Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хороо, Хуульчдын клуб хамтран 2025 дөрөвдүгээр сарын 01-ний өдөр өглөөний уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын зочноор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оролцож, хууль зүйн бодлого болон Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааг танилцуулж, хуульчдын сонирхсон асуултад хариулт өгсөн. Тус уулзалтын чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ч.Өнөржаргал ажилласан юм.
Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс 2025 оны хаврын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, хуульчдыг санаачилга гаргаад Монголын Хуульчдын холбоогоороо дамжуулан хуулийн төсөл болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа уламжилбал дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.
Монголын Хуульчдын холбооноос Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох зорилгоор тус яамны харьяа газар, ангентлагуудын удирдлагуудыг оролцуулсан өглөөний уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулж, хуульчидтай мэдээлэл солилцож байхыг хүссэн бөгөөд энэхүү санаачилгыг дэмжиж ажиллахаар боллоо.