Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Гавьяат хуульч Д.Гансүх: Шүүгчийн ажилтай ёстой л хувь заяагаараа холбогдсон доо

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүхтэй ярилцлаа.

-Та Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ. Танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би Сүхбаатар аймгийн Дарьгангын тал нутаг болох Баяндэлгэр суманд арван хүүхэдтэй малчин айлын ууган хүү нь болон мэндэлсэн. Хуульч мэргэжлийг сонгоод, энэ чиглэлээрээ МУИС-ийн хуулийн ангид суралцаж, төгссөн. Үүнийгээ би том аз завшаан гэж боддог. Хуульч хэмээх мэргэжил бол нийгмийн шударга ёсны төлөө, хар цагааныг ялган дэнслэх үүрэгтэй. Одоо шүүгч хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хашиж байгаагаараа бахархаж, улам хичээж, чармайж явдаг. Ингээд төв, орон нутгийн шүүхийн байгууллагад тасралтгүй 36 жил ажилласан байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж ирсэн хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, Нийслэлийн шүүх үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан "Монгол Улсын гавьяат хуульч” гэдэг эрхэм алдар цолыг хүртээсэнд их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ, мэдлэг мэргэжил олгож эрдэм оюуны их авшиг хүртээсэн эрдэмтэн багш нартаа баярлалаа. Мөн сургуулиа төгсөөд, ажил дээр гарахад миний ажил амьдралын замыг зөв залж, хэрэг заргыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх амаргүй эрдмийг сургаж, өсгөж, өндийлгөсөн "Эвсэг хөдөлмөрч” Жанжины нэрээр мөнхөрсөн Сүхбаатар аймгийн шүүхийн хамт олондоо, зөвд зөөлөн, бурууд хурц байж, ажил, амьдралд авах гээхийн ухаанаар хандахын чухлыг ухааруулж, амжилт бүтээл, алдаа оноог минь хамт үүрэлцэж явсан Төв сайхан нутгийн шүүхийн бүтээлч хамт олондоо баярлаж явдгаа хэлье. Мөн Нийслэлийн шүүхийн өндөр оюунт, өргөмж хүндлэлт хамт олондоо, үе үеийн шүүгч нартаа, хамтран ажиллаж байсан хамт олондоо баярлалаа.

-Анх ажил дээр гарч байсан дурсамжаасаа хуваалцаач. Сүхбаатар аймгийн шүүхэд ажилд орж байсан нь хэдэн он бэ?

-Их сургуулиа 1981 онд төгсөөд Сүхбаатар аймгийн шүүхээс ажлын гараагаа эхэлсэн. 1981 он бол орон нутгийн шүүхийн сонгуулийн жил байлаа. Тэр үед Дарьганга, Наран, Онгон сум хариуцсан хэсгийн шүүгч Л.Сүрмаажав гуай ажлаас чөлөөлөгдөөд оронд нь шүүхийн дарга агсан М.Могноон, орлогч дарга агсан Л.Дэлэг нар нутгийнхаа мэргэжилтэй залуу боловсон хүчнийг ажиллуулах гэж намайг шүүгчээр сонгуулахаар хөөцөлдөж байсан юм билээ. Улсын дээд шүүхийн шүүгч асан гавьяат хуульч Л.Бямбаа тэр үед Улсын дээд шүүхийн боловсон хүчний тасгийн дарга байсан. Тэд л намайг шүүгчээр сонгуулах гол нөхцөлийг бүрдүүлж өгч байж. Нэг өдөр МУИС-ийн Нийгмийн Ухааны факультетын деканы газраас дуудаж "Дарьганга сумын хөдөлмөрчдийн хурлаас Хэсгийн ардын хоёрдугаар шүүхийн шүүгчээр нэрийг тань дэвшүүлсэн тул та саналаа ирүүлнэ үү” гэсэн утга бүхий цахилгаан хүлээн авч байлаа. Ингээд сургуулиа төгсөхөөс өмнө шүүгчийн албан тушаалд сонгогдсон юм. Тэр үед Улсын дээд шүүх, Улсын прокурор, Шүүх яам зэрэг системийн дээд байгууллагууд төгсөх ангийн оюутнуудыг ихэд судалж, хуваарь, томилгоог нь шийддэг байсан. Ийнхүү сайн санаат хүмүүсийн ач буянаар төрийн энэ сайхан байгууллага, эвсэг хамт олны дотор орж байлаа. Үүний хүчинд шүүхийн ажил, албаны онцлогийг ойлгож, ажил мэргэжилдээ шимтэж, шүүхийн байгууллагатай ёстой л хувь заяагаар холбогдсон доо.

-Та анх шүүгч болж байсан үеийнхээ хөгжилтэй, хөөртэй зүйлээс сонирхуулж ярихгүй юу?

-Сүхбаатар аймагт ажиллаж байсан. Шүүгч С.Шагдар, Н.Вера бид гурав нэг өрөөнд суудаг байсан юм. Мэдэхгүй зүйлээ тэр хоёроос ёстой залхтал нь асуудаг сан. Тэр хоёр маань сэтгэл харамгүй хэлж тусалдаг байж дээ. С.Шагдар гуайг ажилдаа анхаарал төвлөрсөн үед юм асуухаар заримдаа "аа, аан аан” гэсээр байгаад чимээгүй болчихоор би энэ тухайг нь хэлээд хэдүүл хөгжилдөцгөөж байдаг сан. Орлогч дарга Л.Дэлэг гуай маань Хэнтий, Дорнод, Сүхбаатар гурван аймгийн шүүхийн орлогч даргаар ажиллаж байсан шүүн таслах ажлын арвин их туршлагатай, ёстой манай шүүхийн ноён нуруу болсон хүн байсан даа. Залуудаа цэргийн дарга байсан болоод ч тэр үү шаардлага өндөртэй, нэлээд хэнхэгдүү хүн. Хэрэг хянан шийдвэрлэх, мэдээ тайлан гаргах, томилолтоор ажиллах гээд бүхий л зүйлд залуучууд бидэнд зааж сургаж өмөг түшиг болж явсан, нэг ёсондоо бидний мэргэжил хийгээд практик дадлагын багш минь байсан юм даа.

-Ер нь шүүгч гэж хэн бэ. Энэ мэргэжил эзэндээ маш олон шалгуур, хязгаар тогтоодог гэдэг?

-Мэргэжил бүхэн сайхан шүү дээ. Мэргэжил мэргэжлийн дотроос эрх зүйч их сайхан мэргэжил. Би олон жил ажилласан болоод мэргэжилдээ улам хайртай болсон байх. Залуучуудад хэлэхэд ямар ч мэргэжил эзэмшсэн бай, мэргэжилдээ эзэн болж, тууштай, ажиллавал амжилт бүтээл заавал гардаг юм байна. Шүүгч болоход улам өндөр шалгууртай болсон. Шүүхийн байгууллага хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа юм. Шүүгч болохын тулд эрх зүйч чиглэлээр сургуулиа төгсчихөөд хоёр жил мэргэжлээрээ ажиллаж байж, хуульчийн сонгон шалгаруулалтад орно. Ингээд тэнцэх юм бол хуульч гэдэг гэрчилгээ авна. Хуульч болсны дараа мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан байх ёстой. Шүүгч болоход шүүхийн мэргэшлийн хороонд ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжил зэргээр шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд болно. Шүүгчид нэр дэвшигчийн зан төлөвийн үнэлгээ гэж хүртэл гарч ирсэн. Босго өндөртэй албан тушаал. Би Сүхбаатар аймагт 20 жил ажилласан. 1981-1990 онд Дарьганга, Наран, Онгон, хэсгийн ардын шүүхийн шүүгч, 1990-1992 онд аймгийн шүүхийн орлогч дарга, 1992-1993 онд Сүхбаатар аймгийн шүүхийн дарга, 1993-2001 Сүхбаатар аймгийн Шүүхийн Ерөнхий шүүгч байсан. Төв аймагт 12 жил ажилласан байна. 2001-2007 онд шүүхийн ерөнхий шүүгч , 2007-2013 он хүртэл Төв аймгийн шүүхийн шүүгч байсан. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дөрвөн жил ажиллаж байна. Аймаг, орон нутагт ажиллаж байхдаа онц хүнд, хүн амины, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийн шүүх хуралдаануудыг голдуу Ерөнхий шүүгчийн хувьд удирдаж явуулдаг байлаа. Шүүхийн байгууллагад олон жил ажиллаад ирэхээр их хаттай болдог юм байна.

-Хот болон хөдөө орон нутагт шүүхийн байгууллагын ялгаа их бий юу. Гэмт хэргийн гаралт ямар байдаг вэ. Хэдэн насныхан гэмт хэрэгт хамгийн их холбогдож байна?

-Хөдөө орон нутагт аймаг аймгийн онцлогоос шалтгаалж, харилцан адилгүй байдаг. Хэргийн төрөл өнгө нь өөр, өөр. Тухайлбал, Сүхбаатар аймагт малын хулгай их гардаг. Алслагдсан аймаг учраас тэр шүү дээ. Би Төв аймгийн шүүхийн байгууллагад олон жил ажилласан. Төв аймаг 27 сумтай. Улсын хэмжээнд хамгийн олон сумтай аймаг. Хоттой ойрхон. Иймээс шүүхийн онцлог нь нийслэлээс дутахгүй. Олон төрлийн хэрэг гарна. Тодруулбал, авто осол, малын хулгайн хэрэг их гарна. Нийслэлд болохоор хүнд хэргүүд их гардаг. Сүүлийн үед хар тамхи, мансуурах бодис хэрэглэх зэрэг гэмт хэрэг их гараад байх болчихлоо. Мөн хүн амины хэрэг, хүчин, танхай, авлига албан тушаалын хэргүүд гарч байна. Энэ нь хотжилттой холбоотой байдаг болов уу. Ерөнхийдөө 18-25, 25-35 насныхан гэмт хэрэгт их холбогдох юм.

-Олон жил мэргэжлээрээ ажиллахаар шүүгдэгчдийг харцнаас нь андахгүй болчихдог гэх юм. Шүүгч хүн маш сайн сэтгэлзүйч болдог юм уу. Шүүгдэгчдийн нүд, биеийн хөдөлгөөн өөрийг нь илтгэдэг гэсэн. Ер нь тийм үү?

-Шүүгч хүн нотлох баримтад тулгуурлаж ажилладаг. Ер нь тухайн хүний хувийн байдлын талаар мөрдсөн хэргийн материалыг бүрдүүлдэг шүү дээ. Хэргийн хүнд, хөнгөн байдал, ял шийтгэлд нөлөөлөх, цагаатгах зэрэг бүх л зүйл хэрэгт авагддаг. Иймээс тэр л шинжээрээ ямар хүн бэ, ямар төрлийн гэмт хэрэгтэн юм бэ, цаашид засч хүмүүжүүлэх үү зэрэг бүх үйл хөдлөлийг нь нотлох баримтдаа тулгуурлаж, шинждэг. Ингээд л тэр хүнд тохирох ял шийтгэлийг нь оногдуулдаг. Энэ нь ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөө үзүүлдэг юм.

-Долдугаар сарын 1-нээс Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилт шүүхийн байгууллагад ямар байгаа бол?

-Саяхан батлагдсан Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгтэнд ял оногдуулахыг урьтал болгоогүй. Гэмт хэргийг ангилах нь хүртэл өөрчлөгдсөн. Өмнө нь хэргийг хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэж ангилдаг байсан. Харин шинэ хуулиар хөнгөн, хүнд гэж хоёр ангилсан. Хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ. Хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсвэл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. Аль болох албадлагын арга хэмжээг түлхүү хэрэглэнэ. Ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөл байдал бий болсон. Тухайн хүн гэмт буруугаа хүлээгээд гэмшвэл, хор уршгаа нөхөн төлөхөө илэрхийлэх ч юм уу. Нөхөн төлж, хор уршгийг нь арилгасан бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно. Ийм чиглэлтэй, эерэг өөрчлөлтүүд орсон байна. Эвлэрлийн нөхцөл бололцоотой болчихож байгаа юм. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж, мөрдөөд явахад бэрхшээл бол гайгүй, зохицуулаад явах боломжтой юм билээ. Наадмын өмнө зарим ялтнуудыг сулласан шүү дээ.

-Шүүхийн шинэтгэл эхлээд нэлээд хэдэн жил өнгөрлөө. Таныг анх шүүгч болж байх үеийн шүүхийн байгууллага, шинэчлэгдсэн шүүх хоёр ямар ялгаатай байна?

-Ажилд анх орж байх үед Сүхбаатар аймгийн шүүх таван шүүгчтэй байсан. Дарга, орлогч гээд нийт долоон шүүн таслах ажилтантай байв. Хоёр нарийн бичгийн даргатай. Өнөө үеийг бодоход компьютер байхгүй, техникийн шинэчлэлгүй байсан. Одоогийнхтой харьцуулахад тэмээ ямаа шиг ялгаатай. Одоо бол шинэчлэлтүүд маш их хийгдэж байна. Онлайнаар тайлангаа өгч байх жишээтэй. Орон тоо маш их нэмэгдсэн. Хэргийг төрөлжүүлж шийдвэрлэдэг болсон. 2013 оноос шүүхийн эрс шинэтгэлүүд хийгдсэн. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд арван үр дүн гарсан байдаг. Тухайлбал, шүүхийн эрх зүй, шүүхийн бие даасан байдал, нээлттэй шүүх, мэргэшсэн шүүх шүүгч, шүүхийн эдийн засаг, шүүгчийн хараат бус байдал зэрэг байна. Ингэж нарийн болж өөрчлөгдсөн шүү.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач. Таны хань мөн хуульч мэргэжилтэй гэж сонссон?

-Миний ханийг Сумъяа гэдэг. Ханийн маань үндсэн мэргэжил нь сувилагч. Тэгэхдээ олон жил хуульч, шүүгч хүний хажууд байсан болохоор миний мэргэжил сайхан санагдсан юм болов уу. Цагдаагийн академид эрх зүйчээр суралцаж, төгссөн. Ингээд шүүхийн байгууллагад нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах зэрэг ажил хийж гүйцэтгэж байсан. Шүүгч хүний гэр бүлийн хүн адилхан шүүгч хийж болохгүй. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суусан. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том охин маань МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэгээд шүүхэд ажиллаад прокурорын байгууллагад орсон, тав дахь жилдээ дүүргийн хяналтын прокуророор ажиллаж байгаа. Охин маань аавынхаа мэргэжлийг үргэлжлүүлнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Хүүхдүүддээ аливаа хариуцсан мэргэжил, ажил албандаа үнэнч ажиллаж, түмэнтэй эвтэй найртай яваарай гэж захидаг юм. Хүн харилцааны урлаг гэдгийг хамгийн түрүүнд эзэмших хэрэгтэй. Хүмүүст хүндэтгэлтэй хандаж байгаарай гэж их захина. Манай хүүхдүүдийн гурав нь төрийн албанд ажилладаг. Аавын маань ах дүү нар их хөдөлмөрч хүмүүс байлаа. Ээж маань ч гэсэн хөдөлмөрийн төлөө, их зөв зүйлийг зааж сургасан даа.

 

Б.УРАНЧИМЭГ

Эх сурвалж: "Өдрийн сонин" 2017.07.20 №155 /5722/ 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24