Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 19, 20-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь Э.Золзаяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Сургалтын хорооны мэргэжилтэн Г.Санчир нар багтаж байгаа бөгөөд Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, Холбооны удирдлагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хуульчдад танилцуулж, саналыг сонсох, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм.
Ажлын хэсгийн үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсанаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь Э.Золзаяа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Өв залгамжлал, шүүхийн практик” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус хичээл заалаа. Тус сургалтад Баян-Өлгий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 60 хуульчаас 40 нь хамрагдсан юм.
Мөн энэ үеэр Хуульчдын холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хуульчдыг шагнаж урамшуулсан бөгөөд Баян-Өлгий аймгийн прокурор Тогосын Батсүх, өмгөөлөгч Хамангийн Зулхаш, хуульч Бөлтөшийн Раушан нар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.