Монголын хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн, өмгөөлөгч Р.Булгамаа, Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, өмгөөлөгч М.Хандармаа болон бусад хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр хуульч, өмгөөлөгчдийн зүгээс хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг, ялангуяа бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд гарч буй алдаа дутагдлын талаар асуудал дэвшүүлж, талууд санал солилцлоо. Улмаар Цагдаагийн байгууллагаас сахилга, ёс зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүүхдийн эсрэг үйлдсэн болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгч, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажиллахад нээлттэй байгаагаа мэдэгдсэн.
Энэ удаагийн уулзалтын үр дүнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо хамтран мөрдөгч, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.