Монголын Хуульчдын холбооноос гурав дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриан дор 2019 оны зургадугаар сарын 13-нд “Корпорейт конвеншн центр”-т зохион байгууллаа.
Аливаа нийгэмд хуульчдын гүйцэтгэх үүрэг амин чухал байдаг бөгөөд улс орны хөгжил дэвшил, хүн амын сайн сайхны баталгаа нь хуульчдын хариуцлагатай мэргэжлийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Иргэд хуульчдыг хүний эрхийг хамгаалагч, шударга ёсны манаач, нийгмийг анагаагч эмч гэж итгэдэг. Тиймээс нийгмийн энэхүү хүлээлт, итгэлийг эвдэхгүй байх өндөр хариуцлага хуульчдын нуруун дээр байдаг билээ. “Хуульчдын форум” нь нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж тэдгээрийг шийдвэрлэх тодорхой санал, санаачилга гаргаж хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх, хуульчид харилцан туршлага солилцох, хамтран ажиллах соёлыг түгээх, мэргэжлийн нэр хүнд, бахархлыг дээшлүүлэх хуульчдын индэр юм.
Энэ жилийн “Хуульчдын форум” нь “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриатайгаар "Эрх зүйн шинэчлэл ба хуульчийн бие даасан, хараат бус байдал” үндсэн сэдвийн хүрээнд явагдлаа. Улс орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргаа нь төрийн тогтвортой бодлого, үйл ажиллагаанаас хамаарч, оновчтой эрх зүйн зохицуулалтыг шаарддаг. Харин тогтвортой, аливаа хийдэл, доголдолгүй эрх зүйн орчныг бий болгоход хуульчдын оролцоо нэн чухал. Тиймээс “Хуульчдын форум”-ын салбар хуралдааны сэдвүүдийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгүүд нь оновчтой эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход дэмжлэг үзүүлэх санал, шийдлийг эрэлхийлсэн болно. Тодруулбал, “Хуульчдын форум-2019”-ын хүрээнд “Авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчийн хараат бус байдлыг хамгаалах”, “Төрийн өмчийн удирдлага: Хувьчлал, засаглал, эрх зүйн зохицуулалт”, “Хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, хуульчийн оролцоо”, “Технологийн шинэчлэл ба хуулийн зохицуулалт”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, хэрэгцээ, шаардлага”, “Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, хүний эрхэм чанарт халдах”, “Арилжааны хууль хэрэгтэй юу?”, "Double jeopardy: Зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэг үйлдэлд хоёр удаа шийтгэл ногдуулахгүй зарчим үйлчлэх үү?”, “Оюуны өмчийн эрх зүйн шинэчлэл”, “Шүүгчийн томилгоо”, “Өмгөөллийн нөхөрлөлийн удирдлага”, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо” гэсэн 12 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал, шийдлийг дэвшүүлж, зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмжийг албан ёсоор холбогдох байгууллагад хүргүүлэх юм.
“Хуульчдын форум” нь хуульчдын нийтийн сайн сайхны төлөө гэх дуу хоолой, байр суурийг илэрхийлэх индэр болж чадсан бөгөөд бөгөөд энэ удаагийн форумд 400 гаруй хуульч, хүндэт зочид оролцсоноос гадна УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Н.Учрал, Х.Нямбаатар, Элчин сайд, элчин сайдын яамдын төлөөлөл, хууль зүйн салбарын доктор, профессорууд, гавьяат хуульчид болон 21 аймгийн хуульчдын төлөөлөл оролцож, өөрсдийн туршлага, санал, санаачилгыг хуваалцсан. Мөн хүндэт зочноор УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан, ахмад прокурор Б.Галдаа оролцож, хуульчидтай сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.
Энэ жилийн форумын нэг онцлог нь технологийн шинэчлэлийг ашигласан явдал байсан бөгөөд оролцогчдын мандатыг кодолж, хуралд оролцогчдын ирц, нас, хүйс, мэргэжлийн түвшин, бүс нутаг зэргээр нь статистик мэдээллийг шуурхай, нээлттэй мэдээлсний зэрэгцээ хурлын хөтөлбөр болон холбогдох мэдээллийг гар утаснаасаа үзэх боломжийг бүрдүүлсэн. Мөн хуульчдын цаг, завыг хэмнэх, эргэх холбоог сайжруулах хүрээнд нэг цэгийн үйлчилгээг ажиллуулж, хуульчид нэгдсэн бүртгэлийн мэдээлэл, гишүүний татвар, сургалтын багц цаг, даатгал, хорооны гишүүнчлэл зэрэг мэдээллийг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллалаа.
“ Хуульчдын форум-2019”-ыг зохион байгуулахад Нээлттэй нийгэм форум, МИАТ ХК, “Хаан” банк, “Богд” банк, Чимид сан, Азийн сан, Legaldata.mn болон өмгөөллийн “ИЭлСи”, “ЭмДиЭСХанлекс”, “Заяа энд золоо”, “Дачэн дэнтонс”, “Анта энд партнерс”, “ИЭлБи партнерс”, Жалайрчо”, “Ананд адвокатс”, “ДиБи энд ЖиТиЭс” , "Санхүүгийн хуулийн зөвлөх" нөхөрлөлүүд дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэж ажилласан бөгөөд хуульчийн нэр хүнд, нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан эдгээр байгууллагын хамт олонд нийт хуульчдын өмнөөс талархал дэвшүүлье!