Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооноос Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дэмжлэгтэйгээр “Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн форум-2025” үйл ажиллагааг 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр анх удаа зохион байгууллаа.
Форумыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Д.Түвшинтамир нар нээж үг хэлж, оролцогчдод амжилт хүссэн.
Форумын хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Татварын мэргэшсэн зөвлөх С.Баярхүү нар “Өмгөөллийн хуулийн этгээдийн татварын орчин” сэдвээр, өмгөөллийн “Анта партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхжин “Өмгөөллийн үйл ажиллагааны зах зээлийн орчин” сэдвээр, "ЭмДиЭс ХаанЛекс" ХХН-ийн гүйцэтгэх захирал Ж.Майзориг “Хиймэл оюун ухаан (AI) хуулийн салбарт нөлөөлөх нь, цаашдын чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, хуульчдын асуултад хариулж, санал солилцсон.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн цахимжилтын газрын дарга Б.Мөнхбаяр “Шүүхийн цахимжилт”, “Хялбар ажиллагааны шүүхийн цахимжилт” сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Тус форумаас өмгөөллийн хуулийн этгээдүүдийн татварын орчинг сайжруулах, харилцан сайн туршлага солилцох, шинэ техник технологийг нэвтрүүлэх талаар санал, зөвлөмж гаргасан бөгөөд форумаас гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно.
Монгол Улсад анх удаа өмгөөллийн хуулийн этгээдүүд нэгдэн чуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн тус форумыг 10 өмгөөллийн хуулийн этгээд ивээн тэтгэж ажилласан. Үүнд:
Тус форумын үеэр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс Хуульчдын ордны талаарх танилцуулгыг хийж, хуульчид анх удаа өөрийн байртай болж буй уг үйл ажиллагаанд өмгөөллийн хуулийн этгээдүүдийг хандив өгөхийг уриалсан. Энэхүү уриалгад дараах өмгөөллийн хуулийн этгээдүүд нэгдсэн юм. Үүнд:
"Хуулийн этгээдийн форум-2025"-ыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ивээн тэтгэсэн болон Хуульчдын ордонтой болох ажилд хандив өгсөн нийт өмгөөллийн нөхөрлөлийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсье.