Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
П.НАРАНТУЯА: ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ШИНЭ СТАНДАРТ ҮЙЛЧИЛНЭ

Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны мэргэжилтэн П.Нарантуяатай ярилцлаа.

 -Хуульчдын холбооноос Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх болсон эрх зүйн үндэслэлийн талаар ярихгүй юу?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль дахь хууль зүйн дээд боловсролтой холбоотой нэгэн чухал шинэчлэл бол хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргийг Монголын Хуульчдын холбоонд шилжүүлсэн явдал юм. Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүрэг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Хуульчдын холбоонд шилжиж ирсэн. Энэ асуудал нь Хуульчдын холбооны хувьд шинэ тутам учир өнгөрсөн хугацаанд Магадлан итгэмжлэх хорооноос магадлан итгэмжлэлийн чиглэлээр дотоод, гадаадын туршлага судлах, шинээр эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр ажиллаж ирлээ. Хууль хэрэгжүүлэгч байгууллагын хувьд энэхүү шинэтгэл нь хууль зүйн мэргэжлийн боловсролыг нэгдсэн стандарттай болгох, хууль зүйн сургуулиудыг хариуцлагажуулах, ирээдүйн хуульчид тавигдах нийтлэг шаардлагуудыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, хуульч мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, цаашлаад хууль зүйн салбарын шинэчлэлд чухал ач холбогдолтой ажил болно гэж үзэж байна.

-Хууль зүйн дээд боловсролын магадлан итгэмжлэлийн тогтолцоог өөрчлөх шаардлага нь юу байна?

-Монгол Улсад хууль зүйн дээд боловсрол олгож эхлээд 57 жил болсон бөгөөд энэ хугацаанд хууль зүйн дээд боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болж, тухайн цаг үеийнхээ нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж хөгжиж ирсэн. 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш энэхүү тогтолцоо зарчмын хувьд шинэчлэгдэх суурь тавигдаж, улсын төдийгүй хувийн их, дээд сургуулиудад эрх зүйч мэргэжилтэн бэлтгэх болсон. Их, дээд сургуульд зохих стандартын дагуу сурч эрх зүйн бакалаврын зэрэгтэй төгссөнөөр эрх зүйч, хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр хуульч болох шинэ тогтолцоонд 2003 онд шилжсэн байдаг. Хууль зүйн дээд боловсролын шинэчлэл тухай бүрдээ ахиц дэвшил авч ирсэн боловч Үндсэн хуулийн үнэт зүйлийг төлөвшүүлэх төдийгүй дэлхийн төвшинд өрсөлдөх хэмжээний хууль зүйн дээд боловсролтой иргэнийг бэлтгэн гаргах, нийгмийн эрэлт, хэрэгцээнд илүү нийцүүлэх шаардлага байсаар байгааг тус салбарт хийгдэж ирсэн судалгааны дүн харуулдаг. Тухайлбал, Хууль зүйн сургууль төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар дутмаг байгаа нь хуульчийн шалгалтад тэнцэгчдийн хувь доогуур байгаагаар мөн илэрдэг. Хуульчийн шалгалтад 2014 онд 1506 эрх зүйч оролцсоноос 312 буюу 20 орчим хувь, 2015 онд 1278 эрх зүйч оролцсоноос 364 буюу 28.4 хувь, 2016 онд 1348 эрх зүйч оролцсоноос 154 буюу 11.4 хувь тус тус тэнцжээ. Шалгалтын энэ дүн нь эрх зүйчдийн хууль зүйн мэдлэг, ур чадварын төвшин төдийлөн өндөр биш байгааг харуулж байна.

    Одоогийн эрх зүйн бакалаврын сургалтад Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдан 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж буй “Эрх зүй” мэргэжлийн D 380100 индекс бүхий MNS 5323-39: 2007 дугаар бүхий стандарт хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү стандарт нь Дэлхийн банкны “шүүх, эрх зүйн шинэчлэл” төслийн хүрээнд хийгдэж өнгөрсөн хугацаанд зохих үр дүнгээ өгч ирсэн. Магадлан итгэмжлэх хорооноос тус стандартын хэрэгжилтийн талаарх судалгааг 2016 оны 12 сард эрх зүйч бэлтгэдэг бүх хууль зүйн их, дээд сургуулиудаас авсан ба судалгааны үр дүн харилцан адилгүй, стандартын хэрэгжилт доогуур төвшинд гарсан. Энэ нь Хууль зүйн сургуулиудыг нэгдсэн стандарттай болгох, хариуцлагажуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг илтгэж байна.

-Дээд боловсролын магадлан итгэмжлэл, Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл цаашид ямар харьцаатай явагдах вэ?

-Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийг байгууллагын болон хөтөлбөрийн хэмээн ангилдаг. Өнөөгийн байдлаар Боловсролын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуульд зааснаар БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийг хийж байна.  Дээд боловсролын тухай хуулийн 8.11, 8.12-т зааснаар дээд боловсролын сургалтын байгууллага нь боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэх ёстой бол хөтөлбөрөө сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлдэг. Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл нь хууль зүйн сургуулийн сайн дурын үндсэн дээр явагдах хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хамаарах бөгөөд Боловсролын тухай хууль тогтоомжоос гадна Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн тусгайлсан хуулиар зохицуулагддаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Хууль зүйн сургууль Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагаас гадна Хуульчдын холбооноос тогтоосон шаардлагыг хангасан байна” гэж зохицуулсан. Хуулийн үзэл баримтлалаас үзвэл Боловсролын магадлан итгэмжлэл дээр нэмэгдээд Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл давхар хийгдэнэ.

-Монголд хэчнээн хууль зүйн сургууль үйл ажиллагаа явуулж байна вэ? Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл бүх их дээд сургуульд хамаарах уу?

-Өнөөгийн байдлаар Монгол Улсад 15 хууль зүйн их, дээд сургууль эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтыг өдөр, орой, эчнээ хэлбэрээр төгсгөж байна. МУИС-ийн Хууль зүйн сургууль хамгийн их буюу 150 гаруй багц цаг бүхий 5 жилийн сургалттай байхад, бусад хувийн их, дээд сургуулиуд 4 жилийн хугацаатай 120-125 багц цаг цуглуулж төгсгөж байна. Эрх зүйч мэргэжлээр 2014-2015 онд 6771 оюутан, 2015-2016 онд 7206 оюутан, 2016-2017 онд 7536 оюутан суралцаж байсан бөгөөд жилд дунджаар 1600 орчим оюутан төгсөж эрх зүйн бакалаврын зэрэг авдаг байна. Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл бол хууль зүйн сургуулийн сайн дурын үндсэн дээр явагдах магадлан итгэмжлэл юм. Түүнчлэн Хууль зүйн сургууль Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлэхгүйгээр хууль зүйн дээд боловсрол олгож болно. Гэхдээ Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдээгүй хууль зүйн сургууль төгссөн бол хуульчийн шалгалтад орох эрхгүй. Энэ талаар ХЭЗБТХ-ийн 9.1-д зааснаар “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.” гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль төгссөн хүн хуульчийн шалгалтад орж, цаашид хууль нэрийг хэрэглэн хуульчаар ажиллах эрх үүсэх үр дагавар бүхий хуулийн зохицуулалттай. Тэгэхээр хуульч бэлтгэх зорилготой их, дээд сургуулиудын хувьд Хуульчдын холбооны магадлан итгэмжлэлд хамрагдах нь зүй ёсны хэрэг болно.

-Хуульчдын холбооны магадлан итгэмжлэх хугацааны үйлчлэл хэзээнээс эхлэх вэ? Одоо хуулийн сургуульд элсэж байгаа оюутнуудын хувьд ямар сургуульд орох талаар сонирхож байгаа байх, энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан шилжилтийн зохицуулалтаараа 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс  Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл эхлэх юм. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хугацаанаас өмнө Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан шаардлагыг хангасанд тооцох,  тус  хууль зүйн их, дээд сургуульд элсэж, төгссөн иргэнийг Хуульчдын холбооноос тогтоосон магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан сургууль төгссөнд тооцох шилжилтийн үеийн зохицуулалт тус тус үйлчилнэ. Гэвч Хуульчдын холбооны Магадлан итгэмжлэл дээрх хугацаатай зэрэгцээд хараахан эхлээгүй учир хууль зүйн их, дээд сургууль, оюутнуудын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс магадлан итгэмжлэх журмын төсөлд тус хугацаатай холбоотой шилжилтийн зохицуулалтыг уялдуулан тусгах юм. Энгийнээр тайлбарлавал одоогийн Боловсролын магадлан итгэмжлэл авсан сургуулийн магадлан итгэмжлэл нь Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл эхлэх хүртэл адил тооцогдоно, тус  хууль зүйн их, дээд сургуульд элсэж, төгссөн иргэнийг Хуульчдын холбооноос тогтоосон магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан сургууль төгссөнд тооцно гэж ойлгож болно.

-Монголын Хуульчдын холбооны Магадлан итгэмжлэх  хорооны үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөөч?

-Хуульчдын холбоо нь чиг үүргийн буюу чиглэлийн хороодоороо дамжуулж үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хороо нь хууль зүйн их, дээд сургуулийн мэдлэг, чадвар бүхий багш нар, шүүгч, өмгөөлөгч, прокурорын төлөөллөөс бүрдсэн 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хорооны даргаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан ажиллаж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Хорооны нэн тэргүүний ажил нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэлтэй холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох байсан бөгөөд эрх зүйн актын төслүүдийг боловсруулах шатандаа явж байна. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлд Хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргээ магадлан итгэмжлэх комисс байгуулах замаар хэрэгжүүлнэ гэж заасан.  Хуулийн энэ заалт 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон учраас магадлан итгэмжлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Магадлан итгэмжлэх комиссыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тушаалаар О.Мөнхсайхан, Т.Ганбаатар, Э.Золзаяа, Ц.Мөнхбат, А.Оюунчимэг, Л.Бямбаа, С.Наранчимэг, Б.Хишигсайхан, Х.Номингэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна.

-Магадлан итгэмжлэх эрх зүйн зохицуулалтыг боловсруулах шатандаа явж байгаа талаар дээр дурдлааХууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхтэй холбоотой ямар эрх зүйн актууд боловсруулаад байна вэ?

-Хуульчдын холбооны магадлан итгэмжлэх хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 57.1-д “... хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна” гэж зааснаар  “Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага"-ын төсөл,” “Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам”-ын төсөл, мөн хуулийн 58.6-т “ ... магадлан итгэмжлэх комисс нь Боловсролын тухай хуулийн 26.2-т заасны дагуу эрх олж авах бөгөөд уг комиссын дүрмийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан хүрээнд  “Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх комиссын дүрэм” төслүүдийг тус тус боловсруулаад байна.

 -Дээрх журмын төслүүдийг боловсруулахад гадаад, дотоодын ямар судалгаа туршлагыг харгалзсан бэ?

-Магадлан итгэмжлэхтэй холбоотой дээрх журмын төслүүдийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд нийцүүлэн дээд боловсролын магадлан итгэмжлэлтэй холбоотой эх сурвалж, Монгол Улс дахь хууль зүйн дээд боловсролын талаар хийгдэж байсан судалгаануудыг харгалзан,  АНУ, ХБНГУ, Австрали, Япон, Солонгос, Сингапур зэрэг улсын хууль зүйн сургуулийн хөтөлбөрийн харьцуулалтыг судалж, ялангуяа Америкийн хуульчдын холбоо (ABA) болон Калифорни мужийн Хуульчдын холбооноос хууль зүйн сургуулийг магадлан итгэмжилж буй туршлагад тулгуурлан боловсруулсан. Журмын төслүүдийн анхны хувилбарыг Магадлан итгэмжлэх хорооны дарга О.Мөнхсайхан боловсруулсан бөгөөд Магадлан итгэмжлэлийн хороо болон Магадлан итгэмжлэх комиссын хамтарсан нийт 10 гаруй удаагийн хурлаар хэлэлцэж, боловсронгуй болгосоор эцэслэн боловсруулаад байна.

 -Төслүүдийн үзэл баримтлалын талаар товч танилцуулж болох уу?

-Гурван төслийн гол үзэл баримтлал нь олон улсын жишиг болон ХЭЗБТХ-ийн үзэл баримтлалд нийцүүлж эрх зүйч, хуульч мэргэжлийг ангилах,  эрх зүйч бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, хуульч бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх замаар хууль зүйн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэх юм.

    Төслүүдийн үзэл баримтлалын талаар тус тусад нь тайлбарлая.

Нэгдүгээрт: Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагын төсөл нь 5 бүлэг 35 зүйлтэй байхаар боловсруулсан. Төслийн нэрийг ХЭЗБТХ-ын 57.1-д заасны дагуу  “Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага” гэж нэрлэсэн бөгөөд хуульчийн мэргэжлийн боловсрол эзэмшүүлж хуульчаар бэлтгэж байгаа хууль зүйн сургуульд тавих шаардлагыг тогтоох, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх эрх зүйн үндсийг тодорхойлсон. Төслийн агуулгын тухайд ХЭЗБТХ-ын 58.2-д заасан хууль зүйн сургуульд дөрвөн төрлийн шаардлагыг тогтоохоор хуульчилсан. Үүнд хууль зүйн сургуулийн оюутны заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын стандарт, хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн стандарт, хууль зүйн сургуулийн багшлах бүрэлдэхүүний стандарт, хууль зүйн сургуулийн боловсролын орчны стандарт хамаарна. Төсөлд эдгээр дөрвөн төрлийн стандартын агуулгыг бүлэг тус бүрээр  нарийвчилсан тусгасан. Түүнчлэн төслийн гол үзэл баримтлалын хувьд ХЭЗБТХ-ийн 58.3-т “Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэж заасан. Энэ заалтад буй 120 багц цаг болон дөрвөн жил нь хууль зүйн сургуульд зөвхөн хууль зүйн хичээл үзэх агуулгатай бөгөөд одоогийн ихэнх хууль зүйн сургууль ерөнхий суурь хичээлийг 30-аас доошгүй багц цагт, хуулийн чиглэлийн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийг 90-ээс доошгүй багц цагт зааж байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулиас бусад хууль зүйн сургуулиудын энэхүү нөхцөл байдлыг харгалзан хууль зүйн боловсролын хөтөлбөрийг эрх зүйн бакалаврын сургалт болон хуульч бэлтгэх сургалтад ангилан зохицуулсан.

    Эрх зүйн бакалаврын хөтөлбөр нь Дээд боловсролын тухай хуульд заасан багц цаг (30 орчим багц цаг)-ийн хүрээнд судлах ерөнхий суурь хичээлээс гадна хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлах, 3 жилээс доошгүй хугацаагаар төгсгөнө. Эрх зүйн бакалаврын боловсролын агуулгыг 120 багц цагаас багагүй 3 жилийн агуулгатай дүйцэхүйц хичээлээр олгож ирсэн уламжлал хадгалагдана. Эрх зүйн бакалаврын хөтөлбөрт хамрагдсан хууль зүйн сургуулийн оюутнууд нь эрх зүйн бакалавр зэрэгтэй төгсөх бөгөөд энэхүү боловсролоо ашиглан хийхийг зөвшөөрсөн бүх ажлыг эрхлэх боломжтой. Эрх зүйчдийн дийлэнх буюу 70-80 хувь нь сонирхол, чадвар зэрэг шалтгаанаар хуульчийн зөвшөөрөл авдаггүй, хуулийн зөвлөх, өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажилладаггүй, харин төрийн болон бусад байгууллага, хувийн хэвшилд ажиллах нь түгээмэл. Нэгэнт хууль зүйн сургуулиуд нийгэмд буй энэ хэрэгцээг хангаж эрх зүйчдийг бэлдэж байгаа учраас эдгээр хүмүүст эрх зүйн боловсрол олгоход чиглэсэн тогтолцоог хэвээр хадгалах нь чухал.

    Хууль зүйн боловсролын хөтөлбөр нь Монголын Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх, мэргэжлээрээ ажиллах мэдлэг, ур чадвар, хандлага бүхий өндөр хариуцлага, ёс зүйтэй хуульчийг бэлтгэхэд чиглэгдэх бөгөөд мэргэжлийн суурь, мэргэших хичээлийн агуулгын зохистой стандартыг тусгана.

    Хуульч бэлтгэх сургалт нь нэгээс доошгүй жилийн хугацаанд 30-аас доошгүй багц цагийн дотор эрх зүйчдийг хуульчаар мэргэшүүлэх хичээлийг санал болгоно. Эрх зүйч нь хуульч бэлтгэх сургалтад үргэлжлүүлэн суралцаж төгсөөд ХЭЗБТХ-д заасны дагуу хоёр жил мэргэжлийн дадлага хийсний дараа хуульчийн шалгалтад орох эрхтэй болно, шалгалтад тэнцвэл Монголын Хуульчдын холбооны гишүүнчлэлтэй хуульч болох боломжтой. 3.0-оос дээш дундаж оноотойгоор эрх зүйн бакалаврыг төгссөн эрх зүйч тухайн сургуулиас тавьж буй нэмэлт шалгуурыг хангасан бол хуульч бэлтгэх сургалтад элсэж болохоор төсөлд тусгасан. Хуульч бэлтгэх сургалт нь үйл баримтыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, хууль хэрэглэх, тайлбарлах, хууль зүйн баримт бичиг боловсруулах, ярилцлага хийх, зөвлөгөө өгөх, хэлэлцээ хийх, мэтгэлцэх зэрэг хуульчид шаардлагатай ур чадвар, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

Хоёрдугаарт: Хуульчдын холбооны зөвлөл нь ХЭЗБТХ-ийн 57.1, Хуульчдын холбооны дүрмийн 1.13 дугаар зүйлийн 1.4-т дагуу Магадлан итгэмжлэлийн хорооноос боловсруулсан Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журмын төслийг хэлэлцэж батлах бүрэн эрхтэй. Энэ төсөл нь 12 бүлэг, 64 зүйлтэй байхаар боловсруулаад байна. Тус журмын төслөөр Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагын зорилгыг хангахын тулд Магадлан итгэмжлэлийн хороо болон Магадлан итгэмжлэх комиссоос хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх ажиллагааг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх ажиллагаанд баримтлах зарчмыг тодорхойлж Магадлан итгэмжлэлийн хороо болон Магадлан итгэмжлэх комисс, дарга, зохицуулагчийн чиг үүрэг, бүрэн эрхийг тусгана. Хөндлөнгийн үнэлгээний шинжээч, шалгагч, зохицуулагчийг томилох, ажиллуулах, хөлс олгох хууль зүйн үндсийг тусгасан.

    Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл нь болзолт магадлан итгэмжлэл, бүрэн магадлан итгэмжлэл гэсэн хоёр төвшинд хийгдэхээр заасан. Магадлан итгэмжлэл хүсэж буй сургууль Нэгдсэн шаардлагын гол агуулгыг хангасан бөгөөд болзолт магадлан итгэмжлэл авснаас хойш 2 жилийн дотор шаардлага тус бүрийг бүрэн хангах үндэслэл бүхий төлөвлөгөөг хүлээлгэн өгсөн тохиолдолд Хороо тухайн сургуульд болзолт магадлан итгэмжлэл олгоно. Болзолт магадлан итгэмжлэл авсан сургууль шаардлага тус бүрийг бүрэн хангасан гэдгээ нотолсон бол Хороо тухайн сургуульд бүрэн магадлан итгэмжлэл олгоно. Мөн, сургууль нь хууль зүйн боловсролын хөтөлбөртэй холбоотой нөлөөлөхүйц өөрчлөлт хийхийн өмнө уг өөрчлөлт хийх тухай зөвшөөрлийг Магадлан итгэмжлэлийн хорооноос авахаар зохицуулна.

 Гуравдугаарт: ХЭЗБТХ-ийн 58 дугаар зүйлийн зүйлд Хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргээ магадлан итгэмжлэх комисс байгуулах замаар хэрэгжүүлэх бөгөөд уг комиссын дүрмийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар зохицуулсан. Энэ хүрээнд “Монголын Хуульчдын холбооны Магадлан итгэмжлэх комиссын дүрэм”-ийн төсөл 5 зүйлтэй байхаар боловсруулсан. Магадлан итгэмжлэх комиссыг байгуулах, бүрэлдэхүүн, чиг үүрэг, бүрэн эрхийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна. 

-Эрх зүйн актын төслүүд бэлэн болсон юм байна. Тэгвэл Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх ажил хэзээнээс эхлэх вэ?

-Төслүүдийг Хуульчдын холбооны Зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар батлуулахаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгт өргөн бариад байна. Магадлан итгэмжлэхтэй холбоотой эдгээр эрх зүйн актууд нь захиргааны хэм хэмжээний акт болох тул Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн сонсох ажиллагаа болон нөлөөллийн шинжилгээ, зардлын тооцоо гаргах ажлуудыг хийж байна. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний хооронд Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn цахим хуудаст байршуулан нээлттэй санал авсан. Мөн ХЗДХЯ, БСШУСЯ, БМИҮЗ, хууль зүйн их, дээд сургуулиуд болон холбогдох бусад байгууллагаас албан ёсоор санал авах ажлыг зохион байгуулсан. Төслөөр эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж буй субъектүүд болон олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 31, 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд хуульч, эрх зүйч, хууль зүйн сургуулиудын төлөөллийг оролцуулан хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан.  Саналуудыг 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хорооны болон комиссын хамтарсан хурлаар нэг бүрчлэн хэлэлцэж шаардлагатай саналыг төслүүдэд тусгаад байна.

-Эдгээр эрх зүйн актууд батлагдвал Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл эхэлнэ гэж ойлгож болох уу?

-Эдгээр журмын төслүүд батлагдсанаар Хуульчдын холбооноос Хууль зүйн их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх эрх зүйн орчин бүрдэх юм. Ерөнхийдөө Хуульчдын холбооны магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа жигдэрч эхэлнэ. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь цаг хугацаа шаардсан урт хугацааны ажил тул төсөл батлагдмагц бүх сургуулийг нэгэн зэрэг магадлан итгэмжлээд явах боломжгүй. Иймд хууль зүйн сургуулиуд магадлан итгэмжлэх хүсэлт өгсөн дарааллаар магадлан итгэмжлэл хийгээд явна, төслөөр бол нэг хичээлийн жилийн хавар, намрын улиралд магадлан итгэмжлэл хийгээд явах төлөвлөгөөтэй байгаа.

-Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе?

-Монголын Хуульчдын холбооноос Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх нь хууль зүйн боловсролын шинэчлэлтэй холбоотой чухал шинэчлэл болох бөгөөд энэхүү үйл ажиллагаанд хуульчид идэвхтэй оролцох нь хууль зүйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж буй хэрэг. Иймд хууль зүйн боловсролын шинэчлэлтэй холбоотой чухал шийдвэр гаргахад туслах зорилготой Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхэд тогтоох шалгуур үзүүлэлт болох Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагын агуулгын талаарх саналыг Хуульчдын холбооны цахим хуудсаар дамжуулан  нээлттэй авч байгаа тул хуульч, их дээд сургуулийн оюутнуудыг энэхүү судалгаанд идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна.

-Танд баярлалаа

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24