Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульч бүр хичээл зүтгэл гаргах үүрэгтэй болох нь

,Л.ГАЛБААТАР 

Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн

 

    Хуульч хичээл зүтгэл гаргах үүргээ зөрчсөн гэж иргэдээс 2015 онд 65, 2016 онд 34 гомдол Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд ирүүлжээ. Үүний шалтгаан нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.7 дугаар зүйлд “хичээл зүтгэл гаргах” нь хуульч бүрийн хүлээх ерөнхий үүрэг байхаар тусгасантай холбоотой. Хичээл зүтгэл гаргах гэдэгт “хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандах бөгөөд хүчин чармайлт гаргаж, шуурхай, зохион байгуулалттай ажиллах”-ыг ойлгохоор заажээ.

    Энэхүү ерөнхий үүргийг дан ганц Монгол Улсын хуульчид хүлээдэг гэвэл өрөөсгөл болно. Хуульчдын чиг үүргийн тухай НҮБ-ын 1990 оны зарчмын 12 дахь хэсэгт     “Хуульчид шударга шүүхийн чухал оролцогч болохын хувьд бүхий л цаг хугацаанд мэргэжлийн нэр төр, алдар хүндээ эрхэмлэн хичээж ажиллах ёстой” гэж заасан.[1] Энэ бол НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсын хуульч бүр мэргэжлийн үйл ажиллагаандаа хичээл зүтгэл гаргах үүрэгтэй болохыг илэрхийлсэн зохицуулалт юм. Түүнчлэн, шүүгчийн ёс зүйн олон улсын стандартад тооцогддог “Шүүгчийн ёс зүйн талаарх Банглорын зарчим”-ын 6.3 дахь хэсэгт “Шүүгч бүр шүүн таслах үйл ажиллагаагаа зохих ёсоор хэрэгжүүлэхэд шаардлагатай шүүгчийн мэдлэг, чадвар, хувийн шинж чанараа ямагт хөгжүүлж, хичээнгүй ажиллах ёстой” гэж заасан байна.

    Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, өмгөөлөгч зэргээр эрхэлж буй ажлаасаа үл хамааран хуульч бүр хичээл зүтгэл гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлэх нь мэргэжлийн үйл ажиллагааны олон зөрчлөөс сэргийлэх ач холбогдолтой юм.

    Ингээд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.7 дугаар зүйлд заасан хичээл зүтгэл гаргахтай холбоотой хэм хэмжээг хэрхэн ойлгох, түүнчлэн хуульч бүр хэрхэн хичээл зүтгэлтэй ажиллах ёстой талаарх саналаа дор хүргэж байна.

1.7 дугаар зүйл. Хичээл зүтгэл гаргах

Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандах бөгөөд хүчин чармайлт гаргаж, шуурхай, зохион байгуулалттай ажиллана.

1. Танилцуулга

    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд дараах байдлаар заасан. Үүнд:

  • хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;
  • хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;
  • иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх;
  • нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах.
  • шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох.[2]

    Дээр дурдсан мэргэжлийн үйл ажиллагаа бүрт мэргэжлийн ур чадвар болон хангалттай хугацаа шаардлагатай байдаг. Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчдын хувьд Монгол Улсын хүн амд ногдох тоо харьцангуй цөөн[3], байгууллага, иргэдэд хууль зүйн үйлчилгээ нэн шаардлагатай зэрэг нөхцөл байдлаас хамаарч хуульчдын хувьд ачаалалтай ажилладаг бөгөөд улмаар бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Энэ байдал нь иргэд, олон нийтийн зүгээс хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны чанарт сэтгэл дундуур үлдэх, улмаар Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд хуульчийн талаар гомдол гаргахад хүргэж байна. Энэ нөхцөлд хуульч бүр хэрхэн мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандах, хүчин чармайлт гаргаж, шуурхай, зохион байгуулалттай ажиллах талаар нэг мөр ойлголттой, тодорхой дадалтай байх нь чухал байна.

    2. Хуульчийн хичээл зүтгэл, хувийн зохион байгуулалт

    Хууль зүйн үйлчилгээ авсан иргэний сэтгэл ханамжаар хуульчийн хэр зүтгэлтэй, хувийн зохион байгуулалт сайтай ажилласныг тодорхойлох нь зохимжтой. Энэ нь хэмжих, үнэлэхэд бэрхшээлтэй “чин сэтгэлээсээ хандах”, “хүчин чармайлт гаргах”, “шуурхай ажиллах” зэрэг ойлголтыг тодорхойлоход хэрэглэх шалгуур юм. Тодруулбал, дээрх шинжүүд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нэгэн зэрэг хангагдсан байх шаардлагатай. Учир нь хуульч шуурхай ажилласан хэдий ч чин сэтгэлээсээ хандаагүй, эсхүл тухайн үйлчилгээ үзүүлэхдээ өөрт буй мэдлэг чадварыг бүрэн ашиглаагүй, зайлшгүй тохиолдолд шинээр сурч, мэдлэгээ дээшлүүлээгүй бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа үр дүнгүй, хууль зүйн туслалцаа авах иргэний эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө.

    Үүнээс шалтгаалан хуульчдын хувьд ачаалал, мэргэшсэн байдлаасаа хамаарч хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эсэхээ шийдэж байх шаардлагатай. Энэ хүрээнд хуульчийн зүгээс Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.14 дүгээр зүйлд заасан хууль зүйн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах зохицуулалтыг зохих ёсоор хэрэглэх хэрэгтэй. Хуульч мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, өөрийгөө байнга хөгжүүлснээр хувийн зохион байгуулалт сайтай, хичээл зүтгэлтэй байх нөхцөл хангагдах бөгөөд улмаар мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнчээр, сэтгэлээсээ явуулах нөхцөл бүрдэнэ.

    Түүнчлэн, мэдээллийн технологи, харилцаа холбооны хэрэгслийг үр дүнтэй, бүтээлчээр ашиглах чадварыг хөгжүүлэх нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд шууд хамааралтай юм. Энэ нь цахим шуудан ашиглах, интернетийн орчинд ажиллах, хэрэглээний програм хангамжийг бүрэн ашиглах, хурал, уулзалтын мэдээллийг утсаар авах, мессеж буюу зурвас илгээх, хүлээн авах зэргээр илэрнэ. Үүнээс гадна багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, хуульчийн туслах, хамтрагч болон хууль зүйн үйлчилгээнд хамаарах бусад этгээдтэй харилцан итгэж, ажил үүргээ зохих түвшинд хуваарилан ажиллаж хэвших хэрэгтэй.

    Энд анхаарах зүйл бол, хуульч зөвхөн хууль, мэргэжлийн дүрэмд нийцсэн арга хэлбэрээр хүчин чармайлт гаргах ёстой. “Үйлчлүүлэгчийн төлөө” гэх шалтгаанаар үйлчлүүлэгчийн улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахууны үзэл санааг идэвхтэй сурталчлах буюу энэ төрлийн үйл ажиллагааг үйлчлүүлэгчийн төлөө явуулах нь мэргэжлийн үүрэгт хамаарах хичээл зүтгэл болохгүй.

    Эцэст нь тэмдэглэхэд, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн ихэнх зохицуулалт хуульчийн хичээл зүтгэл гаргах үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд үндсэн үзэл санаа, агуулга нь хуульчийг хүчин чармайлт гаргаж, шуурхай, зохион байгуулалттай ажиллахтай шууд холбоотой.    

 


[1] Basic Principles on the Role of Lawyers /Adopted by the Eighth United Nations Congress on the Prevention of Crime and the Treatment of Offenders, Havana, Cuba. 27 August to 7 September 1990/ http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/RoleOfLawyers.aspx

[2] Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. 24 дүгээр зүйл. “Төрийн мэдээлэл” 2012 он, №11

[3] 2017 оны 3 дугаар сарын байдлаар Монголын хуульчдын холбоонд нийт 5467 хуульч бүртгэлтэй байгаагаас 2247 буюу 41.1% нь өмгөөлөгч байна. Монголын Хуульчдын холбооны “Хуульчийн мэдээ” цахим сонин. №11. 8 дахь тал /assets/media/uploads/sonin-4_last_(1).pdf

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24