Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын Ардын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Өмгөөлөгчийн сургуулийн Захирал Лю Руй Ци, захирлын нарийн бичиг Хуан Хө, Судалгааны албаны эрдэм шинжилгээний туслах ажилтан н.Билэгт нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, Хятадын Ардын их сургуулийн докторант Б.Энх-Амгалан байлцсан.
Уулзалтын эхэнд захирал Лю Руй Ци Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунанд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Өмгөөлөгчийн сургуулийн үйл ажиллагаа болон цаашдын зорилтын талаар товч танилцууллаа.
Тэрбээр Монгол Улс, БНХАУ хоорондын эдийн засгийн харилцаа улам өргөжиж буйтай холбогдуулан хоёр улсын хууль тогтоомжийг орчуулах, хэвлүүлэх, харьцуулсан судалгаа хийх, эдийн засаг, худалдааны хэрэг маргаан шийдвэрлэлт, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх, эмхэтгэн хэвлүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хууль зүйн үйлчилгээний тухай мэдээлэл, лавлагааг хүргэх, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтран ажиллах саналтай байгаагаа уламжилсан.
Түүнчлэн хоёр орны хуульч, өмгөөлөгч, хуулийн салбарын мэргэжилтэнд эрдмийн зэрэг олгох, мэргэшүүлэх, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, харилцан хамруулах тохиромжтой, үр өгөөжтэй арга хэлбэрийг эрэлхийлж, улмаар ажил хэрэг болгох боломжийн талаар санал солилцлоо.
Сонирхуулахад, Өмгөөлөгчийн сургууль нь өмгөөлөгчдөд зориулан хууль зүйн магистрын зэрэг олгох болон мэргэшүүлэх, үргэлжилсэн сургалт эрхлэн явуулдаг БНХАУ-ын анхны төрөлжсөн сургууль юм. Тус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://lawyer.ruc.edu.cn/index.html цахим хуудаснаас авч болно.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС