Монголын Хуульчдын холбоо нь АНУ-ын Аризона мужийн Барын холбоотой 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Иргэний эрх зүйн хорооны Тэргүүн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Иргэний эрх зүйн хороооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Ч.Отгонбаатар, Судалгааны төвийн эрхлэгч Ц.Одонжав болон Аризона мужийн Барын холбооны Гүйцэтгэх захирал Жоэл Ингланд, Тамгын газрын дарга ба Олон нийтийн нөлөөллийн төвийн захирал Ноа Коакли, Харилцаа холбооны тэргүүн Жо Хенгемухлер, Үйлчилгээний ахлах ажилтан Роберта Теппер нар оролцов.
Тус уулзалтаар хоёр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, онцлогийн талаар танилцуулж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах, хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургагч багш бэлтгэх, харилцан туршлага судлах зэрэг цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
Аризона мужийн Барын холбоо нь тус мужийн Дээд шүүхийн санаачилгаар 1933 онд байгуулагдсан бөгөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдаас бүрдсэн 26,000 гаруй гишүүнтэй юм. Тус мужийн хуульчид жилд доод талдаа үргэлжилсэн сургалтын 10 багц цаг хангах үүрэгтэй байдаг бөгөөд жил бүр үргэлжилсэн сургалтын 150 хөтөлбөр хэрэгжүүлдэг ажээ.
Аризонагийн Барын холбоо нь иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, шударга ёсны хүртээмжтэй байдлыг хангах, олон нийтэд үйлчлэх, хуульчдын эрх ашгийг хамгаалах ерөнхий чиг үүрэгтэйгээр ажилладаг байна.