Монголын Хуульчдын холбоо, Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороо хамтран өмгөөллийн хуулийн этгээдүүд болон хуульч, өмгөөлөгчдийн дунд "Хуулийн фирмийн менежмент, хөгжил, чиг хандлага" сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Д.Түвшинтамир нар нээж үг хэлсэн. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Батцэнгэл ажилласан. Хэлэлцүүлгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, арбитрч, Олон улсын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.Уянгаа “Танай хуулийн фирм орчин цагт нийцэж байна уу?” сэдвээр, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, Олон улсын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.Отгонжаргал “Хуулийн фирмүүд хиймэл оюун ухааныг ашиглах тухайд” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооноос "Хуулийн фирмийн менежмент, хөгжил, чиг хандлага" сэдэвт сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.