Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчид санал өгөх ажиллагаа 22:00 цагт дууслаа. Санал хураалт явуулах цаг дуусмагц Их хурлын төлөөлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагааг цахим систем автоматаар явуулж, дүнг нэгтгэн гаргах тохиргоо хийгдсэн бөгөөд Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн 22:03 цагаас хуралдан сонгуулийн дүнтэй танилцлаа.
Монголын Хуульчдын холбооны их хурлын төлөөлөгч сонгох журамд “Ажлын хэсгийнхэн төлөөлөгчдийн тоог төлөөллийн хэсэг тус бүрээр нэгтгэж, санал хураалтын дүн болон төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг 12 цагийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, Зөвлөлд хүргүүлнэ” хэмээн заасны дагуу тус ажлын хэсгийнхэн санал хураалтын дүнг Зөвлөлд хүргүүлсэн бөгөөд одоо Зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж байна.