эрх нь бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтрэх, улмаар хүний хувийн орон зай руу дураараа халдсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
2.Хэргийн зүйлчлэл
2.1. Баатар нь Төмөрийн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone-7” загварын гар утсыг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Баатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэх, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; эсхүл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн; эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.
Баатарын үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Төмөрт 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.
2.2. Баатар нь Төмөрийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, номын шүүгээ, ширээний шургуулга зэргийг онгойлгож мөнгө хайх зэргээр дураараа авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Харин тухайн үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний орон байранд нэвтрэн орсон, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө хураан авсан” гэх хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.
Баатар нь хууль сахиулагч биш тул Төмөрийн гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, номын шүүгээ, ширээний шургуулга онгойлгож мөнгө хайсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.7 дугаар зүйлд заасан “Хууль бусаар нэгжих, хураан авах, битүүмжлэх” гэмт хэргийн субъектыг шинжийг хангахгүй байна.
Баатар эрүүгийн хуулиар хамгаалагдсан 2 өөр обьектод халдсан тул нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Нэгдсэн дүгнэлт: Баатарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх үндэслэлтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх
3.1. Баатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Баатарын үйлдлсэн дээрх гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
Баатар нь Төмөрийн гар утсыг авч явснаа хүлээн мэдүүлсэн боловч уг гар утсыг барьцаа болгон авч явсан, тухайн гар утсыг завших санаа зорилго байгаагүй гэж мэдүүлснээс үзэхэд түүнийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна. Иймд шүүгдэгчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг хүлээж авах боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвхөн 3 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хуульд заасан бусад шаардлага хангагдсан тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох ба Баатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Баатарт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулна.
3.2. Баатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд тооцохоор хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
3.3. Баатарыг хувийн байдлыг шалгахад тэрээр урьд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэж 2017 оны 8 дүгээр сарын 24-нд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлджээ.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасныг үндэслэн шүүх Баатарт өмнөх үйлдсэн хулгайн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих ял оногдуулж, улмаар Баатарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтооно.
Баатар нь мөрдөн байцаалтын шатанд 14 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно.
4. Баатарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэх талаар
4.1.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт тусгайлан хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагч нь хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргах болох ба прокурор, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эсэх талаар шийдвэр гаргана.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана:
-шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;
-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;
-прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх;
-хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх;
-гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх;
-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх.
Гэвч Баатар нь гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй.
4.2. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэх
Баатар нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хянаж үзэхэд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэгт 5 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн боломж байхгүй байна.
4.3. Тэнсэх хүсэлтийг шийдвэрлэх
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.
Бодлогын нөхцөлөөс харахад Баатар нь Төмөрийн гар утсыг биет байдлаар буцаан өгч хохирол арилгасан хэдий ч дээрэмдэх гэмт хэргээс гадна бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл Баатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, мөн урьд нь гэмт хэрэг үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 болон 5 дахь хэсэгт заасны дагуу түүнд тэнсэх журмыг хэрэглэж болохгүй.
Иймд Баатарын гаргасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл тэнсэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
4.4. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэлийг хуульчилсан тул Баатарын гаргасан “мөрдөн байцаалтын шатанд 14 хоног цагдан хорих зөвшөөрөл олгосон шүүгчээр гэм буруутай эсэхээ шийдвэрлүүлэхээс татгалзах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэнэ.
БОДЛОГЫН ХАРИУ ДҮГНЭХ ОНООНЫ ХУВААРИЛАЛТ
№ |
Шалгах үндэслэл |
Оноо
|
1 |
Гэмт хэргийн шинжийг тодорхойлох Хэргийн зүйлчлэл
|
0-10 |
2 |
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл
|
0-5 |
3 |
Шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх |
0-5 |
Нийт оноо
|
0-20 |